Ярилцлага: Цэц шинэчлэгдэх үү?

1 week ago

Т.Алтангэрэл: Цэцийн реформ нь их өргөн хүрээтэй сэдэв учраас эхнээсээ нэлээн суурь асуудлаас эхэлье гэж бодож байна. Сүүлийн 30 жилийн практикийг харахад хүний эрхэд чиглэсэн, иргэдэд шууд хамааралтай, хүний үндсэн эрхэд хамааралтай асуудлыг Цэц шийдэж ирсэнгүй. Тэгэхээр Цэцийг бид нэлээн шүүмжилдэг. Дээр нь зөвхөн төрийн дээд байгууллагуудын маргааныг л шийдвэрлэдэг юм уу гэсэн шүүмж явдаг. Гэтэл энэ шинээр боловсруулсан байгаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүний өргөн барьсан Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслөөр Цэц өмнөх үйл ажиллагаанаасаа тэс өөрөөр буюу үйл ажиллагаа нь өргөжих тийшээ хандаж байна. Тэр нь юу вэ гэхээр иргэний үндсэн эрх зөрчигдөх юм бол Үндсэн хуулийн цэцэд хандах боломжийг нээж өгсөн хуультай болох боломж гарч ирж байна. Тийм учраас Үндсэн хуулийн Үндсэн эрхийн маргаан гэдэг нь яг юу юм бэ? Үндсэн эрх гэж Үндсэн хуульдаа байдаг. Гэхдээ үүнийг яг амьдрал дээр, саяны ярьснаар бодитойгоор маргаан болгож, үүний дагуу цэцийн шийдвэр гарч, эцэст нь хүний зөрчигдсөн эрх нь яаж сэргээгдэх юм бэ гэдэг дээр маш цогц өөрчлөлтүүд гарах нь гэж ойлгож байна. Энэ талаар эхлээд Үндсэн эрх гэж юу юм? Үндсэн эрхийн маргаан гэж юу юм? Иргэн хүнд ямар ач холбогдолтой юм? гэдэг талаар та эхлээд танилцуулна уу.

Ц.Сарантуяа:  За. Үндсэн хуулийн Цэц 1992 оны Үндсэн хуультай хамт мэндэлсэн. Энэ байгууллагын талаар Үндсэн хуулийн Тавдугаар бүлэгт анх удаа зохицуулалт орж ирсэн. Монгол Улсын Үндсэн хуулийг манах бүрэн эрхтэй байгууллага анх удаа бий болсон гэж хэлж болно. Бусад улсын Үндсэн хуулийн шүүхүүдтэй харьцуулахад Үндсэн хуулийн Цэцийн эрх хэмжээ харьцангуй явцуу байж ирсэн. Ийм байдлаар манайд 32 жил болж өнгөрлөө. Гэхдээ Үндсэн хуулийн цэц өөрийнхөө үйл ажиллагаагаараа Үндсэн эрхэд огт хамааралгүй байсан гэж хэлэх боломжгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх асуудлаар хүний эрх хөндөгдөж байсан бол тэр хууль нь Үндсэн хууль зөрчсөн байна уу, үгүй байна уу, тэр тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна уу, үгүй, байна уу, гэдгийг шийдвэрлэж байгаа, шийдвэрлэж ирснээрээ, Үндсэн хуулийн хамгаалалтыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлж байсан гэж хэлж болно. Ер нь бол Үндсэн хуульд төрийн бүх эрх мэдэлд захирагдах учиртай. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл аль аль нь Үндсэн хуулийн дор ажиллах ёстой. Үндсэн хуулийг дээдлэх ёстой. Тэр утгаараа эдгээр байгууллагууд бүгдээрээ Үндсэн эрхэд халдах магадлалтайд тооцогддог. Манайд болбол эдгээр дотроос тухайлбал гүйцэтгэх эрх мэдэлд хамаардаг нэлээн олон байгууллага Цэцийн хяналтад шууд ордоггүй, мөн шүүх эрх мэдлийн байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчвөл, түүний дотор Үндсэн хуулийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох Үндсэн эрхийг зөрчвөл хэрхэх вэ? Гэсэн асуудал хөндөгдөх боломжгүй байсан. Яагаад гэвэл энэ хяналт хэрэгждэггүй байсан учраас. За тэгээд Үндсэн цэцийн холбогдолтой хууль тогтоомжид сүүлийн 32 жил жижиг, жижиг нэмэлт өөрчлөлтүүд орсон байдаг. Зарчмын суурь ач холбогдолтой нэмэлт, өөрчлөлт яригдаж байгаагүй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг хөндөх шинжтэй харагдаж байсан болов ч чимээгүй үлдээд, үндсэндээ Цэцийн асуудал ингээд шинэ зохицуулалтгүй үлдэж байсан. Ингээд УИХ-ын гишүүн Мөнх-Оргил бүхий ажлын хэсэг байгуулагдаад, мөн дэд ажлын хэсэг байгуулагдаад энэ байдлыг 1992 оны Үндсэн хуулийн хүрээнд түүнийг зөрчихгүйгээр хэрхэн, яаж сайжруулах вэ гэдэг асуудлыг хөндөөд Үндсэн хуулийн цэцийн өмнө харьяалан шийдвэрлэж байсан маргаантай асуудал дээр нэмээд Үндсэн эрхийн маргаан гэж оруулж ирээд энэ бүхэлдээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэдэг маргаан болж томьёолохоор болж байгаа. Тэгэхээр хуучин харьяалан шийдвэрлэж байсан маргаантай асуудал, шинэ үндсэн эрхийн маргаан гээд бүхэлдээ Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан болох байдлаар томьёолж Цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар оруулж ирэх байдал харагдаж байгаа.

Т.Алтангэрэл: Үндсэн эрх гэж юуг хэлж байгаа вэ? Хуульд нэр томьёоны байдлаар орсон байна. Зарим нэг эрх нь жишээ нь тэнд ороогүй. Мөн адилтгах эрх гэж дурдсан байна. Тэгэхээр үүн дээр та тодруулж өгөхгүй юу?

Ц.Сарантуяа: Аливаа улсуудын Үндсэн хуульд заасан эрхүүдийг үндсэн эрх гэж хэлнэ. Манай Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх гэсэн гарчигтай байгаа. Энэ нь бол манай улсын нэгдэн орсон хүний эрхийн пактууд болон конвенцод тохирсон нэр томьёо гэж тухайн үед Үндсэн хууль тогтоогчид сонголт хийж хүний эрх гэж нэрлэсэн. Бодит байдал дээр энэ нь нэгэн зэрэг манай улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа хүний эдлэх үндсэн эрхийг хэлж байгаа юм. Үндсэндээ хүний үндсэн эрхийг 2 пактаар эдэлж байгаа юм л даа. Үндсэн хууль тогтоомждоо тэрийг шилжүүлэн өөрийн хууль тогтоомжийн нэгэн адил энэ эрхүүдийг эдэлж байгаа. Нэг нь бол хувийн ба улс төрийн эрх, нөгөө хэсэг нь бол Нийгэм, эдийн засаг, соёлын эрх гээд эрхүүд байгаа. 1992 оны Үндсэн хууль тогтоогчид Үндсэн хуульдаа эдгээр эрхүүдийг оруулсан. Оруулахдаа юуг анзаарсан бэ гэвэл өндөр хөгжилтэй зарим улсад хувийн ба улс төрийн эрхийг бүгдийг нь Үндсэн хуульдаа дурдсан байдаг юм байна. Харин нийгэм эдийн засгийн эрхүүд буюу 2 дахь үеийн үндсэн эрхүүд гэж байгаа  үед бол интернэт гэж байгаагүй. Бид бусад улсын эрдэмтэн, мэргэдтэй санал солилцох хялбар боломж бүрдээгүй байсан. Бусад улсын хуулийн тайлбар зэрэг ном бидэнд олдоц муутай байсан. Энэ үед бодож байгаад бүх үндсэн эрхийг Үндсэн хуульдаа оруулах нь ер нь зүйтэй юм байна. Яагаад гэвэл Монгол Улс тоталитар нийгмээс хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжиж байгаа тул зарим эрхийг нь Үндсэн хуульдаа заагаад заримыг нь “өндөр хөгжилтэй орнууд заадаггүй юм байна лээ” гээд Үндсэн хуульдаа заахгүй орхих нь ойлгомжгүй. Иргэдэд энэ талаар тайлбарлах үндэслэл байхгүй учраас бүгдийг нь оруулаад хүний эрхийн бүлгийн позитив маягаар буюу негатив биш, бүх эрхийг дурдах, тоочих байдлаар боловсруулсан нь зөв байна гэсэн шийдэлд хүрсэн. Тэгээд яагаад зарим улсад 2 дугаар үеийн үндсэн эрхийг дурдаагүй юм гэхээр, хожим цаг хугацааны дараа олж тогтооход нийгэм эдийн засгийн эрхүүд бол онцгой эрхүүд. Яагаад гэвэл хэрвээ эдгээр эрхийг бүгдийг нь үндсэн хуульд дурдчих юм бол төр эдгээр эрхүүдийг бүрэн хэмжээнд эдлүүлэх үүрэг хүлээх болно. Энэ эрхүүдийг зөрчигдсөн тохиолдол сэргээн эдлүүлэх үүрэг хүлээх болно. Энэ тохиолдолд аливаа төр иргэддээ худал хэлэхгүйн тулд, хоосон найдлага төрүүлэхгүйн тулд, ямар байдлаар хандах ёстой вэ гэхээр хууль тогтоогчдод үүрэг өгөөд, хууль тогтоогчид нийгэм эдийн засгийн өсөлтийг харгалзаад, нийгэм эдийн засгийн эрхийг аль болох бүрэн дүүрэн, тухайн үеийнхээ хөгжлийн нөхцөлд тохируулж эдлүүлэх алхмуудыг хийвэл төр шударга юм байна. Төр аль болох боломжоо дайчилж байгаа юм байна гэсэн байр суурь байдаг гэдгийг харгалзаж үзээд Үндсэн хуульдаа тусгадаггүй юм байна. Харин манай Монгол Улсад бол бүгдийг нь өмнө дурдсан шалтгаанаар дурдсан байгаа. Хэрэв Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн зөрчигдсөн эрхийг хянадаг болбол магадгүй зарим тохиолдолд сэргээн эдлүүлэх шаардлага гарвал, энэ нь улсын төсөвт зүгээр нэг ачаалал үүсгээд барахгүй, үүнийг хэрэгжүүлэх, эдгээр эрхийг нийт иргэдэд эдлүүлэх боломж нь гарахгүй болов уу гэдэг үүднээс Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заахдаа “үндсэн эрх гэдэгт дараах эрх орно” гээд жишээлбэл, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан үед хангамж эдлэх эрх, би багцлаад хэлчихлээ шүү. Энэ гурван эрхийг Үндсэн хуульдаа сэргээн эдлүүлэх, бүрэн хэмжээнд сэргээн эдлүүлэх эрх байвал, боломжгүй нөхцөл байдалд хүрж магадгүй гэдэг үүднээс хасаж байна гэж би ойлгосон. Жишээлбэл, бид жилийн 4 улиралд хүрээлэн байгаа орчин бохирдолтой байна гэж ярьдаг. Энэ нь ялангуяа хүйтэн өвлийн цагт илүү их яригддаг. Хүрээлэн байгаа орчин, агаарын бохирдолтой байдлаас үүдээд эрүүл мэндээр хохироогүй хүн гэж үлдээгүй өнөөгийн нөхцөлд энэ эрхийг сэргээн эдлүүлэхээр хийх юм бол магадгүй хүн болгоны эрхийг сэргээн эдлүүлэх тухай яригдах болоод бодит байдал дээр хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд хүрээд төр хэлсэн амлалтаа биелүүлэхгүй байх нөхцөлд хүрэх магадлалтай учраас өндөр хөгжилтэй улсад байдаг шиг эдгээр эрхийг эдлүүлэхдээ хууль тогтоогчид үүрэг өгөөд хууль тогтоогч Үндсэн хуульд заасан энэ хэмжээнд эдлүүлэхэд чиглэсэн нөхцөл байдлыг баталгаатай бүрдүүлэх хууль тогтоомжийг батлан гаргана, энийг тогтоогчийн үүрэг гэж үзнэ гэсэн философи, логикоор авч үзэх нь зүйтэй юм байна гэж үзээд Үндсэн эрх гэдэгт эдгээр үндсэн эрх орноо гэж цохон тэмдэглэсэн хэрнээ саяны миний хэлсэн нийгэм эдийн засгийн эрхийг үлдээж байгаа юм. Үндсэндээ төр иргэддээ шударга хандах, өөрийн халаасныхаа хэмжээгээр шударга хандах тэр боломжийг үлдээх үүднээс ингэж авч үзэж байгаа юм. Харин Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт буюу 12 дугаар зүйлд заасан эрхүүдээс гадна иргэн хүнд эрх олгосон олон өөр заалт байж болно гэж үзээд тэр чухамхүү 16 дугаар зүйлд ороогүй тохиолдолд тэдгээрийг үндсэн эрхтэй адилтгаж үзэх эрх гэж авч үзээд тэдгээр эрх зөрчигдсөн эсэх асуудлыг бас Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх боломжтой гэдгийг илэрхийлж үндсэн эрхтэй адилтгаж болох гэдгийг үндсэндээ шинээр гаргаж ирж байгаа. Энэ ойлголт өөрөө манай үндсэн хуулийн эрх зүйд шинэ боловч, үндсэн хуулийн эрх зүй гэдэг шинжлэх ухаанд олон зуун жил байж ирсэн. Ийм ойлголт байдаг. Үндсэн хууль анх бий болсон, хүний эрх анх яригдсан үеэс эхэлж бий болсон ойлголт байдаг. Энэ ойлголтыг манай Үндсэн хуулийн цэц бас бодит эргэлтэд оруулж сэргээн эдлүүлэх үүднээс ийм ангилал гарч ирж байгаа.

Т.Алтангэрэл: Тэгэхээр хүний хувийн болон улс төрийн эрх зөрчигдсөн нөхцөлд иргэн хүн Цэцэд хандах боломжтой болох гэж байна. Энэ нөхцөлд төрийн гурван эрх мэдлийн аливаа шийдвэр үндсэн эрхийг зөрчих юм бол цэцэд хандах боломж нээгдэх нь байна. Энэ яг ямар нөхцөлд яаж зөрчигдөх вэ? Та үүнийг жишээн дээр тайлбарлаж хэлэх үү?

Ц.Сарантуяа: За. Энийг жишээн дээр тайлбарлахын өмнө би саяны энэ нийгэм эдийн асгийн эрхүүдийг зөрчигдсөн тохиолдолд хандах эрх байхгүй гэж манай иргэд битгий буруу ойлгоосой, хандах эрх нь бол байгаа. Харин сэргээн эдлүүлэх асуудал дээр үндсэндээ тухайн үеийнхээ эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад янз янзын зохицуулалт байх байхаа гэж ойлгоосой гэж хүсэж байна. Тэгэхээр ерөөсөө аль ч асуудлаар Үндсэн хуулийн цэцэд, ялангуяа үндсэн эрхийн асуудлаар хандах боломжтой. Харин сэргээн эдлүүлэх асуудал дээр ялгамжтай хандах байхаа гэж ойлгоосой гэж бодож байна. Саяны надад хандаж асуусан асуулттай холбоотойгоор энгийн жишээ дурдахад, би гэр бүлийн эрх зүйн тал дээр нэг жишээ дурдъя гэж бодож байна. Гэр бүлийн эрх зүй хавсраад татварын эрх зүйн чиглэл дээр. Яг манайд бол одоохондоо үндсэн эрхийн маргааныг шийдвэрлээгүй учраас би манайхтай холбоотой жишээ дурдахаас илүү, зүгээр сонгодог маягийн байж болохуйц жишээ дурдъя гэж бодож байна. Жишээлбэл, иргэд гэрлэлтээ бүртгүүлдэг. Зарим тохиолдолд манайд биш ч гэсэн дэлхийн олон улсад хамтран амьдрагчаар албан ёсоор бүртгүүлээд амьдардаг. Жишээлбэл эдгээр хүмүүс өөр хоорондоо бэлэглэлийн гэрээ байгуулбал, эсвэл өв залгамжилбал төлөх татвар нь янз янзын хэмжээтэй байлаа гээд аваад үзье. Жишээ нь эхнэр, нөхөр 2 бие биетэйгээ бэлэглэлийн гэрээ байгуулбал нийт гэрээний үнийн дүнд ногдох татвар тодорхой нэг хувь хэмжээтэй байлаа гээд аваад үзэхэд албан ёсоор хамтран амьдрагчаар бүртгүүлсэн хүмүүсийн хувьд энэ хувь хэмжээ нь илүү өндөр байсан гээд аваад үзэхэд хамтран амьдрагч 2 өөрийнхөө эрхийг хамгаалуулахын тулд татварыг аль болох бага төлөхийн тулд шүүхийн бүхий л шат дамжлагыг дамжсан гээд аваад үзье. Жишээлбэл, захиргааны хэргийн шүүхийн бүхий л шат дамжлагыг дамжаад шүүх татварын тухай хууль тогтоомжийг л хэрэглэж байгаа. Дээд шүүх татварын тухай хууль тогтоомжийг хэрэглээд, эцсийн шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн шүүхэд, тухайлбал Үндсэн хуулийн цэцэд энэ татварын тухай хууль тогтоомжийг дээд шүүх нь зөв хэрэглэж үү? Үгүй юу гэдэг асуудал яригдахгүй. Татварын тухай хуулийн хэрэгдээ дээд шүүхээр дуусгавар болсон. Одоо харин хэрэв заргаа авч чадаагүй иргэд буюу тэр хамтран амьдрагчид тэгш эрхийн зарчим зөрчигдлөө. Яагаад адилхан хэлбэртэй амьдралаа зохион байгуулж байхад гэр бүлээ албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс илүү бага татвар төлдөг юм бэ? Яагаад би татварын хувь хэмжээг өөрөөр төлөх нөхцөл бүрдсэн гэж татварын тухай хуульд оруулаад өндөр хэмжээний татвар авч байгаа юм бэ? гэдэг асуудлыг тавиад Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим хөндөж үү, үгүй юу? Жишээлбэл манай Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан тэгш эрхийн зарчим хөндөгдөж үү, үгүй юу? Гэдгийг хянуулахаар Үндсэн хуулийн шүүхэд хандлаа гэж бодоход, ирээдүйд үндсэн хуулийн цэцэд хандлаа гэж бодоход Үндсэн хуулийн цэц ирээдүйд жишээлбэл ийм хэрэг маргааныг хяналаа гэж үзэхэд нэгдүгээрт хууль тогтоогчид татварын хууль тогтоомжийг Үндсэн хуулийн тэгш эрхэд нийцүүлэн боловсронгуй болгох талаар хугацаатай үүрэг өгөх боломжтой. Энэ бол хууль тогтоогчид өгч байгаа үүрэг. Улсын дээд шүүхэд хандаад энэ татварын хувь хэмжээг зохицуулсан шүүхийн шийдвэрээ Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим нийцүүлж өөрчлөхийг хүсэх боломжтой. Тэгэхээр Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр 2 тийшээ хаяглагдаж байна. Нэгдүгээрт, буруутай гэх хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх, энэ хууль тогтоомж нийцэнгүүт дээд шүүх нь өөрийнхөө шийдвэрийг тэгш эрхийн зарчимд нийцүүлэх гэсэн. Тэгэхээр ерөнхий нэг жишээн дээр аваад яривал саяны дүр төрх харагдаж байгаа. Энэ тодорхой хэмжээнд иргэдэд ойлголт төрүүлэх болов уу гэж найдаж саяны жишээг дурдаж байна. Өөр жишээ байж болно л доо гэхдээ саяны жишээ хамгийн түрүүнд толгойд орж ирлээ.

Т.Алтангэрэл: Би Германы системийг нэлээн судалж байсан хүний хувьд Германы Үндсэн хуулийн шүүхээс гаргасан шийдвэрүүдийг ганц нэг харж байсан. Тэнд бол нэг Мефисто гээд алдартай хэрэг байдаг. Бараг домог болсон хэрэг. Эндээс бол яг бодитоор яаж иргэний эрхийг Үндсэн хуулийн шүүх хамгаалдаг болохыг тод харуулсан байдаг. Тэнд бол нэг талаасаа хувь хүн буюу бодитой түүхэн хүний хувийн амьдралынх нь түүхээр уран бүтээлчид кино хийгээд олон нийтэд цацаад явсан. Гэтэл тухайн хувь хүн өөрөө шүүхэд хандсан. Энэ бол миний хувийн амьдралыг хэтэрхий их харуулж байна, хувь хүний хувьд миний хадашгүй байх эрхийг минь зөрчиж байна гээд ердийн шүүхээр киног тоглуулахгүй байх талаас нь яваад шүүх тэрийг нь хангахгүй явж байсан. Хамгийн сүүлд буюу дээд шүүх хүртлээ явсны дараа Үндсэн хуулийн шүүхэд хандаад халдашгүй байдлыг хангах буюу миний эрхийг сэргээж өгөөч гэсэн. Нөгөө талаас киног бүтээсэн уран бүтээлчид энэ нь миний үзэл бодлоо илэрхийлэх, уран бүтээл хийх эрх чөлөө мөн, ямар нэг цензур байх ёсгүй гэж маргаад явсан. Эцэст нь Үндсэн хуулийн шүүх юу гэж үзсэн бэ гэхээр энэ бол нэг талаасаа хувь хүний халдашгүй байдлын эрх учраас хангах ёстой, нөгөө талаасаа бас үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах ёстой. Гэхдээ энийг аль болох багаар хүний эрхийг зөрчих байдлаар шийдэх ёстой юм байна. Уран бүтээл дотор хэтэрхий их хувь хүний халдашгүй байдлыг зөрчсөн байдлаар буюу тэр хувь хүнийг танигдахуйц байдлаар уран бүтээлдээ оруулсан байвал энэ халдашгүй байдлын зөрчил мөн. Тийм бол үүнийг засах ёстой гэдэг байдлаар шүүх нь шийдсэн. Үүнийг харвал маргаан бүр дээр их нарийн, чамбай ажил болдог юм байна. Үүнийг олон нийтийн сүлжээгээр харж байлаа. Жишээ нь эрүүгийн хэрэг шүүхнд хянан шийдвэрлэх явцад тодорхой нэг хүний эрх зөрчигдлөө гэж бодъё. Тэр хүн үндсэн эрхээ зөрчигдлөө гэж үзэж байвал маргаан нь эцэслэгдэн шийдэгдээгүй байж байдаг. Тийм учраас тэр хүн процесс дуустал хүлээх нь байна. Дээд шүүх тухайн эрүүгийн хэргийнх нь хувьд гэм буруутай эсэхийг нь шийдчихлээ гэж бодъё. Тэрний дараа тухайн хүн Цэцэд хандах эрх нь нээлттэй болох нь. Тэр нөхцөлд Үндсэн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд хандвал, цаг хугацааны хувьд аль хэдий нь эрх нь зөрчигдөөд өнгөрсөн байна. Тэр үед тухайн хүнд өөрт нь ямар нэмэр байх вэ? 

Ц.Сарантуяа: Нэгдүгээрт, хэрэв нөхцөл байдал тэр хүний талд байгаад, тэр сэтгүүлчийн эрх сэргээгдэх боломжтой бол нэр төрөө сэргээлгэх. Энэ талаар олон нийтэд мэдээлэх, зарлах. Энийгээ нийт хүний хүртээл болгох эерэг үр дагавар байж болно. Нөгөөтээгүүр, энэ нөхцөл байдлаас дараа дараачийн сэтгүүлчийн эрх зөрчигдөхгүй байх нөхцөл бүрдээд байгаа юм л даа. Үүгээрээ Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн үр дагавар их ялгаатай байдаг. Нийт бусад тохиолдолд адилтган үйлчилдгээрээ гэсэн үг. Дээрээс нь магадгүй эрүүгийн процессын хуульд асуудал байна гэж үзвэл эрүүгийн процессын хуулийг хянаснаар, өөрөөр хэлбэл дараагийн хүмүүсийн эрх зөрчигдөхгүй болно гэсэн үг. Гэхдээ бид нар энэ жишээг их ерөнхий авч ярьж байгаа болохоор, нэгдүгээрт тухайн хэргийг мэдэхгүй бас танилцаагүй болохоор их тодорхой бус, ийм хариулт өгөх боломжтой байна. Өөрийнх нь эрх сэргээгдэх, энэ тухай олон нийтэд мэдээлэх, удаа дараа энэ зөрчил гарч ирэхгүй байх нөхцөлд бий болж, бусдын эрх ашгийг хамгаалах, бусдад буян болох гэсэн үүднээс авч үзэж болох юм. Үр дагаврын тухай ярих юм бол.

Т.Алтангэрэл: Өнөөгийн Үндсэн хуулийн хүрээнд, түүнийг зөрчихгүйгээр Цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуулийг өргөн барьсан гэж та хэллээ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр энэ 2 хуулийг өргөн барьсан. Ингэснээрээ ямар бэрхшээл үүсэж болох вэ? Үүнд тодорхой шалтгаанууд байгаа байх. Энэ талаар та бас саналаа хэлэх үү?

Ц.Сарантуяа: Уг нь аливаа асуудлыг үндсэн сууринаас нь эхлээд зохицуулбал илүү сайн байдаг. Үндэс сууринаас гэдэг нь хууль дотор ямар нэг зөрчил оруулахгүй гэдэг талаас нь ярьж байна. Тухайлбал, манай Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх асуудлыг Үндсэн хуульд зохицуулахдаа тоочих зарчим барьсан байдаг. Эдгээр байгууллагын шийдвэрийг хянан тоочих буюу тухайлбал, УИХ-ын шийдвэрийг хянана, Засгийн газрын шийдвэрийг хянана гэж тоочих зарчмыг бичсэн байдаг. Энэ тоочсон жагсаалтад ороогүй байгууллагын шийдвэр хянагдахгүй үлдэх юм шиг тийм төсөөлөл автоматаар буудаг. Үүнд тоочих зарчмын сөрөг тал байгаа юм. Шүүхийн эрх хэмжээг уг нь ерөнхийлөн томъёолох зарчмаар хуульчилбал ийм сөрөг үр дагавар гарахгүй. Жишээлбэл захиргааны гадагш чиглэсэн бүх шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянана гэдэг шиг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн Үндсэн хууль зөрчсөн бүхий л шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх хянана гэх байдлаар оруулбал энд тоочилт байхгүй болоод Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай бүхий л шийдвэр автоматаар орж ирэх нөхцөл бүрддэг. Манай Үндсэн хуульд нэгэнт ийм тоочих зарчим байгаа учраас үндсэн эрхийн маргааныг оруулж ирэхдээ дээрээс нь нэмэх шаардлага гарсан. Тэгээд энэ харьяалан шийдвэрлэх асуудлыг оруулж ирэхдээ агуулгаар нь томъёолж байгаа. Тухайлбал, Улсын дээд шүүхийн гэж байгууллагаар нь биш агуулгаар нь оруулж ирж байгаа юм. Агуулгаар нь орж ирж байгаа байдлыг юугаар зөвтгөж болох вэ гэвэл, ер нь л шүүх хүний эрхийн маргааныг шийдвэрлэдэг. Харин эдгээр маргаан нь Үндсэн хуулийн түвшинд хүрээд ирэхээр үндсэн эрхийн маргаан болно. Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн маргаан шийдвэрлэхээр болж байна гэхэд болбол зарчмын хувьд алдаа байхгүй. Зүгээр агуулгаар нь эрх хэмжээ нэмэгдээд ороод ирж байгаа юм гэсэн үг. Тэгэхээр заавал Улсын дээд шүүхийн шийдвэрийг хянана гээд ороод ирсэнгүй гэж шүүмжлэх нөхцөл бүрдэхгүй. Нөгөөтээгүүр, Улсын дээд шүүхийн шийдвэрийг хянана гэх бол бас 2 талтай. Үндсэн хуулийн цэц ердийн хууль хэрэглээд гаргасан шийдвэр нь Үндсэн хууль зөрчиж байна уу үгүй юу гэдгийг хянахгүй шүү дээ. Түрүүчийн татварын тухай хууль тогтоомжийн жишээн дээр ярихад татварын тухай хуулиа маш зөв хэрэглээд дуусгасан байж болно. Тэр ерөнхий харьяаллын байна уу, эсвэл захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээний асуудал шүү дээ. Энэ рүү нь орохгүй шал өөр асуудал хөндөгдөж байна. Энэ нь тэр гэрлэгсэд болон хамтран амьдрагсад бүргүүлсэн иргэдийн хувьд тэгш бус байдал үүсэх үндэслэл мөн үү. Өөрөөр хэлбэл шалгаж байгаа өнцөг нь өөр. Тийм учраас Улсын дээд шүүхийн шийдвэрийг хянана гэвэл хүнд буруу ойлгогдож магадгүй.

Т.Алтангэрэл: Тэрийг хуульчид шүүмжлээд бичиж байсан. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна гээд Үндсэн хуульдаа заасан байхад дахиад яагаад Цэцэд очих болчихов гэдэг дээр маш олон хуульчид бичиж байна. Тэгэхээр энэ бол тухайн ердийн маргааны хувьд дээд шүүх хянаад эцэслээд шийдвэрлэчихлээ. Харин үндсэн эрхийн маргааны хувьд энэ бол тусдаа асуудал. Үүн дээр Цэц эцсийн шийдвэр гаргах бололцоотой гэж та тайлбарлаж байна тийм үү?

Ц.Сарантуяа: Өөрөөр хэлбэл, явсаар байгаад татварын хуулийн асуудлаас болж, татварын хуульд байгаа заалтаас бол иргэдийн тэгш эрх зөрчигдсөн байна уу үгүй юу? Тэр хуулийг хэрэглэдэг шүүх нь яг энэ адилхан гарсан байна уу? Үгүй юу гэдгийг л хянаж байна гэсэн үг. Ерөөсөө үндсэн эрхийг хэрэгжиж байгаа эсэхийг л хянана гэсэн үг. Түрүүчийн жишээ дээр хэлэхийг оролдлоо.

Т.Алтангэрэл: Энд бол одоо зөрчил байхгүй гэж та хэлж байна уу?

Ц.Сарантуяа: Миний бодлоор зөрчил байхгүй болоод хүн төрөлхтөн энийг нэвтрүүлсэн байдаг байх. Яагаад гэвэл энэ хяналтыг манай улсад анх удаа нэвтрүүлж байгаа нь бид анхдагч биш. Бид зүгээр байгаа хууль тогтоомжоо илүү төгс болгож иргэн хүний эрхийг Үндсэн хуулийн хэмжээнд хянадаг байх тэр нөхцөлийг бүрдүүлэх гэж л урагшаа тэмүүлж байгаа хэрэг. Гэхдээ бид ингэж тэмүүлэхдээ аль болох процессын хуулийн шалтгаанаар алдаа гаргаж болохгүй. Бүрэн дүүрэн бодож хийсэн байх ёстой. Тэгж байж алдаа гарахгүй болно. Эс тэгвээс энэ зөв зүйтэй, дэвшилтэт санаа маань, процессын хууль маань, өөр хоорондоо уялдаа холбоотой биш болсноос үүдээд алдаатай юм шиг харагдвал бидний л буруу болох байхгүй юу. Тэгэхээр энэ бүгдэд бас анхаарах шаардлагатай байдаг. Мэдээж энийг хууль санаачлагч нар анхаарч байгаа байх гэж бодож байна. 

Т.Алтангэрэл: Тэгэхээр таны хувьд бас эрдэмтний хувьд анхаарвал зохих зүйл байгаа гэж бодож байна. Анхаарвал зохих зүйлээс ганц, нэг жишээ дурдна уу?

Ц.Сарантуяа: Манайд үндсэн эрхийн хяналтыг оруулж ирснээр, хяналтын тодорхой нэг хэлбэр нэмэгдэж орж ирж байгаа юм. Өмнө байсан хяналт гэвэл жишээ нь Үндсэн хуулийн цэцэд хандахад хэрэглэх хууль Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг хянуулах нэг ийм тодорхой хяналт гэж байсан. Гэхдээ энэ яг классик утгаараа хэрэгждэггүй. Хэрэгжиж байгаагүй ийм хяналт байсан. Абстракт хяналт гэж байдаг. Абстракт хяналт жишээлбэл, УИХ Үндсэн хуулийн цэцэд хандах эрхтэй байгаа. Мөн Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандах эрхтэй байгаа юм. Бусад улсад бол засгийн газар хандана гэж ярьдаг. Манай улсад бол одоо энэ 32 жил Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагүй. Яагаад гэвэл өөрөө гаргасан шийдвэрээ олонхоороо өөрчлөх, олонхоороо хүчингүй болгох боломжтой учраас өөр байгууллагад өгч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулах шаардлага гарахгүй. Хэрэв УИХ-ын тодорхой тооны гишүүн ханддаг байсан бол энэ абстракт гэж түрүүний миний нэрлээд байгаа зүйл манай улсад илүү их хэрэгжих боломжтой байлаа. Жишээлбэл олонхын гаргаж байгаа хуультай санал нэгдэхгүй байгаа, буруу гэж үзэж байгаа, хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа, ийм хуулийн талаар тодорхой тооны гишүүн нам үл харгалзан Үндсэн хуулийн цэцэд хандах эрхтэй байсан сан бол энэ хяналт маш олон удаа үр дүнтэй хэрэгжээд манай Монголд үр дүнгээ өгөх байлаа гэж боддог. Ийм юмнууд руу анхаарвал бас зүгээр байж мэднэ. Мөн нөгөөтээгүүр нэг жижиг зүйл ярихад 90-ээд оны эцсээр энэ асуудлаар иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаад УИХ Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана гэдэг заалт хэзээ ч хэрэгжихгүй заалт учраас Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг тогтоож өгөөч гэсэн мэдээлэл гаргаж байсан. Үндсэн хуулийн цэц тухайн үед УИХ зөвхөн өөрийнхөө хуулиар биш Цэцийн харьяаллын бусад асуудлаар хандах боломжтой шүү дээ гэж үзээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үлдээж байсан. Тэгэхээр өөрт хамааралгүй асуудлаар ханддаггүй гэдгийг энэ 32 жилийн туршлагаар харагдаад, УИХ өөр асуудлаар хандаагүй л байгаа. Гэх мэтчилэн жоохон боловсронгуй болгох асуудлууд байна. Цаашилбал, өөр нэг жижигхэн жишээ дурдахад хуулийн төслийн шинэчилсэн найруулгад УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийн талаар цэцэд хандана гэж байгаа. УИХ өөрөө Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох боломжтой. УИХ болон Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн шийдвэрийг Цэцэд хандаж хянуулна гэж байгаа. УИХ өөрөө Ерөнхийлөгчийн шийдвэрийг хянаад хүчингүй болгох эрхтэй. Нэгэнт өөрөө хүчингүй болгох эрхтэй байгаа тохиолдолд өөрөө энэ эрхээ хэрэгжүүлэх нь илүү эффективный буюу үр дүнтэй. Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар нээх их хандахгүй байх магадлалтай. Гэхдээ энэ хяналт хэрэгжих явдал эргэлзээтэй болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр би бол энэ мэтчилэн хэд хэдэн зүйлийг хэлж байгаагаараа хуулийн төслийн эерэг ач холбогдолтой зүйлийг бол үгүйсгэх гээгүй. Харин энэ хуулийн төсөл батлагдах юм бол ямар нэг хийдэлгүй, үхмэл заалтгүй, бодитой, иргэнд хэрэгтэй байгаасай гэж бодох үүднээс хэлж байгаа юм. Түүнээс бус бусдын бодож олсон, хийсэн шийдлийг цэвэр шүүмжлээд хөндлөнгөөс нь хараад сууж байгаа байр суурь бариагүй гэдгээ бас хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. 

Т.Алтангэрэл: Тэгэхээр одоо энэ хуулийн төслийг харах юм бол Улсын дээд шүүхийн шийдвэрийг жишээ нь Цэц Үндсэн хуулийн эрх зүй талаасаа хянах нь байна. Тэгэхээр Цэц цаашдаа зүгээр нэг хязгаарлагдмал, явцуу хүрээний үйл ажиллагаа биш, маш өргөн хүрээний үйл ажиллагаа явах зүйл харагдаад байна. Үүнээс харвал Цэц шүүхийн байгууллага юм уу? Эсвэл биш юм уу? Энэ дээр бас судлаач нар нэлээн маргаан өрнүүлдэг. Та энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Ц.Сарантуяа: Үндсэн хуулийн эрх зүйн маргаанаар аливаа Үндсэн хуулийн шүүх эцсийн шийдвэр гаргадаг. Эрх бүхий этгээдүүд хандсанаар хэрэг үүсгэдэг. Хуулиа тайлбарлаж шийдвэр гаргадаг. Эдгээр шинжүүдийг аваад үзэх юм бол Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүхийн бүх шинжийг агуулж байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц шүүхийн журмаар ажиллаж байгаа байгууллага. Иргэд юу гэж ойлгодог вэ гэхээр Цэц дүгнэлт гаргаад, тэр дүгнэлт эхлээд УИХ-д очдог тэгээд УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол буцаад Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар шийдвэрлэдэг тул энэ бол шүүх биш юм. Энэ бол Үндсэн хуулийн зөвлөл лугаа адил байгууллага юм гэж дуугарах зүйл байхыг би нэг удаа сонсож байсан. Тэгэхээр 1992 онд Цэцийн тухай зохицуулалтыг Үндсэн хуульд оруулахдаа юу гэж үзсэн гэхээр Монгол Улс тоталитар нийгмээс ардчилсан нийгэмд шилжиж байгаа энэ мөчид их цөөн субъекттэй байгууллага, өөрөөр хэлбэл УИХ шиг ард түмнийг төлөөлсөн биш байгууллага эцсийн шийдвэр гаргадаг байхыг болгоомжлоод нэг удаа УИХ-д нь илгээгээд та бүхний гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарч байна гэдгийг илгээгээд энэ бол илүү ардчилсан байх юмаа гэж тухайн үед бодож байсан. Тухайн үед Үндсэн хуулийн цэц шүүх байна гэдэг дээр харин ч нэгдмэл санаатай байсан. Энийг АИХ-ын нэгдсэн протоколоос харахад мэдэгдэх болов уу гэж би бодож байна. Зүгээр тоталитар нийгмээс шилжихдээ ард түмний төлөөллийн байгууллагаас гаргаж байгаа шийдвэрийг 9 хүнтэй байгууллага шууд хүчингүй болгохгүйгээр нэг удаа өөрт нь мэдэгдээд, яагаад ийм шийдвэр гаргах болсон үндэслэлийг сонсоод, нэг удаа энэ шийдвэрээ засах боломжийг өөрт нь олгох нь бас мэргэн санаа байж мэдэх юм гэсэн байдлаар хандаж ийм зохицуулалт орсон байхгүй юу. Түүнээс бус ер нь шүүх хариуцагчаасаа гаргах гэж байгаа шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна уу? Үгүй юу? Гэж асуух явдал бол зүй тогтолд төдийлөн нийцэхгүй. Бид Үндсэн хуулийн цэцийг бий болгохдоо нийгмийн шилжилт хэрэгжих үед, нийгмийн шилжилт явагдах үед энэ эрх хэмжээг тогтоосон юм болохоор, үйл ажиллагааг нь хуульчилсан учраас тийм болгоомжлол байгаад Үндсэн хуулийн төслийг боловсруулсан юм болохоор дундуур нь дүгнэлт гаргаад оруулах ийм алхам нэмээд хийсэн. Тэгээд энэнээс үүдээд Үндсэн хуулийн шүүх мөн, биш гэж өөр өөрөөр бодох үндэслэл болох ёсгүй. Яагаад гэвэл шүүх гэдэг тодорхой шинжүүдийг агуулдаг байгууллага. Эдгээр шинжүүд байвал шүүх гэж хэлнэ. Тэр утгаараа шүүхийн журмаар ажилладаг. Ажиллаж ч ирсэн. Энэ хооронд буруу зөрүү ойлголцоод түүхэн хөгжлийн явцад магадгүй эрх зүйч биш хуульч биш хүмүүс томилогдоод, тэр хүмүүс томилогдъё гэж гуйсан биш, төр нь ингэж ойлгоод томилж байсан тохиолдол байгаа.

Т.Алтангэрэл: Энэ хуулийн төслөөр хяналтын шатны шүүгч Цэцэд гишүүнээр нэр дэвших бололцоотой байгаа. Энэ бас шинэлэг зохицуулалт гэж харж байна. Нэгдүгээрт Үндсэн хуулийн цэц бол шүүхийн байгууллага. Тэгэхээр дээд шүүхийн шүүгч нар нэр дэвших бололцоотой. Энэ асуудал нь бас өөрөө Цэцэд нэлээн өөрчлөлтийг бас авчрах байх. Яагаад гэвэл шүүгч нар яг энэ хэрэг маргааныг дагнан шийдвэрлэдэг туршлагатай хүмүүс байдаг. Нөгөө талаас дээд шүүхийн шүүгч нар Цэцэд очих нь бас зөрчил үүсгэж байна уу? үгүй юу? Цэцийн гишүүн дээд шүүхийн шүүгч хавсран гүйцэтгэж болохгүй гээд заасан байгаа. Тэгэхээр энэ дээр бас хүмүүс нэлээн шүүмжлэлтэй хэлээд байна. Энэ тал дээр та тайлбар хэлэх үү?

Ц.Сарантуяа: Эхлээд би хувийн бодлоосоо эхэлж болох уу? Одоо 30-аад жил бодож байгаа бодол юу вэ гэхээр шүүх байгууллагад эрх зүйч, ер нь сайн ярих юм бол хуульч, бүр сайн ярих юм бол шүүгч байх болзол хангасан хүн нэр дэвшээд томилогдвол хууль хэрэглээний чанарт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт илүү эерэг нөлөөтэй гэж бодож байгаа юм. Тэр утгаараа энэ байр суурийг маш олон жил зүгээр мэргэжил нэгт хүмүүсийнхээ түвшинд, оюутанд хичээл орох түвшинд илэрхийлж ирсэн. Энэ нь Үндсэн хуулийн шүүхийн шүүх болох шинж чанарт илүү эергээр нөлөөлж, хууль хэрэглэх байдал илүү чадваржиж, шүүх байгууллагын голдрилоор ажиллах нөхцөл илүү бүрдэх юм. Хамгийн өндөр түвшний шүүх байгууллага байх уур амьсгал, мэргэжлийн ур чадвар бүрдэхэд ер нь хяналтын шатны шүүхийн шүүгч Үндсэн хуулийн шүүхэд томилогддог байх нь зүйтэй гээд тодорхой тоо заасан улсууд байдаг. Би өөрөө Германы хуулийг тодорхой хэмжээнд судлах шаардлага гарч байсан. Үндсэн хуулийн шүүхийн 18 шүүгчид 2 сенатад хуваагдаад тус бүр 3 буюу нийт 6 шүүгч хяналтын шүүгч байна гэж Германд заасан байдаг. Манай хувьд юуг эргэцүүлж бодох ёстой юм гэвэл Германд бол жишээ нь 5 төрлийн шүүхийн систем байдаг. Ердийн, захиргааны хэргийн, нийгмийн, санхүүгийн, хөдөлмөрийн гэсэн таван классик төрлийн шүүхүүд байна. Ердийн шүүхэд гэхэд, хэрэв би зөв санаж байгаа бол ерөнхий шүүгчтэйгээ нийлээд 154 ажилчин л даа. Бусад шүүхэд бол, би зөв санаж байгаа бол 42-67 шүүгч. Харин Айрфортод байгаа хөдөлмөрийн шүүхэд бол ажил олгогч холбооноос нэгдэж томилсон, мөн ажил эрхлэгч нараас нэгдэж томилсон тус бүр 110 буюу нийлээд 220 шүүгч болох нь байна. Ийм олон шүүгч байгаа тохиолдолд Холбооны Үндсэн хуулийн шүүхэд 6 шүүгч илгээх нь төдийлөн хүндрэлтэй биш. Яагаад гэвэл боловсон хүчний нөөц ихтэй байна. Харин манайд Улсын дээд шүүхэд 25 шүүгч байлаа гэхэд эдгээр шүүгчдээсээ 3 нь илгээгдэх нь байна. Яагаад гэвэл энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зааснаар зөвхөн хяналтын шатны шүүхээс л өгч илгээх боломжтой. Тэгэхээр энэ дээр манай хууль санаачлагчид, хууль тогтоогчид ямар гаргалгаа байна гэдгийг олж харах шаардлагатай. Тухайлбал энэ илгээж байгаа нийт 3 хүн дээр, эсвэл шүүгч болох болзол хангасан хүн дээр гэдэг юм уу энийг эртнээс мэдэж ямар нэг хийдэл гаргахгүй байх нөхцөлийг урьдчилж олж харвал зүгээр байж мэднэ гэж бодож байгаа. Харин эргээд хяналтын шатны шүүгч Үндсэн хуулийн цэцэд очоод 6 жил ажиллаад бүрэн эрхийн хугацаа дуусаад, буцаад дээд шүүхдээ ирье гэхээр ерөнхийлөгч томилохгүй байвал яах вэ гээд асуудал яригдаж байна, та юу гэж бодож байна гэж хүн санал солилцсон. Миний хувьд бол мэдээжийн юмыг бүр наанаас нь мэдээд юм хэлж чадахгүй, гэхдээ зүгээр юу гэж төсөөлөгдөж байна гэхээр мэдээж ерөнхийлөгч бол томилох эрхтэй. Тийм учраас томилохоос бас татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд буцаж ирж байгаа шүүгчийн эрхийг мөн адил хамгаалах үүднээс  ямар үндэслэлээр томилохгүй болж байгаа юм бэ гэдгийг мэдэх. Бүр болохгүй тохиолдолд Ерөнхийлөгчийн бүр томилохгүй байгаа эс үйлдэхүйг Үндсэн хуулийн шүүхээр хянуулах боломжууд байгаа. Гэхдээ үүнийг хэрэглэх ёстой, манай төр тогтворгүй байх ёстой, гэж байгаа юм биш шүү. Зүгээр ийм гаргалгаа, арга зам байгаа юм. Гэхдээ үүнд хүрэхгүйгээр хяналтын шатны шүүхийн шүүгчийн эрхийг их хөндөхгүйгээр шүүгч болох болзол хангасан тэр хүмүүсээс нэр дэвшүүлээд томилох ямар арга зам байна вэ гэдэг дээр энэ хуулийн төсөл батлагдахаас өмнө хууль санаачлагч энд ажиллаж байгаа ажлын хэсгийн хүмүүс өөр хоорондоо ярилцаад тийм мэргэн зөв шийдэл олбол зүгээр гэж бодож байгаа.

Т.Алтангэрэл: Гэхдээ давхар ажил эрхэлнэ гэсэн үг бол биш шүүдээ тиймээ? Дээд шүүхийн шүүгчийн орон тоогоо хадгалаад ч гэх юм уу? Хүмүүсийн төөрөлдөөд байгаа нь Цэцийн гишүүн болон Улсын дээд шүүхийн шүүгчээр давхар энэ ажлыг эрхлэх юм уу?

Ц.Сарантуяа: Улсын дээд шүүхийн шүүгч Цэцийн гишүүнээр ажиллах нь Үндсэн хуулиар хаалттай. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдохоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүгчээс буюу тус албанаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Энэ заалт хуулийн төслийн хойх нь талд орсон байгаа. Чөлөөлөгдөнө гэсэн агуулга.

Т.Алтангэрэл: Дээд шүүхэд байхдаа шийдэж байсан маргаан нь Цэцэд очлоо гэж бодъё. Тэр нөхцөлд Дээд шүүхийн шүүгч байсан хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон байгаа бол тус маргааныг шийдвэрлэх эрхтэй юу? Эсвэл татгалзах зохицуулалт байгаа юу?

Ц.Сарантуяа: Хэрвээ Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хүрэлцээд тухайн маргаанд оролцох Цэцийн гишүүний тоо хангалттай байгаа тохиолдолд Цэцийн гишүүн тухайн асуудлыг өмнө нь шийдвэрлэхэд оролцож байсан, гэхдээ шийдвэрлэх эрхтэйгээр оролцож байсан, бүрэн эрхийнхээ хүрээнд оролцож байсан тохиолдолд татгалзан гарах боломжтой. Өөрөө ч татгалзан гарах үүрэгтэй.

Т.Алтангэрэл: Одоо хоёулаа процессын талаар илүү ярья гэж бодож байна. Иргэн хүн л Цэцэд хандана шүүдээ тиймээ? Хуулийн этгээд бол биш байх. Тэгэхээр иргэн хүн өөрийнх нь эрх зөрчигдсөн гэж үзэх юм бол хэзээ, юуг үндэслэн Цэцэд хандах вэ?

Ц.Сарантуяа: Энэ хууль бол хүчин төгөлдөр болоогүй байгаа. Зөвхөн төслийн хэмжээнд байгаа. Энэ байдлаар л төсөөлж байгаа шүүдээ. Яг энийг хариулахын өмнө сая нэг асуултаа асуулаа. Хуулийн этгээд яах вэ гээд. Ер нь бол аливаа шүүхэд иргэн хуулийн этгээд хандах эрхтэй байх ёстой. Яагаад гэвэл хуулийн этгээд гэдэг чинь хамтарч үйл ажиллагаа явуулж байгаа иргэд л байхгүй юу. Тэгэхээр хуулийн этгээд магадгүй эрх нь зөрчигдлөө. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь зөрчигдлөө, өмчтэй байх эрх нь зөрчигдлөө гээд олон үндэслэлээр шүүхэд хандах эрхтэй. Түүний дотор уг нь Үндсэн хуулийн  цэцэд хандах эрхтэй байх ёстой. Анхнаасаа манай Үндсэн хуульд хуулийн этгээд гэж ороогүй учраас иргэн хандана. Хэрвээ хуулийн этгээд хандахаар болбол хэн нэгэн хүн уг хуулийн этгээдийг төлөөлөөд хандах байгаа. Тэгэхээр шууд хуулийн этгээд гээд хандах боломжгүй гэсэн үг. Уг нь Үндсэн хуульд заагаад байгаа нийт Үндсэн эрх чинь иргэн, хуулийн этгээдэд хамаарч байгаа байхгүй юу. Тухайлбал амьд явах эрхээс бусад нь гэж хэлье даа. Хуулийн этгээдийн эдэлж болохуйц үндсэн эрх гэж байна, эдэлж болохгүй үндсэн эрх гэж байна. Тиймээс эдэлж болохуйц бүх үндсэн эрхээрээ Үндсэн хуулийн шүүхэд хандах эрхтэй байх ёстой. Манай улсад бол тийм ойлголт бий гэхдээ үүнээс болж тийм олон хуулийн этгээдийн эрх зөрчигдөөгүй, харин захирал эсвэл хэн нэгэн төлөөлөгч эсвэл өмгөөлөгч ханддаг байсан байх гэж бодож байна. Иргэн жишээлбэл үндсэн эрх нь зөрчигдлөө гэж үзвэл хуулийн төсөлд юу гэж орж байх шиг байна гэхээр Улсын дээд шүүхийн шийдвэр гарснаас 30 хоногийн дотор. Өөрөө хэлбэл тухайн асуудлаар Үндэсний эрх зүйн бүх шат дамжлагыг дуусгаж эцсийн шийдвэр гарсны дараагаар 30 хоногийн дотор хандана гэсэн ийм зүйл байгаа.

Т.Алтангэрэл: Арга замыг дуусгасны дараа гэдэг нь яг юуг хэлж байгаа вэ?

Ц.Сарантуяа: Тухайн асуудлаар Цэцэд хандахаас өмнө гарч болох хамгийн сүүлийн шатны шийдвэр гэсэн үг. 

Т.Алтангэрэл: Захиргааны байгууллага бол, тухайн захиргааны байгууллагын дээд байгууллага гэсэн үг үү?

Ц.Сарантуяа: Захиргааны байгууллага бол захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан байх ёстой гэсэн үг. Манайд бол захиргааны байгууллагыг Үндсэн хуулийн цэц хянахаар хуульчлаагүй. Хуулийн төсөл бас энэ талаар дурдаагүй учраас шүүхийн эцсийн шатны шийдвэр гарна. Тэрний дараа хандана гэсэн үг. Жишээлбэл, тодорхой албан тушаалтан үндсэн хууль зөрчсөн эсэх талаар хэрэв би андуураагүй бол 2 сар өнгөрөөгүй байх ёстой, Засгийн газар болон Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаас хойш нэг жил өнгөрөөгүй байх ёстой гээд хугацаа заагаад байгаа юм л даа. Гэхдээ энд бас юуг анхаарвал зүгээр вэ гэхээр Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэрээр ер нь Үндсэн хуулийн цэцэд шууд хандах ёстой биш. Яагаад гэвэл Үндсэн хуульд зааснаар энэ хоёрын шийдвэр хууль тогтоомж зөрчвөл энэ хоёр өөрсдөө, УИХ түүнийг нь хүчингүй болгох ёстой байгаа. Тухайлбал, засгийн газрын шийдвэр хууль тогтоомж зөрчвөл Засгийн газар өөрөө хүчингүй болгох эрхтэй тэгээд УИХ хүчингүй болгох эрхтэй. Энэ арга замууд давсаар байгаад Цэц авах ёстой байгаа л даа одоо. Ерөнхийлөгчийн шийдвэр дээр мөн ялгаагүй. Яагаад гэвэл ийм урьдчилсан хяналтын шат Үндсэн хуульд заагдсан байгаа учраас Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа биелүүлэх ёстой гэсэн утгаараа. Эдгээр байгууллагын шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор гэж орсон гэж би харлаа. Энийг бас тооцсон байх байгаасай гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл Засгийн газарт өөрт нь хандана, хариу хүлээнэ, УИХ-д хандана хариу хүлээнэ, ингэсээр байтал нөгөө нэг жил нь өнгөрчихдөг юм биш байгаа гэж. Гэхдээ бас гайгүй тооцоолсон байгаасай гэж бодож байгаа.

Т.Алтангэрэл: За тэгээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бас нэлээн дэлгэрэнгүй зохицуулагдахаар орж ирж байгаа юм байна. Энэ бас дэвшилттэй зохицуулалтууд байх шиг байна. Жишээлбэл, ерөнхий бүртгэгч гэж хүнтэй холбоотой эхний үе шат гэж байна. Цаашаагаа бага суудал, дунд суудал, их суудал гээд энэ процессын талаар та бас тайлбарлаж өгөх үү?

Ц.Сарантуяа: За, жишээлбэл, иргэн хүн өргөдөл эсвэл мэдээлэл ирүүлээд тэрийг нь Үндсэн хуулийн цэцийн дарга тойргийн журмаар хэн нэгэн гишүүнд хуваарилаад, тэр өргөдөл эсвэл мэдээлэл нь ямар нэгэн хэлбэрийн шаардлага хангаагүй байсан бол эсвэл буцаах эсвэл маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэхээс татгалзах гэсэн ийм асуудалд хүрэх юм бол иргэн хүндээ хохиролтой. Тэгэхээр ерөнхий бүртгэгч ажиллана гэдэг нь тэр өргөдөл мэдээлэл хуульд заасан шаардлага хангаж гарж уу, үгүй юу? Энэ асуудлаар урд өмнө нь Цэц шийдвэрлэж байсан байна уу? Үгүй юу? Гэх мэтчилэн Цэцийн гишүүн дээр очихоос өмнө шалгах ёстой бүх юмыг шалгаад болохгүй бол өөрт нь хэлээд тэр нөхцөлийг хангуулаад дараагаар нь бага суудлын хуралдаанд шилжүүлэх нь өөрөө захиргааны үе шатыг маргаан хянан шийдвэрлэх энэ шүүхийн үе шатаас зааглаж өгч байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг ийм захиргааны ажилд оруулахгүй болж байгаа. Иргэн хүнийг хүндрүүлэхгүй болж байгаа. Ийм нөхцөл байдал юм. Урд өмнө нь өргөдөл мэдээлэл ирэхэд маргаан үүсгэх эсэхийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн ганцаараа шийддэг байсан бол одоо тэр ерөнхий бүртгэгчээс ирж байгаа тэр өргөдөл мэдээллийг хуульд заасан журмаар хуваарилсан байгаа гишүүн хүлээж авна. Тэр өргөдөл мэдээллийг хүлээж аваад энэ асуудлаар маргаан үүсгэх үү үгүй юу гэдгийг ганцаараа шийдэхгүй гэдэг маань Цэцийн хараат бус байдлыг хамгаалж байгаа. Цэцийн гишүүний бие даасан байдлыг хамгаалж байгаа. Гаднаас ямар нэг нөлөө орохыг саармагжуулж байгаа эерэг сайн зохицуулалт юм. Ер нь маргаан үүсгэх эсэхийг дангаараа шийднэ гэдэг чинь их хүндрэлтэй байдаг. Маш олон газраас энийг үүсгэх ёстой гэж үздэг. Зарим субъектүүд битгий үүсгээсэй гэж хүсдэг. Энэ олон ашиг сонирхлын дунд нэг гишүүн ажиллах нь туйлын тэр гишүүндээ хүндрэлтэй байхаас гадна шударга ёсыг тогтооход бас бэрхшээлтэй болдог учраас гурван гишүүн хянадаг байх нь зөв зүйтэй. Гурван гишүүн бол хянаад аман хуралдаан хийгүй. Зүгээр л тухай асуудлаар маргаан үүсгэх эсэх эцсийн шийдвэр л гаргана. Хэрэв маргаан үүсгэхээр бол дунд суудлын хуралдаанаар энэ өргөдөл, мэдээлэл, хүсэлт шилжинэ гэсэн үг. Дунд суудлын хуралдаан таван гишүүнтэй байсан. Харин одоо энэ шинэчилсэн найруулгаар зургаан гишүүн орохоор болж байгаа. Бас одоо хараат бус байдлыг илүү хангах баталгаа гэж үзэж байгаа. Зарим хүн зургаан гишүүн орж байгаа болохоор санал тэнцэх нь байна гэж үзээд байх шиг байна. Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдааныг маш олон удаа найман хүнтэй хийдэг байсан. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт асуудалгүй, хоёрдугаар, санал тэнцсэн тохиолдолд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзнэ гэсэн ийм зохицуулалт орсон байна гэж харсан.

Т.Алтангэрэл: Тэгээд эцэслэн шийдвэрлэнэ гэж үзэх нь байна шүү дээ тиймээ?

Ц.Сарантуяа: Эцэслэн шийдвэрлэх нь болбол жишээ нь Цэц зургаан хүний бүрэлдэхүүнтэй асуудлыг шийдвэрлэнэ. Ихэнх тохиолдолд зөвлөлдөх хуралдаанаар шийдвэрлэхээр явж байгаа. Аман хуралдаан хийх шаардлагатай, нийтэд ач холбогдолтой ийм асуудлыг хэлэлцэж байна гэж үзвэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүд аман хуралдаан хийхээр төсөлд туссан байгаа. Бусад бүх тохиолдолд ер нь хуралдаан гэдгээсээ илүү хүндрэлгүйгээр, цаг алдалгүйгээр, бюроктратик байгүйгээр, чирэгдэл байхгүйгээр, асуудлыг шийдвэрлээд өгөх нь л гол учраас ихэнх маргааныг болж өгвөл, зөвлөлдөх хуралдаанаар шийдвэрлэдэг. Аман хуралдаан хийхгүйгээр зөвлөлдөөн маягаар. Зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэхээр, ийм үндсэн зарчим руу шилжих нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Шүүгч хүн гэдэг чинь өөрийнхөө шийдвэрээр үзэл бодлоо илэрхийлж байгаа. Өөрийнхөө гаргаж байгаа шийдвэрээр иргэдтэй, бусадтай харилцаж байгаа. Заавал аман хуралдаан хийх шаардлагагүй, Магадгүй нийтэд суурь үнэт зүйл суулгах тийм ач холбогдолтой асуудлаар аман хуралдаан хийх. Манайд бол энэ аман хуралдаан гэдгийг болиулаад байх шиг байна лээ. Хуралдаан хийх тиймээ. Бусад үед нь зөвлөлдөөнөөр шийдвэрлэх. Ийм л хувилбарыг илүү зөв зүйтэй юм байн гэж олж тогтоогоод байгаа. Би зүгээр нэг сонирхолтой болсон түүх ярихад.  Үндсэн хуулийн цэц олон жилийн хугацаанд Европын холбооны улсуудад айлчилж, Европын холбоонд хамааралтай улсуудын Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаатай танилцахдаа нэг саналыг ойр ойрхон тавьдаг байсан. Тэр нь юу вэ гэхээр Европын улсуудын Үндсэн хуулийн шүүхийн хуралдаанд орж үзэх гэсэн санал байгаад байдаг. Энэ нь намайг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх жилүүдэд айлчлах үед бид Европын аль нэг улсын Үндсэн хуулийн шүүхийн аман хуралдаантай таарч байгаагүй. Яагаад гэвэл асуудлыг аль болох хүндрүүлэхгүй, чирэгдэлгүйгээр, зөвлөлдөөний хэлбэрээр, шийдвэрлэдэг. Аман хуралдаан бол түрүүний дурдаад байсан ач холбогдолтой асуудлаар хийж болдог. Харин шийдвэрээ нэгэнт гаргасны дараа тухайн Үндсэн хуулийн шүүх хэвлэл мэдээллийг уриад, бусад сонирхогчдыг уриад, шийдвэрээ зарлаж тайлбарладаг. Энийг гэхдээ Үндсэн хуулийн шүүхийн тухайн маргааныг шийдвэрлэсэн шүүгч хийдэггүй. Энийг хэвлэл мэдээллийн төлөөлөгч хийнэ, эсвэл хэвлэл мэдээлэл хариуцсан шүүгч буюу бусад шүүгчээсээ арай бага ачаалалтай нийт гарч байгаа шийдвэрийнхээ агуулга үндэслэлийг тайлбарлах үүрэгтэй шүүгч ажилладаг юм байна лээ. 

Т.Алтангэрэл: Энэ дээр би тодруулаад асуух гээд байгаа юм нь маргаан шийдвэрлэх саяны хэлдэг хуралдаан нь олон нийтэд нээлттэй байх ерөнхий зарчим бол үйлчилж байгаа. Гэхдээ энд бас хэргээсээ хамаараад онцлог зохицуулалтууд бас байх уу? Жишээлбэл, видео бичлэг зөвшөөрөх юм уу үгүй юм уу? Шууд жишээ нь лайв явж болох уу? Технологи одоо их хурдацтай хөгжиж байна. Тэрэнд ямар байдлаар зохицуулалтууд орсон юм бол?

Ц.Сарантуяа: Ер нь бол Үндсэн хуулийн шүүхүүдийн, тэр дундаа манай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хуульд заасан хаалттай хийх хуралдаанаас бусад бүх тохиолдолд нээлттэй байна. Гэхдээ яг одоо аман хуралдаа хийгээгүй тохиолдолд асуудлыг зөвлөлдөх тасалгааны хэлбэрээр шийдвэрлэж байгаа тохиолдолд аливаа шүүхийн зөвлөлдөх тасалгаанд гаднаас хэн нэг иргэн албан тушаалтан энэ бүрэлдэхүүнд ороогүй өөр шүүгч нарийн бичгийн дарга, захиргааны ажилтныг бол байлгахгүй. Энэ бол бүх шүүхүүдэд ижилхэн байдаг зарчим. Манай өнөөдрийн зохицуулалтын дагуу Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд үйлчилж байгаа хуульд заасны дагуу бол хэвлэл мэдээллийн байгууллагууд орж ирээд, мэдээж урьдчилж мэдэгдээд, яагаад гэвэл суудлын зохицуулалт хэрэгтэй шүү дээ. Аливаа юм хэв журамтай байж байж эрх хамгаалагдана. Хэв журамгүй дураараа орж гараад байдаг бол энэ чинь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саадтай, тухайн маргаанаа шийдвэрлүүлж байгаа этгээдүүдэд хохиролтой байх магадлалтай. Тийм учраас бүх юмыг урьдчилсан байдлаар зохицуулаад орох гэж байгаа хүний суудлын тоогоор захиалга авна л даа. Ямар ч байсан ийм зохицуулалт бол байдаг. Харин телевизийн бичлэг хийх асуудлыг манай хууль ямар нэг байдлаар үгүйсгээгүй. Европын эрх зүйн бүлд хамаарах улсууд яг телевизийн бичлэгийг шүүх хуралдааны танхимд үгүйсгэдэг. Ягаад гэвэл энэ бол зүгээр нэг жүжиг биш, энэ бол зүгээр нэг үзүүлэн биш, энд хүний хувь заяатай, нэр төр, магадгүй эрүүл мэндтэй холбоотой асуудал шийдвэрлэх гэж байгаа тул хүн мэдүүлэг өгөхдөө, тайлбар гаргахдаа ямар нэг хөндлөнгөөс санаа зовох юмгүй. Шүүх бүрэлдэхүүнд итгэж, тэр тайлбараа гаргах боломжийг хангасан байх ёстой. Дуран орж ирэх нь шүүгчийг өөрчлөх ёсгүй. Дуран орж ирлээ гээд эгц суудаг гэх ч юм уу, эсвэл тавихааргүй байсан асуулт тавьдаг ч юм уу? Ийм нөхцөл байдал үүсэх магадлалтай тул ийм учраас телевизийн бичлэгийг албан ёсоор үгүйсгэдэг. Хүлээн зөвшөөрөхгүй хориотой байдаг. Энэ нь Германы Үндсэн хулийн шүүхийн шийдвэрээр бас хориотой гэж гарсан. Тэгэхээр аливаа зүй тэр гарах гэж байгаа шийдвэртээ сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмжээнд зөвшөөрөгдөнө. Тэрнээс илүү гараад бусдын хүртээл болох ёсгүй. Хэвлэл мэдээллийн төлөөлөгч зааланд орж ирээд үзэг цаасаа эвлүүлээд маргааны талаар бусдад мэдээлэл өгөх нь бусдын сонирхлыг хөндөх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр би бол телевизийн бичлэг орж ирээд манайд муу байна гэж дуугараагүй шүү. Гэхдээ би байр суурь ямар ялгаатай байгааг л харуулж саяны мэдээллийг хэлж байгаа юм л даа.

Т.Алтангэрэл: Одоо тэгэхээр Цэцийн гишүүн гэдэг сэдвийн хүрээнд зайлшгүй ярих ёстой байх гэж бодож байна. Яагаад өргөн мэдүүлж байгаа хуулийн төсөлд онцлог зохицуулалтууд орсон юм. Ялангуяа Цэцийн гишүүнийг томилох энэ процесст олон нийтийн оролцоог хангах талаар ямар шинэлэг зохицуулалт орсон бэ? Дээр нь Цэцийн гишүүний хариуцлагын асуудал буюу эгүүлэн татах дээр ямар зохицуулалт орж байгаа вэ? Яагаад гэвэл энэ дээр олон нийтийн зүгээс шүүмжлэлүүд их гардаг. Цэцийн гишүүдийг мэргэжлийн болон ёс суртахууны өндөр чадвартай байх, олны итгэлийг хүлээсэн байх, энэ талаар хуульийн төсөлд ямар байдлаар зохицуулалтууд орсон юм бол? Энэ талаар таны байр суурь?

Ц.Сарантуяа: Эхлээд хуульд бол нэр дэвшигчийн сонсгол хийх асуудлыг зөвшөөрсөн гэж би ойлгосон. Хэдийгээр Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаад, шүүгчид болон Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нийтийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчиж байн гэсэн шийдвэр өнгөрөгч саруудад буюу 2023 оны 09 дүгээр сард шийдвэр гарсан болов ч энэ шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд одоо энэ манай Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны болон Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зааж байгаагаар нэр дэвшүүлэгч байгууллага тус тусдаа байршуулаад сонсгол хийх юм байна гэсэн ойлголтыг би авсан. Энэ чиглэлд судалгаа хийж ирсэн хүний хувьд хэлэхэд тухайлбал Европын холбооны улсуудад шүүгчийн сонсгол гэдгийг төдийлөн явуулдаггүйгээрээ Америкийн нэгдсэн улсаас ялгаатай байна гэдэг ийм зүйлийг олж мэдсэн. Шүүгчийн сонсгол яагаад тэгээд болдог юм бэ гэдгийг мэдэж байгаа. Иргэд нэр дэвшиж байгаа хүнийхээ талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлэх боломжийг олгоно. Энэ хүнийг таньж мэдэх боломжийг олгоно гээд ийм олон эерэг талуудтай байдаг байх. Харин сонсголд оруулахгүй байхыг зөвшөөрч байгаа, өөрөө хэлэх юм бол оруулахыг зөвшөөрөхгүй байгаа улсад ямар байр суурь давамгайлаад байна вэ гэхээр, шүүгч гэдэг ерөөсөө ямагт 2 талын маргааныг шийдвэрлэдэг тэр маргаанаас нэг нь заргаа аваад сэтгэл ханамжтай үлддэг бол, нөгөө тал сэтгэл ханамж багатай үлддэг, энэ байдлаас үүдэлтэй эдгээр албан тушаалтны талаар сонсгол явуулах юм бол, тодорхой нэг хүмүүсийн магадгүй субьектив үнэлэмжээс болоод шүүгчээр ажиллаж байгаа хүний нэр төр урьдчилж ганхах ийм сөрөг нөлөөтэй гэж үздэг тул. Тэр битгий хэл Бундестагад буюу Германы парламентад шүүгчийн асуудлыг хэлэлцдэг байна. Шүүгчийн асуудлыг хэлэлцэхэд оролцсон албан тушаалтнууд шүүгчийн талаарх олж авсан мэдлэгээ тэр хувийнх нь, албан тушаалынх нь талаар олж авсан мэдээллээ бусдад задруулахгүй байх үүргийг хуулиар хүлээж байгаа. Өөрөө хэлбэл энэ мэдээлэл бол нууц гэсэн үг. Тэгээд урьдчилж ямар нэг субьектив үзэл санаанаас үүдээд тодорхой байр суурийг бий болгочхоод тэрийг дэвэргээд байх нөхцөл бүрдэнэ гэдгээс эмээж ийм юм ярьж байгаа юм. Одоо хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сард байна уу даа, Германы Үндсэн хуулийн шүүхийн 2 шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан, өөр 2 шүүгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлсэн, энэ ажиллагаа нэг ёслолын хүрээнд явагддаг юм байна л даа. Би зүгээр товчхон ажиглахад бүрэн эрхийн хугацаа дууссан тэр эмэгтэй шүүгчийн талаар байр суурь илэрхийлэхдээ Холбооны Германы Ерөнхийлөгч Фрэнк-Валтер Штэйнмаер гэдэг хүн “Та танил биш байсан, гэхдээ та очир эрдэнэ” гэж, өөрөө хэлэх юм бол нийтэд танигдсан байх албагүй, нийтэд танигдсан хүн хууль сайн хэрэглэдэг юм биш. Өөрөө хэлэх юм бол мэргэжилдээ профешиональ л байх шаардлагатай. Сайн мэргэжилтэн, сайн ёс суртахуунтай байх шаардлагатай, энэ талаар нээх жигтэйхэн нийтэд танигдаад  байсан байж шийдвэрлэгдэж байгаа хэргийнхээ талаар нийтэд мэдэгдээд байх шаардлагагүй. Энийг бол томилж байгаа, нэр дэвшүүлж байгаа холбогдох хүмүүс нь шалгалт авч байгаа хүмүүс нь мэдэж байх ёстой. Би энэнтэй холбогдуулаад залгуулаад нэг юм яриадах уу? Манайд бол одоо УИХ нэр дэвшүүлж байгаа. Яаж нэр дэвшүүлж байгаа гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Дараа нэр дэвшүүлэх ажиллагаа жоохон өөрчлөгдөх юм байна лээ. Шаардлагатай бол энийг ярина. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлж байгаа. Улсын дээд шүүхийн талаар өмнө нь ярьсан. Ер нь бол шүүгч болох болзол хангасан хамгийн өндөр оноотой боловсон хүчний мэргэжилтнүүдийн жагсаалт гэж байдаг юм байна л даа. Тэр бол нэг хоёрдугаар улсын шалгалтаар батлагдсан. Хийж байгаа ажил нь их үр дүнтэй, шинэлэг, ялангуяа шалгалтын үр дүнгээр өндөр оноо авсан. Ийм хүмүүсийн жагсаалт дотроос сонголд хийж байгаа. Манайд бол тийм жагсаалт алга байна. Тэгээд шүүгч болох болзол хангасан байна гэдэг заалт ороогүй, эрх зүйч байна гээд орсон байгаа. Тэгэхээр манай Ерөнхийлөгч нэр дэвшүүлнэ гэж байна тиймээ? Ямар хүн дотроос дэвшүүлэх үү? Ерөнхийлөгч гэдэг маань төрийн нэг институт хэр нь нэг л албан тушаалтан байгаа шүүдээ. Тэгэхээр тэр хүн эн олон болзол хангасан, хангах магадлалтай хүмүүсийг мэдэх үү? Тэгэхээр магадгүй өөрийнх нь намд ажиллаж байсан, өөрийнх нь өмгөөлөгч хийж байсан, эсвэл тамгын газрын дарга юм уу, бусад албан тушаалтанд ойрхон тэрүүхэн тэр эх сурвалжаас л Ерөнхийлөгч Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх боломжтой болж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө тэрнээс өөр гарцгүй болох гээд байна шүүдээ. Тэгэхээр магадгүй энэ хуульд Ерөнхийлөгч нэр дэвшүүлнэ гээд хуучин захирамж гарна гээд байж байсан. Шинэчилсэн найруулгад зарлиг гарна гэснээс өөр одоохондоо өөрчлөгдөөгүй байна л даа. Хууль санаачлагч бас бодоод, миний энэ яриад байсан шүүгч болох болзол хангасан гэж түрүүн хэлж байсан энэ хүмүүс дотроос өндөр оноо авсан тэр хүмүүс дотроос сонголт хийх боломжтой байх дараах зохицуулалтыг оруулж өгөх нь Ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа тэр хүмүүс бас чадварлаг байх боломжийг хангах юм болов уу гэж бодож байна. Тэгэхгүй бол сонголт хийх сав нь аягүй бага байгаа байна. Тэгэхээр ийм зүйлийг хуулийн төсөл батлагдахаас өмнө бас урьдчилаад бодсон байхад илүүдэхгүй гэж бодогдож байгаа.

Т.Алтангэрэл: Хариуцлагын талаар хоёулаа бас яриагүй байна. Нэгдүгээрт , ямар нэгэн хариуцлага буюу ямар нэг зөрчил эсвэл хууль зөрчсөн гэж үзвэл ямар арга хэмжээ авах вэ? Тэр нөхцөлд эгүүлэн татах, ажлаас нь түдгэлзүүлэх, энэ зохицуулалт дээр та бас дэлгэрүүлж ярих уу?

Ц.Сарантуяа: Миний хувьд одоо байсан байгаа хоёрыг л харьцуулах юм. Яагаад гэвэл энэ тал дээр би өөрөө ямар нэг шүүлтүүр гаргаж ирэх боломжгүй байна. Байсан ба байгаа хоёрын зохицуулалтын зааг дээр ямар нэг асуудал гарах юм биш биз гэсэн юм харагддаг л даа. Байсан зохицуулалт гэвэл хэдийд эгүүлэн татах боломжтой байсан бэ гэхээр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол эгүүлэн татах боломжтой буюу Цэцийн зөвшөөрлийг аваад. Одоо орж ирж байгаа зохицуулалт гэвэл хууль зөрчсөн бол гээд буюу гэмт хэрэг үйлдсэн бол гэдэг дээр нэмээд хууль зөрчсөн бол гэж орж ирж байгаа юм л даа. Гэхдээ энд бас нэг ю нэмээд хийвэл илүү хийдэлгүй болж магадгүй гэж бодогдож байгаа тэр нь юу вэ гэхээр хууль зөрчсөн бол нэг газар нотлогдох хэрэгтэй шүүдээ. Тэгэхээр хууль зөрчсөн гэдгийг дан УИХ гэдэг ч юм уу. Тэрийг тогтоох эрх бүхий субъект биш байхгүй юу. Хууль зөрчсөнийг хэн тогтоодог юм гэвэл шүүх. Тэрнээс аль нэг эрх бүхий этгээд биш. 2016 онд эгүүлэн татах асуудал дээр нэмэлт орж байсан санагдаж байна.Хууль зөрчсөнийг нь эрх бүхий этгээд тогтоосон бол гэдгийг Цэц хүчингүй болгосон шүү дээ. Эрх бүхий этгээд гэдэг чинь дурын байгууллага тогтоох нь байна шүү дээ. Тэгэхээр хууль зөрчсөн гэдгийг хэн тогтоох эрхтэй юм бэ гэдгийг олж зүйл заалт руу нэмбэл хийдэлгүй тэгээд гишүүний хараат бус байдалд бас халдахгүй байх болов уу гэж бодож байна. Энэ дээр нэг ийм юм харагдсан. Би бол одоо жигтэйхэн судлаад л, надаас одоохондоо асуугаагүй болохоор жигтэйхэн үзэг бариад л тэгсэнгүй л дээ. Бүрэн эрх түдгэлзүүлэх гээд нэг асуудал байгаа. Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдвол бүрэн эрх түдгэлзүүлэх эсэх тухай асуудал эрх бүхий байгууллагын санал дүгнэлтээр яригдана. Эрх бүхий байгууллагын санал дүгнэлт гэхээр гэмт хэрэгт холбогдсон бол гэж байгаа учраас прокурорын байгууллага гэж байх ёстой. Энэ тал дээр бол төдийлөн өөрчлөлт харагдаагүй. Шинэчилсэн найруулга дээр энэ талын зохицуулалт нэмэгдээгүй. Харин юу ажиглагдсан гэхээр Цэцийн зөвшөөрөлгүй хийж болохгүй хэдэн зүйл байдаг. Жишээлбэл, Цэцийн гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих гээд. Энэ бүгдийг бол зүгээр л Цэцийн зөвшөөрөлгүй хийж болохгүй гээд байж байсныг энэ шинэчилсэн найруулгад болохоороо бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр болохгүй. Тэгэхээр бүрэн эрхийг заавал түдгэлзүүлэх нь байна л даа. Тэгэхээр нэг ийм асуулт гарч ирнэ. Энэ одоо хийж болохгүй хэдэн жагсаалтад жишээлбэл, зөрчлийн тухай хууль зөрчвөл зөрчлийн тухай хуулийн хариуцлага бүрэн эрх түдгэлзүүлэхгүйгээр хүлээлгэж боломжгүй болж байгаа. Жишээлбэл, шөнө 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл гэртээ түжигнээд, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад танхайрлаа гэж бодоход энэ хүн чинь торгууль төлөх ёстой биз дээ хуульд заасны дагуу. Тэрийг бүрэн эрх түдгэлзүүлэхгүйгээр төлөх боломжгүй юм шиг харагдаад явчхаж байгаа. Би ойлгомжтой ярьж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан бүрэн эрх түдгэлзүүлэхгүйгээр хийж болохгүй гэдэг нь их зүгээр болов ч зарим тохиолдолд нь зүгээр энгийн хэв журам зөрчөөд шүүхийн журмаар биш захиргааны журмаар хариуцлага хүлээхгүй юм шиг болчхож байгаа нь бас наана нь энэ талаар бодож үзүүштэй асуудлын нэг байж магадгүй. Бусад улсад бол яадаг юм гэхээр хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийн нэр төрд харшилсан үйлдэл үйлдсэн бол гээд л би олон цэг тавья, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээ эгүүлэн татна. Германд бол жишээлбэл, (намайг дандаа Германыг иш татаад байгааг зөв ойлгоорой, энэ эрх зүйн системтэй их ойрхон олон жил ажилласан учраас) Үндсэн хуулийн шүүх нь чөлөөлөх эрхийг Ерөнхийлөгчид олго байгаа. Манайд болбол ингээд Цэцийн зөвшөөрөлтэйгөөр УИХ эгүүлэн татахаар байгаа.

Т.Алтангэрэл: Цэцийн гишүүнийг томилох асуудал дээр бас бэрхшээл үүсдэг. Хугацаандаа томилохгүй, бүрэн эрхийн хугацаа нь дууссан байхад шинэ гишүүнийг томилохгүй ийм практик нэлээн гараад байна. Энэ хэр засагдсан юм бол?

Ц.Сарантуяа: Бүрэн эрхийн хугацаа дуусахаас тодорхой хугацааны өмнө, би хэрэв андуураагүй бол арай 2 сар гээгүй байгаа. Энэ талаар нэр дэвшүүлэх байгууллагад мэдэгдээд явж байгаа болохоор гайгүй болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшүүлэх байгууллага хуулиар үүрэг хүлээж байгаа. Нэр дэвшүүлэх байгууллага бүрэн эрхийн хугацаа дууссан тохиолдолд шинээр хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй байсан болов ч хуулиар үүрэгжлүүлээгүй байсан. Зүгээр ухамсрын түвшинд хугацаа дууссаны дараа дэвшүүлэх ёстой байсан. Нэг ийм сонирхолтой зүй тогтол ажиглагдаж байгаа. 1992-2010-аад он хүртэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн гадаадад элчин сайдаар томилогдсон байсан ч тэр чөлөөлөгдөөд л тэр дараагийн хүн томилогдохгүй 8, 9, 10 сар болж байх, гадаадад Science Doctor-ын бүтээл бичих гээд явсан байсан ч тэр орны хүнийг нь томилохгүй. Тэр хүнийг явсныг н би буруутгаж байгаа биш шүүдээ. Тэр орны хүнийг томилохгүй хэдэн сараа яваад байсан. Тэгээд орны хүнийг сонирхдог хүн байгаагүй. Өөрөө хэлбэл энэ албан тушаалыг сонирхох сонирхол 2000 оны дунд үе хүртэл арай намжуу байжээ. Харин одоо бол дараа оны тэдэн сарын тэдний өдрийн энэ гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусан гэдгийг бол их эртнээс мэдээд байх шиг байна. Тэгэхээр одоо болбол орны хүнийг томилохгүй үлдэнэ, цаг хойшилно гэсэн асуудал бага байх болов уу гэж бодож байна. Магадагүй зарим тохиолдолд орны хүнийг томилохгүй энэ хүнээр нь байлгаж байгаад тодорхой маргаануудыг шийдвэрлэх шаардлага гардаг ч бил үү гэсэн тохиолдол хүртэл үе үе гарч байсан. Хуульд хангалттай хугацаа зааж өгч нэр дэвшүүлэх байгууллагуудыг манай энэ хуулиар үүрэгжлүүлснээр энэ асуудал алзахгүй байх. Нөгөөтээгүүр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвших сонирхолтой хүний тоо бас багагүй байх шиг байна. Энэ бүхэн өөрийн гэсэн эерэг ул мөрийг үлдээж энэ Цэцийн гишүүдийг хугацаанд нь томилох асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй болов уу гэж бодож байна.

Т.Алтангэрэл: Улсын дээд шүүхийн шийдвэрийн хувьд зөрчсөн гээд дүгнэлт гарсны дараа энэ шийдвэр маань хүчингүй болох уу? Яагаад гэвэл Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна гээд Үндсэн хуульдаа заасан. Үүнтэй зөрчилдөхгүйгээр яаж шүүхийн шийдвэрт байгаа үндсэн эрхийн зөрчлийг шийдвэрлэх юм бэ?

Ц.Сарантуяа: Тэр эрхийг дээд шүүхэд олгож байгаа. Цэц жишээлбэл УИХ-д татварын тухай хуулиа дараах байдлаар өөрчил гэж заахгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн шүүх өөрийгөө хууль тогтоогчийн оронд тавихгүй. Үндсэн хуулийн шүүх шийдвэрийнхээ үндэслэлд ямар учраас тэгш эрх зөрчигдсөн юм бэ гэдгийг бичсэн байна олж тогтоосон байна. Тэр үндэслэлийг үзээд хууль тогтоогч өөрөө Үндсэн хууль зөрчөөгүй зохицуулалтыг өөрөө төрүүлэх ёстой. Яагаад гэвэл хэм хэмжээг хууль тогтоогч төрүүлдэг. Шүүх зөвхөн алдаатай байна гэдгийг хэлдэг. Шүүх хууль тогтоох ажиллагаанд аль болох орохгүй. Нэгэн зэрэг энэ шийдвэр дээд шүүхэд харьяалагдах нь байна. Дээд шүүх энэ тэгш эрхийг хангаад ямар байдлаар тэр 2 гэр бүл бологсдын асуудлыг шийдвэрлэх вэ гэдгийг тухай бүрд нь, яагаад гэвэл ижилхэн загвар гэж байгүй учраас бүх тохиолдолд бие биеэс ялгаатай, аль алийг нь бага хохиролтойгоор шийдэх тэр нөхцөлийг Улсын дээд шүүх хангах нь Улсын дээд шүүхийн мэргэшлийн ур чадварыг харуулах хэрэг болно.

Т.Алтангэрэл: Тэгэхээр тэр иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой, аль болох хохирол багатайгаар шийдвэрлэх нь байна. Ер нь бол нэлээн олон сэдвээр ярилаа. Агуулга бол өргөн учраас яалт ч үгүй бүх л асуудлаар ярих шаардлагатай байлаа. Бас нэг асуудал нь Үндсэн хуулийн маргааны  шинж агуулаагүй бол гээд. Энийг яг одоо юу гэж тайлбарлах вэ?

Ц.Сарантуяа: Жишээ нь тодорхой албан тушаалтан буюу Ерөнхий сайд нэг агентлагийн даргыг томилсон байна гээд аваад үзье. Ерөнхий сайдын тушаал Үндсэн хууль зөрчиж байна, ягаад гэвэл тэр агентлагийн даргад тавигдах шаардлагыг тухайн томилогдсон хүн биелүүлэхгүй байна гэж бодъё. Тухайлбал, эрх зүйч байх шаардлага нь энэ олон шаардлагын нэг нь байж. Харин энэ хүн бол эрх зүйч биш байна. Маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэж байх хугацаанд эрх зүйч болох нь тодорхой болбол, тэр дипломынх нь эх гараад ирвэл, эрх зүйч байсан нь нотлогдвол, нэгэнтээ энэ өргөдөл эсвэл мэдээллийг хүлээгээд авсан тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай тогтоол гаргана. Яагаад гэвэл энэ нь Үндсэн хуулийн маргааны шинж агуулаагүй байна. Хэрэв эрх зүйч мэргэшилтэй болох нь нотлогдоогүй бол маргаан үүсгэх үндэслэл болно. Яагаад гэвэл энэ маргааны шинж агуулаад, тэгээд хуралдаан хэлэлцэх нөхцөл болж байна. Би саяны асуудлыг зөвхөн нэг жишээн дээр тайлбарлаа. Тэгэхээр маргааны шинж агуулаагүй гэдэг нь нотлох баримт цуглуулах явцад тодорхой болоод ирэх тохиолдолд Үндсэн хууль зөрчөөгүй гэх нь тодорхой болоод ирэх тохиолдолд маргааны шинж агуулаагүй байх тэр нөхцөл бүрддэг.

Т.Алтангэрэл: Бас нэг товчхон хариулт авах зүйл юу байна гэхээр, нийтийн эрх ашгийн үүднээс мэдээлэл гаргах эрхийг хязгаарлах энэ асуудал дээр та товч тайлбар хэлэх үү?

Ц.Сарантуяа: Ер нь бол аливаа шүүхэд мэдээлэл гаргах явдал зөв биш гэдгийг Венецийн комисс, мөн Үндсэн хуулийн шүүх нь олон жил тогтвортой ажиллаж байгаа улс орнуудын Үндсэн хуулийн шүүхүүд үздэг. Мэдээлэл гаргах буюу Actio Popularis гэж латинаар яриад байгаа. Иргэн хүн өөрийнх нь эрх зөрчигдөөгүй байхад, өөрт нь хамааралгүй асуудлаар аль нэг, магадгүй өөр хүний эрх зөрчигдсөн, эсвэл ерөөсөө Үндсэн хуулийн  зүйл заалт тодорхой нэг хуулиар зөрчигдлөө ч гэдэг юм уу, ийм үндэслэлээр хандахыг мэдээлэл гаргах гээд байгаа. Энийг яагаад буруу гэж үздэг вэ гэхээр, энэ нь яваандаа тухайн шүүхийг, тухайлбал Үндсэн хуулийн цэцийг улс төржүүлэх арга механизм болох гээд байдаг. Яагаад гэвэл, жишээлбэл, тодорхой хүчин олонх байх үед хэсэг хүн байнга мэдээлэл гаргадаг, өөр хүчин олонх болоод ирэхээр бас нэг өөр хэсэг хүн байнга мэдээлэл гаргадаг. Ийм байдлаар олонхын гаргаж байгаа шийдвэрийг эсэргүүцээд яваад, улс төрийн асуудал болгоод явах тохиолдол байдаг. Мэдээж үндсэн хуулийн цэц үүссэн анхны он жилүүдэд энэ мэдээлэл гаргах явдал нь өөрийн гэсэн эерэг нөлөөтэй байсан. Тэр нь юу гэхээр мэргэжлийн хүмүүс хууль тогтоомжийг мэргэжлийн нүдээр хараад  шүүлтүүрээр оруулаад Үндсэн хууль зөрчсөн гэж хараад тэрийг нь шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд өгөөд тухайн хуулийн алдааг нь засах ийм тохиолдлууд гарч байсан. Энэ бол одоо их бага тохиолдож байгаа тохиолдлуудын нэг. Харин зүгээр мэдээлэл гаргаад улс төржих нөхцөл бүрдээд, тухайлбал, хэн нэгэн албан тушаалтныг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар мэдээллийг гол төлөв иргэдээс гардаг. Тэгэхээр манай улсад энэ мэдээллийн тоо бол их байдаг. Би гэхдээ яг одоо тоог хэлж мэдэхгүй байна. Үндсэн хуулийн цэц дээр бол энэ тоо бэлхнээ байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр энэ арга хэрэгсэл эдүгээ цагт болбол өөрийнхөө эерэг нөлөөг үзүүлээд, одоо бараг шаардлагагүй болж байгаа гэж үзэж болохоор байгаа. Тэгээд энэ хуулийн төсөлд хэрвээ боломжтой бол аль болох хязгаарлах, ийм арга замыг хайвал зүгээр. Одоо жишээлбэл, хүний эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хэрвээ тэр байгууллага магадгүй 3, 4 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулсан бол тэр байгууллага тухайн гомдолтой байгаа иргэдийн өмнөөс Үндсэн хуулийн цэцэд хандаад мэдээлэл гаргадаг бол тэр хүний эрхийг хамгаалах явдалд болбол илүү хувь нэмэртэй байж болохоор байгаа юм. Гэхдээ яах энэ хуулийн төсөлд төрийн бус байгууллага яг одоогийн байдлаар байхгүй байна. Нийтийн ашиг сонирхлын өмнөөс мэдээлэл гаргахаар орсон байна. Надад юу гэж төсөөлөгдөж байна гэхээр, ямар ч хүн мэдээллээ нийтийн ашиг сонирхлын төлөө гаргасан  гэж хэлнэ. Ямар ч хүн өөрийгөө нийтийн ашиг сонирхлын төлөө гаргасан гэж нотлохыг оролдоно гэж би бодож байна. Тийм учраас мэдээлэл энэ арга хэрэгсэл одоо хүчин төгөлдөр байгаа хуульд байгаатайгаа бараг адилхан үлдсэн. Тэгээд яах вэ зарим шийдвэрт хугацаа заасан байгаа ш дээ. Өөрөө хэлбэл энэ хугацааны хүрээнд л тухайн шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн цэцэд гандаж болохоор заасан байгаа. Хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар мэдээлэл гаргах тал дээр харин хугацаа байхгүй, хуулийн төсөлд хугацаа харагдаагүй.

Т.Алтангэрэл: Хүний эрхийг бодитой хамгаалах чиглэлээр хийгдэх гэж байгаа чухал реформын талаар бид хоёр өнөөдөр ярилаа. Өндөр ач холбогдолтой ийм сэдвийг тантай ярилцах маш таатай байлаа. Маш сайхан дэлгэрэнгүй, туршлага болон судалгааны үндэслэлтэйгээр үнэтэй зөвлөгөөгөөр санал тайлбар өгсөн танд их баярлалаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Ц.Сарантуяа: Баярлалаа. Үндсэн хуулийн цэц, цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөл маш их тийм эерэг утга агуулгыг илэрхийлж байгаа гэдгийг дахиж нэг цохон тэмдэглэх нь зүйтэй байх. Энэ эерэг утга агуулга хэдийд утга төгөлдөр бүрэн хэрэгжих боломжтой болох вэ гэхээр энд байгаа заалтууд хийдэлгүй, өөр хоорондоо зөрчилгүй байх юм бол, тэгээд хэрэгжих боломжтой байх юм бол энэ тал дээр мэдээж энэ хаврын чуулганы үеэр бас эргэж ярьж ажлын хэсгийнхэнд санал бодлоо солилцож, хийдэлгүй болгох талаас нь анхаарал хандуулна аа гэж би найдаж байна. Та бүхэнд урьж оролцуулсанд баярлалаа. Саяны миний энэ тайлбар хэтэрхий дэлгэрэнгүй болсон бол уучлаарай. Та бүхэнд бас амжилт хүсье. 

Бичвэрт буулгасан: О.Дарханболд (LL.M)