ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАРААТ БУС СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

2 years ago

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  шүүхийн шийдвэрийн судалгаа хийх эрх зүйч, хуульч, судлаачдыг хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

  • УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА /Захиалгат судалгаа/

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хуулийн зарим зохицуулалтын үр нөлөөг үнэлэн, хуулийн хэрэгжилтийг дэмжихэд энэхүү судалгааны зорилго оршино. Шүүхийн тухай хуулийн 4-р бүлгийн 25.7.5 зүйлийн дагуу Улсын дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны танхимаас хэрэг маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж буй байдалд дүн шинжилгээ хийх судлаачдыг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй судлаачид 2021 оны 10 сарын 11-ний Даваа гарагийг дуустал энэхүү холбоосоор орж өргөдлийн маягтыг бөглөж ирүүлнэ үү.

  • ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА  /Тэтгэлгийн тоо – 6/

Шүүхийн шийдвэрийн санг ашиглан дүн шинжилгээ хийх судалгааны тэтгэлгийн зорилго нь шийдвэрийн ил тод байдал, чанарыг сайжруулах, хуулийн хэрэглээг нэг мөр болгоход хувь нэмэр оруулах зорилготой. Иймд, дор дурдсан чиглэлээр шүүхийн шийдвэрээс түүвэрлэн судлах сонирхолтой судлаачдыг энэхүү тэтгэлэгт хамрагдахыг урьж байна. Үүнд:

  • Иргэний шүүхийн практик:Хувийн эрх зүйн  хууль тогтоомжийн шинэтгэлийг дэмжихэд хувь нэмэр болохуйцшүүхийн шийдвэрүүдээс сонгон дүн шинжилгээ хийх
  • Захиргааны хэргийн шүүхийн практик: Төрийн захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдлийн уршгаар иргэдэд учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг сонгон дүн шинжилгээ хийх
  • Эрүүгийн хэргийн шүүхийн практик: Эрүүгийн хуульд шинээр тусгасан гэмт хэргийг шийдвэрлэж буй шүүхийн практикт дүн шинжилгээ хийх

Дээр дурдсан ерөнхий чиглэлийн хүрээнд тодорхой хэрэг маргаан шийдвэрлэсэн статистик тооноос хангалттай төлөөлөхүйц байдлаар түүвэрлэн авч нэгтгэсэн дүн шинжилгээ хийж хууль хэрэглээний болон бусад холбогдох санал зөвлөмжийг боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино.

Шүүхийн шийдвэрийн тэтгэлгийн төслийн өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу.


Дээр дурдсан судалгаа, мониторингийн тэтгэлгийн уралдаанд төсөл ирүүлэх судлаач, судалгааны баг нь дараах шалгуурыг хангаж буйгаа батлах өөрийн намтар, бүтээлийн жагсаалтыг төслийн саналд хавсаргана.

  • Эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой байх,
  • Эрх зүйн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх,
  • Тайлан, дүн шинжилгээний мөрөөр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байх
  • Аливаа хэлбэрийн сонирхлын зөрчилгүй байх 

Сонирхсон судлаачид зохих төслийн өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөж, өөрийн шалгуур хангаж байгааг илтгэх баримтын хамт 2021 оны 10 сарын 21-ний Пүрэв гарагийн 18 цагаас өмнө  fellowship@forum.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Хэвлэмэл төсөл хүлээн авахгүйг анхаарна уу.

ННФ-ын дэмжлэгтэй өмнө хийгдсэн шүүхийн шийдвэрийн судалгааны жагсаалтыг энд дарж харна уу. Сэдэв давхардсан тохиолдолд төслийн чанараас үл хамааран хасагдах болно.