#Шинэ товчоон №16 –Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

2 years ago

#Шинэ товчоон №16 – Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаараар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн талаар бэлтгэн хүргэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх 2004 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 12 жилийн туршлага, сургамжиндаа үндэслэн 2016 онд тус хуулийг бүхэлд нь шинэчлэн баталж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчлэлд хамаарах зарчмын томоохон өөрчлөлтийн нэг нь хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх процессыг тодруулснаас гадна гэр бүлийн хүчирхийллийг иргэний эрх зүйн маргаан бус гэмт хэрэг, зөрчил болохыг хуульчилсан явдал билээ. 

Мөн хуулиар гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн санг салбар бүрийн оролцоотой бүрдүүлж, дүн шинжилгээнд үндэслэн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, арга зүйг боловсруулах, төсөв, хүний нөөцийн хуваарилалтыг төлөвлөх эрх зүйн үндсийг тогтоосон. Түүнчлэн хохирогч, хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийн санг бүрдүүлж, анхан шатны нэгжийн үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдсэн.

Онцлох зохицуулалт:

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсэн дуудлагыг цагдаагийн байгууллага авсан даруйдаа хамгийн түрүүнд очино. Очсон даруйдаа гэр бүлийн хүчирхийллийг зогсоох зорилгоор шууд нэвтрэн орох эрхтэй бөгөөд аюулын зэрэг өндөртэй эсвэл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол зөвшөөрлийг үл харгалзан хамгаална. Нэг үгээр хэлбэл, хүүхэд эцэг, эхийнхээ хүчирхийлэлд өртсөн бол тэдний саналыг харгалзахгүйгээр хүүхдийг хамгаална. 
  • Хүчирхийлэлд өртөгчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээ ажиллуулна. 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллага ажиллана. Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. 
  • Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болж байгаа нь энэ хуулийн гол өөрчлөлтийн нэг билээ. Шинэчлэлтээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан юм. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг хэмээн тооцож хуульчлахдаа хоёр ба түүнээс дээш удаа давтан үйлдсэн бол хоёр жил хүртэлх хугацаагаар хорьж, давтан үйлдээгүй тохиолдолд захиргааны зөрчил гэж үзэн баривчилна. Баривчлах хугацаандаа зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулахаар хуульд заасан байна. 

Сонсох линк:

Legaldata: https://legaldata.mn/news/62

Apple: https://apple.co/3l9e6zS

Castbox: https://bit.ly/3BfLDOo

Anchor: https://bit.ly/3l9cUMU

Mplus: https://bit.ly/3lb2kFp

Google: https://bit.ly/3khJZVq

Youtube: https://bit.ly/3uNz5M2

Facebook: https://bit.ly/3A9W5Wr