О.Мөнхсайхан: Нэр дэвшигчийн сонсгол Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэнэ гэж найдаж байна

1 year ago

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн нэр дэвшигчийн сонсголтой холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц (Цэц) ирэх Баасан гаригт хэлэлцэхээр болсон. Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн хүний хувьд Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Иргэн Ж.Баянмөнхийн гаргасан мэдээллийн дагуу Цэцийн гишүүн Г.Туулхүү 2022 оны долдугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хороо (ШСХ)-ны шүүгч бус гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг нийтийн сонсголд оруулахтай холбоотой хуулийн зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна лээ. Энэ маргааныг Цэц 2022 оны Арван нэгдүгээр сарын 4-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээ зарлажээ.

Цэцийн гишүүн Л.Туулхүү үүн дээр маргаан үүсгэж байгаад ихээхэн харамсаж байна. Гэхдээ, холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэнэ гэж найдаж байна. Учир нь, нэр дэвшигчийн сонсгол нь Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасны дагуу бий болсон зохицуулалт юм. Энэ журмаар нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлагыг хэр хангасан талаар иргэд болон парламентын гишүүд сонсголд шууд оролцож нэр дэвшигчээс асуух, саналаа хэлэх, ил тод хэлэлцэх форумыг бий болгосон.

Нэр дэвшигчийн сонсгол нь олон талын тэнцвэртэй оролцоо, баримт, судалгаанд үндэслэн нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан эсэх, зохих мэдлэг, чадвар, туршлага, мэргэшил, ёс зүйтэй эсэхийг хангалттай хугацаанд олон нийтэд танилцуулах, нээлттэй, ил тодоор хэлэлцэх; нэр дэвшигчийн болон тухайн байгууллагын хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах зорилгод үйлчилдэг. Ийм сонсгол нь АНУ, Их Британи, Өмнөд Солонгос зэрэг улсад байдаг шилдэг туршлага бөгөөд УИХ-ын эрх хэмжээний хүрээнд шийдэгдсэн асуудал юм.

-Мэдээлэл гаргагч ямар үндэслэл дэвшүүлсэн бэ?

-Мэдээлэлд Ж.Батмөнх гэж хүн олон зүйлийг холиод биччихсэн байгаа юм. Жишээлбэл, парламентын олонх, цөөнх, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг нь сонгон шалгаруулалт явуулж ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг УИХ-д санал болгодог.

Харин, ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч гишүүд УИХ-ын сонсголд ерөөсөө ордоггүй. Энэ хоёр байгууллагын шүүгч гишүүдийг Монгол Улсын нийт шүүгчийн чуулганаар шууд сонгодог бөгөөд эдгээр гишүүнд нэр дэвшигч ямар нэг байдлаар УИХ руу ордоггүй. Гэтэл, мэдээлэл гаргагч нь ШЕЗ-ийн болон ШСХ-ны бүх гишүүн УИХ дээр сонсголд оролцдог мэтээр алдаатай биччихсэн байна лээ. Мөн, нэр дэвшигчийн сонсгол нь ШЕЗ-ийн болон ШСХ-ны  бүрэн эрхэд халдаж байна гэж бичжээ. Сонсгол нь эдгээр байгууллага бүрэн эрхэд халдаагүй.

Сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигч нь ШЕЗ-ийн эсхүл ШСХ-ны гишүүнд хуулиар тавьсан шаардлагыг хангасан эсэхийг олон нийт, парламентын олонх, цөөнхийн гишүүдийн оролцоотойгоор ил тодоор шууд дамжуулж хэлэлцэх процесс юм. Сонсголоор томилох эсэх шийдвэр ерөөсөө гаргадаггүй, харин УИХ-ын хуралдаанаар ийм шийдвэрийг гаргадаг. ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийг ямар журмаар томилохыг хуулиар тогтоох бүрэн эрхийг Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлээр УИХ-д өгсөн байдаг тул одоогийн хуулийн зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Үндсэн хуулиар УИХ-д олгосон эрх хэмжээний хүрээнд нэр дэвшигчийн сонсгол хуульчлагдсан.

Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгч, Дээд шүүхээс санал оруулж, нэр дэвшигчийг сонсголд оруулж байгаа нь Ерөнхийлөгч, Дээд шүүхийн нэр дэвшүүлэх бүрэн эрхэд халдаж, Цэцийн гишүүний хараат бус байдалд нөлөөлж байна гэсэн зүйлийг иргэний мэдээлэлд бичсэн байна. Гэтэл, Ерөнхийлөгч болон Дээд шүүх Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх бүрэн эрх нь одоо ч хэвээр байгаа. Эдгээр хоёр субъектээс нэр дэвшүүлсэн хүн шаардлага хангасан эсэхийг хэлэлцээд томилох бүрэн эрх нь УИХ-д өмнө ч байсан, одоо ч байгаа.

Нэр дэвшигчийн сонсгол гэдэг нь Ерөнхийлөгчөөс болон Дээд шүүхээс санал болгосон нэр дэвшигч Үндсэн хуульд заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг хангаж буй эсэхийг хангалттай хугацаагаар олон нийтийн оролцоо, мэдээлэлтэйгээр УИХ хэлэлцэх л процесс юм. Сонсгол бол томилохын өмнө тэр хүн шаардлага хангасан эсэхийг нь л мэдэхийн хэлэлцүүлэг. Санал болгосон нэр дэвшигч Цэцэд томилогдсоны дараа УИХ болоод аливаа этгээд Цэцийн гишүүний хараат бус байдалд нөлөөлөхийг Үндсэн хуулиар хориглосон. Иймээс, сонсгол нь Ерөнхийлөгчийн болон Дээд шүүхийн нэр дэвшигчийг санал болгох бүрэн эрхэд халдаагүй зүйл.

Өмнө нь ч, одоо ч Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг дэмжих эсэхээр УИХ-д ямар ч санал хураахгүй. Харин томилогдох процесс өмнө нь богино хугацаанд, мэдээлэлгүй явдаг байсан бол ШЕЗ-ийн сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч нь хяналтын шатны шүүхийн шүүгчээр ажиллах өндөр түвшний мэдлэг, чадвар, туршлага, ёс зүйтэй эсэхийг нь мэдээлэлтэйгээр ил тод хэлэлцэж танилцах процесс.

-Цэц, ШЕЗ, ШСХ, Дээд шүүхэд нэр дэвшигчийн томилгоонд урьд нь ямар гажиг гардаг байсан юм бэ? Яагаад нэр дэвшигчийн сонсголыг хуульчилсан талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүн, Дээд шүүхэд нэр дэвшигчийн томилгоо маш богино хугацаанд, хаалттай, тал талын мэдээлэл, оролцоогүй явж ирсэн. Үүнээс болж мэргэжлийн шаардлага хангаагүй эсвэл хараат бусаар, шударгаар ажиллах ёс зүйн шаардлага хангаагүй хүмүүс заримдаа томилогдох шалтгаан болж байсан. Тухайлбал, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Цэцэд нийт 38 хүн томилогдсон байдаг бөгөөд үүнд манай улсын тэргүүлэх мундаг хуульчид, хууль зүйн эрдэмтэд олноор томилогдож байсан. Гэвч, эдгээр 38 хүний тав нь эрх зүйч мэргэжил эзэмшээгүй хүн байсан. Мөн, эрх зүйч мэргэжлээр сурсан ч тухайн чиглэлээр сүүлийн 10, 20 жил нь ажиллаагүй зарим хүн Цэц рүү заримдаа томилогдож байв. Ийм хүмүүсийг Цэцэд томилж байсан нь Цэц Үндсэн хуулийг чандлан сахих баталгаа байх үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйн шалтгааны нэг болсон.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл 2018 оны тавдугаар сарын 18-нд тухайн үеийн Ерөнхийлөгч гурван хүнийг Цэцэд нэр дэвшүүлсэн байдаг. Энэ мэдээлэл ил  болохгүй байж байгаад тавдугаар сарын 21-нд ийм хүмүүс нэр дэвшсэн байна гэдгийг олон нийт мэдсэн. Дараа нь, Байнгын хорооны хуралдаанаар орж мөн оны тавдугаар сарын 24-ны өдөр тэдгээр гурван хүнийг УИХ-аас нэр дэвшүүлсэн нэг хүний хамтаар томилж байсан. Өөрөөр хэлбэл, гурав хүрэхгүй өдрийн дотор томилчихсон. Тухайн үед Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн гурван хүний намтрыг нь хайгаад ч олоогүй, Цэцийн гишүүнд тавих шаардлага хангасан эсэх мэдээлэл нь байхгүй, их богино хугацаанд томилж байсан.

Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн гурван хүн гурвуулаа хууль зүйн өндөр мэргэшилтэй байх хангаагүй гэж маш олон судлаач, хуульчид байр сууриа илэрхийлж байсан нь үндэслэлтэй байсан. Жишээлбэл, эдгээр хүмүүс нь эрх зүйч мэргэжлийн ажлын хангалттай туршлагагүй, мөн нэгийнх нь хувьд ёс зүйн өндөр шаардлага хангасан эсэх тун эргэлзээтэй байсан. Нөгөө талаас УИХ-ын гишүүдэд мэдээлэлтэй шийдвэр гаргах боломж олгоогүй. Иймэрхүү томилгоонууд хийгдэж болоод байсан гол шалтгаан нь ерөөсөө ил тод биш, маш богино хугацаанд иргэдийн оролцоогүй, парламентын олонх цөөнхийн төлөөлөл ил тодоор хэлэх боломж олгодоггүй томилгоонууд хийгдэж байсан.

Мэдээлэлд дурдагдсан бусад байгууллагад нэр дэвшигчийн хувьд ч адил. ШЕЗ-ийн болон  ШСХ (тухайн үед Шүүхийн ёс зүйн хороо)-ны гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилохын өмнө олон нийтийн өмнө ил тодоор хэлэлцдэггүй байсан. Эдгээр байгууллагад олон мундаг хуульч, эрх зүйч томилогдож байсан ч заримдаа хууль зүйн мэдлэг, чадвар, туршлагын хувьд шаардлага хангаагүй, эсвэл ёс зүйн хувьд маш ноцтой асуудалтай хүмүүсийг томилсон тохиолдол гарч байсан. Жишээлбэл, шүүгчийн шалгалт авдаг байсан Шүүхийн мэргэшлийн хорооны нэгэн гишүүн Дээд шүүхийн орон тоо зарлагдангуут өөрөө нэр дэвшиж шалгалт өгч томилогдсон нь шүүгчийн сонгон шалгаруулалтад итгэх итгэлийг унагасан. Дүгнэж хэлбэл, Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх, шүүгчийг хуульчдаас шилж олох, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах, хэрэг, маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх эрх бүхий эдгээр байгууллагад шаардлага хангаагүй томилгооны асуудал заримдаа гарч байсан. Энэ бүхнийг өөрчлөх том шинэчлэл нь хоёр гурван жил боловсруулагдаж хийгдсэн.

Өөрөөр хэлбэл, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ баталсан. Энэ хуулиар саяны дурдсан дутагдалтай талуудыг шийдвэрлэхийг зорьж нэр дэвшигчийн сонсголыг бий болгосон.

-Тэгэхээр буцаад улс төрийн нөлөөтэй хүн томилох гэсэн санаагаар энэ мэдээллийг гаргажээ гэж дүгнэж болох уу. Та үүний ард хэн байгаа гэж хардаж байна?

-Энэ мэдээллийг өгсөн иргэн хэн бэ гэдгийг мэдэгдэхгүй. Үндсэн хуулийн маргаан биш хууль зүйн бодлогын асуудлаар маргаан үүсгэсэн явдалд иргэний хувьд ч, судлаачийн хувьд ч харамсаж байна. Нэр дэвшигчийн сонсголтой холбоотой үндэслэл бүхий болгоомжлол зарим хүнд байхыг үгүйсгэхгүй. Тэр хүмүүс энд яригдсан үндэслэлүүдийг тунгааж үзэх болов уу гэж найдаж байна.

-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар нэр дэвшигчийн сонсголтой холбоотой яг ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Өмнөх шиг гурван өдрийн дотор бараг хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр томилдог байдлаас татгалзсан. Нэр дэвшигч сонсголд ороод томилогдоход доод тал нь 30 хоногийн буюу хангалттай хугацаанд хэлэлцэнэ. Тодруулбал, Дээд шүүхэд нэр дэвшигчийг ШЕЗ сонгон шалгаруулж, УИХ-д танилцуулдаг бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч томилдог.

Цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Дээд шүүх, гурвыг УИХ санал болгож, улмаар УИХ томилдог. Тал талын тэнцвэртэй төлөөлөл бүхий ажлын хэсэг нь ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулж санал болгодог. Эдгээр байгууллагад нэр дэвшигчдийг УИХ-д санал болгоход тэдгээр нь тодорхой маягтын дагуу тухайн албан тушаалд тавигдах мэдлэг, чадвар, ёс зүй, туршлагын шаардлагыг хэр сайн хангасан гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг авч, УИХ-ын цахим хуудаст болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг нь нийтэлдэг. Ингэсний дараа холбогдох байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг товлон зарлаж тогтмол давтамжтай нийтэд мэдээлдэг. Ингэж мэдээллийг нь байршуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд тухайн нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналыг цахим болон шуудангаар олон нийтээс хүлээж авдаг. Түүнчлэн, сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээд нь сонсгол явагдахаас ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө хүсэлтээ илгээж бүртгүүлнэ.

Мөн, мэргэжлийн холбоо, тухайн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид бүртгүүлж оролцох боломж бүрдсэн. Иргэдээс асуулт, санал хүлээж авах 14 хоногийн хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар хуульчилсан. УИХ-ын холбогдох байнгын хороо хараат бус шинжээчийг томилж, олон нийтээс ирсэн санал, асуултыг судлах, ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах, тухайн нэр дэвшигчийн ур чадвар, ёс зүй, туршлагын талаар дүгнэлт гаргах ажлыг энэ хугацаанд хийлгэж болно.

Өмнө нь сонсгол хийдэггүй байхад Байнгын хороо нь нэр дэвшигчийг нэр төдий хэлэлцсэн болоод өнгөрдөг байсан бол одоогийн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар дээр танилцуулсны дагуу хангалттай бэлтгэсний үндсэн дээр сонсгол хийж, тухайн нэр дэвшигчийг хангалттай хугацаанд хэлэлцэх боломжийг олгох, тал талын төлөөлөл, оролцоог хангаж явагдахаар хуулиар зохицуулагдсан. Эхлээд сонсгол даргалагч нь тухайн хэлэлцэж байгаа асуудал, нэр дэвшигчийн танилцуулгыг хийнэ.

Дараа нь, нэр дэвшигч нь тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд юу хийх, яагаад нэр дэвшиж байгаа, ямар боловсрол, ажлын туршлагатай, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаараа арван минутад багтаан танилцуулна. Тэгээд хараат бус шинжээч томилсон бол түүний дүгнэлтийг, сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан бол түүний тайланг сонсоно. Улмаар, иргэн, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, сэтгүүлч зэрэг сонсголын оролцогч нь тус бүр дөрвөн минутад нэр дэвшигчээс асуулт асуух боломжийг олгоно. Үүний дараа бичгээр ирсэн асуулт, саналыг танилцуулна.

Байнгын хорооны гишүүд олонх, цөөнхийн тэнцвэртэй оролцоотойгоор ээлжилж асууна. Энэ бүх асуулт, саналын талаар тухайн нэр дэвшигч өөрөө хариулж тайлбар өгнө. Асуулт, хариултын дараа сонсголд оролцогч иргэн, байгууллагын төлөөлөл, байнгын хорооны гишүүн нь нэр дэвшигчтэй холбоотой, тухайн шаардлагыг хангасан эсхүл хангаагүй талаарх үгээ таван минутад багтааж хэлнэ. Сонсголын энэ бүх ажиллагаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр шууд дамжуулагдана. Сонсгол дууссаны дараа тайлан гаргана. Тайланг байнгын хорооны болон УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Сонсгол гэдэг бол шийдвэр гаргах хуралдаан биш. УИХ-ын танилцах сонсголын дараа Дээд шүүхэд нэр дэвшигчийг Ерөнхийлөгч томилно. ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд болон Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг томилох эсэхийг байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэдэг. Энэ зохицуулалт өмнөхтэй адил хэвээрээ, харин сонсгол бол эрх бүхий этгээд мэдээлэлтэй шийдвэр гаргах боломж л олгож байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

https://ikon.mn/n/2pkt