Бүтээлийн нэр
Монгол Улс дахь хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэрэгжилт, тулгамдсан асуудал Implementation of the right to publish and its current challenges in Mongolia
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Хэвлэн нийтлэх эрх чөлөө нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн илрэн гарч буй нэг хэлбэр бөгөөд гол хэрэглүүр нь гэж үзэж болно. Хэвлэн нийтлэх эрх нь иргэний эдлэх эрхээс гадна сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илүүтэй хамаардаг ойлголт юм. МУҮХ-ийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсэгт “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө....”-г баталгаатай эдлэхээр зохицуулжээ. Эдгээр эрх, эрх чөлөө нь хоорондоо нягт холбоотой, нэгийг нь хязгаарлахад нөгөө нь хөндөгдөж байдаг учир ийнхүү нэг зүйлд багтаан баталгаажуулсан байна.
Сүүлийн үед үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсний төлөө Зөрчлийн тухай хуулиар шийтгэх, Иргэний хуулиар нэр төр, алдар хүндэд халдсан хэмээн үзэж иргэнийг тэр тусмаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг хариуцагчаар татах нь ихсэх болсон. Уул үндсэн эрхүүдээ эдэлсний төлөө хариуцлага хүлээлгэж байна уу, эсхүл олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашгийн эсрэг үйлдэл хийж түүнийгээ хэвлэн нийтлэх эрх чөлөө хэмээн хаацайлж байгаа эсэхийг академик түвшинд судлах зүй ёсны шаардлага урган гарсан. Хэвлэн нийтлэх эрх чөлөө нь туйлын эрх чөлөө биш бөгөөд хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох эсхүл хувь хүний нууцыг задруулах зэргээр бусад хүний эрх, эрх чөлөөнд хохирол учруулсан үед өөртөө хариуцлага болон үүргийг бий болгодог тул тодорхой шалгуур, нөхцөлийг хангасан тохиолдолд уг эрх чөлөөг хязгаарлахыг олон улсын хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг байна.
Үндсэн хуулийн хүрээнд хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрхэн хамгаалдаг талаар болон уг эрх чөлөөний хязгаарлалт ямар ялгаатай болон хамгаалалтын хүрээг хэрхэн тогтоодог болохыг судлахыг зорилоо. Ингэхдээ Үндсэн хуулийн онол, практикийн зарим асуудлыг харьцуулан судалж үзэл баримтлалыг тодорхойлж, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон бусад эрх, эрх чөлөөний зохистой хязгаарыг судлах үүднээс энэхүү сэдвийг сонгосон болно.
Нэг. Хэвлэн нийтлэх эрх чөлөө нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд илэрхийлэх эрх чөлөө, түүний арга, хэлбэрээрээ ялгагддаг байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалт, бусад үндсэн эрхийн хязгаарлалт нэгэн адил үйлчилдэг. Хязгаарлалтыг оногдуулахдаа хуулиар хийх, тохирсон хэмжээг оногдуулах, зайлшгүй шаардлагатайг нотолсон байх гэсэн гурван шаардлагыг нэгэн зэрэг хангасан байх ёстой байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн дагуу хязгаарлаж болох ч “бусад хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг” хамгаалах зүй ёсны зорилгоор Үндсэн хуульд нийцсэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “хуульд үндэслэн” “хамгийн бага хэмжээнд, тохирсон хязгаарлалт” тогтоох зарчмыг баримтлах ёстой.
Олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашигт нийцсэн байх гэдэг шалгуураар зохион байгуулалттай худлаа мэдээлэл тараах, бэлтгэх зэрэг үйлдэл нь үгүйсгэгдэх юм.
Хэвлэн нийтлэх эрх чөлөө нь сэтгүүл зүйн аргаараа мэргэжлийн байхыг шаарддаг бөгөөд иргэний хэвлэн нийтлэх эрхээс ялгагддаг байна.
Хоёр. Монгол Улсын Үндсэн хуульд түгээх эрхийг агуулгын хувьд баталгаажуулсан боловч мэдээллийн эрх чөлөөний шинэ үеийн ойлголтод тулгуурлан түгээх эрхийг холбогдох хуулиудад үгчлэн оруулах нь хэвлэн нийтлэх эрхийн баталгаа болно.
Хуучин эрүүгийн хуулиар Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан хэргийг гэмт хэрэгт тооцож байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахыг гэмт хэрэгт тооцох болсноор тусгай субъект шаардаагүй, Үндсэн хуулийн үндсэн эрхийг хамгаалсан зэргээрээ давуу талтай болжээ. Мөн хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх нь хэвлэн нийтлэх эрхийн нэг том баталгаа юм.
Хэвлэн нийтлэх эрх чөлөө нь бүх иргэдийн эдлэх эрх, эрх чөлөө боловч тусгай субъект шаардаж түүгээрээ мэргэжлийн сэтгүүл зүй ялгарч байдгаараа онцлог байна. Эл эрхийн эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлын нэг бол сэтгүүлч гэдэг ойлголтод хэнийг ойлгохоос хамаардаг. Олон улсад сэтгүүлч гэдэг өргөн хүрээг хамаатуулан дан ганц дипломын боловсрол, мэргэшсэн зэргийг харгалзахгүй агуулга, шинжээр нь ойлгож байна. Улмаар бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох зэргээр явцуу хандаж боломгүй байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг илүүтэй эдлэгч субъект болох сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зүй ёсны шаардлага бий болжээ. Олон улсын эрх зүйн дагуу сэтгүүлчид мэдээллийн чөлөөтэй урсгалыг хангах замаар хэвлэн нийтлэх эрхийг хангахын төлөө ажилладаг учраас тусгайлан хамгаалуулах эрхтэй байдаг.
Мэдээллийн эрх чөлөөний орчин үеийн ойлголтоор худлаа мэдээлэл гэдэг нэршлээс татгалзаж санаа, сэдэлт зорилгоор нь тус бүрд нь ангилан ойлгох болсон бөгөөд Монгол Улсын хууль, тогтоомжид зөвхөн илт худал мэдээ, мэдээлэл гэсэн ойлголтоор ойлгож байна.
Гурав. Хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэрэгжилтийн хязгаарлалтыг дотор нь агуулгын болон түгээхтэй холбогдсон хязгаарлалт гэж авч үзэв. Агуулгын болон түгээхтэй хамаатай хязгаарлалтыг холбогдох хуулиудаас хасах нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, төрөөс ямар нэгэн хэлбэрийн цензурийг бий болгохгүй байх зарчимтай нийцэхээр байна.
Цахим орчин гэдэгт нийгмийн сүлжээ хамаарах боловч хэвлэн нийтлэх эрх чөлөө тэнд бүрэн утгаар бий гэж үзэх үндэслэлгүй юм. Тухайлбал, нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэний эрх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлж буй биш бөгөөд редакц байхгүйгээс гадна бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэхгүй юм. Иймд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдэд онцгой үүрэг, хариуцлага сэтгүүлчдийн адил ногдохгүй байна. Мөн түүнчлэн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх асуудлыг хэрхэн оновчтой зохицуулах нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байна.
Улс орнууд хэвлэн нийтлэх эрхийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн тухай, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, радио телевизийн тухай, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай хууль зэрэг янз бүрийн хуулиар харилцан адилгүй түвшинд зохицуулж байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нийцүүлэх нь зүйтэй байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулсан гол хууль боловч шинэ цагийн нийгмийн эрэлт хэрэгцээ, онолын ойлголт, техник технологийн дэвшлийн хөгжилд нийцүүлэн шинэчлэн найруулах зүй ёсны хэрэгцээ шаардлага нэгэнт бий болжээ.
Түлхүүр үг
Хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, түгээх эрх, сэтгүүл зүй, илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх,
Бичигдсэн огноо
2019-05-27
Хуудсын тоо
86
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-03-24
Товч мэдээлэл үзсэн
5835
Бүрэн эхээр нь үзсэн
202
Эшлэлийн тоо
114
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Пүрэвсүрэн “Монгол Улс дахь хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэрэгжилт, тулгамдсан асуудал Implementation of the right to publish and its current challenges in Mongolia” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/693
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх