Бүтээлийн нэр
Сонгуулийн тогтолцоо ба Хөгжлийн бодлого
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Сонгуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү өгүүллээр сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход Монгол Улсын Үндсэн хууль, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг судалж, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын сонгуулийн тогтолцооны талаарх үзэл санаа тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан эсэх, уялдаа холбоотой эсэх, хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгааг тодорхойлж, санал дэвшүүлэхийг зорьлоо. Монгол Улсын Үндсэн хуульд “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх”, “шууд буюу төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх”-ийн тухай онцолж заасан нь сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм. Харин УИХ-аас 2020 онд баталсан “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого”-д төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоог бүрдүүлж, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлж, иргэд-сонгогчдын хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлжээ. Өнгөрсөн гучин жилийн байдлаас үзэхэд Монгол Улсад сонгуулийн тогтолцоо 1992 оноос хойш хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Тухайлбал, бусад нэр дэвшигчээс харьцангуй олон санал авсан нэр дэвшигч сонгогддог олонхын тогтолцоог 2012 он хүртэл ашиглаж ирэв. Олонхын тогтолцооны хувилбаруудын дотор 1992 онд олон мандаттай тойрог, 1996, 2000, 2004 онд нэг мандаттай тойргийн зохион байгуулалтыг ашигласан бол 2008 онд эргээд олон мандаттай тойрогт шилжсэн.
2011 онд сонгуулийн шинэ хууль батлагдаж, олонхын ба хувь тэнцүүлсэн системийн 48:28 гэсэн харьцаа бүхий холимог тогтолцоог нэвтрүүлсэн. Улсын Их Хурлын 76 суудлын 48-д нэр дэвшигчид тойрогт өрсөлдөж, үлдсэн 28 суудалд улс төрийн намууд өрсөлдсөн юм. Сонгуулийн шинэ хуулиар улс төрийн нам суудал авахын тулд улсын хэмжээнд нийт саналын 5 хувийг авсан байхаар заасан. УИХ-ын 2016 оны сонгууль ч Сонгуулийн тухай хуулийн дагуу пропорционал буюу хосолсон тогтолцоогоор явагдах байсан боловч Үндсэн хууль зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тул Сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн. Тиймээс УИХ-ын 2016 оны сонгуулийг нэг мандаттай тойрог бүхий мажоритар тогтолцоогоор явуулж, хүрсэн түвшнээсээ ухарсан алхам болсон гэж дүгнэжээ.
Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого”-ын “төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх” зорилтын хүрээнд сонгуулийн цикл болон улс төрийн тогтворгүй байдлаас хамаарч Засгийн газрын үйл ажиллагааны бодлого, чиглэл ойр ойрхон өөрчлөгдөж, хоорондоо уялдаа холбоогүй бодлогын баримт бичгүүд хэт олширсон зэрэг нь хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт үр дүн муу болоход голлох нөлөөг үзүүлжээ. Өнгөрсөн 28 жилд Засгийн газруудын ажилласан дундаж хугацаа ердөө 1.5 жил байсан нь төрийн бодлогын залгамж чанарт сөргөөр нөлөөлөх хамгийн гол шалтгаан болжээ.
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүд Үндсэн хуулийн үзэл баримтлалтай хэрхэн уялдаж буйг судалж дүгнэлт хийв. Үндсэн хуулийн засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх суурь үзэл баримтлалын үзэл санаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ерөнхий байдлаар тусгагдсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн шууд буюу төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох үзэл баримтлалын хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ерөнхийдөө тусгагджээ. Улс төрийн нам, тэдгээрийн удирдах байгууллага, дарга нарын гаргаж буй шийдвэр улсын улс төрийн тогтвортой байдалд нөлөө үзүүлдэг. Сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвсэл нь мөрийн хөтөлбөрөө хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлдэггүй байна. Экспертийн судалгаанаас үзэхэд, Монгол Улсын Үндсэн хуулийн сонгуулийн тогтолцооны талаарх үзэл санаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгалаа олж, ерөнхий байдлаар уялдсан боловч хэрэгжилт нь төдийлөн хангалтгүй байна.
Тогтвортой хөгжлийг хангахын тулд ухаалаг засаглал түүний дотор эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх нь Монгол Улсын хувьд чухал асуудал. Өнөөгийн байдлаар сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт муу, хэрэгжилтэд нь тавих хяналт сул байна. Төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдэж, иргэдийн улс төрийн боловсрол дээшлэн, иргэд, сонгогчдын хариуцлага сайжирах, улс төрийн намуудыг улс орныхоо төлөө бодлогын нам болгох нийгэм, улс төрийн соёлыг төлөвшүүлэх нь нэн чухал. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эдгээр зорилтуудыг амжилттай хэрэгжүүлвэл 2030 онд эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэртэй байдал, түүнд тавих хяналтыг оновчтой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тогтвортой, хяналттай засаглалыг төлөвшүүлэх зорилт хангагдана.
Түлхүүр үг
Сонгуулийн тогтолцоо, хөгжлийн үзэл баримтлал, урт хугацааны хөгжлийн бодлого, хөгжлийн бодлого
Бичигдсэн огноо
2020-06-30
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-02-07
Товч мэдээлэл үзсэн
1636
Бүрэн эхээр нь үзсэн
29
Эшлэлийн тоо
10
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Сонгуулийн тогтолцоо ба Хөгжлийн бодлого” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1491
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] УИХ, Д.Банзрагч, Ц.Намсрай, МУҮХЦэцийн дүгнэлт 5, УБ.,2016.04.22

[2] УИХ, Д.Банзрагч, Ц.Намсрай, МУҮХЦэцийн дүгнэлт 5, УБ.,2016.04.22

[3] “Compilation of Venice Commission Opinions Concerning Constitutional and Legal Provisions for the Protection of Local Self-Government” (European Comission for Democracy Through Law (Venice Commission), 2015), 13

[4] Монгол Улсын Үндсэн хууль.УБ.,1992

[5] Улсын Их Хурал (УИХ), Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ.УБ.,2016.142 дахь тал

[6] Үндэсний хөгжлийн газар, НҮБХХ, Монгол Улсын хөгжлийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, уялдаанд хийсэн дүн шинжилгээ (тайлан I), Улаанбаатар хот, 2018, 5,6 дахь тал

[7] ШУА-ийн Философийн хүрээлэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субъектив хүчин зүйлсийн шинжилгээ.УБ.,2019.290 дэх тал

[8] Үндэсний хөгжлийн газар, НҮБХХ, Монгол Улсын хөгжлийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, уялдаанд хийсэн дүн шинжилгээ (тайлан I), УБ.,2018.13 дахь тал

[9] ШУА-ийн Философийн хүрээлэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субъектив хүчин зүйлсийн шинжилгээ.УБ.,2019.291 дэх тал

[10] ШУА-ийн Философийн хүрээлэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субъектив хүчин зүйлсийн шинжилгээ.УБ.,2019.296 дахь тал