Бүтээлийн нэр
Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл
Бүтээлийн товч
Олон улсад шүүхээс гадуур маргаан шийдвэрлэх ажиллагаанд ADR буюу Alternative Dispute Resolution гэх нэршлийг хэрэглэдэг бөгөөд энэ нь шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн утгыг илэрхийлдэг байна. Дэлхийн хөгжиж буй орнуудад сүүлийн жилүүдэд шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд аливаа хэрэг, маргааныг дан ганц шүүхээр бус бусад уян хатан хийгээд зардал багатай аргаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хандлага хүчтэй дэлгэрч энэ талаарх хууль тогтоомж боловсронгуй болон хөгжиж байна. Эрх зүйн онолын үүднээс зөвхөн хуульд захирагдах, хуульд зааснаар маргааныг шийдвэрлэх позитивизмийн үзэл санаа нь эрх зүйн түүхэн хөгжлийн явцад дангаар ноёрхож чадаагүй. Үүнээс гадна маргааныг ёс зүйтэй, туршлагатай, олонд нэр хүндтэй хүн шийдвэрлэж болно гэсэн чөлөөт үзэл баримтлал амьдралын шаардлагаар бий болсон байна. Энэ үзэл санааны үргэлжлэл нь эвлэрүүлэн зуучлал, арбитр зэрэг шүүхийн бус арга юм .
Эвлэрүүлэн зуучлал нь эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар талууд хоорондын үүссэн маргааныг өөрсдийн хүсэл зоригийг нэгтгэн, эвийн журмаар харилцан буулт хийж шийдвэрлэж байгаа хэлбэр юм. Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино . Уг шүүхийн бус аргыг хэрэгжүүлэн шийдвэрлэснээр оролцогч талуудад эдийн засгийн хувьд хөрөнгө, мөнгө, цаг хугацааны хэмнэлттэй, сэтгэл санааны тааламжтай байдлаар хоорондын үүссэн маргаанаа хөндлөнгийн этгээдийн тусламжтайгаар шийдвэрлүүлэхээс гадна талууд хүсвэл эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан шүүхийн шийдвэрийн нэгэн адил баталгаажуулж, түүнчлэн албадан гүйцэтгүүлэх боломжтой юм . Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлж буй тохиолдолд талууд хугацаа хэмнэдэг. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоног байдаг бөгөөд сунгагдвал түүнээс ч урт хугацаанд үргэлжилдэг, харин эвлэрүүлэн зуучлагчид хандсан тохиолдолд 30 хоног, талууд идэвхитэй оролцсон бол үүнээс ч богино хугацаанд шийдвэрлэгдэнэ. Маргалдагч талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэргэд нүүр тулан уулзаж, маргааны талаар ярилцаж санал бодлоо хэлэх боломж шүүх дээр байснаас илүү чөлөөтэй, нээлттэй учраас зөв шийдэл гаргах илүү давуу талтай.Эвлэрүүлэн зуучлагч нь шударга ёс, талуудад тэгш хандах, төвийг сахисан байр суурьтай байх зарчимд нийцүүлэн ёс зүйн дүрмийг баримтлан, маргааны талуудын нууцыг чандлан хадгалж талуудад маргаанаа сайн дурын үндсэн дээр шийдвэрлэн, харилцан зөвшилцөхөд дэмжлэг үзүүлэхийг зорино . Эвлэрүүлэн зуучлал нь эрх зүйн маргааныг шийдэрлэх олон хувилбарт аргын онцлог нэгэн төрөл бөгөөд дэлхийн улс орнуудын үндэсний эрх зүйн тогтолцоонд чухал байр суурь эзлэх болжээ. Эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлэх нь мэргэжлийн шүүгч хэрэг маргааныг хууль ёсны хүрээнд шударгаар шийдвэрлэх үндсэн арга боловч маргаан шийдвэрлэх уламжлалт төрөлд хамаарч байна . Харин эвлэрүүлэн зуучлал нь маргааны талуудтай ашиг сонирхлын хамааралгүй бие даасан гуравдагч этгээд талуудын хүсэл зориг, идэвхитэй оролцоо, сайн дурын зөвшилцөлд үндэслэн талуудад харилцан ашигтай үр дүнг бий болгох зорилгоор хэрэгжүүлж байгаа хэрэглэхэд хялбар, уян хатан, хурдан шуурхай, зардал багатай маргаан шийдвэрлэх орчин үеийн үр дүнтэй арга юм.
Түлхүүр үг
Эвлэрүүлэн зуучлал, эвлэрлийн гэрээ, шүүхийн шийдвэр
Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний шийдвэр гүйцэтгэл
Бичигдсэн огноо
2018
Хуудсын тоо
18
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2021-04-08
Товч мэдээлэл үзсэн
174
Бүрэн эхээр нь үзсэн
25
Эшлэлийн тоо
27
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn