Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хууль зүйн үндэслэл байхгүй

1 month ago

1. Хэргийн нөхцөл байдал:

“А” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх хугацаа болсон байна. “А” ХХК “манай компани хөрөнгө оруулагч нар Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаанд оролцох, хөрөнгө оруулалт оруулах боломжгүй болж компани маань санхүүгийн хүнд байдалд орсон, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй байгаа тул төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч тус газраас  төлбөр төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэх хариу өгч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

2. Холбогдох хуулийн зохицуулалт:

Ашигт малтмалын тухай хууль, 2006 он:

34 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх

34.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.

34.7.Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.

56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах

56.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:

     56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;

3. Шүүхийн шийдвэрийн хураангуй

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: “Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль батлан мөрдүүлсэн бөгөөд тус хуульд холбогдох эрх бүхий байгууллагаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, түдгэлзүүлэх зэрэг аливаа асуудлыг зохицуулаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг заасан бөгөөд тус хугацааг хойшлуулах эрхийг хуулиар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст олгоогүй” гэж дүгнэн "А" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 201 дүгээр магадлалаар: “Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар зохицуулалт байхгүй ч тусгай зөвшөөрлийн төлбөр нь албан татварын нэг төрөл бөгөөд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж хуулийн нэр томьёог тодорхойлж, 6.1.41.г-д “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 цар тахалтай холбогдуулан гарсан 2020 оны 30, 39, 63, 102, 103 дугаар тогтоолыг үндэслэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” 02/477 дугаар гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөхөөс зайлс хийгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ мэдсээр байж зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасан.

3.3. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/0038 тогтоолоор хариуцагчийн хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх дараах дүгнэлтийг хийсэн:

“... давж заалдах шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д тодорхойлсон “хүндэтгэн үзэх шалтгаан”-д тооцогдох ойлголтыг буюу тус зүйлийн “г”-ийн “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэснийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулж хэрэглэхдээ буруу тайлбарласан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцох”-оор зааснаас үзвэл, төлбөрийг бэлэн бусаар төлөх агуулгатай тул энэ тохиолдлын “Ковид-19”-ын цар тахлын улмаас улс хооронд зорчих эрх хязгаарлагдсан гэх нөхцөл байдал нь “төлбөр”-ийг хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй байсан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д тооцогдохгүй, нөгөө талаар Монгол Улс руу “зорчих эрх хязгаарлагдмал” байсныг “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэдэгт адилтгаж буруу тайлбарлажээ.

Иймээс “А” ХХК-ийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч болох АНУ-ын нэр бүхий хоёр иргэн нь Монгол улсад ирж, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй, компани санхүүгийн хүндрэлтэй байсан нь тусгай зөвшөөрлийн “төлбөр”-ийг Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан тогтоосон хугацаанаас хойш 6 сарын дараа төлөх тухай хүсэлтийг татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ” гэжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.

 

Бэлтгэсэн: Легал дата