Банк зээл олгохдоо “зээлийн шимтгэл” авсан нь хуульд нийцээгүй гэв

2 months ago

Хэргийн нөхцөл байдал:

“Г” ХХК нь “Т” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1 400 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1.8 хувь /жилийн 21.6 хувь/-ийн хүүтэй,  эргэлтийн хөрөнгийн зээлийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан 600 000 000 төгрөгийг 40 сарын хугацаатай, нэг сарын 1.8 хувь /жилийн 21.6 хувь/-ийн хүүтэй тус тус зээлжээ.

Зээлдүүлэгч “Т” ХХК Зээлдэгч “Г” ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж зарга үүсгэжээ. Энэхүү маргааны хүрээнд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх зээлдүүлэгч “Т” ХХК зээл олгохдоо зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авсан нь хуульд нийцсэн эсэх талаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээ, практикийн түвшинд ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийг хураангуйг бэлтгэн хүргэж байна.

Талууд "Зээлийн гэрээ"-ний 2.1.7-д зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна" гэж заасан байжээ. Уг заалтыг үндэслэн нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч "Г" ХХК-д олгосон зээлийн мөнгөн хөрөнгөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг зээл олголтын шимтгэл гэх утгаар суутгаж авсан байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан үндсэн зээл 1 999 716 254 төгрөг, зээлийн хүү 452 764 023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 118 995 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 53 500 төгрөг, нийт 2 456 652 772 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага;

хариуцагч “Г” ХХК 12/18-128 тоот зээлийн гэрээний 2.17, 12/18-254 тоот зээлийн гэрээний 2.1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулж 6 000 000 төгрөг гаргуулах, даатгалын хураамжид суутган авсан 4 126 358 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг;

-тус тус гаргасан байна.

Шүүхийн шийдвэрийн хураангуй:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч “Г” ХХК-аас 2 456 652 772 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх ба давж заалдах, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүх “Т” ХХК-аас зээл олгохдоо зээлийн шимтгэлд суутгаж авсан 6 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна:

"Нэхэмжлэгч нь хариуцагчид олгосон зээлийн шимтгэлд нийт 6 000 000/3000000+3000000=6000000/ /зургаан сая/ төгрөгийг суутгаж авсан байх боловч нэхэмжлэгчид зээлийн судалгаа, шинжилгээ, хяналт хийхэд 6 000 000/зургаан сая/ төгрөгийн бодит зардал гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба Зээлийн гэрээний 2-ын 2.1.7, Зээлийн гэрээний 2-ын 2-ын 2.1.7 дахь заалт нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 202 дугаар зүйлийн 202.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар шударга ёсны зарчимд харш, хариуцагчид хохиролтой хүчин төгөлдөр бус заалт байх тул нэхэмжлэгчээс 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй байна.” гэжээ.

Анхан шатны шүүх “Т” ХХК-ийн даатгалын хураамжид суутган авсан 4 126 358 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дараах дүгнэлтийг хийсэн байна:

“Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Банк Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:, 6.2.3-т даатгалын зуучлагч; гэж заасан. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь даатгалын хураамжид 4 126 358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг суутгасан байх тул нэхэмжлэгчээс 4 126 358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлгүй.” гэжээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Т” ХХК-аас зээл олгохдоо зээлийн шимтгэлд суутгаж авсан 6 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна:

“Зохигчдын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт “хүү” тогтоосон атлаа нэмж үйлчилгээний хураамж, шимтгэл авахаар тогтоосон. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуульд заасан журмыг баримтлан зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах эрх бүхий этгээд болох банкны хувьд гэрээний нөгөө талдаа ямар үйлчилгээний хариу төлбөрт авч байгаа нь тодорхойгүй, төлбөр хураамжийг зээлээс суутган авах эрхийг өөртөө олгосон энэхүү заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан харилцан итгэлцэл, хууль ёсны зарчимд харшилна. Банкны тухай хуулиар тогтоосон тусгай шаардлага хангасан мэргэшсэн үйл ажиллагаа явуулж буй банк нь өөрийн үндсэн үйл ажиллагаа болох зээлийн судалгаа хийх, шинжилгээ хийх зэрэг зардлаа гэрээний нөгөө талаар суутган авах эрх хуулиар олгогдоогүй.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Т” ХХК-ийн даатгалын  даатгалын хураамжид суутган авсан 4 126 358 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа дараах дүгнэлтийг хийсэн байна:

“ ... хариуцагчийн ...“Т” ХХК даатгалын хураамжийг хариуцагчийн данснаас шууд суутган авсан нь хууль зөрчсөн талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжтой байна. Учир нь “Т” ХХК, “Миг даатгал” ХХК, “Г” ХХК-иудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ” байгуулагдсаныг талууд үгүйсгээгүй боловч дээрх гэрээгээр “Т” ХХК нь даатгалын зуучлагчийн хувиар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хариуцагчийн данснаас шууд суутгал хийх эрхийг олгосон талаар гэрээнд заагаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.” гэжээ.

Тус хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдлоор 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн талаар Улсын дээд шүүхийн цахим хуудас /supremecourt.mn/ дахь шүүх хуралдааны тойм хэсэгт мэдээлжээ.  Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг шүүхийн шийдвэрийн цахим сан /shuukh.mn/ болон тус шүүхийн цахим хуудас /supremecourt.mn/-т цахим хэлбэрээр байршуулаагүй байна. 

Нийслэийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.

Бэлтгэсэн: Легал дата