Хууль үйлчлэх үед ажиллаж байсан алба хаагч урамшуулал авах эрхтэй
Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Захиргааны хэргийн танхим
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025-04-07 001/ХТ2025/0034
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Тоймын дугаар, огноо: №57 /ЗХТ-25/ 2025.05.02
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Б-ээс Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан “30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, мөнгөн урамшуулал олгохыг даалгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Тэрбээр нэхэмжлэлдээ: “...Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажилласан онцгой байдлын албан хаагчид 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авах эрхтэй. Миний бие онцгой байдлын албанд нийт 10 жил, 9 сар ажилласан тул урамшуулал авахаар Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлтээ өгсөн боловч татгалзсан. Урамшуулал авах хуулийн заалт хэрэгжиж эхлэх үед би тус албанд ажиллаж байсан тул урамшуулал авах эрхтэй гэж үзэж байна, иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Мөнгөн урамшуулал авах алба хаагчдын урьдчилсан судалгааг нягтлах, тооцоог хийх, тушаал, шийдвэрийн бүрдлийг хангах, санхүүжилтын зарцуулалтын эрх нээлгэх зэрэг ажлаас хамаарч 2023 оны 10 дугаар сараас урамшууллыг олгож эхэлсэн. Засгийн газрын 2022 оны 188 дугаар тогтоолоор зохицуулаагүй зарим асуудлыг Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 78 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-д нэмэлт оруулж “Урамшуулал авах эрх үүссэн боловч албанаас чөлөөлөгдсөн, сахилгын шийтгэлээр болон хуульд заасан бусад үндэслэлээр халагдсан, тэтгэвэрт гарсан тохиолдолд урамшууллыг нөхөж олгохгүй ...” гэж нарийвчлан зохицуулсан. Б нь урамшуулал олгох үед онцгой байдлын албанаас чөлөөлөгдсөн байсан тул урамшуулал олгох үндэслэлгүй...” гэж маргасан.
Анхан болон давж заалдах шатны шүүх “хариуцагчийн татгалзал хууль ёсны байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэн, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Учир нь, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид ... урамшууллыг олгоно” гэснийг “тухайн хууль болон Монгол Улсын Засгийн газрын журам үйлчилж эхлэх үед ажиллаж байгаа хуулийн шаардлага хангасан алба хаагч” гэж тайлбарлах нь хуулийн зорилго, агуулгад нийцэхээр байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн дээрх заалт нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэмэлтээр орсон бөгөөд үүнтэй холбоотой журмыг батлах эрхийг Монгол Улсын Засгийн газарт хуулиар олгосон. Үүний дагуу Засгийн газар 2022 оны 188 дугаар тогтоолоор урамшуулал олгох журам баталж, уг журмыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр заажээ.
Хууль болон Засгийн газрын журамд хуулийн шаардлага хангасан боловч урамшуулал олгох үед онцгой байдлын албанаас шилжсэн, чөлөөлөгдсөн алба хаагчид урамшуулал олгохгүй байх талаар заагаагүй. Харин ч Засгийн газрын баталсан журмын 2.1-д “Онцгой байдлын байгууллагын алба хаагч аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй 60 сар ажилласан бол түүнд таван жил тутамд нэг удаа мөнгөн урамшуулал олгоно” гэж тусгайлан заажээ.
Нэхэмжлэгч Б нь онцгой байдлын албанд (аймгийн төвөөс бусад суманд) тасралтгүй 10 жил, 9 сар ажилласан, дээрх хууль болон Засгийн газрын журам үйлчилж эхлэх үед онцгой байдлын албанд ажиллаж байсан тул урамшуулал авах хуулийн урьдчилсан нөхцөлийг хангасан гэж үзнэ.
Харин хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 78 дугаар тушаалаар баталсан журмын тухайд, Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар урамшуулал олгохтой холбоотой журмыг Засгийн газар батлах эрхтэй. Гэтэл Шадар сайд өөрт эрх олгогдоогүй асуудлаар журам баталсан нь “хуульд үндэслэх” зарчимд нийцэхгүй тул журмын холбогдох заалтыг хэрэглэхгүй.
Иймд нэхэмжлэгчийг хуульд заасан урамшуулал авах эрхтэй гэж үзэв.
Шийдвэрийг бүтнээр үзэх бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
2 days ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хууль үйлчлэх үед ажиллаж байсан алба хаагч урамшуулал авах эрхтэй
2025-05-10
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !