АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбүргийн үнэт өв буюу легаси

1 year ago

Саяхан АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбүрг насан эцэслэж, тус улсын ард иргэд төдийгүй дэлхий даяар олон улс орон энэ гавьяат хүний араас ихэд гашуудав. Шүүгч, хуульч энэ эмэгтэйн тууштай тэмцэл, ажил, амьдрал нь яах аргагүй Америкчуудын эрх чөлөө, тэгш эрхийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Учир нь түүнийг ард түмэн баатар мэт үдлээ. Гинзбүргийн тухай маш их мэдээлэл, кино хүртэл бүтээгдсэн тул хувийн амьдралынх нь талаар энд өгүүлж нуршихгүйгээр хууль зүйн салбарт, иргэдийн амьдралд бүтээж бий болгосон өөрчлөлтийн талаар товч өгүүлье.

“Жинхэнэ мэргэжилтэн хүн зөвхөн өөрийнхөө төлөө бус бусдын аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө амьдралаа зориулах нь утга учиртай.”

Түүний шинээр гаргасан зам, шинэчилсэн үйл хэрэг бол яах аргагүй эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх насан туршийн, тууштай тэмцэл байлаа.

Ээж нь түүнийг хоёр зүйлд сургасан гэдэг. Нэгд, эмэгтэй хүн байх, хоёрт, бие даасан байх. Тэр үеийн эмэгтэйчүүдэд хууль, эрх зүй сурах нь маш ховор үзэгдэл байсан хэдий ч тэрээр эрчүүд давамгайлсан сургуульд гялалзсан амжилтыг гаргаж чадсан. Гэвч эмэгтэй хүнийг ажилд авах хүсэлтэй байгууллага байсангүй.

Өөрийнхөө хүйсээс болж ялгавартай хандлагыг хар залуугаасаа амсаж, дуртай ажилдаа орох боломжгүй, эрчүүдээс бага цалин авдаг байлаа. Энэ цагаас эхлэн Гинзбүрг хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэл эхлүүлж, өөрөө манлайлан бусад эмэгтэйчүүдийг татан оролцуулж, хуульчийн хувьд хохирсон иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, өмгөөлж байлаа. Тэр дундаас “Reed v Reed” гэх алдартай хэрэгт Нэгдсэн Улсын Дээд шүүх хүртэл явсан бөгөөд уг хэрэгт Айдахо мужийн хууль нь Үндсэн хүйсийн тэгш эрхийн хамгаалалтыг хязгаарлаж байна гэж үзэн хүчингүй болгуулжээ. Өвийг шилжүүлэхэд эрэгтэй хүн зохицуулах давуу эрхтэй байсныг ийнхүү өөрчилсөн түүхтэй.

“Frontiero v Richardson”-ын хэрэгт Гинзбүрг мөн л Нэгдсэн Улсын Дээд шүүх хүртэл зүтгэхдээ асуудлыг шийдвэрлэхэд хүйсийн тэгш эрхийг хангасан эсэх дээр стандарт маягийн тест хэрэглэж байх талаар өмгөөлж байв. Гинзбүрг өмгөөлөгчийн хувьд гайхагддаг байсан нь тэрээр онцгой ой санамжтай, хуулийн зүйл, заалт, жишиг хэргийн талаар шууд хэлдэг нэгэн байжээ.

“Weinberger v Wiesenfeld”-ийн хэрэгт эрэгтэйчүүд мөн хүйсээр ялгаварлагдаж, нийгмийн халамжийг хүртэж байгааг засахаар өмгөөлөл хийсэн нь мөн амжилттай болж байв. Үүний дараагаар ажлын байран дахь жирэмсэн эхчүүдийг ялгаварлан гадуурхаж буйтай тэмцэл өрнүүлж, Конгрессийн гишүүдэд нөлөөлж, тайлан мэдээлсээр 1978 онд “Жирэмсэн эхчүүдийг гадуурхлын эсрэг хууль” батлуулж чадсан. Үүнээс хойш нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд хүүхдээ ажилдаа авчрах боломжтой болж, ажлын байрны дэргэд хүүхэд харах үйлчилгээ нэвтрэх болсон.

Түүнтэй хамт ажиллаж байсан хуульчид Гинзбүрг асуудлын мөн чанар руу орох, тодорхой бичих талаар тэдэнд их зөвлөдөг байсан, маш ухаалаг, уртай хуульч. Түүнчлэн хуулийн мөн чанарыг мэдэрч ойлгох суу авьяастай нэгэн гэж үнэлдэг.

Хэд хэдэн цуутай өмгөөллийн дараа тэрээр нэр хүндтэй болж, АНУ-ын давж заалдах шатны шүүгч болсон байдаг. Түүнээс хойш арван гурван жилийн дараа АНУ-ын Дээд шүүхийн шүүгч болсон хоёр дахь эмэгтэй шүүгчийн нэг байв.

27 жил улсынхаа Дээд шүүхийн шүүгчээр ажиллахдаа тус улс дахь тэгш эрхийг хангах талаар маш олон хэргийн түүхэн шийдвэрүүдийг гаргаж байсан бөгөөд үүнд боловсролын тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрх, иргэний бусад эрхүүдийг хамгаалж байжээ.

Хорт хавдрыг хоёр ч удаа давж гарсан, олон жил хүнд өвчинтэй тэмцсэн тэрээр турьхан жаахан ч үргэлж спортоор өөрийгөө чийрэгжүүлдэг нэгэн байв.

Т.Алтангэрэл