#Шинэ товчоон №21 – Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зохицуулалт

1 year ago

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар бэлтгэн хүргэж байна.

-Аливаа хувийн сонирхол нь эдийн болон эдийн бус, ашгийн сонирхлыг хамтад нь багтаадаг өргөн ойлголт. Иймд тухайн хүний хувийн сонирхол нь эрхэлж буй албан тушаал, гүйцэтгэж буй ажил, үүрэгтэй нь зөрчилдөж болзошгүй нөхцөлд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үздэг. Нийтийн албан хаагч гагцхүү хувийн сонирхолдоо автаж албан үүргээ биелүүлэхгүй байх, эсвэл албан тушаалын эрх мэдлээ зүй бусаар хэрэгжүүлбэл түүний хувийн сонирхол албан үүрэгтэй нь харшилж ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг байна.

-“Нийтийн алба” гэдэгт төрийн албыг бүхэлд нь хамруулан ойлгож болно. Тиймээс нийтийн алба нь нийт иргэдийн эрх ашигт нийцсэн төрөөс хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээ, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд “Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ” хэмээн тодорхойлсон.

-“Ашиг сонирхлын зөрчил” гэдгийг нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал хэмээн тодорхойлсон. өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн хувьд нэг талаас олон нийтийн эрх ашигт үйлчлэх үүрэг, нөгөө талаас хувийн сонирхол хоорондоо зөрчилдөхийг ашиг сонирхлын зөрчил хэмээн ойлгож болно

-“Нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэл хэмээн тодорхойлсон. Албан тушаалтны хашиж байгаа ажил, алба бол зөвхөн нийтийн ашиг сонирхолд чиглэж байх ёстой. өөрөөр хэлбэл, “Нийтийн ашиг сонирхол /public interest/ гэдэг нь хувь хүмүүсийн тус тусын сонирхлын нийлбэр, эсхүл тухайн нэг бүлгийн сонирхол биш харин нийт иргэдийн нийтлэг сонирхол юм. Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг өөрсдийн болон хувийн ашиг сонирхлоос ангид байлгах үүрэгтэй байдаг.

Сонсох линк:

Legaldata: https://legaldata.mn/news/114

Apple:  https://apple.co/3rV2JhV

Castbox:  https://bit.ly/3xVbdJP

Anchor:  https://bit.ly/3Kl5qjp

Mplus:  https://bit.ly/37EQ3oN

Google:  https://bit.ly/3xV4VK5

Youtube: https://bit.ly/3OGZ7tA

Facebook: https://bit.ly/3KdFx53