Бүтээлийн нэр
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТААС ҮҮССЭН ГЭМ ХОРЫГ АРИЛГАХ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХ СУДАЛГАА Шүүхийн шийдвэрт хийх хөндлөнгийн дүн шинжилгээ
Хамтран зохиогчид
Р.Пүрэвбаатар
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн.
Бүтээлийн хэлбэр
Эрх зүйн шүүмж, шүүхийн практик судлал
Бүтээлийн товч
Монгол Улсад зам тээврийн ослын улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах магадлал өндөр байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Иргэний эрх зүй дэх Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах зохицуулалт буюу Иргэний хуулийн 499-р зүйлийн дагуу шүүхээр хохирол нөхөн төлөхийг шаардах нэхэмжлэл цөөнгүй гарсан байна. Энэхүү зөрчил Улаанбаатар хотын хэмжээнд түгээмэл гарч байгаа бөгөөд иргэдэд учрах хохирол жил ирэх тутам нэмэгдсээр байгааг дараах тоон мэдээллүүдээс харах боломжтой.

2017 оны байдлаар техникийн хяналтын үзлэгт орсон нийт 536,399 автомашин байгаа бөгөөд эдгээрээс 280,000 гаруй нь Улаанбаатар хотод ашиглагдаж байна. Мөн 2017 оны байдлаар нийт 36,591 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 32,662 буюу 89.3 хувь нь Улаанбаатар хотын замд тохиолджээ3. 2018 оны зөвхөн эхний улиралд гэхэд нийт 7,568 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол өмнөх оныхоос даруй 84.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны байдлаар нийт 25,302 зам тээврийн осол гарсан нь өмнөх оныхоос 26.5 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт ослын 97.9 хувь нь жолоочийн гэм буруутай үйлдлээс болсон гэж үзжээ.

Манай улсад зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн хувьд урьдчилсан нөхцөл болон ерөнхий ба тусгай зохицуулалт хоорондын харилцан хамаарал бүрэн шийдвэрлэгдээгүй төдийгүй, тус эрх зүйн нөхцөл бүрийг тайлбарлах нь нэлээд хүндрэл, бэрхшээлтэй байдаг. Иргэний хуулийн 499-р зүйлийн хариуцлага хүлээлгэх урьдчилсан нөхцөлийн талаар харьцуулсан эрх зүйн төдийгүй, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ хийсэн судалгаа харьцангуй цөөн байгаа бөгөөд 499-р зүйлтэй холбоотойгоор “тээврийн хэрэгслийг эзэмшигч” гэж хэнийг ойлгох, түүний хүрээ хязгаарыг хэрхэн тодорхойлох, “тээврийн хэрэгслийг ашиглах явцад” гэдгийг хэрхэн ойлгох, онолын ямар хувилбарууд байж болох эсэх, жолоочийн хариуцлагыг хэрхэн
шийдвэрлэх эсэх гээд олон асуулт үүсэж болдог.

Гэм хорын эрх зүйн хариуцлага хүлээлгэх урьдчилсан нөхцөлийн талаарх онолыг авч үзвэл үндсэндээ (i) Гэм бурууг үндэслэн хариуцлага хүлээлгэх зарчим, (ii) Гэм буруугүйгээр хариуцлага хүлээлгэх зарчим (Англи-Америкийн эрх зүй дэх strict liability гэх ойлголтын хувьд “хатуу хариуцлагын зарчим” гэж орчуулагдан хэрэглэгдэж байна. Тус зарчмыг ч мөн адил гэм буруугүйгээр хариуцлага хүлээлгэх зарчмын нэг хувилбар гэж тайлбарладаг.), (iii) Холимог зарчим гэх мэт хэд хэдэн онолын хувилбар байх бөгөөд иргэний хуулийн 499-р зүйл нь гэм бурууг урьдчилсан нөхцөлийн хүрээнд тодорхойлдоггүйгээрээ гэм буруугүйгээр хариуцлага хүлээлгэх (гэм буруу гэх нөхцөлийг урьдчилсан нөхцөлийн бүрэлдэхүүнд хамааруулдаггүй) зарчимд тулгуурласан хэм хэмжээ болно.

Энэхүү гэм буруугүйгээр хариуцлага хүлээлгэх зарчимтай холбоотойгоор (i) Аюултай эд зүйлийн эзэмшигч, өмчлөгчид хүлээлгэх хариуцлага, (ii) Аюултай эд зүйлийг ашиглан ашиг орлого олж буй этгээдэд хариуцлага хүлээлгэх зэрэг онолын ойлголтууд үүсэж хөгжсөн байна.

Тухайлбал, “тээврийн хэрэгслийг эзэмшигч” гэх ойлголтыг түүхэн үүднээс нь тайлбарлахад Иргэний хуулийн 501-р зүйл дэх “амьтныг эзэмшигч” гэх ойлголтоос бий болсон гэх тайлбар байх бөгөөд түүнчлэн зарим тохиолдолд Иргэний хуулийн 498-р зүйлийн зарим онолыг ч ашиглах боломжтой гэж зарим улс оронд тайлбарлаж байна.

Иймд тус судалгаагаар иргэний хуулийн 499-р зүйлийн талаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, үр дүнд нь тулгуурлан харьцуулсан эрх зүйн судалгаа хийхийг зорилоо.
Түлхүүр үг
Гэм хор, эрх зүй хариуцлага, тээврийн хэрэгслийн эзэмшигч, тээврийн хэрэгслийн ашиглалт, жолоочийн гэм буруу
Бичигдсэн огноо
2020
Хуудсын тоо
72
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2021-05-15
Товч мэдээлэл үзсэн
87
Бүрэн эхээр нь үзсэн
14
Эшлэлийн тоо
42
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn