Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2023-01-23 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар нь “Х” эрүүл мэндийн төвийн эмнэлгийн барилгыг шинээр барих зориулалтаар 1238 м.кв газарт, 577 м.кв барилгажих талбайд олгогджээ. Нэхэмжлэгч нараас архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээ “... тухайн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөгдсөн эмнэлгийн барилга нь хажуугийн орон сууцны байртай хэт ойрхон баригдаж байгаа, энэ нь барилгын норм дүрэмд заасан байр хоорондын зайг зөрчсөн, оршин суугчид хэмжиж үзэхэд зай нь 5 метр хүрэхгүй байсан, манай байрны 72 айлын 200 гаруй оршин суугч иргэд ногоон байгууламж, хүүхдийн талбай, салхилах газар байхгүй болж хохирч байгаа ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-17 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
     Нэхэмжлэгч нараас “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолуудын Х.Д-д холбогдох хэсэг, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолын Х.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг тус аймгийн сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэл гаргасан. 
    дэлгэрэнгүй
  • 2023-01-14 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Доржийн охин буюу нэхэмжлэгчийн ээж Дулмаа нь цагаатгалын нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байх хугацаандаа нас барсан тул түүний хүү буюу хэлмэгдэгчийн зээ хүү цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөг авах эрхтэй гэж нэхэмжлэл гаргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-01-12 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Иргэн “А” нь сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах “дээд боловсролтой байх“ гэх шаардлагад нийцүүлэхийн тулд хуурамч бакалаврын дипломыг ашиглаж, хууль бус цалин хөлс авч, төрд 25,070,108 төгрөгийн хохирол учруулсан байна. Эрүүгийн хуульд хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор заасан ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн “А”-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-12 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Нэхэмжлэгч Д.Цоггэрэл шүүхэд хандан  өөрийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан “Талст молор” ХХК-ийн хувьцааны 95 хувийн хувьцааг “Бэлэглэлийн гэрээ”-ээр Б.Мөнхтөрд шилжүүлсэн байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь хуурамч “Худалдах-худалдан авах гэрээ”-г үндэслэн компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрэмд өөрчлөлт оруулсан улсын бүртгэлийг хийсэн гэж маргаж, холбогдох улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-11 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Норов нь 2021 оны 6 дугаар сард Беканекс.ком /Becanex.com/ гэх цахим хуудаснаас 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн “Беканекс СиБиДи” /Becanex CBD oil/  ойл гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, “Беканекс Си Би Ди ойл” /Becanex CBD oil/ гэсэн бичиглэл бүхий хүрэн бор өнгийн 12 шилтэй шингэн зүйл, “Беканекс Си Би Ди балм” /Becanex CBD balm/ гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхэг зэргийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж улмаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр I-2723 манифест дугаартай CS731273992DE тодорхойлолттойгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-01-10 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Нарангийн түрээслэн амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дууссан, ажил хийж мөнгө олох, эрүүл мэндийн шалтгаан гарсан зэрэг бусад шаардлагаар харах хүнгүй болсон тул хүүхдүүдийг асран хамгаалуулахаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эцэг Зэлэмд гэрт нь аваачиж, хүлээлгэн өгчээ. Гэтэл эцэг Зэлэм нь Сод, Норов нарын төрсөн эцэг мөн атлаа хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж 3 настай Сод, 1 ой гарантай Норов нарыг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GGGG” товерын дугаар давхарт орхиж явсан байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-06 Улсын дээд шүүх
    Эрүүгийн хэргийн мөрдөгч С, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан А нар хэрэгт хүсэлт гаргах асуудлаар санал зөрөлдөж, цагдаагийн хэлтсийн байранд маргалдах үед мөрдөгч нь өмгөөлөгчийг “архи үнэртүүлж маргасан” гэх шалтгаанаар биечлэн чиглэл, тушаал өгч албадан эрүүлжүүлжээ. Анхан шатны шүүх С-ыг Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Давж заалдах шатны шүүх согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн А-ыг цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, саад учруулсан тул шаардлагыг албадан гүйцэтгэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг согтолтын хэмжээ хамаарахгүй эрүүлжүүлэх байранд хүргэх хэм хэмжээг хэрэгжүүлж хуулийн дагуу ажилласан гэж үзэж, С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээд шүүхэд прокурор эсэргүүцэл, хохирогч гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэгт хууль тогтоомж зөрчиж, эрүүлжүүлсэн үйлдэл хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийг магадлалыг дэмжиж байна” гэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Нэхэмжлэгч Чимгээ нь хариуцагч Батад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Чимгээ нь бага насны хүүхдүүдийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд эцгээр нь тэжээн тэтгүүлэх урьдчилсан арга хэмжээ авхуулахыг хүссэн.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Д болон Г нар 2019 оны 07 сарын 05-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Г нь Д-д 5.250.000 төгрөгийн төлбөр төлөх, төлөхгүй бол үл маргах журмаар төлбөрийг Г-с гаргуулахаар харилцан тохиролцож, уг тохиролцоогоо нотариатаар гэрчлүүлжээ.  Талууд төлбөрийн талаар “үл маргах”-аар тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн бол нотариат төлбөр авагчийн хүсэлтээр “Мэдэгдэх хуудас” үйлдэж төлбөр төлөгчид хүргүүлэхээр хуульд заасан байна. 
    дэлгэрэнгүй
  • 2023-01-04 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн Болд нь 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-01-03 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн Нямсүрэн нь өөрийн хувь эзэмшдэг “П” ХХК-аар Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-тай бараа нийлүүлэхээр гэрээ байгуулсны дагуу “О” ХХК-иас 1030 ширхэг буюу 20,6 хайрцаг төмөр боолт авахаар тохиролцсон боловч программын алдаанаас болж 1 ширхэг нь 2844 төгрөгийн үнэтэй төмөр боолтны үнийг 1 хайрцаг / 142200 төгрөг /төмөр боолтны үнээр тооцсон “П” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу “О” ХХК нь “П” ХХК-ийн эзэмшлийн дансанд 169.623.905 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг гүйлгээг  алдаатай гэдгийг “П” ХХК нь мэдсээр байж илүү шилжүүлсэн 157.827.780 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.  
    дэлгэрэнгүй
  • 2023-01-02 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
    “Н” нь өөрийн найз бүсгүйгээ түүний өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгслээс нь гар руу нь цохих зэргээр хүч хэрэглэн чирч буулган тээврийн хэрэгсэл болон гар утас зэргийг дээрэмдэн авч нийт 10.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос “Н”-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 
    дэлгэрэнгүй
  • 2023-01-02 Улсын дээд шүүх
    “Х” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь “хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрт заагдаагүй илүү мөнгө буюу ам.доллараар төлбөр төлүүлэхээр шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй байна” гэжээ. Харин хариуцагч нь “төлбөрийг манай газраар дамжуулж төлөөгүй, төлбөр авагч банк нь төлбөр төлөгдсөн тухай баримт, хүсэлт ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй” гэж маргасан байна. Уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон банкны төлөөлөгч “талуудын хооронд төлбөрийг ам.доллараар төлөх гэрээ байгуулагдсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл байгаа” гэсэн тайлбар гаргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2022-12-29 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн О нь согтуурсан үедээ К-г хүчиндэхийг завдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, түүнийг зогсоох гэж оролдсон иргэн Л-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх иргэн О-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ. Шүүгдэгч О нь “...би иргэн К-г хүчиндэхийг завдаагүй ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хянах явцад, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А, Х, С нар томилогдсон байхад өөр шүүгч нар шүүх хуралдаанд орж хэргийг шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

    дэлгэрэнгүй