Иргэний нийгмийн байгууллагууд шүүхийн хараат бус байдалд үнэлгээ, хяналт шинжилгээ хийж байгааг НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт сайшаав

5 months ago

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Хатагтай Маргарет Саттертвэйт нь Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч нь багийн гишүүдийн хамт 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Монгол Улсад айлчиллаа.

Тэрээр Монгол Улсад шүүхийн хараат бус байдал, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхтэй холбогдох асуудлаар хийсэн урьдчилсан ажиглалт дүгнэлт, эхний зөвлөмжүүдийг танилцууллаа.

“Монгол Улс нотолгоонд суурилсан шинэчлэл хийж буйг би дэмжиж байгаа бөгөөд хүний эрхэд суурилсан, хараат бус хууль зүйн тогтолцоог бэхжүүлэхийн тулд цаашдын алхмуудыг авч хэрэгжүүлэхийг уриалж байна” гэв.

Тусгай илтгэгч нь Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй шүүхүүд болон прокурорын газруудаар орж, ажил үйлстээ бие сэтгэлээ зориулж яваа хуульчид, эрх зүйн мэргэжилтнүүдтэй уулзсан байна. Хөрөнгө оруулалт дутмагаас шүүгч, ажилтнууд, шүүхээр үйлчлүүлэгчдэд зориулсан барилга байр хангалтгүй, хүртээмжгүй, аюулгүй байдал хангагдаагүй зэрэг нь хууль зүйн тогтолцоонд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг хатагтай Саттертвэйт өөрийн биеэр танилцав. “Монгол Улсын шүүгчдийн цалин бага, ажлын ачаалал их байна,” гэж НҮБ-ын шинжээч мэдэгдэв. Тэрээр мөн “Шүүгчид болон шүүгчийн туслахууд ийм хүнд нөхцөлд байгаа хэдий ч мэргэжилдээ үнэнчээр ажиллаж байгааг үнэлэх хэрэгтэй” гэв.

Шүүх засаглалын ирээдүйг баталгаажуулахын тулд Монгол Улсын төр бодитой санхүүжилт хийх хэрэгтэй байх тул улсын төсвийн тодорхой хувийг хууль зүйн тогтолцоонд зориулдаг болохыг хатагтай Саттертвэйт уриалав.

Шүүх эрх мэдлийг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэчлэлтэй дүйцэхүйц арга хэмжээг мөн прокурорын байгууллагад авч хэрэгжүүлэх ёстой. “Прокурорыг томилох, шилжүүлэх, албан тушаал ахиулахад бодитой, ил тод үндэслэлд тулгуурладаг байх ёстой” гэж Тусгай илтгэгч хэлэв. “Үүнээс гадна, прокурорын сахилга бат, хариуцлагыг хангах бие даасан байгууллага байгуулах хэрэгтэй” гэв.

Иргэний нийгмийн байгууллагууд шүүхийн хараат бус байдалд үнэлгээ, хяналт шинжилгээ хийж байгааг Тусгай илтгэгч сайшаав. Тэрээр судалгааны үр дүнд шүүхэд итгэх олон нийтийн итгэл сул байгаад, мөн иргэд, тэр дундаа зарим төрийн албан тушаалтнууд, нийгмийн сүлжээгээр шүүгчдийг гутаан доромжилж байгааг сонсоод сэтгэл зовниж буйгаа илэрхийлэв. “Олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг сэргээх арга хэмжээг төрөөс зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж хатагтай Саттертвэйт хэлэв. “Хүн бүр тэгш оролцох боломжтой шударга тогтолцоог бүрдүүлэхэд шүүх чухал үүрэг гүйцэтгэж буйг илүү сайн тайлбарлах боломж Засгийн газарт байна.”

Монголын төр бүх иргэдийнхээ эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхахгүйгээр шударга ёсыг хангах үүрэгтэй болохыг Хатагтай Саттертвэйт тэмдэглэв. Тэрээр “Шударга ёсны хүртээмжийг хөдөөгийн малчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ЛГБТ хүмүүс зэрэг тодорхой бүлгийн иргэдэд нэмэгдүүлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагуудын хийж буй чухал ажлыг дэмжиж, дэмнэхийг би уриалж байна” гэлээ.

Тусгай илтгэгч айлчлалын дүгнэлт зөвлөмж бүхий тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2024 оны 6 дугаар сард танилцуулна.

Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгчийн Монгол Улсад хийсэн үнэлгээний урьдчилсан дүгнэлтийг доорх холбоосоос татаж авна уу.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын вэбсайт