Бүтээлийн нэр
Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгагдах онцлог
Тэмдэглэл
Шүүх эрх мэдэл сэтгүүлийн 2020 оны 3 дугаарт нийтлэгдсэн
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Иргэний процессын эрх зүй, Арилжаа & Бизнесийн эрх зүй
Бүтээлийн товч
Улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд дампуурлын эрх зүйн орчин чухал үүрэг гүйцэтгэнэ. Иргэд, хуулийн этгээдийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаа олон шалтгаан, хүчин зүйлийн улмаас амжилтгүй болох бөгөөд энэ нь дан ганц тухайн этгээдийн “бүтэлгүйтэл” байгаад зогсохгүй түүнтэй бизнесийн тогтмол харилцаатай байсан бусад иргэд, хуулийн этгээдийн бизнесийн хэвийн байдал, түүнд ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан олон арван ажилтан, албан хаагчдын өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлдөг. Ийм ч учраас дампуурлын харилцааг хэн нэгэн хувь хүн, хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн асуудал гэхээс илүүтэй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах хүчин зүйл гэж үзэн зохицуулах хандлага хүчтэй болжээ. Өөрөөр хэлбэл дампуурлын үр дүнд аль нэг этгээдийг өрөөс чөлөөлж дахин аж ахуй эрхлэх боломж олгохоос илүүтэй харин эдгээр этгээдтэй шударга итгэл үнэмшлээр хамтран ажиллаж байсан бусад этгээдийн эрх ашиг, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь эн тэргүүний зорилго болжээ. Энэ ч агуулгаар гадны улс орнууд хууль тогтоомжоо дампуурлын тухай (bankruptcy) бус харин төлбөрийн чадваргүйдлийн тухай (insolvency) гэх агуулгаар нэрлэх болжээ.

Монгол Улсын хувьд дампуурлын хэрэг, маргаан бусад төрлийн иргэн, худалдааны эрх зүйн маргаантай харьцуулбал харьцангуй цөөн тоогоор, гол төлөв жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн хүрээнд гарч байна. Улс даяар сүүлийн 3 жилд хянан шийдвэрлэгдсэн иргэний хэргийн судалгаанаас үзвэл Дампуурлын тухай хуулиар 2015 онд 16, 2016 онд 10, 2017 онд 28 хэрэг хянан шийдвэрлэгджээ. Энэ нь нийт хэрэгт эзлэх хувиараа 0.2 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт байх боловч 2017 оны тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулбал 180 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байна.

2017 оны сүүлийн хагас болон энэ оны эхний хагаст Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт 3 дампуурлын хэрэг хянан шийдвэрлэгдсэн бөгөөд эдгээр нь 2-25 хүртэлх тооны нэхэмжлэгчтэй, 1-ээс бусдад нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх санал ирүүлээгүй, 1 хэрэг нь хуваарилагдах хөрөнгө огт үлдээгүйн улмаас дампуурлын ажиллагааны зардлаас нэг ч төгрөгийг нөхөн төлөх боломжгүй нь тогтоогдсон хэргүүд байв. Хэдийгээр Монгол Улсад шийдэгдэж буй дампуурлын хэргүүд цар хүрээ, хуваарилах хөрөнгө бага, эсхүл дундаж хэмжээтэйн зэрэгцээ бусад хэрэг маргаанаас цөөн байгаа боловч энэ нь 1997 онд баталсан Дампуурлын тухай хууль хангалттай зохицуулалт бүхий гэх үндэслэл биш юм. Тодруулбал дампуурлын хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад хөндөгддөг олон талт харилцаанаас цөөн хэсгийг өнгөц төдий дурдсан, ихэнх хэсгийг огт зохицуулаагүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн дүрмээс ялгаатай зохицуулалт шаардах хэсэгт энэ хуулийг хэрэглэж байгаа нь Дампуурлын эрх зүйн өнөөгийн орчныг системгүй, хийдэл ихтэй болгожээ.
Түлхүүр үг
дампуурал, дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа
Бичигдсэн огноо
2020-12-07
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-03-09
Товч мэдээлэл үзсэн
3568
Бүрэн эхээр нь үзсэн
133
Эшлэлийн тоо
14
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа “Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгагдах онцлог” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/884
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх