"Монголын Арбитрын Өдөр - 2023" арга хэмжээ боллоо

8 months ago

“Монголын Арбитрын өдөр-2023” олон улсын хуралд АНУ, ХБНГУ, БНХАУ, Хонг Конг, Сингапур, Австрали, Монгол зэрэг орнуудын тэргүүлэх мэргэжилтнүүд, арбитрчид, өмгөөлөгчид, хуулийн фирмүүд, төрийн болон бусад байгууллагууд биечлэн оролцож олон улсын болон дотоодын арбитрын ажиллагаа, арбитрын шийдвэрийг биелүүлэх, уул уурхай, хөрөнгө оруулалтын арбитр, бүс нутгийн онцлог, боломжуудын тухай хэлэлцлээ.

Арбитрын хэлэлцээр байгуулахад анхаарах стратегийн асуудлууд; Хөрөнгө оруулалтын маргаан: Монгол Улсын сургамж ба ирээдүйн чиг хандлага; Бүс нутгийн онцлог болон боломжууд; Уул уурхайн маргааныг Арбитраар шийдвэрлэх нь; Арбитрын шийдвэрийн гүйцэтгэлийн зарим асуудлууд гэсэн 5 сэдвийн хүрээнд панель хэлэлцүүлэг өрнүүллээ.

Маргааныг шүүхийн бус журмаар шийдэх ажиллагаа буюу арбитр, эвлэрүүлэн зуучлал нь хил дамнасан маргааныг шийдвэрлэх, ялангуяа дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээнд өргөн хэрэглэгддэг, үр дүнтэй арга юм. Уян хатан байдал, төвийг сахих, нууцлалыг хадгалах, 170 гаруй оронд шийдвэр хэрэгжих зэрэг олон давуу талтай. Иймд Арбитрын тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж буйг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Монголд анх удаа зохион байгуулж буй “Монголын арбитрын өдөр-2023” олон улсын хурлын нээлтийн үеэр онцоллоо.

Хуралд Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улс хариуцагчаар татагдсан олон хэрэгт Засгийн газрыг төлөөлж өмгөөлөгчөөр оролцсон Майкл Нолан, Олон Улсын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрын дэд ерөнхийлөгч Бао Чан, Хөрөнгө оруулалтын арбитрын маргаанд Засгийн газрыг төлөөлж буй Испани Улсын хуульч Патриция Нацименто зэрэг арбитрчид оролцлоо. 

“Монголын Арбитрын өдөр - 2023” олон улсын хурлын бичлэг тун удахгүй legaldata.mn сайтын хурал, хэлэлцүүлгийн бичлэг хэсэгт байрших болно.