Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарим сайн ба саар тал

1 year ago

Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, санал авч эхлээд байна.

Миний хувьд төслийн хамгийн их анхаарал татаж буй, бас хамгийн их анхаарал тавих хэсэг бол УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлын аль нь ч биш. Харин Үндсэн хуулийн цэц (Цэц)-ийг хүний эрхийн зөрчил, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэдэг болгох хэсэг юм.

Өнөөгийн эрх зүйн зохицуулалтаар Цэц нь иргэний үндсэн эрхийн тодорхой зөрчилтэй холбогдох маргааныг хүлээн авч хэлэлцэх боломж байдаггүй. Харин төсөлд Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана.” гэж өөрчлөн найруулахаар тусгажээ.

Энэ бол төслийн сайн тал нь. Гэхдээ бид сайн талын хажуугаар саар талыг тооцож үзэх ёстой. Шинэ Үндсэн хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Цэцийн гишүүний мэргэшсэн байдал, хараат бус байх асуудал хамгийн их маргаан дагуулсаар ирсэн. Одоогийн Цэцийн бүрэлдэхүүнд ч мэргэшсэн байх шаардлагыг хангахгүй хүмүүс ажиллаж байгааг хүмүүс ил тодоор хэлдэг, ярьдаг, бичдэг.

Өөрөөр хэлбэл, Цэц нь хүний эрхийн гомдлыг хэлэлцдэг байх юм бол тэнд мэргэшсэн хүмүүс, хараат бусаар ажилладаг байх гэсэн шаардлагыг зэрэгцүүлэн авч үзэх ёстой. Хэрэв ингэхгүйгээр  зүгээр л Цэцийг хүний эрхийн зөрчил, гомдлыг хэлэлцдэг болгочих юм бол нялх хүүхдэд мэс бариулсантай адил зүйл болох вий. Хэрэв үүнийг тооцоогүй бол энэ нь төслийн саар тал болно.

Одоогийн байдлаар Цэцийн гишүүдийг 6 жилийн хугацаагаар томилж байгаа бөгөөд хэдэн ч удаа улируулан томилж болдог. Энэ хүрээнд Цэцийн гишүүнээр 18, 26 жилээр ч ажиллах тохиолдол гарч байсан. Тэгвэл үүнийг хязгаарлаж, Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг 6 жил хэвээр нь байлгахын сацуу, нэгээс илүү удаа дахин томилохыг хориглох заалтыг төсөлд тусгасан байна. Энэ бол дэмжиж болох муугүй, дундаж хувилбар. Сайн хувилбар нь зөвхөн нэг удаа 9 эсвэл 12 жилээр томилох хувилбарууд байдаг.

Сайн хувилбарыг сонгож оруулж ирээгүй нь энэ асуудал дээр улс төрийн хүрээнд тодорхой хэмжээнд зөвшилцөл явагдсан гэдгийг харуулж байна. Учир нь Цэцийн гишүүнээр дахин томилох явдалд хязгаарлалт оруулах нь цөөнгүй хүний явцуу ашиг сонирхлыг хөндөж буй нь мэдээжийн хэрэг юм. Энд эрх баригч намын зориг, зүрх бага зэрэг дутаж байгаа бололтой. Тэгэхээр хэлэлцүүлгийн явцад Цэцийн гишүүнийг нэг удаа дахин томилох муугүй хувилбар маань хасагдах эрсдэл өндөр байна гэсэн үг. Үүнд бид хянамгай хандахгүй бол болохгүй нь ээ.

Дараагийн асуудал. Цэцийг хүний эрхийн зөрчил, гомдлыг хэлэлцдэг болгох гэж байгаа юм бол Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасны “улс төрийн өндөр мэргэшилтэй байх” гэснийг хасах шаардлагатай. Харин төсөлд энэ талаар тусгасан зүйл байхгүй байна.

Чухам Үндсэн хуулийн “улс төрийн өндөр мэргэшилтэй байх” гэсэн заалтыг иш үндэс болгож, үүгээр түрий барьж Цэцэд улс төрч, улс төрийн намд алба хашиж байсан хүнийг томилдог, бас томилогдохыг санаархдаг нь ил болсон зүйл билээ.  Нэг үгээр хэлбэл, улс төрч, улс төрийн намаар дагнаж ажилласан хүн Цэцийн гишүүнээр томилогдчихоод хүний эрхийн зөрчил, гомдлыг хэлэлцэж, шийдвэрлээд байж таарахгүй. Үндсэн хуулийн шүүх хүний эрхийн гомдол, зөрчлийг хүлээн авч шийдвэрлэх нэг нийтлэг шалгуур нь тухайн иргэн уг гомдлоо бүх шатны шүүхээр хянуулж, шийдвэрлүүлсэн байх явдал байдаг. Үүний дараа Үндсэн хуулийн шүүхэд хандана. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс хүний эрхийн зөрчил, гомдлыг хэлэлцээд гаргах шийдвэр нь бусад шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлөх нь тодорхой юм.

Улс төрийн хүрээний хүнийг Цэцийн гишүүнээр томилох явдлыг бүр мөсөн хязгаарлах асуудлыг энэ удаагийн төслөөр шийдвэрлэхээр тусгаагүй нь төслийн саар тал болж байна. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үүнийг зохицуулахыг зорьж байгаа боловч энэ бол найдвартай арга биш юм. Яагаад гэвэл, Үндсэн хуульд бусад хууль нийцсэн байх ёстой. Тэрийг Цэц шийднэ.

Сайн ба саар талыг бодолцож боловсруулсан төслийг л дэмжмээр байна.

 

Хуульч П.Баттулга