Улсын Их Хурал “нэр дэвшигчийн сонсгол” зохион байгуулах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу?

7 months ago

Нэр бүхий иргэн Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн билээ.

Ийнхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлосон байна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоох гэж хуулийн зохицуулалтыг дэлгэрүүлэн харуулбал:

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль. 2021 он

29 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн сонсгол

29.1.Эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас дараах нэр дэвшигчийн сонсгол явуулна:

29.1.1.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол;

29.1.2.Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан, эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.

Авлигын эсрэг хууль. 2006 он

21 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа

21.1.Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.

21.2.Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль. 1992 он

З дугаар зүйл. Цэцийг байгуулах журам

3 дугаар зүйлийн 1. Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль. 2021 он

102 дугаар зүйл.Цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх журам

102.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн тайлан, эрх бүхий этгээдийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.

Сэдэвтэй холбоотой өмнө нь гарч байсан мэдээллүүд