Бүтээлийн нэр
Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилсан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” нь олон улсын эрүүгийн процессын ололттой талыг тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэвчилж, оролцогч нарт хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх, цаг хугацаа, зардлыг хэмнэх болон хуульчид, төрийн байгууллагын ачааллыг бууруулах ач холбогдолтой тусгай журмыг тогтоожээ.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь манай улсад шинэ төрлийн ойлголт биш бөгөөд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар бүлэгт энэ төрлийн зохицуулалтыг хуульчилсан байжээ. Энэхүү ажиллагааны онцлог нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах боломжийг олгож, ажлын ачааллыг буруулдаг давуу талтай хэдий ч төрийн байгууллагын бүтэц, орон тооноос шалтгаалсан асуудлыг эрх зүйн хэм хэмжээнд тусгах нь шударга ёсонд нийцэхгүй билээ.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өргөн практик бүхий Америкийн Нэгдсэн Улсын тухайд нийт хэргийн 90 хувь нь шүүн таслах ажиллагаанаас бус шүүхийн хэлэлцээрээр, ял наймаалцах хүрээнд шийдвэрлэдэг байна .
Манай улсын тухайд 2022 оны байдлаар анхан шатны шүүхээс 12759 хэргийг хянан шийдвэрлэснээс 9130 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ . Энэхүү тоон мэдээллээс дүгнэхэд манай улсын хэмжээнд эрүүгийн хэргийн ихэнх буюу нийт хэргийн 70.5 хувийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байх ба энэхүү тусгай журмаар хянан шийдвэрлэх практик тогтсоныг илтгэх ажээ.
Гэвч энэхүү нь ажиллагаа нь эрүүгийн хариуцлагын гол зорилгыг гажуудуулж яллагдагчид өөрт оногдох ялыг сонгох, прокурор, мөрдөгчийн зүгээс гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх талаар ятгах, ял наймаалцах зэрэг үүргийг оногдуулснаар хууль ёсыг баримталж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох эрх бүхий прокурорыг ялын наймаачин болгон хувиргаж байна.
Мөн гэм буруугаа нэгэнтээ ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн хүн зайлшгүй ял тохиролцох чадаагүй тохиолдолд тусгай журмаар өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжгүй болж, зөвхөн Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд найдахаас өөр ямар нэгэн эрхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хуульчлагджээ.
Эрүүгийн хариуцлагад үндсэн зорилго, шинж чанар бий ч онцгой тохиолдолд буюу гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, нийгмийн аюулын шинж чанар арилж, тухайн хүн сайн дураа эрүүгийн хариуцлагын зорилгыг биелүүлсэн тохиолдолд түүнд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах зүйтэй.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн , 8 жилээс доош хорих ялтай буюу хөнгөн гэмт хэрэгт ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар заасан нь эрүүгийн хариуцлагын урьдчилан сэргийлэх чиг үүргийг алдагдуулж, зөвхөн хэргийг шийдвэрлэдэг механизмыг бий болгосон байна.
Учир нь эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хүлээдгийн хувьд дахин гэмт хэрэг үйлдсэн буюу нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийсээр байгаа хүнд илүү хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнийг нийгэмшүүлж, хүмүүжүүлэхэд чиглэгдэх учиртай. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд энэ төрлийн зохицуулалт байхгүй бөгөөд зөвхөн прокурор, шүүгчийн дотоод итгэлээс шалтгаалж байна.
Хэдий Эрүүгийн хуульд давтан гэмт хэрэг үйлдэх гэх ойлголт байхгүй болсон ч түүний зорилгыг практикт хэрэгжүүлэх процессын эрх зүйн хэм хэмжээнд энэ талаар тусгах нь зүйтэй юм.
Мөн нэгэнт гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн хүн прокурортой ял тохиролцоогүй бол хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж чадахгүйд хүрч эрх зүйн байдал нь доордох эрсдэлийг үүсгэх ба ял тохиролцоно гэдэг нь нийтийн эрх зүйн хэм хэмжээнд эрүүгийн хуулиар тогтоосон ялыг зөвшилцөн наймаалцаж, яллагдагч, шүүгдэгч өөрт ашигтай эрүүгийн хариуцлагыг сонгосноор эрүүгийн хариуцлагын мөн чанарыг алдагдуулж, төрийн байгууллагуудыг зөвхөн хэргийн түргэн шуурхайгаар шийдвэрлэж, ажлын ачааллыг бууруулахад чиглэсэн тусгай журам болжээ.
Иймд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг улам бүр боловсронгуй болгон эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг доордуулахгүй байх боломжийг эрэлхийлэх шаардлагатай байна.
Түлхүүр үг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, сэжигтэн, яллагдагч, гэмт хэрэг, ял, эрүүгийн хариуцлага, хялбаршуулсан журам, тусгай журам, гэм буруу, сайн дураар гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, прокурор,
Бичигдсэн огноо
2023-02-16
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-03-16
Товч мэдээлэл үзсэн
2285
Бүрэн эхээр нь үзсэн
76
Эшлэлийн тоо
18
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Дашням “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудал” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1525
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Шударга ёс сэтгүүл. 2020 он. №19. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний ач холбогдол. Б.Тэмүүжин. 29 дүгээр тал.

[2] https://shuukh.mn/

[3] Эрүүгийн хууль. 6.5 дугаар зүйл. 2015 он.

[4] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 17.1 дүгээр зүйл 1 дэх хэсэг. 2017 он.

[5] Хүний эрхийн түгээмэл тунхаглал. 11 дүгээр зүйл. 1948 он.

  Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт. 14 дүгээр зүйл. 1966 он.

[6] Монгол Улсын Үндсэн хууль. 16.14 дүгээр зүйл. 1992 он.

[7] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туахй хуулийн 17 дугаар бүлэг.

[8] Эрүүгийн байцаан шийтгэх хууль. 48 дугаар бүлэг. 2002 он.

[9] https://www.britannica.com/topic/plea-bargaining

[10] Д.Нямбат, Б.Өнөрмаа, Ш.Баасандорж. Гадаад орны прокурорын байгууллаганы бүтэц, чиг үүргийн талаар харьцуулсан судалгаа. 2022 он. УБ.

[11] https://www.law.cornell.edu/wex/plea_bargain

[12] https://namu.wiki/w/%EC%82%AC%EB%B2%95%EA%B1%B0%EB%9E%98

[13] Шүүх эрх мэдэл сэтгүүл. 2016 он. №2.

[14] Шүүх эрх мэдэл сэтгүүл. 2016 он. №2.

[15] Эрүүгийн хууль. 5.1 дүгээр зүйл. 2015 он.

[16] Б.Галдаа. Эрүүгийн эрх зүй. Ерөнхий анги. Тусгай анги. 2021 он. УБ.

[17] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 17.1 дүгээр зүйл. 5 дахь хэсэг.

[18] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 17.3 дугаар зүйл. 2 дахь хэсэг.