Хуулийн чиглэлээр санал болгох кинонууд

10 months ago

 

  1. The Pelican Brief (John Grisham’s book)

Нью Орлеанс хотын Тьюлан (Tulane)-ы их сургуулийн оюутан АНУ-ын Дээд шүүхийн шүүгчдийн аллагын цаад учрын талаар таамагласан судалгааг хийсэн нь түүнийг болон эргэн тойронд байгаа хүмүүсийг аюулд учруулна. Энэ кинонд улс төр, бизнесийн ашиг сонирхол шүүхийн тогтолцоонд хэрхэн нөлөөлж болох, дээд шүүхийн шүүгчийн томилгоо хэр хэмжээний ач холбогдолтой, ямар далд лобби явагдах боломжтой зэргийг өгүүлнэ.

  1. The Lincoln Lawyer

Аллага, хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн чинээлэг айлын хүүг гэм буруугүй болохыг тогтоолгохоор нэгэн хуульч түүний эцэг, эхтэй гэрээ байгуулснаар киноны үйл явдал эхлэнэ.

Энэ киноноос өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдээгүй гэдэгт эргэлзсэн, дотоод итгэл үнэмшил зөрчилдсөн үед тухайн өмгөөлөгчид ямар мэдрэмж төрөх, ёс зүйн хувьд ямар үүрэг хүлээх гээд нарийн мэдрэмжийг харуулсан кино гэж хэлж болно.

  1. The Client (John Grisham book)

Өсвөр насны хүү, дүүгийн хамтаар зугаалж явахдаа нэгэн өмгөөлөгчийн амиа хорлолтын гэрч болсноор киноны үйл явдал эхэлнэ.

Энэ кинонд тухайн үеийн Мэмфис хотын жирийн өмгөөлөгч (street lawyers, personal injury lawyer)-ийн хэв маяг, дүр төрхийг харуулсан нь сонирхолтой санагдсанаас гадна нийгэмд шуугиан тариад буй хэргийг хурдан илрүүлэхийн тулд Холбооны мөрдөх товчооны мөрдөгчид процессын эрх зүйн зарим чухал зарчим (Miranda Right)-ыг хэрхэн зөрчиж буй, өмгөөлөгч энэ үед хэрхэн харьцах, гэрч болон сэжигтний мэдүүлэг өгөх ялгамжтай байдал зэргийг харуулна.

  1. My Cousin Vinny

Брүүклин хотын хоёр залуу хүн амины гэмт хэрэгт сэжиглэгдэн Алабама мужид саатуулагдах бөгөөд мөнгөгүй тул өөрийн үеэл болох нэгэн туршлагагүй өмгөөлөгчийг сонгосноор киноны үйл явдал өрнөнө.

Хэрэв шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар оролцож буй өмгөөлөгч шүүхийн өмнө мэргэжлийн бус байвал (зохих ёсоор хувцаслаагүй, жаргон үг хэллэг ашиглах, зохих мэдлэггүй байх) шүүх танхимд хэрхэн харагддаг болохыг энэ киноноос харах боломжтой.

  1. 12 Angry Men

Энэ киноноос тангарагтны шүүхийн шийдвэр гаргах процесс хэрхэн өрнөдөг, уг системийн давуу болон сул тал, шийдвэр гаргахдаа асуудалд нухацтай хандахгүй бол ямар үр дагаварт хүрч болох гээд олон зүйлийг харуулна. Бид өнгөцхөн харвал илэрхий мэт зүйлийг нухацтай эргэцүүлвэл асуудал яаж ч эргэж болно.У г кино хуульчдын зайлшгүй үзэх киноны жагсаалтад хамгийн эхэнд нэрлэгдэнэ.

  1. Legally Blonde

Киноны зохиолыг дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Стэнфордын хуулийн сургуульд суралцаж байгаад орхисон Аманда Браун (Amanda Brown) өөрт тохиолдсон үйл явдал болон хувийн туршлагадаа үндэслэн бичсэн нь Шаргал үст хуульчийг алдартай болгоход хүргэсэн нэг шалтгаан байж болох юм. Ийнхүү зохиолыг Стэнфордын хуулийн сургуулийн оюутан бичсэн тул киноны баг зураг авалтыг Стэнфордын хуулийн сургуульд хийх санал тавьсан боловч сургуулийн орчинд кино зураг авалт хийх хориотой гээд татгалзсан тул Харвардын хуулийн сургуульд хийсэн байна.

Гол дүрийн жүжигчин Рийс Витэрспүүн ч мөн адил Стэнфордод сурж байгаад жүжигчин болохоор шийдэж сургуулиасаа гарч байжээ.

Стэнфордын хуулийн сургуулиас уг киног хичээлийн шинэ жилийн эхэнд 1-р дамжааны оюутнуудад гадаа талбайд үзүүлдэг.

  1. Devil’s Advocate

Нэгэн чадварлаг залуу хуульч Нью Йорк хотын хамгийн нэр хүндтэй хуулийн фирмд ажиллах урилга авч, тус хотод эхнэрийн хамт нүүн ирж буйгаар үйл явдал өрнөнө. Энэ нь үнэхээр түүний хуульчийн карьерийн алтан боломж байв уу эсхүл аймшигт адал явдлын эхлэл болох уу гэдгийг та уг киноноос үзээрэй. 

  1. Erin Brockovich

3 хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй Эрин Брокивич нэгэн хуулийн фирмд туслахаар ажилд орно. Удалгүй тэрээр Америкийн нэгэн томоохон корпораци Калифорниа мужийн нэгэн жижиг хотод ундны ус бохирдуулж, олон арван хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан байж болзошгүй талаар сэжүүр олж мэдэх ба уг хэргийг хэрхэн гүнзгийрүүлэн шалгаж буйгаар кино өрнөнө. Уг киног АНУ-ын хэрэглэгчийн эрх, байгаль орчны хамгааллын идэвхитэн Эрин Брокивич гэх эмэгтэйн бодит түүхээс бүтээсэн.