н
Энэхүү бүтээл нь гурав дахь хэвлэл бөгөөд эрх зүйн рецептэд суурилж ирсэн Монгол Улсын компанийн эрх зүй өөрийн онцлогд нийцсэн "идентити - ялгарал"-тай болох хөрс суурь бүрдэхэд хувь нэмэр оруулна хэмээн гүнээ итгэнэ. Ялангуяа, үйл ажиллагаа явуулж байгаа нийт компанийн дотор хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзлэх байр суурь үлэмж байгаа Монгол Улсын хувьд хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох амьд эрх зүйг хөгжүүлэх нь компанийн эрх зүйн хүрээнд нэн тэргүүнд тавигдах ёстой болохыг сурах бичгийн системчлэлээр илэрхийлэхийг зорилоо.
Эрүүгийн эрх зүйд холбогдох судалгааны тайланг эмхэтгэсэн энэхүү XVIII ботид тус хүрээлэнгээс гүйцэтгэсэн Эрүүгийн эрх зүйд холбогдох төлөвлөгөөт болон захиалгат нийт 9 судалгааны тайлан, лавлагааг эмхэтгэв. Үүнд, эрүүгийн процессын эрх зүйн гол хэрэгжүүлэгч болох прокурорын байгууллага болон цагдаагийн албаны тухай, онолын хувьд маргаантай буй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай, галт зэвсгийн эрх зүйн зохицуулалтын тухай болон өмнө нь төдий л хөндөгдөж судлагдаж байгаагүй ч өдгөө эрх зүйн хувьд боломжтой болоод буй гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналтын тухай судалгаанууд мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн педофил өвчтэй хүмүүст авах арга хэмжээ, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах тухай гэх мэт нийгэмд шинэ тутам үүссэн, тулгамдсан асуудлуудад шийдэл санал болгох үүднээс хийж гүйцэтгэсэн харьцуулсан лавлагаанууд багтаж байна.
Нийтийн болон хувийн эрх зүйд холбогдох судалгааны тайлангуудыг эмхэтгэсэн энэхүү XVII ботид тус хүрээлэнгээс гүйцэтгэсэн төлөвлөгөөт болон захиалгат нийт 12 судалгааны тайлан, лавлагааг эмхэтгэв. Үүнд захиргааны материаллаг, процессын эрх зүйн болон шийдвэр гүйцэтгэлийн талаарх судалгаа багтаж байгаа нь тус салбар эрх зүйд тулгарч буй асуудлыг цогц байдлаар харах боломжийг олгох болов уу. Мөн парламентын болоод орон нутгийн сонгуулийн эрх зүйн зохицуулалт, төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх болон харьцуулсан судалгаа, Цахим гадаад паспортын тухай гэх мэт нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг угтуулан тулгамдсан асуудлуудад шийдэл санал болгох үүднээс хийж гүйцэтгэсэн харьцуулсан судалгаа, лавлагаанууд багтаж байна.
Үндсэн хуулийн эрх зүйд холбогдох судалгааны тайланг эмхэтгэсэн энэхүү XVI боть нь төрийн нэрийн хуудас болсон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах верчлөлтийн төсөл, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэрэгцээнд зориулсан судалгаанууд багтсанаараа онцлог бөгөөд ач холбогдолтой.
Бидэнд цоо шинэ төр засаг хэрэгтэй болжээ. Тэр нь ардын төр засаг байх ёстой. Гэтэл шинэ төрийн тухай төсөөлөл Монголчууд бидний хувьд хэтэрхий бүдэг бадаг сүүмэлзэхээс хэтэрсэнгүй. Тэгвэл шинэ төр байгуулах бүх асуудлыг шийдвэрлэж чадах онолын ном, бүтээл бичигдэх ёстой. Тэгээд хүмүүс уншиж эхлэх ёстой. Уншиж эхэлснээр ямар нэг логик дүгнэлтэд хүрч, нийгэм, улс төрийн сэтгэл зүй нь нааштай төлөвт шилжих учиртай. Эцэстээ номын үзэл санаа хүн амын олонхын дэмжлэгийг авч чадвал Үндсэн хуулийн буюу оюун санааны хувьсгал ялалтад хүрч цоо шинэ төр засаг байгуулж чадна.
Тиймээс шинэ төрийн тухай үзэл баримтлал агуулсан ном маань “Үндсэн хуулийн хувьсгал” нэртэй байхаас аргагүй.
Ромын эзэнт гүрнээс ч том, аугаа эзэнт гүрэн байгуулж явсан Монголчууд бид сэргэн мандаж чадах уу? Чадна. Энэхүү бүтээлд бичигдсэн 18 хувьсгалыг шүүн тунгааж, улмаар хэрэгжүүлж чадвал Их Монголын эзэнт гүрэн сэргэн мандаж чадна. Бүр дөрөвхөн жилийн дотор шүү..
Энэхүү бүтээлийг анх МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь Нотолгооны онол, арга зүй" хичээлийг 2020, 2021, 2023 онд анх заасан үеэс бэлтгэсэн. Оюутнууд загвар шүүх хуралдаанд оролцоод энэ хичээлийн агуулгыг уншиж бус, туршлагаас суралцах нь хамгийн үр дүнтэй байдаг. Гэсэн ч нотолгооны үе шатанд олон процесс алдаа гардаг нь хувийн эрх зүйн нотолгооны онолыг судлагдахуунаа болгох, улмаар хичээл заах хэрэглэгдэхүүн бэлдэх эн тэргүүний зорилго тавив. ИХШХША-нд оролцож, тодорхой ажиллагаа хийх гэж буй хуульчид илүү олон шийдвэр унших, ярвигтай шийдэл бүхий маргаанд ажиглалт хийх замаар туршлагаа цуглуулах нь дамжиггүй ч энэхүү эрх зүйн силлогизмын суурийг бүрдүүлэхэд оюутны ширээн дээр сурах бичиг байх нь зайлшгүй билээ.
Нотолгооны эрх зүйн хичээлийн хүрээнд гол төлөв УДШ-ийн зөвлөмж, тогтоол, шүүгчдийн сургалтын гарын авлага болон бусад шүүхийн шийдвэрийг шууд ашигладаг. Эдгээр нь хуульчид төдийгүй оюутнуудад ч өгөөжтэй байдаг. Гэсэн ч хувийн эрх зүйн салбарын олон янз байдал нь энэхүү онол-практикийн зааг дээр орших сонгон суралцах хичээлийг судлах, хожим практикт мэргэшихэд онолын сурах бичиг үгүй бол ихээхэн чармайлт шаардана. Тиймээс цугларсан материалыг нэгдмэл концепц бүхий сурах бичгийн хэлбэрт оруулах нь сурах үйлийг түргэсгэх, өргөн хүрээтэй болгох үр дагавартай.
Хувийн эрх зүйн нотолгооны эрх зүйн хөгжил МУ-д эрүүгийн нотолгоотой харьцуулахад хөгжил муу байгаа нь талуудын буюу диспозитив зарчим үйлчилж буйтай холбон тайлбарладаг боловч хувийн эрх зүйн харилцаа бүрийн онцлогийг дагнан судалвал үндэстэн дамнасан UNIDROIT зэрэг олон эрх зүйн бүлийг хамарсан нийтлэг болоод дотоодын хэм хэмжээг шүүхийн хэрэгжүүлж буй амьд эрх зүйтэй (law in action) хамтатган үзвэл маш их өргөн цар хүрээ бүхий салбар өмнө буй.
Иргэний процесс дахь нотолгооны эрх зүйг бусад салбараас, ялангуяа эрүүгийн эрх зүйн нотолгооны онолоос ялгах нь босоо тэнхлэгт процесст үйлчилж байсан тэртээ социалист болон дундад зууны тогтолцооноос ангижрах гол үзүүлэлт билээ. Гэвч шүүхийн шинэтгэлийн хүрээнд процессын хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтүүд нь эрүүгийн мөрдөн шалгах чиг үүрэг бүхий процесст төвлөрсөн байдлаар иргэд хоорондын хохирлыг, тухайлбал эдийн бус хохирлыг үнэлэх ажиллагаа явагдах болж буйг харуулсан. Хэдий МУ-д шүүхийн шинжилгээгээр дагнасан институтийн тогтолцоо сул хөгжсөн, хувийн секторын шинжилгээнд итгэх итгэл буурсан нөхцөл байж болох ч сэтгэцийн хор уршгийг тогтоох зэрэгт дан шүүх шинжилгээний байгууллага мэргэшсэн шинжээчийн эрхтэй оролцох, эдгээр тусгай албаны шинжээчид нь хувийн лабороторид тодорхой шинжилгээг захиалан хийлгэх эрхтэй ч маргаан гарвал эцсийн дүгнэлтийг гаргахаар байгаа зэрэг нь эрүүгийн процесс дахь нотолгооны эрх зүй иргэний болон захиргааны процесс дахь нотолгоонд давамгайлах шинжтэй болж буйн илрэл юм. Энэ талаар нотолгооний хэрэгсэл болон нотлох баримтыг үнэлэх хэсэгт тусгав.
Түүнчлэн технологийн эрин үед иргэний процессын эрх зүйд цахим нотлох баримтыг хэрхэн авч үзэх, нотлох тусгай ажиллагааны ач холбогдол бий эсэх дээр санал уралдуулахыг хичээв. Үр дүнд нь иргэний процессын хамгийн их маргаан дагуулдаг нотолгооны эрх зүйн асуудлыг дан ганц шүүхийн практик, шүүгчийн өнцгөөс харах бус, харин бусад оролцогсдын өнцгөөс хууль тогтоомжийн агуулгын нөлөө, харилцан үйлчлэл ямар байх талаар зарим санал дүгнэлтэд хүрснээ дурдсан.
Бүлэг, сэдэв бүрийн эхэнд нотолгооны эрх зүйн сэдвээр бүтээл туурвих үйл явцыг өдөөх үүднээс бүлэг бүрийн эхэнд дотоодод болон англи-америкийн, эх газрын эрх зүйн харьцуулсан судалгааны бүтээлийг Унших материал буланд тусгасан. Энэ нь оюутан, суралцагсад тухайн сэдвээр бие даан судалгаа, өгүүлэл бэлтгэхэд туслах зорилготой. Энэхүү бүтээлийн дараачийн хэвлэлд материаллаг эрх зүйн зарим салбарт нотолгоог хэрхэн явуулах талаар дэлгэрэнгүй судалгаа тусгах болно.
ИХШХША нь нэг хуулиар зохицуулах нэгдмэл зүйл биш, олон бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд заримыг нь зохицуулах боломжгүй. Нотолгооны эрх зүйн хангалттай мэдлэгтэй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хуульчид зайлшгүй шаардлагатай бөгөөд энэхүү ном нь иргэний процессын нотолгооны эрх зүйн нийтлэг онол практикийн зарим тулгамдсан асуудлыг хөндөж, улмаар мэргэжлийн сургалтад хамрагдаж буй оюутнуудад нотолгооны эрх зүйн мэдлэгээ практикт хэрэглэхэд дэм болно хэмээн найдаж байна. Нотлох баримтын эрх зүйн мэдлэг нэмэгдэх тусам процессын алдаанаас сэргийлж, ИХШХША-ны эцсийн үр дүнг зөв үнэлэх дүгнэх боломж олгоно. ИХШХША-ны эцсийн үр дүн нь харин нотлох ажиллагаа хэр амжилттай байснаас шууд хамаарна. Номын агуулга, бүтэц нь нотлох баримтыг шалгах стандарт үйл явцыг дагаж, алхам бүрд тохиож болох эрх зүйн асуудалд анхаарал хандуулахыг хичээсэн. Энд УДШ-ийн тогтоол, зөвлөмжийг тусгасан нь онол, практик хоорондын холбоосыг харуулдаг.
Нотлох баримт гаргах хэрэгцээ шаардлага, нотолгооны хэрэгсэлд тавигдах шаардлага, тэдгээрийг үнэлэх, нотлох үүрэг хуваарилалт гэсэн ерөнхий сэдвүүд нь иргэний процессын эрх зүйн нарийн судлагдаагүй хэсгүүд бөгөөд энэ талаарх мэдлэгийг практикаар дамжуулан эзэмшүүлж байна. Гэхдээ салбар шинжлэх ухаан болж төлөвшсөн нотолгооны эрх зүйд верификац, фалсификац хийгдэж, шинэчлэгдэхийн тулд эдгээрийг бичгийн судалгааны сэдэв болгох нь цаашдын процессын онолын хөгжилд нөлөөлнө. Нотлох ажиллагааг дангаар нь явуулах бодит хэрэгцээ гардаг нь сүүлийн бүлгийг эргэцүүлэх нөхцөл болж байна. Нотолгооны эрх зүйн ерөнхий ангид хамаарах эдгээр асуудлаас гадна эдийн болон эдийн бус хохирлыг үнэлэх, даатгалын гэрээний үнэлгээ, барилгын салбар дахь нотолгооны эрх зүй гэх мэт тусгай салбаруудаар холбогдох судалгааг нэгтгэх, бүтээл гаргах хэрэгцээ шаардлага бий. Иргэний хэргийн олон янз байдал болон нийтлэг процедурыг харуулах нь процессын эрх зүйн бүтээлийн гол зорилго тул санал, шүүмжээ buyankhishig@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Ардчилсан нийгмийн тулгын чулууны нэг нь парламентын дархлаа бөгөөд төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу хууль тогтоох эрх мэдлийн хараат бус, бие даасан үйл ажиллагааг хангахад амин чухал нөлөө үзүүлдэг. Дархлааны тусламжтай парламентын институци бэхждэг ба бүрэн утгаар нь, зөв зүйтэй ашиглаж чадвал ардчиллын өмнө тулгарсан аливаа сорилтыг даван туулахад хамгийн их тус болох хууль зүйн арга хэрэгсэлд тооцогддог.
Үндсэндээ парламентын дархлаа нь бусад байгууллага, хувь хүмүүст бус, ард түмнийг төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулж зөвхөн парламентад өөрт нь олгосон дангаар эдлэх онцгой эрхийн цогц билээ. Иймд олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголт ёсоор парламентын хувь гишүүн энэхүү баталгааг өөрт нь өмчлүүлсэн онцгой эрх гэдэг утгаар бус, харин парламентын институцийн нэг эд эс болохын хувьд эдэлж буй боломж хэмээн ойлгож хэрэгжүүлэх ёстой юм. Тодруулбал, парламентын гишүүн уг боломжийг хувийн ашиг сонирхолдоо бус, зөвхөн нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах зорилгод ашиглах ёстой гэсэн суурь үзэл санааг нь цаг ямагт санаж байх учиртай. Ингэж чадвал парламентын дархлаа нь хууль тогтоогч, сонгогчдыг холдуулах бус, харин нэгдмэл байлгах гол механизм болох юм.
Бидний хувьд «халдашгүй байдал», «дархан эрх», «иммунитет», «индемнитет» гэх зэргээр ялгаатай хэрэглэдэг нэр томьёонууд парламентын дархлаа гэх ойлголтод бүхэлдээ багтах бөгөөд энэ номд ард түмний төлөөллийн байгууллага болох парламент, түүнд сонгогдсон төлөөлөгчдөд олгогддог дархлааны зорилго, хүрээ хязгаарыг хөндөж, парламентад энэхүү эрх зүйн хамгаалалт яагаад чухал болох талаар, уг хамгаалалтын тусламжтайгаар хууль тогтоогч аливаа хариуцлагаас эмээлгүй сонгогчдоо хэрхэн төлөөлөх боломжтой талаар авч үзэх болно.
Нөгөө талаар парламентын дархлааг урвуулан ашиглавал энэ нь хууль зөрчсөн, гэм буруутай этгээдийн хувьд хариуцлагаас зайлсхийх, цаг хожих арга хэрэгсэл болж, шударга ёсыг тогтооход тээг болох эрсдэлтэйг харуулах үүднээс энэхүү номд зарим улс орны парламентын жишээнээс хуваалцахыг хичээлээ.
Монгол Улс 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжиж, байнгын ажиллагаатай парламенттай болсон цагаас хойш, ялангуяа 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиар хууль тогтоох байгууллага, түүний гишүүний эрх зүйн байдлыг тогтоосон цагаас хойш манай улсад парламентын дархлааны эрх зүйн орчин хэрхэн шинэчлэгдэн хөгжиж ирсэн талаар болон Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэцээс гаргасан зарим онцлох шийдвэрүүдийг тоймлон авч үзэв. Ингэснээр парламентын дархлааны орчин үеийн үзэл санааг өөрийн орны нөхцөл байдалтай харьцуулан тунгаах, оюун дүгнэлт хийхэд Тань энэхүү ном багахан ч атугай тус нэмэр болно гэдэгт найдаж байна.
Хууль зүйн үйлчилгээний ирээдүйн талаарх бүтээл нь дэлхийд хамгийн олон удаа эшлэгдсэн зохиогч Ричард Сасскинд Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй номдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа технологийн хүчээр хэрхэн хувирч өөрчлөгдөхийг тооцоолж, шүүхэд хандах эрхийн асуудалд дэлхий даяар шийдэл болохуйц санал дэвшүүлжээ.
Хамгийн дэвшилтэт гэгдэх хууль зүйн тогтолцоонд ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болхи удаан, хэтийдсэн зардалтай, процесс нь хуучирсан төдийгүй энгийн иргэдэд ойлгомжгүй болсон. Зарим улсын шүүх дааж давшгүй ачаалалтай буюу Бразилд 100 сая, Энэтхэгт 30 сая үлдэгдэл хэрэг тус тус байна.
Сасскинд хууль зүйн технологи, эрх зүйн онолын салбарт 40 орчим жил ажилласан туршлагадаа үндэслэн хүмүүст хууль ёсны эрхээ ойлгох, хэрэгжүүлэхэд нь интернэтийн гайхалтай хүртээмжийг хэрхэн ашиглаж болохыг үзүүлжээ. Хүн төрөлхтний талаас илүү нь өнөөдөр цахимд холбогдсон шүү дээ. Өдгөө дэлхий дээр хүмүүсийн интернэтэд хандах хүртээмж шүүхэд хандах хүртээмжээс илүү байна.
Цахим шүүх “цахимаар шийдвэрлэх” ажиллагаа буюу хэргийг шүүх хуралдааны танхимд биш цахимаар шийдвэрлэх боломжоор хангана. Ингэхдээ нотлох баримт, хариу тайлбараа цахим платформоор хүргүүлж, шүүгч мөн шийдвэрээ түүгээр гаргах юм.
Мөн цахим шүүх нь шүүхийн шийдвэр гаргах чиг үүргээс арай илүүг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд технологи ашиглана. Энэхүү “өргөтгөсөн шүүх” хэмээх үйлчилгээгээр үйлчлүүлэгчийг холбогдох хууль, боломжит сонголтоо танин мэдэж, үндэслэл боловсруулах, нотлох баримт бүрдүүлэх арга хэрэгслээр хангах ажээ. Цаашилбал эвлэрүүлэн зуучлал, эрт үеийн хөндлөнгийн хяналт шинжилгээ зэрэг шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх арга замыг шүүхээс гадуур биш, шүүхийн үйлчилгээний нэг хэсэг байхаар санал болгоно.
Цахим шүүхийн анхдагчид уламжлалт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны багагүй зүйлийг өөрчлөх болохыг Сасскинд дүгнэсэн байна. Хиймэл оюун (AI), машин сургалт, виртуал бодит байдал (VR) зэргийн давуу хийгээд сул талыг үнэлж, эдгээр технологи шүүхийн үйлчилгээнд хэрхэн ноёрхох хэтийн төлөвийг урьдчилан тооцоолжээ.
Зохиогчийн өдийг хүртэлх бичсэн бүтээлүүдээс хамгийн том зорилгод чиглэсэн нь болох энэхүү Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй ном бол төрийн амин чухал үйлчилгээний дижитал шилжилтийн тухай бодит судалгаа юм.
“Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй” номын талаарх бусдын дүгнэлт
“Ричард Сасскинд мэтгэлцээн өрнүүлж, чиг хандлагыг өөрчлөх, хөгжил дэвшлийг хурдлуулахуйц бүтээл дахиад гаргажээ. Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй бол шүүхийн захиргаанд санаа тавьдаг хэн бүхний заавал унших ном мөн.”
Англи, Уэльсийн Ерөнхий шүүгч Малдонын Лорд Бернетт
“Энэхүү гайхалтай номд шүүх, технологийн сэдвийг хялбаршуулж, сонгох боломж бидэнд байгааг харуулснаараа Ричард Сасскинд онцгой хувь нэмэр оруулжээ. Үр дүнд нь бид асуудлаа огооролгүй даван туулах сэрүүлэгтэй боллоо.”
Сингапурын Ерөнхий шүүгч Сундареш Менон
“Ричард Сасскинд мөнхүү шинэлэг бүтээлдээ шүүхийн хэвшмэл хандлагыг орчин үеийн технологийн эриний дурангаар тольдож, XXI зууны шүүхийн шинэ алсын хараа бий болоход чиглүүлжээ. Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй бол шударга нийгэмд эрмэлздэг хэн бүхний унших нэн чухал бүтээл.”
Канад улсын Ерөнхий шүүгч (2000-2017) асан Беверли МакЛахлин
“Шударга ёсонд зорих хуульч, шүүгчийн ажлыг энэ цаг үед утга учиртай байлгая гэвэл технологи, инновацын сэтгэлгээгээр дамжуулан үйлчилгээгээ сайжруулж болох тухай ойлголтод нээлттэй хандах ёстой. Цахим бөгөөд хүртээмжтэй шүүхийн талаарх Ричард Сасскиндын үнэмшилтэй, бодитой санал шүүхэд хандах хүртээмжийг өргөжүүлэх зорилгод маань урам өгч байна.”
Америкийн Барын холбооны Ерөнхийлөгч Жуди Перри Мартинез
“Легал дата” ХХК-аас Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, эдгээр хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, Хуулийн төслийн үзэл баримтлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг зэргийг багтаасан судалгаа, хэрэглээний бүрэн системчилсэн эмхэтгэлийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар хэвлүүлэв.
Энэхүү эмхэтгэлийг гаргахдаа хэрэглэгч Таны хэрэгцээ, шаардлагад аль болох нийцүүлэх зорилгоор дараах зүйлсийг тусгав:
- нэр томьёоны индексийг бэлтгэж оруулсан;
- нэмэлт, өөрчлөлт орсон хэсэг, заалтын доод талд нь анхны уг эхийг оруулсан тул уг хэсэг, заалтад хэрхэн нэмэлт, өөрчлөлт орсныг мэдэх боломжтой;
- эмхэтгэлд ороогүй хуулиас эш татсан зүйл, заалтыг эшилж оруулсан;
- эмхэтгэлд оруулсан хуулиас эш татсан зүйл, заалт байгаа эмхэтгэлийн хуудасны дугаарыг эшилсэн тул тухайн зүйл, заалтыг хайх үйлдлийг хялбарчилсан;
- хуудас бүрийн хажууд гаргасан зайнд хуулийн тухайн зүйл, заалтын үзэл баримтлал, хэрэглээтэй холбоотой зүйлсийг тэмдэглэх боломжтой;
- нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудыг тусад нь эмхэтгэлд оруулсан тул хуульд хэзээ, хэрхэн нэмэлт, өөрчлөлт орсныг шууд мэдэх боломжтой;
- хуулийн зүйлийн гарчиг, нэмэлт, өөрчлөлтийн системчлэлийн мэдээллийг хар өнгөөс өөр өнгөөр хэвлэсэн тул уншихад эвтэйхэн байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлд, Хууль ёсны зарчим, түүнийг агуулгыг тодорхойлж өгсөн нь эрүүгийн хуулийн үндсэн үзэл баримтлал төдийгүй энэхүү агуулгаар хуулийг хэрэгжүүлэх найдвартай баталгааг бий болгох хэрэгцээг урьдчилан тодорхойлсон хэрэг билээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад улс төрийн тогтолцоо, эдийн засаг, соёл, нийгмийн амьдралд үндсэн өөрчлөлтүүд гарсан. Тэрхүү өөрчлөлтүүд нь эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоход хүргэсэн хэдий ч шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголтын хүрээнд тайлбарлагдаж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадаагүйн улмаас хууль ёсны зарчим, түүний хэрэгжилттэй холбоотойгоор хэд хэдэн нарийн төвөгтэй асуудлууд өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Эрүүгийн эрх зүйн тогтолцоонд хууль ёсны зарчмын үүрэг, байр суурийг тодорхойлох нь онол, хууль сахиулах үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой.
Энэхүү эрх зүйн гарын авлага нь хувийн бизнес эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд дагаж мөрдөх компаний эрх зүй( хуулийн этгээдийн хэлбэрүүд, бүртгүүлэх үйл явц, хөрөнгө оруулалтын хязгаарлалт, дэмжлэг, үндсэн татварууд, чөлөөт бүс, гадаадаас ажиллах хүч авах зохицуулалт, засаглалын кодекс, өрсөлдөөнийн зохицуулалт, хувьцаа худалдах авах г.м), ашигт малтмалын эрх зүй( тусгай зөвшөөрлийн төрөл, тусгай зөвшөөрөл авах журам, тавигдах шаардлага), санхүүгийн эрх зүй(хөдлөх хөрөнгийн барьцаа, хөрөнгийн үнэлгээ, мөнгөн зээлийн үйл ажиллагааны зохицуулалт), татварын эрх зүй(татварын багц хуулийн шинэчлэл, татварын хяналт шалгалтын журам, үнэ шилжилтийн зохицуулалтын харьцуулалт,газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогын татварын зохицуулалт, давхар татварын харилцан тохирох журам), зөвшөөрлийн эрх зүй( зөвшөөрөлтэй эрх үйл ажиллагаа, эмийн зар сурталчилгаа, цахим мөнгөний зохицуулалт, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа), гэрээний эрх зүй буюу маргааныг шүүхээс гадуур шийдвэрлэх ажиллагаа, барааны тэмдэгийн эрх зүйн зохицуулалт болон хөдөлмөрийн эрх зүй буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, гадаадаас ажиллах хүчин авахтай холбоотой хууль зүйн зохицуулалтыг нэгтгэн хүргэж байна.
Монгол улсад шинээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж буй эсхүл эрхэлж буй хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, хувийн компанийн хуульчид, өмгөөлөгчид болон хуулийн их, дээд сургуулийн оюутнуудад шаардлагатай хууль зүйн мэдлэг, мэдээллийг олгох зорилготой тул энэхүү номыг Монгол, Англи хэлээр бэлтгэсэн.
The legal manual has been comprised from the legislations including company law(forms of legal entities, registration procedure, restriction on investment, support to the investment, main taxations, free zone, hiring procedure of foreign manpower,corporate governance, competition, share purchase etc), mineral law(types of license, procedure on obtaining the licenses and requirements), financial law(movable property’s pledge, money lending service), taxation law(reform of taxation laws, comparative studies on transfer pricing regulations, taxation on sale of land possession and use title, mutual agreement procedure on double taxation), permitting law( activities with permit, medicine advertisements, e-money, real estate brokerage), contract law or alternative dispute resettlement, regulation on trademark and employment law or regulations on labor safety and hiring foreign manpower which are required to be complied by the private companies for their business operation on daily basis.
This book is published in Mongolian and English for purpose of disseminating legal knowledge and information to an investor who is planning to do business or who is doing business, entrepreneur, lawyer, attorney and student of the law school and universities.
НҮБ-ын Олон улсын шүүхийн ерөнхий шүүгч Жоан Э. Донохью нэгэнтээ "Шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцох нь оюутнуудад ятган үнэмшүүлэх чадвар болон шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэх хамгийн шилдэг аргуудын нэг юм" гэж хэлжээ. ОУШМТ-д оролцсоноор оюутнууд тэдгээр чадвараа сайжруулах, цаашлаад гадаад хэл, тэр дундаа хууль зүйн англи хэлийг сурах боломжтой бөгөөд гадаад хэл дээр бусад улсын оюутнуудтай мэдлэг, чадвараараа өрсөлдөх, харилцан суралцах боломжтой билээ. Иймд ОУШМТ бол сурч байх хугацаандаа маргаан таслах, шийдвэрлэх ажиллагааг мэдрэх, өөрийгөө урьдчилан бэлтгэх боломж юм.
ОУШМТ-д оролцоход шаардагдах суурь чадвар нь бичих, судалгаа хийх чадвар бөгөөд, цаашлаад үндэслэлээ тодорхой, ойлгомжтой илтгэх, эсрэг талынхаа тайлбарыг сайтар ойлгох, няцаалтыг хурдтай сэтгэх нь ч мөн дутахааргүй чухал байдаг. ОУШМТ өдгөө хууль зүйн сургуулийн бакалавр, магистрын түвшний оюутнуудын дунд олон нэр төрөл, хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Хамгийн анхны ОУШМТ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Олон улсын шүүхийн (International Court of Justice) загвар шүүхийн мэтгэлцээний тэмцээн бөгөөд 1968 оноос хойш "олон улсын" гэх тодотголтойгоор зохион байгуулагдаж байна. Өдгөө энэ тэмцээн дэлхийн 140 гаруй улсын 700 орчим хууль зүйн сургууль оролцдог хамгийн том шүүхийн мэтгэлцээний тэмцээн болон өргөжжээ. Энэ мэт олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцох нь өсөж хөгжих түлхүүр болохоос гадна хууль зүйн сургуулийн эрэмбэ, нэр хүндэд ч чухал нөлөөтэй байдаг. Тиймдээ ч Сингапур, Австрали, Энэтхэг, Хятад улсын хуулийн сургуулиуд уг тэмцээнүүдэд онцгой ач холбогдол өгч, оюутнуудаа системтэйгээр бэлтгэж байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувьд 2017 оноос хойш дэлхийн олон орны хууль зүйн сургуулиудын өрсөлдөөнд хүч түрэн оролцож эхэлсэн бөгөөд долоон төрлийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд нийтдээ давхардсан тоогоор 100 гаруй оюутныг Англи болон Япон хэл дээр оролцуулсан байна.
Шүүхийн мэтгэлцээний тэмцээн гэх нэр томъёог анх сонсоход нэг л хол, хөндий байж магадгүй. Гэсэн хэдий ч уншигч таны хуулийн сургуулийн хамгийн дурсамжтай үе тань шүүхийн мэтгэлцээний тэмцээнд бэлдэх, оролцох байх болно гэдгийг амлаж байна. Бид ОУШМТ-ий талаарх мэдээллийг илүү олон оюутанд хүргэх, урам зориг өгөх зорилгоор өөрсдийн туршлага, сургамж дээр үндэслэж, англи хэлээр бичигдсэн бусад эх сурвалжаар баяжуулан энэхүү гарын авлагыг бэлтгэн хүргэж байна. Энэхүү бэсрэг гарын авлагад ОУШМТ-ий тухай бичихээс гадна судалгаа хийх, аргумент дэвшүүлэх болон хамгаалах, илтгэх, асуултад хариулах гэх мэтчилэн хуульчийн суурь ур чадварын талаар бэлтгэн хүргэхийг хичээсэн болно. Иймд оролцогч, сонирхогч, тэр дундаа шүүхийн мэтгэлцээний тэмцээнд бэлдэж буй, судалгаа хийхээр сонирхож буй танд энэхүү гарын авлага тус болно гэж найдаж байна.
Манай улс "Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенц" (1970 он), "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенц" (1972 он)-уудыг соёрхон баталж, Үндсэн хуульдаа түүх, соёлын дурсгалт зүйл төрийн хамгаалалтад байхаар заасан нь ёс, хэлбэр төдий зүйл биш ээ. Үндэсний соёлын өв бол монголчууд бидний туулж өнгөрсөн түүхийг гэрчлэн холбогч, одоо цагт оршин тогтохуйг нотлон таниулагч, ирээдүйн хөгжлийг чиглүүлэн тодорхойлогч юм. Тиймээс ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн" хэмээн тодорхойлж, үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах арга замыг тусгасан билээ.
Эх түүх, үндэсний өв соёлоо хадгалж хамгаалах эрхэм үйл хэрэгт нэмэр болох зорилго агуулсан "Соёлын өвийг гэмт халдлагаас хамгаалахуй" ном нь соёлын өв манай улсын гадаад харилцааны гүүр болон хөгжил дэвшилд хөтлөх болсон энэ цаг үед хэвлэгдэн гарч байгаа нь сайшаалтай. Тус эмхэтгэлд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх онол, практикийн асуудлууд болон хууль бусаар гадаад улсад гаргасан соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжлах, эгүүлэн авах олон улсын эрх зүйн зохицуулалтын талаарх зохиогчийн 2015 оноос хойших үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд хэлэлцүүлсэн зургаан илтгэл, дотоодын эрдэм шинжилгээ, судалгаа, онол, арга зүйн сэтгүүлүүдэд нийтлэгдсэн зургаан өгүүлэл багтжээ.
Та бүхэн энэхүү бүтээлээс Монгол Улсын соёлын өвийг гэмт халдлагаас хамгаалах эрх зүйн орчин, соёлын өвийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаа, криминологи судалгаа, эрүүгийн болон иргэний эрх зүйн зохицуулалтын уламжлал, шинэчлэлийн асуудлууд хийгээд "Хулгайлагдсан эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийн тухай ЮНИДРУА (UNIDROIT)-ын конвенц"-д манай улс нэгдэн орох, соёрхон батлах хэрэгцээ, шаардлагын урьдчилан тандан судалгааны үр дүнтэй танилцах боломжтой. Дашрамд дурдахад хорьдугаар зууны эхэн үе буюу ардчилсан хувьсгалын дараах нийгмийн шилжилтийн үед олон тооны түүх, соёлын дурсгалт зүйл хилийн чандад хууль бусаар гарсан нь жил ирэх бүр ил болохын хамт өнөө цагт ч соёлын эд зүйлийн контрабанд буурахгүй байгааг анхаарвал зохино.
Дэлхийн улсууд оршин тогтнож буй түүхэн цаг хугацаандаа өөрсдийн нутаг дэвсгэрээ улам тэлэхийн зэрэгцээ соёлын бодлого, нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьсоор ирсэн. Өрсөлдөөн улам ширүүсэж буй нэн эгзэгтэй үед үндэсний соёлын өвийг эрүүгийн эрх зүйгээр хамгаалах болон хууль бусаар алдагдсан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг эргүүлэн авчрах эрх зүйн боломжийг судалж, гарц шийдлийг олж тогтоох нь эрх зүйч бидний заавал биелүүлэх журамт үүрэг гэхэд ташаарахгүй. Энэхүү нарийн бөгөөд сэтгэл, хүч, хөдөлмөр шаардсан үйл хэргийг гүйцэлдүүлж яваа судлаач Ч.Доржсүрэнгийн цаашдын эрдэм судлалын ажилд чин сэтгэлээсээ өндөр амжилт хүсье.
Хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах
2024.04.22
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг 2013-д шинэчлэн баталснаар үнэт цаасны зах зээлийн салбарт цоо шинэ кодекс үйлчлэх болсон нь манай улсын эдийн засаг тодорхой хэмжээнд хөгжиж буйн илрэл бөгөөд энэ салбарын ашиг тусыг нийтээр хүртэх, үнэт цаасны арилжаанд оролцох, таамаг дэвшүүлэх, эрсдэл хүлээх шинэ эрх зүйн зан үйл, ухамсрын тогтолцоо бүрдэх алхам болжээ. Энэ утгаараа Үнэт цаасны эрх зүйн сонгон суралцах хичээлийн эрэлт, хэрэгцээ ихсэж, оюутан суралцагсдын дунд үнэт цаасны зах зээлийг судлах хүсэл тэмүүлэл өсөн нэмэгдсээр байна. Нөгөө талаас шинэхэн батлагдсан хуулийг хэрэгжүүлэх, тайлбарлах, цаашилбал онолын судалгаа хийх асуудал тулгамдаж, энэхүү эдийн засгийн бодлого ба эрх зүйн шинжлэх ухааны, мөн нийтийн болон хувийн эрх зүйн салбарын зааг дээр орших үнэт цаасны зах зээлийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ, шаардлага асар их байгааг илтгэлээ.
МУИС-ийн ХЗС-иас санал болгодог Үнэт цаасны эрх зүйн хичээл Дэлхийн банкны төслөөр боловсруулагдсан тус хичээлийн гарын авлагатай зэрэгцэн шинэчлэгдэж, үнэт цаасны хувийн эрх зүйд эзлэх байр суурьд гол анхаарлаа хандуулдаг байсныг халж, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа, оролцогсод, тэдгээрийн эрх үүрэг, тодорхой үнэт цаасыг гаргах практик ажиллагааг судлахад түлхүү анхаарах болсон.
Тиймээс миний бие 2014 оны 1 сарын 1-ээс үйлчилж эхэлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг 2013/2014 оны хичээлийн жилийн II хагаст тус хичээлийг сонгосон оюутнуудтайгаа зэрэгцэн судалж, бэлтгэсэн лекц, семинарынхаа хүрээнд энэхүү сурах бичгийг чадан ядан бэлтгэсэн юм. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө босгон компани хүртэл шинээр байгуулах боломж бүрдээд байгаа өнөө үед хуульч бидний хувь нэмэр үнэт цаасны зах зээлийн маргаанд нэг талыг төлөөлөн оролцохоор хязгаарлагдахгүй, харин ч үнэт цаас гаргах ажиллагааны явцад хуулийн этгээдийн эрх зүйн болон бусад эрх зүйн асуудлаар эрх зүйн дүгнэлт буюу due diligence хийх зэргээр ажиллах боломж маш өргөн болсон тул энэхүү бяцхан номоо үнэт цаасны салбарт эхлэн суралцаж буй хүн бүрт зориуллаа. Санал шүүмжээ buyana20@hotmail.com хаягаар илгээнэ үү.
Улсын Их Хурлаас 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг агуулсан хуулийн эмхэтгэл.
Монголын ард түмэн бид:
- улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
- хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
- төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
- хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
- эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт хэргийг зүйлчлэх, түүний үндсэн шинжийг тодорхойлох нь чухал байр суурийг эзэлдэг. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.16 дугаар зүйлд хуульчлагдсан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн түүхэн уламжлал, харьцуулсан судалгаа болон практик хэрэглээн дээр тулгуурлан тухайн гэмт хэргийн онцлог шинж, зүйлчлэлийн асуудлын талаар энэхүү бүтээлд хөндөн өгүүлэхийг зорьсон. Энэхүү бүтээлийн нэгдүгээр бүлгээр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалт, харьцуулсан судлалын асуудлыг авч үзсэн бол хоёрдугаар бүлгээр тухайн гэмт хэргийн үндсэн шинж, эрүүгийн хариуцлагын талаар тус тус өгүүлнэ.
Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн асуудлыг гуравдугаар бүлэгт авч үзэж, шат шатны шүүхээс зүйлчлэл хийхдээ тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг хэрхэн тайлбарлаж буйг судалж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх замаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг тухайлан авч үзсэн болно. Энэхүү бүтээл нь миний анхны бүтээл тул зарим зүйл дээр та бүхэн санал, шүүмж ирүүлбэл миний бие талархан хүлээн авч, дараагийн хэвлэлтдээ анхааран үзнэ.
Монгол Улсад аж ахуй, арилжааны маргааныг гуравдагч этгээдийн шүүх буюу арбитраар хянан шийдвэрлэдэг тогтолцоо үүсэж хөгжөөд 90 гаруй жил болжээ. НҮБ-ын Олон Улсын Эрх Зүйн Комиссын Загвар Хуульд нийцүүлэн 2003 ба 2017 онд Арбитрын тухай хуулийг шинчлэн гаргаж, Гадаадын Арбитрын Шийдвэрийг Хулаан Зөвшөөрч Биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцыг соёрхон баталснаар манай улсад хувийн арбитр үүсгэн байгуулах, арбитрын ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар явуулах, арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх орчин үеийн эрх зүйн орчин бүрдсэн байна. Түүнчлэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр 1960 оноос эхлэн гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалттай маргааныг харьяалан шийдвэрлээд даруй 60 гаруй жилийн туршлага хуримтлуулахын зэрэгцээ олон хуульчид, бусад мэргэжлийн хүмүүсийг арбитрчаар дадлагажуулан мэргэшүүлсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд маргаанаа арбитраар шийдвэрлүүлэх тухай арбитрын заалтыг гэрээндээ тусгах явдал нэмэгдэж, хуульчдын хувьд шүүхийн ажиллагаанаас гадна арбитрын ажиллагаанд зөвлөгөө өгөх, төлөөлөх үйлчилгээ, ажил хэргийн шинэ зах зээл өргөжих болов. Арбитрын сэдвээр судалгаа хийх, ном, гарын авлага хэвлүүлэх, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, үндэсний болон олон улсын түвшинд арбитрын мэтгэлцээний тэмцээнд оролцох сонирхолтой судлаач, оюутны тоо өсөх хандлагатай байна.
Энэхүү номын зохиогч Мөнхтүвшингийн Мөнхнаран нь арбитрын байгууллагад ажлын гараагаа эхэлж, улмаар Япон улсын Нагояагийн Их сургуульд арбитрын сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан залуу судлаач. Тэрээр арбитрын үүсэл хөгжил, арбитрын хэлэлцээрийн мөн чанар, талуудын чөлөөт байдлын зарчим, арбитрын ажиллагаанд хэрэглэх материаллаг болон процессын хууль, арбитрын ажиллагаа явуулах журам, түргэвчилсэн болон яаралтай арбитрын ажиллагаа, арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо, туслалцаа зэрэг арбитрын үндсэн сэдвүүдийг цэгцтэй, практик, арга зүйн хувьд өндөр түвшинд боловсруулсан анхны бүтээлээ ийнхүү уншигчдад хүргэж байна.
"Олон Улсын ба Үндэсний Арбитрын Эрх Зүй" хэмээх эл ном нь 11 бүлгээс бүрдсэн ба ялангуяа "Монгол Улс дахь Арбитрын Эрх Зүйн Хөгжил"-ийн тухай 3 дугаар бүлэг, Түргэвчилсэн болон Яаралтай Арбитрын Ажиллагаа"-ны тухай 11 дүгээр бүлэг ихээхэн шинэлэг болжээ. Арбитрын ажиллагаанд нийтлэг хэрэглэж хэвшсэн, англи хэлний цөөнгүй нэр томьёог (тухайлбал, arbitrability, seat/place of arbitration, private autonomy, separability of arbitration clause, competence-competence principle) монгол хэлээр дүйцүүлэн илэрхийлэх оролдлогыг зохиогч номондоо хийсэн боловч эдгээр нэр томьёог нэг мөр хэвшүүлэх асуудалд бүрэн хариулт өгөөгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Арбитрын эрх зүйн хөгжил, арбитрын ажиллагаанд нэвтэрч буй олон улсын чиг хандлагыг хөндөж бичсэн зохиогчийн санал дүгнэлт уншигчдын анхаарлыг татах нь гарцаагүй бөгөөд Монгол Улсын арбитрын эрх зүйг боловсронгуй болгоход чухал эх сурвалж болно.
Арбитрын эрх зүйн судалгаанд өөрийн орон зайг эзлэх бүтээлээ гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн ангийн төгсөгч, шавь, хууль зүйн доктор М.Мөнхнаранд эрдэм судалгааны амжилт хүсье.
Түмэнжаргалын Мэндсайхан,
Хууль Зүйн Ухааны Доктор (Ph.D),
МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Дэд Профессор
Шавь Ц.Амарсанаа маань "Захиргааны эрх зүй" хэмээх нийтийн эрх зүйн чухал бүрэлдэхүүн хэсэг, эрх зүйн тогтолцооны гол салбарын хичээлийг олон жилийн турш заасан туршлагадаа тулгуурлаж сурах бичгийн шинжтэй гэж хэлж болох Захиргааны эрх зүй (Ерөнхий анги) номыг туурвисанд багшийн хувьд олзуурхан уншлаа.
Эл номыг уншихад захиргааны эрх зүй Монгол Улсын үндэсний эрх зүйн тогтолцоонд чухал байр суурь эзэлдэг болох нь харагдана. Захиргааны эрх зүй, хууль зүйн олон шинжлэх ухаантай холбоотой бөгөөд ялангуяа төрийн ерөнхий онол, эрх зүйн ерөнхий онол, Үндсэн хуулийн эрх зүйн суурь үзэл баримтлал, зарчим дээр суурилдаг.
Монгол Улсын Захиргааны эрх зүй гэсэн салбар шинжлэх ухааны эцэг, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багш бичихдээ "Засгийн газраас УИХ-ын хяналт, Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хуулийн үндсэн дээр, түүний биелэлтийг захирамжлан зохион байгуулах замаар улс орны амьдралыг эрхэлж удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх эрх мэдэл гэж болно" гэж тодорхойлжээ. Гүйцэтгэх эрх мэдэл гэж төрийн эрх мэдлийн гурван салааны нэг, хуулийг биелүүлэх үйл ажиллагааг эрхлэн хэрэгжүүлэхийг хэлдэг. Энэ үйл ажиллагааны эрх зүйн гол үндэс, зарчим, дүрмийг захиргааны эрх зүйн хэм хэмжээнүүд агуулж байдаг. Нэрт эрдэмтэн Б.Чимид абугайг захиргааны эрх зүйн эцэг хэмээсний учир бол түүний туурвисан БНМАУ-ын Захиргааны эрх (Ерөнхий анги) УБ.1973 сурах бичиг бол манай улсын захиргааны эрх зүйн томоохон, даацтай бүтээл, анхны бие даасан, сурах бичиг байсан. Захиргааны эрх зүйд хэрэглэгддэг нэр томьёонуудыг оноож өгсөнд байгаа юм.
Сүүлийн жилүүдэд төрийн удирдлага, захиргааны эрх зүй, процессын чиглэлээр нэлээд гарын авлага, сурах бичиг гарч нийтийн хүртээл болсон нь сайшаалтай. Бас эрх зүйн энэ салбарын эрх зүйн орчинд ч шинэчлэл хийгдэж байгаа. Захиргааны байгууллага, төрийн албаны үйл ажиллагаа эцсийн дүндээ иргэддээ үйлчилж, хүний эрхийг ханган хамгаалахад чиглэгдэх учиртай. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны процессын хууль гарч үйлчилж байна. Түүнчлэн Төрийн удирдлага, Захиргааны шинжлэх ухаан, захиргааны эрх зүйн үндсэн ухагдахуунууд баяжин хөгжиж байна.
Зохиогч эдгээр асуудалд анхаарлаа төвлөрүүлж, эрх зүйн мэргэжлийн ангид сурч буй оюутан, суралцагчид, төрийн алба, захиргааны байгууллагад ажиллагсад болон иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа (харилцаа), захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт, төлөвлөлт, гомдол шийдвэрлэх журам, захиргааны шийдвэр гүйцэтгэл, захиргааны эрх зүйн хариуцлагын асуудлыг тус тус тайлбарлаж авч үзсэний зэрэгцээ захиргааны эрх зүйн тохиолдол шалгах аргачлал, бодлого, захиргааны эрх зүйн сорилго буюу тест (зөвлөмж)-ийг боловсруулж оруулсан нь өгөөжтэй зүйл юм.
Зохиогчийн талаар нэг зүйлийг цохон хэлэхэд Ц.Амарсанаа нь Шихихутуг их сургуульд оюутан байх үеэсээ эхлэн Монгол Улсад парламентын мэтгэлцээнийг хөгжүүлэхэд ихээхэн мэрийлт, зүтгэлтэй, манлайлан оролцож ирснийг тэмдэглэж байна.
Ц.Амарсанаагийн энэхүү ном эрх зүйн ангийн оюутан суралцагсдын ширээний ном болохыг ерөөл талбихын хамт цаашид улам чамбайруулж явахыг захья.
Монгол Улсын гавьяат хуульч, Sc.D, профессор Д.Лүндээжанцан 2024.10.10.
Journal of Pintosophy: "Роналд Дворкин бол Америкийн тэргүүлэх хуулийн философич юм. Хуулийн эзэнт гүрэн ном нь түүний дүн шинжилгээ хийх авьяас, арвин баялаг төсөөлөл, уран тансаг үзэл баримтлалыг нотлон сүр жавхланг нь бүрнээ илтгэх аж. Дуурайж давхцуулаагүй, хуудуу үг үл хэрэглэсэн жинхэнэ цэвэр бүтээл."
London Review of Books: "Олон түвшнийг хамарсан, баялаг... Дворкины эрх зүйн ерөнхий онолын анхны тулхтай, бүрэн хэмжээний судалгаа... Энэхүү бүтээл тун далайцтай агаад томоохон сэтгэгчдээс хүлээдэг тэр л хүлээлтэд тэнцэхүйц. Дворкин үзэл санааны хүчирхэг, иж бүрэн системийг бий болгосон бөгөөд тэдгээрийг уншигчдад тодорхой, ойлгомжтой, нэн урнаар тайлбарлажээ."
Washington Post Book World: "Сэтгэл сэргээсэн, өгөөжтэй... Хуулийн эзэнт гүрэн бол хуулийн эгзэгтэй асуудалд дүн шинжилгээ хийсэн Дворкины эрч хүчтэй, нямбай зураглал юм; хуучны ангилал, нөхцөл байдлыг тэвчээртэй эргэн харж, өнөөгийн шүүгчийн үүргийн талаарх мэтгэлцээнтэй илүүтэй танилцах болно."
Georgetown Law Journal: "Дворкины Хуулийн эзэнт гүрэн бол уншигчдын хүлээдэг эрс, тодорхой янзаар бичигдсэн хууль зүйн гүн ухааны баялаг бүтэцтэй, нэн чухал бүтээл юм. Энэхүү ном хууль гэж юу болохыг тайлбарласан үзэл баримтлал, бид хуулиа хэрхэн төсөөлөхийг хэлж өгөх улс төрийн онолын үндэслэл мөн."
Эрхэм уншигч, эрдэмтэн, судлаач та бүхний гарт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Дотоод хэргийн их сургуулийн Гэмт явдал судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D), дэд профессор Б.Энхболд, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа С.Гантулга нарын туурвисан “Эрүүгийн эрх зүй: Тусгай анги” сурах бичиг хүрч байна.
Өмнө нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тусгай ангийн чиглэлээр Г.Совд. “БНМАУ-ын эрүүгийн эрх зүй” (тусгай анги). УБ., 1965, Ж.Авхиа нар. “БНМАУ-ын эрүүгийн эрх зүй” (тусгай анги). УБ., 1979, С.Нарангэрэл. “Монгол Улсын эрүүгийн эрх зүй” (тусгай анги). УБ., 1999, С.Жанцан. “Монгол Улсын эрүүгийн эрх зүй” (тусгай анги). УБ., 2002, Н.Баатаржав нар. “Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тусгай анги”. УБ., 2010 сурах бичиг тус тус нийтийн хүртээл болж байсан.
Доктор (Ph.D), дэд профессор Б.Энхболд, С.Гантулга нарын энэхүү бүтээл нь Монгол Улсад эрүүгийн эрх зүйн тусгай ангийн чиглэлээр бичигдсэн 6 дахь, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтдийн 2 дахь сурах бичиг гэдгээрээ онцлог юм.
Энэхүү сурах бичиг нь 2015 оны Эрүүгийн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн бичигдсэн анхны сурах бичиг бөгөөд тухайн бүтээлийг Дотоод хэргийн их сургуулийн Гэмт явдал судлалын профессорын судалгааны баг, Редакцийн зөвлөлөөр хэлэлцэж, Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэгдсэн бодлогод нийцсэн, эрдэм шинжилгээний бүтээлд тавигддаг нийтлэг шаардлага, “Эрүүгийн эрх зүй: тусгай анги” хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангасан гэж үзэж, тус хичээлийн үндсэн сурах бичгээр ашиглахыг зөвшөөрсөн.
“Эрүүгийн эрх зүй: Тусгай анги” сурах бичиг нь зөвхөн Дотоод хэргийн их сургууль төдийгүй бусад хууль зүйн их, дээд сургуулийн профессор багш, суралцагч, практик байгууллагын ажилтан, магистрант, докторант, эрүүгийн эрх зүйг сонирхон судлаач хэн бүхний судалбал зохих ширээний ном, туслагч болно гэдэгт итгэлтэй байна.
Сурах бичгийн зохиогч шавь нарын оюуны мэлмий гэгээн тунгалаг, эрдмийн бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.
ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР Г.ГАНТӨМӨР
Иргэний процессын бодлого