Легал датаг ашиглах үйлчилгээний нөхцөл

Нэмэлт, өөрчлөлт орсон. 2023.04.21

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

1.1. Нийтлэг үндэслэл

1.Энэхүү үйлчилгээний нөхцөлийг www.legaldata.mn (цаашид “LegalData” эсхүл цахим сан гэх)-д бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд (цаашид “хэрэглэгч” гэх) LegalData-г  ашиглахдаа дагаж мөрдөнө.

2.Хэрэглэгч “Би зөвшөөрч байна” гэсэн сонголтыг сонгосноор энэхүү нөхцөл хүчин төгөлдөр болно. LegalData урьдчилсан мэдэгдэл ба анхааруулгагүйгээр энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй бөгөөд хэрэглэгч цахим санг үргэлжлүүлэн ашигласнаараа тэдгээрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

3.LegalData–ийн үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж, эмблем, лого, тэмдэг, дизайн, шийдэл нь “Легал дата” ХХК-ийн оюуны өмч бөгөөд компанийн зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр эзэмших, ашиглахыг хориглоно.

4.Хэрэглэгч LegalData-аас үйлчилгээ авснаараа LegalData-д байгаа аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг бүхэлд нь буюу аль нэг хэсгийг хуулбарлах, түгээх, орчуулах, өөр хэлбэрээр үүсмэл бүтээл болгон өөрчлөх, нийтлэх, дамжуулах, үзүүлэх, арилжааны зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, түрээслэх, зээлдүүлэх, нийтэд дэлгэж үзүүлэх аливаа онцгой эрхийг олгоогүй, шилжүүлээгүй, зөвшөөрөгүй болно.

1.2. LegalData-ийн бодлого, үйл ажиллагаа

1.LegalData нь байнгын буюу 24/7 цагийн хугацаанд хэрэглэгч ашиглах боломжтой байна.

2.LegalData нь хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчдэд тустай нөхцөлөөр буюу хэрэглэгчийн хүсэлтэд хариулах, үйлчилгээнд шинэчлэл хийх, хэрэглэгчтэй холбоо барих, LegalData-г ашиглах нөхцөлийн хэрэгжилттэй холбогдуулан ашиглах эрхтэй.

3.LegalData нь хэрэглэгч тус бүр хэзээ, хэдэн удаа LegalData-д нэвтэрч, ямар үйлчилгээ авсан, LegalData-г хэрхэн ашигласан тухай мэдээллийг хянах эрхтэй.

4.LegalData нь хэрэглэгчийн нууцад хамаарах мэдээллийг хугацаагүйгээр чандлан хадгалах ба хуульд заасан үндэслэл, журмын дагуу дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан тохиолдолд түүнийг гарган өгч болно.

1.3. Нэвтрэх эрхийн бүртгэл

1.Хэрэглэгч LegalData-ийн үйлчилгээг авах тохиолдолд бүртгүүлэн нэвтрэх эрхийг авна. Нэг нэвтрэх эрхийг олон хэрэглэгч ашиглахыг хориглоно.

2.Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг бүрэн хариуцах ба нэвтрэх нэр, нууц үгээ бусдад шилжүүлэх, хэрэглүүлэхгүй байх үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч өөрийн болон бусад хэрэглэгчийн вэб сайтад нэвтрэх эрхийг өөр гуравдагч этгээд ашигласан байж болзошгүй гэж үзвэл LegalData-д нэн даруй мэдэгдэнэ.

1.4. Үйлчилгээг өөрчлөх, зогсоох

1.LegalData нь техник, технологи, програм хангамжийн өөрчлөлт, шинэчлэлт хийх, үйлчилгээний сайжруулалт зэрэг шалтгаанаар цахим хуудсын агуулга, хэлбэр, загвар, бүтэц, үзүүлж байгаа үйлчилгээ болон түүний  нөхцлийг бүхлээр буюу хэсэгчлэн ямар нэгэн анхааруулга болон анхааруулгагүйгээр өөрчлөх эрхтэй.

2.LegalData нь тодорхой шалтгаантай эсхүл шалтгаангүйгээр үзүүлж буй үйлчилгээгээ түр буюу бүр мөсөн зогсоох эрхтэй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

2.1. Төлбөр тооцоо

1.Хэрэглэгч LegalData-аас тогтоосон багцын үйлчилгээ, мэдээ, мэдээллийг хандаж, үзэх эрхтэй.

2.LegalData нь Энгийн багц, Мөнгөн багц, Алтан багц гэсэн 3 төрлийн багцын үйлчилгээтэй байх ба хэрэглэгч хувь хүн багцын зохих хураамжийг төлснөөр тухайн багцад хамаарах үйлчилгээг авна. Байгууллага хэрэглэгч багц авах тохиолдолд багц ашиглах хүний тооноос хамаарч хөнгөлөлт эдэлж болно.  

3.Багцын хураамжийг нэг сар, зургаан сар, нэг жилээр төлөх боломжтой ба байгуллага хэрэглэгч legalData-тай урьдчилан тохиролцож нэг жилээс дээш хугацаагаар төлж болно.

4.Хэрэглэгч зөрүү төлбөрийг төлж багцын үйлчилгээгээ дээшлүүлж (Энгийн багц=> Мөнгөн багц, Алтан багц, Мөнгөн багц=>Алтан багц) болно. Хугацааг богиносгох байдлаар багцын үйлчилгээг дээшлүүлэх боломжгүй ба харин хэрэглэгч хүсэлт гаргасан тохиолдолд зөрүү төлбөрийг буцаан олгохгүйгээр багцын үйлчилгээг өөрчилж болно.

5.LegalData нь багцын үнийг тухайн үеийн бүтээгдэхүүний үнэлгээ, төгрөгийн ханш болон инфляц эдийн бусад нөхцөл байдлаас хамааран өөрчлөх (бууруулах, нэмэх), шинэчлэх эрхтэй байна.

6.LegalData-д 6-10 эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл байршуулсан хэрэглэгч Энгийн багцад, 11 буюу түнээс дээш эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл байршуулсан хэрэглэгч Мөнгөн багцад хамаарах үйлчилгээг авах эрхтэй болох ба энэ талаар LegalData-д хүсэлтээ явуулж багцын эрхээ авна. Байгууллага хэрэглэгч энэ шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тухайн байгууллагын сонгосон ажилтанд холбогдох багцын эрхийг олгоно. 2 эсээ, нийтлэл, мөн 2 тойм судалгааг 1 эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлтэй, Бакалаврын төгсөлтийн ажил, гарын авлага, орчуулгын бүтээлийг 1, магистрын зэрэг хамгаалсан бүтээл, судалгааны тайлан, нэг сэдэвт бүтээлийг 2, докторын зэрэг хамгаалсан бүтээлийг 4 эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлтэй адилтган тооцно. Хамтран зохиогч нарт бүтээлийн тоог хувь тэнцүүлэн тооцно. Энэ заалтын дагуу багцын үйлчилгээ авсан зохиогч зөрүү төлбөрийг төлж багцын эрхээ дээшлүүлж болно. LegalData-д байршуулсан бүтээлийн тоо, төрөл, чанар зэрэгт үндэслэн LegalData тухайн хэрэглэгчид Алтан багцын үйлчилгээгээ санал болгож болно. LegalData бүтээлээ байршуулсан зохиогчид жилийн эцэст урамшуулал олгох асуудлыг бүтээлийн үзэлтийн байдал, гишүүнчлэлийн багцын орлогод үндэслэн шийдвэрлэнэ.  

7.Хэрэглэгч бүтээлээ LegalData-аас устгасан тохиолдолд бүтээлийн тоонд харгалзах багцын үйлчилгээ дуусгавар болно.       

8.Цахим ном, вэбинар зэрэг нь багцын үйлчилгээнд хамаарахгүй ба хэрэглэгч LegalData-д байршуулсан тухайн цахим номыг онлайн унших, LegalData-аас зарласан вэбинарт оролцох тохиолдолд тухай бүр тогтоосон төлбөрийг төлнө. Алтан багцын 6, 12 сарын эрхтэй хэрэглэгч уг эрхээрээ видео хичээлийг үзэх эрхтэй байх ба бусад хэрэглэгч тухайн нэг видео хичээлийн төлбөрийг төлснөөр видео хичээлийг үзэж болно. 

9.Багцын хураамж, цахим ном, видео хичээл, вэбинарын төлбөр төлөлт эцсийнх бөгөөд төлбөрийг бүтэн болон хэсэгчлэн буцаан олгохгүй болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

3.1. LegalData-д бүтээл байршуулах

1.LegalData нь үндэсний болон олон улсын түвшний онол, практикийн хувьд ач холбогдол бүхий, хууль эрх зүй, нийгэм, эдийн  засаг гм шинжлэх ухааны судалгааны арга, арга зүйн дагуу бичигдсэн, судалгааны бүтээлд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан гэж буй бүтээлийг байршуулан нийтэд дамжуулах бодлогыг баримтална.

2.Хэрэглэгч LegalData-д бүтээлээ байршуулахын тулд эхлээд “Зохиогчоор бүртгүүлэх” гэсэн хэсэгт холбогдох мэдээллийг бөглөн зохиогчоор бүртгүүлнэ.

3.Хэрэглэгч зохиогчоор бүртгүүлэхэд шаардлагатай мэдээллээ үнэн зөв бөглөх, уг мэдээлэл нь өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр шинэчилж байх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг өөрөө хариуцна.

4.Хэрэглэгч бүтээлээ LegalData-д байршуулахаар илгээхдээ “Бүтээлийн бүртгэл”-д оруулах мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт оруулах үүрэгтэй. Ийнхүү оруулаагүйгээс үүсэх хариуцлагыг хэрэглэгч бүрэн хариуцна.

5.LegalData хэрэглэгчийн байршуулахаар илгээсэн бүтээлийг уншиж хянах эрхтэй ба бүтээл нь шууд болон шууд бус дайралт, доромжлол, бусдыг өдөөн хатгасан, айлган сүрдүүлсэн, зохисгүй үг, хэллэг хэрэглэсэн, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай, түүнчлэн уг бүтээл нь LegalData-ийн баримталж буй бодлого, шаардлагад нийцэхгүй гэж үзвэл уг бүтээлийг байршуулахаас татгалзах, эсхүл байршуулсаныхаа дараа устгах эрхтэй. Мөн хэрэглэгч зохиогчоор бүртгүүлэхдээ холбогдох мэдээллийг үнэн зөв, гүйцэт оруулаагүй нь уг хэрэглэгчийн бүтээлийг цахим санд байршуулахаас татгалзах үндэслэл болно.

6.LegalData хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийн нэр, агуулга, бүтцийг өөрчлөх эрхийг эдлэхгүй. Харин бусад хэрэглэгчдэд ойлгомжтой байлгах, хайлтын илэрцийн үр дүнг сайжруулах зорилгоор бүтээлийн харагдах байдлын хэлбэр, формат, бүтээлийн бусад бүртгэлийн мэдээллийг өөрчилж, засч болно.

7.Хэрэглэгч LegalData-д байршуулсан бүтээлээ устгах, уг бүтээлдээ нэмэлт, өөрчлөлт, засвар оруулж дахин цахим санд байршуулахаар илгээх эрхтэй.

3.2. LegalData-д байршуулсан бүтээлийг ашиглах, зохиогчийн эрхийг хамгаалах

1.Хэрэглэгч LegalData дахь бүтээлийг ашгийн бус зорилгоор гагцхүү судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хэрэгцээнд ашиглана. Хэрэглэгч LegalData дахь бүтээлийг өөрчлөн нийтлэх, нийтэд түгээх, хувилан тараах, худалдан борлуулах, мөн энэхүү арга замаар өөрийн хувийн зорилгод ашиглахгүй байх үүрэгтэй.

2.Хэрэглэгч бүтээлийг судалгаа, эрдэм шинжилгээний зорилгоор ашиглахдаа ишлэл, зүүлт авах зэргээр эх сурвалжийг заан зохиогчийн эрхийг зөрчихгүйгээр, зүй ёсоор ашиглана.

3.Хэрэглэгч нь LegalData-д байршуулсан бүтээлийг аль нэг төхөөрөмж дээр татаж авах эрхгүй ба сонгосон багцад хамаарах бүтээлийг эрхийн хүчинтэй хугацаандаа хязгааргүй унших, үзэх эрхтэй байна. 

4.LegalData-д бүтээл байршуулсанаар тухайн бүтээлийн оюуны өмч, зохиогчийн эрхийн статуст өөрчлөлт орохгүй. 

5.LegalData-д байршуулж буй бүтээл нь оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн зөрчилгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэдгийг хэрэглэгч бүрэн хариуцах ба LegalData үүнд хяналт тавих үүрэг хүлээхгүй. Тухайн бүтээл нь зохиогчийн эрхийн зөрчилтэй эсхүл холбогдох хууль тогтоомж болон бусдын эрхийг зөрчсөн гэж LegalData үзвэл хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр бүтээлийг цахим сангаас устгах эрхтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

4.1. Шүүх, арбитрын шийдвэрийн хайлтын системийг ашиглах

1.Хэрэглэгч LegalData-ийн шүүх, арбитрын шийдвэрийн хайлтын систем  (Legaldata Pro), хайлтын үр дүнд гарч шийдвэрийн мэдээллийг зөвхөн практик судлал, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагаа болон хэргийн оролцогчийн хувийн хэрэгцээнд ашиглана.

4.2. Видео хичээл үзэх

1.LegalData нь албан ёсны гэрээ байгуулсан харилцагчийн видео хичээлийг байршуулах ба харилцагчид өгөх төлбөр, тооцоог харилцагчтай байгуулсан гэрээгээр тогтооно.

2.Хэрэглэгчийн видео хичээлийг үзэх хугацаа нь хэрэглэгчийн сонголт хийж, төлбөрийг төлсөн хугацаа байна. Хэрэглэгч сонгосон хугацааныхаа турш видео хичээлийг хязгааргүй давтамжтай үзэх эрхтэй.

3.Техникийн доголдол, саатлын улмаас вэб сайтын үйл ажиллагаа тасалдсан, хэрэглэгч вэб сайтад нэвтрэх, өөрийн худалдан авсан видео хичээлийг үзэх боломжгүй болсон нөхцөл байдал 24 цагаас илүү хугацаанд үргэлжилсэн тохиолдолд вэб сайт хэрэглэгчийн тухайн хичээлийг үзэх эрхийг тухайн хугацаагаар сунгана. Техникийн саатлын үргэлжлэх хугацаа 24 цагаас хэтрээгүй тохиолдолд тохиолдолд LegalData хэрэглэгчийн хичээл үзэх эрхийг сунгах үүрэг хүлээхгүй.

4.Legaldata.mn нь тухайн хичээлийн агуулга, чанар болон хэрэглэгчийн сэтгэл ханамжтай холбоотойгоор хэрэлэгчийн өмнө болон бусад гуравдагч этгээдийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй. Энэ нөхцөл нь хэрэглэгчийн зүгээс видео хичээлийн агуулга, чанартай холбоотой санал хүсэлт, сэтгэгдэл ирүүлэх эрхийг хөндөхгүй болно.

5.Хэрэглэгч видео хичээлийг гагцхүү өөрийн хувийн хэрэгцээнд үзэх ба видео хичээлийг аудио, видео болон бусад хэлбэрээр олшруулах, бусдад тараахыг хориглоно.

 ТАВДУГААР БҮЛЭГ

5.1. Бараа цахимаар худалдах, худалдан авах

1.LegalData нь албан ёсны гэрээтэй харилцагчийн барааны мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан хэрэглэгчид олгоно.

5.2. Бараа худалдан авах захиалга өгөх

1.Хэрэглэгч LegalData-ийн цахим худалдааны системийг ашиглан 24/7 хугацаанд хэдэн удаа ч захиалга өгч болно.

2.Хэрэглэгч барааг хүлээн авах хаяг, утасны дугаараа үнэн зөв, бүрэн оруулж, барааны үнэ болон хүргэлтийн үнийг шилжүүлснээр захиалга баталгаажина.

3.Хэрэглэгч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш барааг захиалгад заасан хаягаар хүргүүлнэ.

4.Хэрэглэгч барааг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа буруу оруулснаас болж гарсан зардал, алдагдлыг хариуцна.

5.Хэрэглэгч захиалга хийхдээ LegalData-д оруулсан барааны мэдээлэлтэй сайтар танилцах үүрэгтэй. Захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг LegalData хүлээн авах, барааг буцаах боломжгүй.

6.Хэрэглэгч барааг хүргэлтэнд гарахаас өмнө захиалгаа цуцлах тухай хүсэлт ирүүлсэн нөхцөлд Хэрэглэгчид захиалгын төлбөрийг буцаан шилжүүлэхдээ банкны гүйлгээний шимтгэл 1%-ийг суутган авч буцаан шилжүүлнэ.

5.3. Барааг хүргүүлэх

1.Барааг хэрэглэгч захиалга өгснөөс хойш Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 48 цагийн дотор, бусад газарт баталгаарт шуудангийн үйлчилгээ болон тээврийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, байгууллагаар хүргүүлнэ.

5.4. Барааг солих, буцаах журам

1.Хэрэглэгч захиалсан бараагаа хүлээн авахдаа барааны бүрэн бүтэн байдал, доголдлыг шалгах үүрэгтэй.

2.Бараа гэмтэлтэй, эсхүл ашиглах боломжгүй (захиалсан барааны хэмжээ томдсон/багадсанаас шалтгаалан барааг солиулах хүсэлт гаргасан боловч сольж авах бараа дууссан; эсхүл барааны хэмжээ мөн боловч брэндийн болон загварын онцлогоос шалтгаалан хэрэглэгчдэд томдох/жижигдэх) тохиолдолд хэрэглэгч барааг хүлээж авснаас хойш 24 цагийн дотор LegalData-д мэдэгдэж /утсаар эсхүл и-мэйлээр/ ижил бараагаар солиулах боломжтой. Солих ижил багаа байхгүй тохиолдолд барааны үнийг буцаан олгоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

6.1. Хариуцлага

1.Хэрэглэгч энэхүү нөхцөлд заасан үүрэг болон хориглосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд LegalData өөрийн санаачилгаар тухайн хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хасч, хэрэглэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

2.Хэрэглэгчийн байршуулсан бүтээл, видер хичээл, бараа, бүтээгдэхүүн нь LegalData-ийн үзэл бодол, байр суурийг илэрхийлэхгүй бөгөөд LegalData нь хэрэглэгчийн үзэл бодол, байр суурийн төлөө аливаа хариуцлага хүлээхгүй.

3.Хэрэглэгч холбогдох хууль тогтоомж болон энэ нөхцөлд заасан хэм хэмжээг дагаж мөрдөөгүйгээс бусдад учруулсан хохирлыг өөрөө хариуцна.

4.LegalData энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хаах, эсхүл хязгаарлах, LegalData-д байршуулсан бүтээгдэхүүнийг LegalData-аас устгах арга хэмжээг авна. 

6.2. Хэрэглэгдэх хууль, маргаан шийдвэрлэх

1.Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулагдаагүй бусад асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.

2.Маргаан гарвал талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцлийн аргаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд маргааныг Монголын Олон Улсын Арбитраар шийдвэрлүүлнэ.

 

--- ooOOoo ---