Б.Чимид: Цэцийн шийдвэр бурууг нь мэдсээр атлаа дуугүй байгааг нь гайхаж сууна

18 years ago

Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимидтэй уулзаж Захиргааны хэргийн шүүхийн асуудлаар санаа бодлыг нь сонслоо. Энэ тухайд нэлээн бухимдуу байгаа сураг дуулдсан юм. Тэрбээр, “Захиргааны хэргийн бие даасан шүүхийн тогтолцоо бий болгох хууль журмыг бүр 2003 онд тогтоож 2004 оны зургадугаар сарын 1-нээс аймаг, нийслэлд анхан шатны шүүх, 2005 онд Улсын дээд шүүхэд танхим байгуулж Захиргааны хэргийн шүүхийн бүтэн биеийн “араг ясыг” босгосон юм. Энэ шүүх байгуулагдмагцаа дуулиант хэргүүдийг шийдвэрлэж олон түмэндээ ээлтэй амьд бие цогцос бий болгосноо ажлаараа харуулсан” хэмээн яриагаа эхлэв.

-Та “араг яс” гээд байхыг бодоход түүнд “мах, өөх” нь бий болоогүй, өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо зохих ёсоор бүрэлдэн тогтоогүй байгаа гэх гээд байна уу?

-Захиргааны хэргийн шүүхийн олонхид нь орон тоо дутуу, орон байр, төсөв хөрөнгө, ажлын нөхцөл, арга дадлага гээд өдий төдий асуудал нь “нялх”-аараа байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл үүнд их анхаарч, бэхжүүлхэд арга хэмжээ авсаар ирсэн. АНУ, ХБНГУ, Япон гээд хандивлагч орнууд ч эрдэмтэн мэргэдээ ирүүлэн сургалт явуулж мэргэшсэн шүүгч, сургагч багш бэлтгэх, албан байрыг нь тоноглох, компьютержүүлэх зэргээр тусалсан.

Хоёрхон жишээ дурдахад, “Ханс Зайделийн сан” Захиргааны хэргийн шүүхийн асуудлаар Улаанбаатарт гурван долоо хоногийн сургалт явуулж, гарын авлага болон ном товхимол бэлтгэн хэвлэсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны санаачилга, оролцоотойгоор Дэлхийн банкны “Шүүхийн эрх мэдэл, эрх зүйн шинэтгэл” төслийн шугамаар бүх аймагт хичээл, семинар хийснээс гадна арав гаруй цуврал ном хэвлүүлэн тараах зэргээр тусалж буй. Гадаадын түншүүд ч ийн тусалж байхад хуульчид маань эцсийн найдвараа тавьж байдаг Үндсэн хуулийн цэц Захиргааны хэргийн шүүхийг чухам “нугаслаж” орхив.

-Энэ чинь юу гэсэн үг вэ. Цэцийн хийсэн ямар алхмыг Та ийн хэлж байна?

-Угтаа Цэц, Захиргааны хэргийн шүүх хоёр нь Монгол Улсад урьд нь байгаагүй цоо шинэ институц бөгөөд нэг нь хууль тогтоох хүрээнд, нөгөө нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хууль дээдлэх ёсыг хэрхэн сахиж байгаад шүүхийн хараат бус хяналт тавьж, ардчиллын үнэт зүйлс, ялангуяа хүн ба иргэний эрх, ашиг сонирхлыг зөрчихөөс хамгаалах нэгэн чанарын эрхэм зорилготой юм.

Гэтэл Цэц 2005 оны гуравдугаар сарын 31-нд гаргасан дүгнэлтдээ, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн IҮ зүйлийн үзэл баримтлалын гол зангилаа болсон зарим заалтыг Үндсэн хуулийн заалт зөрчсөн байна гээд, “Энэхүү дүгнэлтийг хянан хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай” гэсэн. Энэ дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн авч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн IҮ зүйлийн нэг дэх хэсгийн 1.6 дахь болон 4.1.1, 4.1.6 дахь заалтыг хүчингүй болгосон.

-Цэцийн дээрх дүгнэлт, түүнийг хэлэлцээд гаргасан УИХ-ын шийдвэр хоёрын бурууг Та манай уншигчдад ойлгомжтой болгож тайлбарлахгүй юу?

-Захиргааны хэргийн шүүх “дараах байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн уг хуулийн IҮ зүйлийн нэг дэх хэсгийн заалт буюу хариуцагч байгууллагын нэрийн жагсаалтаас “Монгол Улсын Засгийн газар”, “Сонгуулийн ерөнхий хороо” гэсэн (4.1.1, 4.1.6) заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Ойлгомжгүй, мэргэжлийн бус энэ дүгнэлтийг нь парламент нухацтай хэлэлцэлгүй тухайн үед “тас” гэсэн мэт шууд л хүлээн зөвшөөрсөн. Үндсэн хууль зөрчих үйлдлийг хууль тогтоогчид л давхин очиж, ноцож хийдэг юм. Ингэснээр Монголд үүсгэн төлөвшүүлж буй ардчиллын чухал механизм, хүний эрх, шүүх эрх мэдлийн хүрээнд болон хууль дээдлэх ёсонд харш ноцтой хохирол учруулах үр дагавар бий болгосон. Уг асуудал нарийн мэргэжлийн нэлээд ээдрээтэй зангилаа учраас олон түмэн төдийлэн анхаарч, учрыг нь ойлгоогүй байж болох юм.

Хураангуйлж дүгнэвэл, Үндсэн хуулийн цэц, УИХ-ын эл шийдвэр нь нэгдүгээрт, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох Засгийн газар, түүний гишүүд, яам болон Засгийн газрын гишүүний тэргүүлсэн агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын хийгээд сонгуулийн хууль биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх байгууллагын засаг захиргааны үйл ажиллагааг шүүхийн хяналтаас гаргаж дархаллаа.

Хоёрдугаарт, аливаа хэрэг, эрх зүйн маргааныг эцсийн дүнд гагцхүү шүүх хянаж, төгс шийдвэрлэнэ гэсэн агуулга бүхий Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хөсөрдүүлж, шүүхийн хараат бус байдалд халдан нэг шүүх (Цэц) нь нөгөө шүүхийнхээ Үндсэн хуульчлагдсан бүрэн эрхийг хасч хязгаарлалаа.

Гуравдугаарт, Цэц, УИХ хоёрын шийдвэрийн хамгийн ноцтой бөгөөд нэлээд далд мэт гажуудал нь “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх”, “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах”, “шударга шүүхээр хэргээ шүүлгэх” зэрэг Үндсэн хуулиар олгогдсон улс төрийн эрхүүдээ иргэд Захиргааны хэргийн шүүхээр хамгаалуулах эрх, боломжоо хасууллаа.

Жишээлэхэд, Цэцийн дүгнэлт гарсны дараа Сонгуулийн хороодын хууль бус үйлдлийн талаар Захиргааны шүүхүүдэд хандаж иргэдээс гаргасан өргөдлийг шийдвэрлэх боломжгүй болгосон. Дээр дурдсан гурван гажуудлыг Цэц ч өөрөө хууль заасан гэж үзэх бүрэн үндэстэй.

-УИХ-ын шийдвэрийг хамгаалж Цэцийн хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч (УИХ-ын гишүүн) оролцдог шүү дээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хамгаалж оролцсон хүмүүс нь урагш муутай хандаа юу даа? 

-УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С.Баярцогт, Р.Эрдэнэбүрэн нар байсан юм билээ. Тэд уг маргаантай холбогдуулж Цэцэд өгсөн тайлбартаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуулийг зөрчөөгүй гэдгийг үндэслэлтэй, нотолгоо сайтай гаргаж тайлбарласан байна лээ. Харин Цэцийн хуралдаан УИХ-ын энэ тайлбарыг огт хэрэгссэнгүй. УИХ ч урьд нь Цэцэд өгсөн тайлбараа буюу эсэргүүцлээ умартан түүний булхайтай дүгнэлтийг хүлээж авсан нь гайхмаар. Дашрамд тэмдэглэхэд, хууль нь хуульдаа харшилсан гэж байна уу гэхээс амьтай юм шиг зөрчдөггүй. Харин Үндсэн хууль зөрчих үйлдлийг хууль тогтоогчид л давхин очиж, ноцож хийдэг юм. Иймээс УИХ нь урьд гаргасан шийдвэрийнхээ зөв, бурууг Цэцийн дүгнэлтийн үндсэн дээр хэлэлцэн шийддэг учиртай болохоос биш тэр дүгнэлтийн зөв бурууг хэлэлцдэггүй, тийм ч эрхгүй. Энэ бол учир шалтгааны тайлбар шүү.

-Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.1 заалтаас “Засгийн газар” гэсэн үгийг хассаныг Та яагаад буруу гэж үзээд байгаа юм бэ?

-Засгийн газар нь долоо хоногт дор хаяж нэг удаа хуралдаж эрх зүйн бүх салбарт хамаатай, захирамжилсан болон хэм хэмжээ тогтоосон олон зуун шийдвэр гаргадаг. Тухайлбал, 2001-2004 онд мянга гаруй тогтоол, 600 шахам захирамж гаргасан байна лээ. Мөн эгзэгтэй асуудлаар Засгийн газар “тэмдэглэл” буюу проткол гаргадаг.

Одоогийн хуулиар гаргасан шийдвэр нь тогтоол, протколын алин байхаас үл хамааран “захирамжилсан л бол захиргааны акт” гэх болсон. Засгийн газраас гаргаж буй акт нь зөвхөн Үндсэн хуулийн холбогдолтой асуудлыг биш хүний болон тэдгээрийн хамтлаг (хуулийн этгээд)-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын асуудлыг ямар нэг байдлаар хөндөхүйц үр дагавартай, үүгээрээ эрх зүйн бүх салбарт холбогдолтой байдаг.

Гэтэл Цэц маань Засгийн газрын аливаа шийдвэр УИХ-аас цааш явахгүй, эсвэл Цэц л бүгдийг нь шийдэх юм шиг “гэндсэн” буюу мэдэн будилсан байна. Цэц ийм шийдвэр гаргахдаа “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө болон УИХ хүчингүй болгоно” гэсэн заалтыг үндэслэл болгожээ. Энэ заалтыг юм юмнаас салгаад дангаар нь урдаа барьчихвал нээрэн шүүх биш УИХ хүчингүй болгох ёстой юм байна гэж жирийн хүмүүс бодмоор.

Гэтэл алдаагаа болж өгвөл өөрөө сайн дураараа залруулах, эсхүл шууд хяналт тавьдаг дээд байгууллага нь хүчээр зогсоож арилгах хоёр боломжийг засаг захиргааны байгууллагад хуулиар олгосоор ирсэн юм. Байцаагч буруу шийдвэр гаргаж торгосон байвал ахлах байцаагч нь, шууд захирах дарга нь түүнийг хүчингүй болгож болдог доо. Энэ бол захиргааны буюу гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын шатлан захирагдах зарчмын онцлог билээ. Үүнийг дэлхий дахинаа мэдэж, бурхан ч зөвшөөрдөг.

Засгийн газар бол УИХ-аас байгуулагддаг бөгөөд хууль биелүүлэх ажлыг түүний өмнө хариуцаж, хянуулж, тайлагнаж байдаг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага юм. Өөрөөр хэлбэл, УИХ хуулиа хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрыг байгуулж, хянаж, захирамжид байдаг гэдгийг нотлох гэхийн хэрэггүй биз ээ. УИХ өөрийн бүрэн хяналт дахь гүйцэтгэх байгууллагын хуульд харш шийдвэрийг хүчингүй болгоод зогсохгүй үндэслэл байвал Засгийн газрыг огцруулах ч эрхтэй шүү дээ.

Гэхдээ ийм эрх эдэлснээрээ УИХ нь Захиргааны шүүх болчихож байгаа юм биш. Харин захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх дээд шатны газар нь болж буй юм. Захиргааны хууль бус актыг (маргааныг) хянаж шийдвэрлэх ажиллагаа “урьдчилан шийдвэрлэх”, “шүүх хянан шийдвэрлэх” гэж хоёр өөр төрөл зүйлд хувааж хуульчлан журамласан. Шүүхэд маргахаасаа өмнө дээд шатных нь байгууллагад гомдол гаргаж хянан шийдвэрлүүлэхийг “урьдчилсан” гэж буй юм.

Гэтэл Цэц маань захиргааны процессын урьдчилан шийдвэрлэх хэсгийг нь шүүхийн ажиллагаатай хутгаж орхисон бололтой. “Шүүхээр хянан шийдвэрлэх”-ийн хувьд УИХ-ын шийдвэр эцсийн болохгүйгээс гадна асуудлаасаа хамаараад дандаа л Цэцийн болчихгүй.

-Тэгвэл Засгийн газрын захирамжилсан хууль бус актын талаар иргэд, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлтэй маргааныг шийдвэрлэх бүрэн эрхийг нь хасчихсаны үр дагаврыг гүнзгийрүүлж бодвол юунд хүргэж болох вэ?

-Засгийн газрын шийдвэрийн зөв бурууг шүүх хэлэлцэх эрхгүй гэдэг чинь зөвхөн Засгийн газрыг биш угтаа Захиргааны хэргийн шүүх нь яам, Засгийн газарт ажлаа шууд хариуцдаг бусад төв байгууллага, тэдгээрийн эрх баригчийн мөн тийм актыг хянан хэлэлцэх эрх мэдэлгүй боллоо гэсэн үг шүү дээ. Цэцийн буруу шийдвэрийн гол хор уршиг энэ.

Иргэн, хуулийн этгээд хэрэв аль нэг яам, агентлаг юм уу сайд, даргын гаргасан шийдвэр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл захиргааны тэр актыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллагад гомдол мэдүүлэх ёстой. Тэрхүү дээд байгууллага нь Засгийн газар юм. Засгийн газар уг гомдлыг хүлээн аваад мөн 30 хоног (сунгавал 60)-ийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөх хуультай.

Урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь энэ. Гэтэл сайд, даргын гаргасан шийдвэрийг Засгийн газар “хуульд харшлаагүй” гэж үзэж харьяа байгууллагаа хамгаалаад иргэний гомдлыг хэрэгсэхгүй болговол яах вэ? Засгийн газрын эл шийдвэрийг буруу хэмээн шүүхэд давж нэхэмжлэх эрхээ хасуулсан иргэн ингээд л мухардах болж байна.

Гомдлоо Цэцэд өгвөөс “Үндсэн хуульд шууд хамааралгүй асуудал” гээд буцаачихна. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргалаа ч “сайдын тушаал хууль эөрчөөгүй” гэсэн Засгийн газрын шийдвэрийг хянан хэлэлцэх эрхгүй учраас уг өргөдлийг хүлээн авч хэрэг үүсгэх боломжгүй буюу үндэслэлгүй мухардана. Хэрэг үүсгэдэг юмаа гэхэд сайдыг зөвтгөсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлахаас нааш сайдын шийдвэрийг хүчингүй болгох аргагүй.

Мөн аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилж буй нь Засгийн газрын өмнөөс гаргаж буй шийдвэр тул түүнийг хууль бус эсэхийн тухай маргааныг Засгийн газар л эхлээд хянан үзэхээс өөр замгүй. Ингээд үээхээр Захиргааны хэргийн шүүхэд “жижиг” агентлаг, сумын Засаг дарга зэрэг доод шатныхан л хамаарах болж таарна. Иймээс Захиргааны хэргийн шүүх маань “орон нутгийн байгууллага” болж хоцорч байна.

-Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэртэй холбоотой маргааныг бас Захиргааны хэргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэж болохгүй болсон шүү дээ?

-Ардчилсан тогтолцоонд шүүхэд хамаагүй, түүний хяналтаас гадуур нэг ч байгууллага, албан тушаалтан гэж байхгүй. Байдаг юм бол ардчиллаас гадуур, “зоргоор амьдардаг” гэсэн үг болно биз дээ. Үндэсний статистикийн газар, Үнэт цаасны хороо, Монголбанк мэтийг оролцуулан СЕХ хүртэл УИХ-аас удирдлагыг нь томилдог хэд хэдэн “төв” байгууллага бий. Тэдгээрийн талаар хүмүүс янз янзын ойлголттой байдаг шиг. Тэдгээрийг “УИХ-ын байгууллага” хэмээн ташаа ярьж бичих нь хавтгайрчээ.

Хууль тогтоохоос өөр ажил, өөрийнх нь системийн байгууллага гэж УИХ-д байхгүй. Захиргаадлын тогтолцоог халж, хэт төвлөрлийг сааруулахад чиглүүлэн тогтоосон ардчилсан ёсны нэг арга хэмжээ нь намд дулдуйдсан Засгийн газрын хязгааргүй эрхийг хэмжээлж түүнээс алив нэг байгууллагыг дарамтлах замаар эрх мэдлээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглахаас сэргийлэхийн тулд улсын зарим чухал ажлыг эрхэлсэн гүйцэтгэх хэд хэдэн газрыг биеийг нь даалгаж байгуулсан билээ.

  • Шүүх бол төр түмний нэрийн өмнөөс хэрэг тасалдаг учир ямар ч байгууллагад жижигддэггүй юм.
  • Ардчилсан нийгэмд төрийн бүх салаа мөчир дороос дээрээ хүртэл шүүхийн хяналтад байдаг. Энэ зарчмыг шүүх хэрэгжүүлэхдээ онцгой бөгөөд төгс төгөлдөр бүрэн эрх бүхий байх ёстой.
  • Цэц маань дээдсийг хууль шүүхийн хяналтаас чөлөөтэй болгож, доодсыг харин хамгаалах хууль шүүхгүй болгосны “шан харамж”-ийг хэн хүртэх, эсвэл хариуцлагыг хэн хүлээх вэ?

Тэдгээр нь Засгийн газрын шууд командаас гарч түүнээс хараат бус байж зөвхөн хуулиар “даргалуулах” үндсэн дээр зохих салбар хүрээнд хуулийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгаж тохируулах үүрэгтэй юм. Иймээс гүйцэтгэгч бөгөөд хараат бус агентлагууд (урьдынхаар бол тусгай газрууд) гэж хураангуйлж болно.

Жишээлбэл, Засгийн газар урьдынх шиг тушаал өгч, нэмэлт хөрөнгө гаргуулж алдагдлаа нөхдөг эрхийг нь хязгаарлахын тулд улсын банкийг түүний харьяаллаас гаргасан. Түүнчлэн ажил, үйлчилгээнийхээ үр дүнг ард түмэнд аятайхан харагдуулах тоо мэдээ гаргуулахаар захирч шахалт үзүүлэхгүй, харин тэндээс нийтэд үнэн магадтай мэдээлэл гаргаж байх хууль зүйн боломжтой байлгахын тулд Статистикийн газрыг мөн Засгийн газрын мэдлээс гарган хараат бус агентлагийн жишигт оруулсан. Үүн лугаа адил Сонгуулийн ерөнхий хороог байгуулж иргэн-улс төрийн харилцааны эмзэг асуудал болох сонгуулийн хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэх үүргийг ноогдуулсан юм. Чингэснээр “сонгуульд ихэд сонирхол” бүхий “намын бүрэлдэхүүнтэй” УИХ, Засгийн газрыг уг ажилд хутгалдан орохгүй байлгахын тулд мөн хараат бус зарчмыг баталгаажуулахыг зорьсон хэрэг.

Энэ үүднээс үзвэл Сонгуулийн ерөнхий хороо нь шууд болон орон нутгийн (тойрог, хэсэг, нутаг дэвсгэрийн) хороодоор дамжуулан Сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хангах буюу түүний гүйцэтгэлийг хариуцдаг.

-Үнэндээ ч СЕХ чинь УИХ- ын байгууллага биш юм уу гэх ойлголт төсөөлөл түгээмэл байдаг л даа...

-Харин биш ээ гэж хэлээд байна шүү дээ. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хангах үүрэгтэй, иймээс гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын нэг мөн. Онцлог нь Засгийн газраас хараат бус. Үүний тул бүрэлдэхүүнийг нь УИХ баталдаг. Үүнийг нь харчихаад л УИХ-ынх гээд байгаа юм. Тэгвэл Засгийн газрыг ч УИХ байгуулдаг, Цэцийн бүрэлдэхүүнийг ч УИХ баталдаг. “Хараат биш” байлгахын тулд л хамгаалалт тогтоож буй хэрэг болохоос УИХ харьяалж захирдаг гэсэн үг биш. Хуульд л захирагдана шүү дээ. Заавал дээрээс “өлгөөтэй” байх ёстой биш шүү дээ.

УИХ-аас Цэцэд өгсөн тайлбарт: “Сонгуулийн ерөнхий хороо бол парламентаас байгуулагдаж, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөж зохион байгуулах, сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах, Сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргаан бүхий бусад өргөдөл гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх зэргээр төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг нийтийн эрх зүйн байгууллага мөн” гэж тодорхойлжээ. (Цэцийн дүгнэлтийн долдугаар хуудсанд бий). Үүнтэй маргах, үгүйсгэх арга алга. Юмыг эргэцүүлэн бодитой ойлгохыг хичээдэг хүнд бол энэ тайлбарыг тодотгох гэхийн хэрэгцээ алга.

Гэтэл Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ “Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн ард нийтийн санал асуулга, УИХ, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргана гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэдгээр Сонгуулийн ерөнхий хороог Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргажээ.

“Үндсэн хуульд нийцсэн эсэх” асуудлаар Цэц дүгнэлт гаргах нэн тодорхой хязгаартай эл эрхийг дур зоргоороо өргөсгөж сонгуулийн төв байгууллагатай холбоотой бүх маргааныг Цэц шийдвэрлэх ёстой гэж дангаар өмчлөн “дархалсан” нь үнэхээр хэтрүүлэг болжээ. Ингэснээр зөвхөн СЕХ төдийгүй тойргийн зэрэг бусад хороодын шийдвэр ч гэсэн Захиргааны хэргийн шүүхэд холбогдолтой эсэх нь эргэлзээтэй боллоо. Засгийн газар нь сайдаа хамгаалдаг шиг СЕХ нь тойргийн хороог “хамгаалчихвал” шүүхээс мултарчихна гэсэн үг гэж ойлгогдохгүй байна уу!?

-Тэгээд Сонгуулийн ерөнхий хорооны талаарх ямар ямар маргааныг Цэцээс бусад шүүх хянан шийдвэрлэх ёстой юм бэ?

-Энэ чинь ямар зөрчил гаргаснаас хамаарна. Үндсэн хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргааныг Цэц шийднэ. Сонгуулийн ерөнхий хороо чинь байгууллага юм болохоор өөртөө ширээ, сандал худалдаж авахаас өгсүүлээд сонгуулийн үнэмлэх, саналын хуудас хэвлүүлж тараах, хөрөнгө хуваарилах, тойргуудын хорооны шийдвэрийн зөв бурууг хянах, хуулийн биелэлтийг шалгаж гажуудлыг арилгах хүртэл иргэний болон захиргааны шинжтэй өдий төдий үйлдэл хийдэг. Бас хийх ёстой ажлаа хийдүүлж, эс үйлдэхүйгээр иргэн, байгууллагыг хохироож ч магадгүй энэ мэтээр эрх зүйн олон салбарын харилцаанд холбогдсон амьд бие цогц мөн билээ.

Тэр бүхний талаарх гомдол маргааныг Цэц шийдвэрлэж яахин болох, хүрэлцэх билээ. Тиймээс жишээлбэл, сонгогч нь нэрийн жагсаалтад нэрээ буруу бичигдсэн тухай гомдлоо шүүхэд шууд гаргаж шийдвэрлүүлж байхаар сонгуулийн хуульд заасан байгаа шүү дээ. Хэдийгээр уул жагсаалтыг захиргаа үйлддэг ч гэсэн маягт загварыг нь хэвлүүлэхээс эхлээд сонгуулийн хуулийн биелэлттэй хамаатайгаараа уг асуудал эхлээд сонгуулийн ерөнхий хороонд холбогдохгүй гэх газаргүй.

Энэчлэн энгийн үгээр тоймлон хэлбэл, Сонгуулийн хороод тэдгээрийн албан тушаалтан сонгуулийн асуудлаар эрх мэдлээ ноцтой хэтрүүлбэл эрүүгийн шүүхээр, бусдад эд хөрөнгийн хохирол учруулбал иргэний шүүхээр, захирамжилсан үйл ажиллагаагаараа иргэн, хуулийн этгээд (түүний дотор намууд)-ийн эрхийг зөрчвөл захиргааны хэргийн шүүхээр тус тус хэрэг маргааныг шийдвэрлүүлдэг. УИХ- ын итгэмжилсэн төлөөлөгчдөөс Цэцэд өгсөн тайлбартаа СЕХ-ны захирамжилсан шийдвэр нь гол дөрвөн шинжээрээ “захиргааны актад хамаарна”. Иймд Захиргааны хэргийн шүүхэд хариуцагч байх тухай хуулийн заалт зөв гэсэн санаа тов тодорхой өгүүлжээ.

Харин Сонгуулийн хороо нь иргэдийн сонгох, сонгогдох, сонгуульд эс оролцох, намуудаас сонгуулийн ажил эрхлэн явуулах үндсэн эрхийг гажуудуулсан зэргээр Үндсэн хууль зөрчвөөс Үндсэн хуулийн цэцэд хариуцагчаар татагдах учиртай төрийн нэг гүйцэтгэгч субьект шүү дээ. Өөрөөр хэлбэл, тухайн шүүхийн хяналтаас гадуур байдаг “онц бүрэн эрхт комисс” биш ээ.

-Тийм юм бол УИХ яагаад Цэцийн дүгнэлтийг зөвшөөрсөн байж таарах вэ. Та юу гэж бодож байна?

-Цэц улс төрийн тодорхой бүлэглэлийн явцуу сонирхолд автсантай холбоотой болов уу даа. 100 хүрэхгүй хоногт багтаан дуусгах хуультай УИХ- ын сонгуулийг жилийн турш сунжруулан хууль биелүүлэх үүргээ хөсөрдүүлсэн СЕХ алдаа дутагдлаа мэдэрч арилгахын оронд элдэв мэдэгдэл гаргаж өөрийгөө өмгөөлж суухыг хөхиүлэн дэмжих нь хэнд хэрэгтэй юм бэ.

Уг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Сонгуулийн ерөнхий хорооны захирамжилсан актыг хууль бус гэж иргэн, хуулийн этгээд үзвэл захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, түүний үндсэн дээр иргэдийн эрхийг хамгаалах зарчим журам тогтоосон юм шүү дээ.

Өнөөгийн Монгол Улсад нийтийн эрх зүй гэх шинжлэх ухааны эрэмбэтэй ойлголт тийм ч гүнзгий нэтврээгүйн дээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгасан “Захиргааны байгууллага” гэдэг нэр томъёоны багтаамж өмнөх уламжлалт (Орган управления гэх) ойлголтоос өргөн буюу нийтийн засаг захиргааны (public administration) байгууллагыг хамааруулах болсон. Үүнийг иргэнд болон шүүгчдэд ойлгомжтой болгохын тулд саяын дурдсан хуулийн дөрөвдүгээр зүйлд захиргааны байгууллагын “нэр төрлийн” жагсаалтыг тусгаж оруулсан билээ.

Уг жагсаалтад Сонгуулийн ерөнхий хороог оруулсныг гадаадын судлаачид жишээлбэл, АНУ-ын Индианагийн их сургуулийн профессор Брецкий “чухал ач холбогдолтой” гэж (хамтын бүтээлд) тэмдэглэснийг дурдахад илүүдэхгүй гэж бодно.

Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо ард түмний мэдэлд байдаг засгийн эрхийг хэрэгжүүлдэг гэх мэт үгээр далайлган том буюу түвшин өндөр, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх жижиг учир түвшин таарахгүй гэх хүртэл шогтсон шалтаг зааж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.6 дахь заалтыг хүчингүй болгосон нь угтаа улс төрийн ноцтой акц мөн. Шүүх бол төр түмний нэрийн өмнөөс хэрэг тасалдаг учир ямар ч байгууллагад жижигддэггүй юм. Эл маргааныг өдөөж зохион байгуулсан арга ажиллагаа, цаг үе үүнийг лавтай сэжиг төрүүлж байгааг нэмж хэлэх шаардлага гарч магадгүй юм. Ялангуяа, Цэцийн зүгээс өөрийгөө өмгөөлөхийг урьтал болговоос маргаан гүнзгийрэх нь магад. Ардчилал өөрийгөө хамгаалах чадвартай, тийм механизмтай байх ёстой

-Яагаад Та ингэж үзэж байгаа юм бэ?

-Яах юу байх вэ. Цэцийн дүгнэлт өөрөө Үндсэн хуульд заасан иргэд, тэдгээрийн хамтлагийн этгээдийн улс төрийн эрх зөрчсөн, ард түмний засгийн эрхэнд халдсан агуулга, үр дагавартай юм. Ер нь сонгуулийн талаарх харилцаа бол ард түмэн засгийн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон улс төрийн эмзэг харилцаа. Түүнийг шүүх хамгаалдаг. Энд улс төрийн намуудын эрх ч ноцтой зөрчигдөж буй.

Цэц Захиргааны хэргийн шүүхийн эрх мэдэлд халдаж, ноцтой хязгаарласан тухайд гэвэл ардчилсан нийгэмд төрийн бүх салаа мөчир дороос дээрээ хүртэл шүүхийн хяналтад байдаг. Энэ зарчмыг шүүх хэрэгжүүлэхдээ онцгой бөгөөд төгс төгөлдөр бүрэн эрх бүхий байх ёстой гэдгийг иш үндэс болгож байгаа юм. Захиргааны хэргийн шүүх нь тоталитар дэглэмийн үеийнх шиг нам хийгээд засаг төрийн дээд байгууллагуудын хяналтад байж, зөвхөн “үйлдвэр, албан газар”-ын захиргааны ажлын зарим хэсэгт хяналт тавьдаг төдий биш ээ. Харин Засгийн газраас багийн Засаг дарга хүртэл бүх шат, давхрааг бүрэн хамарсан бүрэн төгс эрх мэдэлтэй байх нь жам ёсны бөгөөд үүгээрээ ардчиллын “араа шүд” нь болдог.

Ардчилал өөрийгөө хамгаалах чадвартай, тийм механизмтай байх ёстой. Тэр нь нам ч, парламент ч, Засгийн газар ч биш харин хараат биш шүүх гэдэг. Гэтэл Цэц Захиргааны хэргийн шүүхийн онцгой байдлыг захиргааны доод шатны байгууллагад хүртэл доошлуулсан нь хүмүүст төдий л анзаарагдаагүй шиг байна. Монголчууд бид хууль зүйн нарийн асуудлыг өөртөө буюу аминдаа тулаад ирэхийн цагт л мэдэрч мэгдэн сандарч, эрэл сурал болдог хойно доо. “Засгийн газар, сайд, яам, сонгуулийн хороо эрхийг минь зөрчлөө” гэсэн гомдол гаргах болохоороо л учир холбогдлыг сонирхож, шалж үгэлж эхлэх нь магад. Ер нь асуудлын гол нь Цэцийн эл дүгнэлт засаг төрд биш түмэн олонд ихээхэн хор хохирол учруулж байгаад оршино.

-Үүнийг юу гэж ойлгох вэ. Жаахан тодруулахгүй юу?

-Харин л дээ. Захиргааны хэргийн шүүхийг ийнхүү зэрэмдэглэсэн буюу төрийн хэлний зөвлөлийн баталсан шинэ нэр томъёогоор бол “хөгжлийн бэрхшээлтэй” болгосон нь “дээдсийг” захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргаснаар тэдэнд ээлтэй, доодсыг явах газаргүй болгосноор тун халтай болно. Жирийн нэгэн жишээ хэлье.

Хэдэн жилийн өмнө П.Жасрайн тэргүүлсэн Засгийн газраас иргэн Мөнхсүхийн бусдаас худалдан авсан орон сууцны барилгыг дур мэдэн нийслэлийн захиргааны мэдэлд шилжүүлжээ. Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар энэ шийдвэрийн дагуу уг барилгыг захиргаадан авч иргэдэд ордер олгон хуваарилжээ. Өмчлөгч шүүхэд мэдүүлж заргалдсаар эцсийн дүнд Улсын Дээд шүүх тэр барилгыг Мөнхсүхийн өмч болохыг тогтоож, хохирлыг нь арилгаж өгөхийг даалгасан шийдвэр гарсан байна.

Энэ бол бүх шатны шүүхээр гүйцэд нотлогдсон баримт учраас би жишээ болгож байгаа бөгөөд хүний өмчийг дур мэдэн төрийн өмчид авсан Засгийн газрын шийдвэр нь нийтийн захиргааны буюу захирамжилсан акт. Харин уг акт ёсоор барилгыг дамжуулан түрээсэлсэн нь “хууль бус эзэмшилтэй холбоотой иргэний маргаан” юм. Иймд өмчлөгч нь хууль бус эзэмшигч болох Улаанбаатар хотоос барилгаа нэхэмжлэх, түүнийг шийдвэрлүүлэхийн тулд Засгийн газрын (захиргааны) актыг хүчингүй болгох зайлшгүй нөхцөл буюу хууль зүйн факт бий болсныг дээрх баримтаас харж болно.

Засгийн газар, яам, аймаг, нийслэлийн Засаг даргын ийм маягийн акт шийдвэр цөөнгүй байдгийг Захиргааны хэргийн шүүх ажилласан хэдхэн сарын практик нотолсон.

Сонгуулийн тухайд ч Үндсэн хуулийн Цэцэд “хүрэхээргүй”, “захиргааны” гэж болох цөөнгүй маргаан үүсдэг болохыг бас амьдрал сануулсаар байна. Уг маргааны нэлээд нь сонгуулийн хороод, тэдгээрийн албан тушаалтантай холбоотой байдаг ялимгүй мэт боловч хүний эрхэд ноцтой үр дагавар бий болгож болдог.

Бяцхан ганц жишээг дурдалтай. Хайрцгаар санал авахад машинаар явахыг хориглож, мотоциклоор явуулснаас ажиглагчид тэр ч байтугай өрсөлдөгч намуудын төлөөлөгч оролцохыг хааж боосон явдал гарчээ. Ийм маягийн элдэв “жижиг” зөрчил энд тэндгүй гардгийг бид мэдэж байгаа. Машинаар явахыг хориглосон тойргийн буюу нутаг дэвсгэрийн хорооны албан тушаалтны буруу тушаалтай холбогдуулж иргэнээс гаргасан нэхэмжлэлийг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд гаргах уу, эсвэл захиргааны буруу үйлдэл гэж Захиргааны хэргийн шүүхэд хандах уу гэдгийг ойлгохгүй хуульч, улстөрч арай байхгүй биз ээ.

Энэ мэт гомдол нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх авах эрхгүй болсон учир хүний эрхийг хэрхэн хамгаалахаа шүүх, түүгээр эрхээ хэрхэн хамгаалуулахаа иргэн нь мэдэхгүй болж мухардалд оров. Ардчилсан хууль бол “доодсыг” энэрэн хамгаалах, “дээдсийг” эрхэмлэн хязгаарлахын тулд байдгийг мэдэх Цэц маань дээдсийг хууль шүүхийн хяналтаас чөлөөтэй болгож, доодсыг харин хамгаалах хууль шүүхгүй болгосны “шан харамж”-ийг хэн хүртэх, эсвэл хариуцлагыг хэн хүлээх вэ? Үүнд өгөх хариу тодорхой биш гэж үү.

Мэргэжилтнүүд, ажил хариуцсан хүмүүс Цэцийн дүгнэлт бурууг аль хэдийнэ мэдсээр, шивэр авир шүүмжилж ярилцсаар төдийгүй “Та яриач хэлээч” гэх мэтээр хэн нэгнийг сэм хатгасаар байгаад гайхаж сууна. Хуульч юм бол түүнийг зөв шударга, цэвэр тунгалаг байхын төлөө дуугарахаас яагаад эмээж бусдыг түлхээд байгаа юм бэ.

Ярилцсан: И.РЭНЧИНХАНД /Өнөөдөр сонин/
(2005-09-05)