ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ТОМИЛГОО

3 years ago

“Оюуны-Инноваци” ТББ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ гишүүний томилгооны талаар хөндлөнгийн ажиглалтыг тогтмол хийдэг билээ. 2019-2020 онд хийгдсэн ШЕЗ-ийн гишүүний томилгоонд хийсэн хөндлөнгийн ажиглалтыг хүргэж байна.

Эрх зүйн зохицуулалт:

Шүүхийн захиргааны тухай хуулийн §13.1-д “Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно”, §13.4-т “Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг нэг удаа улируулан томилж болно”, §13.7-д “Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн бол дараагийн гишүүнийг эрх бүхий этгээд сул орон тоо гарснаас хойш 30 хоногийн дотор нөхөн томилно” гэж тус тус заасан. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл одоогийн байдлаар дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна:

Нэр

Санал болгосон субъект

Томилогдсон огноо

1.

Э.Батбаяр

(дарга)

Хууль зүй, дотоод

 хэргийн сайд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019.02.12-ны №22 зарлигаар ШЕЗ-ийн гишүүнээр, ШЕЗ-ийн гишүүдийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019.11.06-ны №199 дүгээр зарлигаар ШЕЗ-ийн даргаар томилогдсон

2.

Л.Атарцэцэг

(гишүүн)

Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, 2019.10.31, №196

3.

Д.Цогтсайхан

(гишүүн)

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, 2020.06.18, №86

4.

В.Оюумаа

(гишүүн)

Монголын Хуульчдын холбоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2017.05.25, №123

 

Тодруулбал, яг одоо ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс санал болгож томилогдсон гишүүн байхгүй, мөн Монгол Хуульчын холбооноос санал болгосноор томилогдсон ШЕЗ-ийн гишүүн В.Оюумаагийн бүрэн эрхийн хугацаа дуусаад 5 сар болох гэж байна.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр зарлигаар давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс санал болгосноор Д.Эрдэнэчулууныг, анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс санал болгосноор Н.Лүндэндорж нарыг тус ШЕЗ-ийн гишүүнээр томилсон байдаг. Тэдгээрийн бүрэн эрхийн хугаца 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон тул ШЕЗ-өөс анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагааг зохион байгуулсан.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Д.Цогтсайханыг ШЕЗ-ийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгосон боловч Ерөнхийлөгчөөс уг томилгоог хийлгүй хойшлуулсаар жил орчмын дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар зарлигаар түүнийг ШЕЗ-ийн гишүүнээр томилсон. Харин анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Т.Мэндсайханыг ШЕЗ-ийн гишүүнээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Ерөнхийлөгч томилсон шийдвэр гаргаагүй ба одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Т.Мэндсайханыг томилохоос татгалзсан талаар албан ёсны шийдвэр гаргасан эсэх нь мөн л тодорхойгүй байгаа юм.

Энэ хугацаанд дээр дурдсан бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 194, 195 дугаар зарлигаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс хойш одоог хүртэл ШЕЗ-өөс анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагааг дахин зохион байгуулаагүй байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах асуудлыг Хуульчдын холбооны шүүгчдийн хороо зохион байгуулна” 61.7-д “Шүүгчдийн хорооны удирдах зөвлөл өргөдөл гаргагч нэг бүрээр хэлэлцэн нууцаар санал хурааж, олонхын саналаар гурваас доошгүй нэр дэвшигчийн нэрийг тодруулан тав хоногийн дотор Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. ...” гэж тодорхой заасан. Гэвч Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо одоог хүртэл ШЕЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан гишүүний сонгон шалгаруулалтыг явуулаагүй байна.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэж өөрчлөн найруулсан.

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн §78.1-д “Ерөнхий зөвлөл арван гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллана”, §79.10-т “Нөхөн сонгогдсон буюу томилогдсон Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж тусгаад байна. Үүнийг зарим судлаачид ШЕЗ-ийн 10  гишүүний  бүрэн  эрх  нэгэн  зэрэг дуусгавар болж, дараагийн арван гишүүн шинээр томилогдох нь ажлын залгамж чанарыг алдагдуулна гэж үзэж байна. Зарим судлаачид нөхөн сонгогдсон буюу томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа орон гарсан гишүүний бүрэн эрхийн хугацаатай адил байх нь ШЕЗ-ийн гишүүнийг үндэслэлгүйгээр өөрчлөх эрсдэлийг бууруулна гэж үзэж байгаа юм.

ШЕЗ болон Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагааг зохион байгуулахгүй байгаа нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахыг хүлээж буй бололтой. Гэвч өөр хууль батлагдахыг хүлээж, өнөөдөр мөрдөж буй хуулиа зөрчих эрх бидэнд байхгүй билээ.

Боловсруулсан: "Оюуны-Инноваци" ТББ