Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь иргэний шүүхээр тогтоогдсон бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.

2025-07-08 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 221/ХТ2025/0035

Шүүхийн шийдвэрийн огноо: 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр

Шийдвэрийн төлөв: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч нь 2013 онд Зам, тээврийн яам (хуучнаар)-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Зам, тээвэр хөгжлийн яамнаас нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг шалгаж “... дутуу, доголдолтой чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засах үүрэг даалгаврыг өгсөн” боловч уг доголдлыг арилгаагүй тул дээрх гэрээг 2015 оны 11-р сарын 23-ны өдөр цуцалжээ. Улмаар тус яам нэхэмжлэгчээс “Замын ажлын доголдол арилгах” зардал гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хэргийн шүүхээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчид доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээ зөрчсөн буруутай гэж тогтоосон2 давж заалдах шатны шүүхийн магадлал3 хүчин төгөлдөр болжээ.

Үүний дараагаар 2023 оны 10 дугаар сард Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч нэхэмжлэгч компанид хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүхээс тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэж, Сангийн сайдын тушаалаар нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар бүртгэжээ. 

Иймд нэхэмжлэгч нь улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс: “... нэхэмжлэгчийг худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг дүгнэсэн шүүхийн шийдвэртэй байна гэж үзэхээр байна, ... маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Сангийн сайд нь худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналыг үндэслэн ... нэхэмжлэгчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдүүдийн жагсаалтад 3 жилийн хугацаатай бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна ...” гэж дүгнэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005) хуулийн4 14 дүгээр зүйлийн 14.1.45, 52 дугаар зүйлийн 52.1.146, 521.2.17-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Давж заалдах шатны шүүхээс: “... анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, ... хууль болон холбогдох журмыг зөв тайлбарлан хэрэглэсэн ...” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

(1) Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай (2005) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг шүүх хэрэглэхдээ сүүлийн 3 жил гэдгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Арга хэмжээ авах байсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй.

(2) Иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь хохирол шийдвэрлэж гарсан шүүхийн шийдвэр ба нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг тогтоосон зүйл байхгүй.

(3) Хуульд заасан хугацаанд хяналт шалгалт хийгээгүй. Улсын байцаагчийн дүгнэлтийн 1 дэх заалтаар “... үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа 2 дахь заалтаараа бүртгэлд оруулах санал гаргаж байгаа нь утга агуулгын илэрхий алдаатай байна.

(4) Сайдын тушаал гарч бүртгэх ёстой хугацааг хэтрүүлсэн байна гэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.

4. Хяналтын шатны шүүхээс: “... хариуцагчаас ... маргаан бүхий үйл баримтыг дүгнэлтийн Үндэслэх хэсэгтээ зөв дүгнэсэн атлаа дүгнэлт хэсэгт техникийн алдаа гаргаж, “... үндэслэлгүй” гэж бичигдсэн” гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд “...гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. (9.8)

5. Нэхэмжлэгч болон Зам, тээврийн яам (хуучнаар)-тай байгуулсан гэрээг цуцалснаас үүсэх үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн, түүнээс үүдэн гарах хохирлын асуудлыг шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр 2022 онд гарч хүчин төгөлдөр болсон, харин захиргааны эрх зүйн харилцаанд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэнтэй холбогдуулан “сүүлийн 3 жилийн хугацаанд” гэдгийг иргэний хэргийн шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэн 2022 оноос тооцсон нь зөв байна. (9.9)8

6. ... нэхэмжлэгч тухайн ажлын хэсгийн дүгнэлттэй маргаж байгаагүй, харин талууд 2016 оноос эхлэн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан иргэний хэргийн шүүхэд маргасан бол 2024 онд Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт гарч, тус компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчид захиргааны байгууллагаас давхардуулан хариуцлага ногдуулаагүй, өөр өөр салбар эрх зүйн хүрээнд үүссэн харилцаа гэж үзэхээр байна. (9.10)

7. Нэхэмжлэгч нь Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасныг улсын ерөнхий байцаагч хүлээн авч хянаад, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8523 дугаар албан бичгээр “... дүгнэлт үндэслэлтэй ...” гэж шийдвэрлэсэн, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сангийн сайдын 213 дугаар тушаал гарснаар нэхэмжлэгчийн тендерт оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар хязгаарлах этгээдийн бүртгэлд хамруулснаас үзэхэд сайдын тушаал хугацаандаа гарсан. (10.3)

8. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс хяналт шалгалт явуулж, уг тохиолдол нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасан нөхцөлд хамаарахыг тогтоож, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаартай дүгнэлтийг гарган, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаатай бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн буюу хуульд тусгасан “сүүлийн 3 жилийн хугацаанд ... шүүх ... тогтоосон” гэх нөхцөлд хамаарахаар байна. (10.5)

9. Хяналтын шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг өмнө нь шийдвэрлэж байсан хэрэг маргаанд өөрөөр хэрэглэж, хууль хэрэглээний зөрүү гарсан эсэхийг хянахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авсан боловч хэргийг хянах явцад тухайн хуулийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн байдал тогтоогдсонгүй. (11)

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.

---o0o---

1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу. 

2 УДШ-ээс 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болжээ.

3 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 210/МА2022/00930 магадлал, (Сүүлд үзсэн: 2025.06.02)

4 Төрийн мэдээлэл эмхэтгэл: 2005, №48.

5 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт, “Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”.

6 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005) хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалт, “Энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх”.

7 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005) хуулийн 52 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалт, “Энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”.

8 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/1439
https://shorturl.at/2X6yn