Шүүхийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан ТББ-ууд Улсын Их Хуралд санал хүргүүллээ

3 years ago

НЭГ. ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ДОТООД БОЛОН ГАДААД НӨЛӨӨЛЛӨӨС АНГИД БАЙЛГАХ ХҮРЭЭНД:

   1.1.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэгэн чухал зохицуулалт нь Үндсэн хуулийн 33.4 дэх хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн  энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж өөрчлөн найруулсан.

Энэ нь эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах зорилгоор Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг цаашид ердийн хуулиар олгохыг хориглосон Үндсэн хуулийн хязгаарлалт юм.

Иймд, Үндсэн хуулийг ягштал баримтлан өнөөгийн хуулиудаар Ерөнхийлөгчид олгосон шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг санал болгох, томилох зэргийг Шүүхийн тухай хуульд  тусгахгүй байх.

   1.2.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хууль ѐсны томилгоонд нөлөөлөхийг оролдсон хууль бус үйлдлийг тодорхой зааж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулах:

Тодруулбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төрийн байгууллагын албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, дарамт шахалт үзүүлэх, давуу байдал бий болгох, бий болгохоор амлах, ятгах үйлдэх хийхийг хуулиар хориглосноор шүүхийн хараат бус байдлыг хангаж чадах юм.

   1.3.Үндсэн хуулийн 48.3 дахь хэсэгт “Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 28.5 дахь хэсэгт байсан (2015 онд Улсын Их Хуралаас хүчингүй болгосон) “Улсын Их Хурал шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийн төсвөөс бууруулахгүй байх” баталгаажуулсан заалтыг сэргээх;

   1.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид санал болгосон нэр дэвшигчийг Ерөнхийлөгч томилохоос татгалзсан бол тийнхүү томилохоос татгалзаж буй үндэслэлээ олон нийтэд мэдээлэх зохицуулалтыг тусгана уу.

Түүнчлэн Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо шууд сонгодог байх зохицуулалт мөн чухал байна.

   1.5.Ерөнхий шүүгч (танхимын тэргүүнд)-д шүүх бүрэлдэхүүн томилох, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд танхим харгалзахгүй оролцох, шүүхийн харьяаллын талаар анхан шатны шүүх хооронд гарсан маргааныг шийдвэрлэх, эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг тогтоох бүрэн эрхийг олгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зүй бус нөлөөлөл үүсгэх эрсдэлтэй. Иймд Ерөнхий шүүгч (танхимын тэргүүнд)-д ийм бүрэн эрхийг олгохгүй байх, эдгээр асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөрөө шийдвэрлэдэг  зохицуулалтуудыг тусгах.

Мөн хуулийн төслийг дагалдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хуулиудаар Ерөнхий шүүгч (танхимын тэргүүнд)-д дээрх бүрэн эрхийг олгосон байгаа зохицуулалтад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах хуулийн төслийг боловсруулах.

   1.6.Шүүх дэх хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хуваарилах журмын хэрэгжилтийг олон нийтэд тогтмол мэдээлэх зохицуулалт шаардлагатай байна.

   1.7.Хуулийн төсөлд “Шүүхийн мэргэшлийн хороо давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс гаргасан тогтоолын дагуу “шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг дүгнэх”, уг дүгнэлтийн үр дагавраар шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх”-өөр тусгасан нь доод шатны шүүгчдийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг үүсгэхээр байгаа тул үүнийг хасах;

   1.8.Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн гаргасан тусгай саналыг шүүхийн цахим хуудсанд байршуулах, хэвлэн нийтлэх боломжийг олгосон эрх зүйн орчинг бий болгох нь олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

   1.9.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.5 дахь хэсэгт байсан (УИХ 2015 онд хүчингүй болгосон) “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг сэргээн оруулах.

ХОЁР. ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД, ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАХ ХҮРЭЭНД:

   2.1.Монгол Улсын Үндсэн хуульд “хуульчдаас шүүгчийг шилж олох” чиг үүргийг гагцхүү Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлэхээр заасан. Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тоог 10 болгож, тэдгээрийг сонгох, томилох журмын эрх зүйн үндсийг тогтоосон.

Иймд Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн төсөлд тусгагдсан шүүгчийн сонгон шалгаруулалт дахь Шүүхийн мэргэшлийн хорооны оролцоог хасаж, шүүгчийн сонгон шалгаруулалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлд бүрэн хариуцуулах.

   2.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сонгон шалгаруулалтыг хэрэгжүүлэх зохицуулалтыг дараах байдлаар тодорхой зохицуулах нь зүйтэй. Үүнд:

- Шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ѐс зүй, зан төлвийг шалгаж үнэлснийхээ дараа үнэлгээний дүнгээр эрэмбэлсэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, уг эрэмбийн дагуу шүүгчээр томилуулах нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид санал болгохх;

-Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг шууд томилохоос татгалзахгүй. Харин уг нэр дэвшигч хуульд заасан болзол, шаардлага хангахгүй байж болзошгүй мэдээлэл, баримт гарч ирвэл уг асуудлыг Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлд өөрт нь албан ѐсоор мэдэгдэж шалгуулах;

-Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг хэдий хугацаанд шүүгчээр томилохыг тодорхой тусгах;

-Шүүгчийг сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод процессын дагуу зохион байгуулахыг тодорхой тусгах;

-Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшлийн байдал, ѐс зүй, зан төлвийн талаар хөндлөнгийн, хараат бус шинжээчийн дүгнэлт гаргуулах, шүүгчийн шалгалтад татан оролцуулах боломжийг олгосон зохицуулалтыг тусгах;

-Шүүгчид нэр дэвшигчийн ѐс зүй, зан төлөв, амьдралын туулсан замналыг нарийн нягт судалж, үнэлэхэд шаардагдах боломжит бөгөөд хангалттай хугацааг хуульд тусгах;

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар шүүгчид нэр дэвшигч, болон хөндлөнгийн ажиглаж байгаа иргэдэд ойлгомжтой, үндэслэл бүхий шийдвэр гаргаж танилцуулдаг байх зохицуулалтыг тусгах.

   2.3.Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаар “нээлттэй сонсгол”- ыг Улсын Их Хуралаас зохион байгуулахыг тусгайлан хуульчлах.

Тодруулбал, нэр дэвшигчтэй танилцах хугацааг тодорхой заах, уг хугацаанд танилцаагүй бол нэр дэвшигчтэй танилцсанд тооцох, Улсын Их Хурал энэхүү танилцах үйл ажиллагаанаас ямар баримт бичиг гарган Ерөнхийлөгчид илгээх зэрэг нарийвчлан зохицуулах хэрэгтэй юм.

   2.4.Өнөөгийн практикт шүүхийг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах, шүүгчийн орон тоог цөөрүүлэх болон бусад үндэслэлээр шүүгчийг шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах шалгуур, үзүүлэлтийн нарийвчилсан зохицуулалт үгүйлэгдэж байна. Имйд энэхүү үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж, уг үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн субъектив нөлөөлөл орох боломжийг хязгаарлахыг зөвлөж байна.

   2.5.Давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавигдаж буй “анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг “анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй ажилласан, үүнээс гурваас доошгүй жил нь тухайн дагнасан чиглэлийн шүүхэд ажилласан байх” гэж өөрчлөх саналтай байна.

   2.6.Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлээрээ ажилласан туршлагыг дагнасан гэж хязгаарлахгүйгээр хуульчаар ажилласан нийт жилийг тооцож өргөжүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн Улсын дээд шүүх нь хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хуулийг тайлбарлах замаар эрх зүйг хөгжүүлж, бүтээхэд чухал үүрэгтэй байдгыг харгалзан хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах эсэхийг урьдчилан шийдвэрлэх механизмыг болгох, мөн магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багшаар 10-аас дээш жил ажилласан багш нэр дээвших боломж олгох саналтай байна.

 

ГУРАВ.    ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ     ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОХ, ТОМИЛОХ ОНОВЧТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОХ ХҮРЭЭНД:

   3.1.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн 49.5 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно” гэж заасныг дараах байдлаар тодруулан зохицуулах саналтай байна.

Шүүгч гишүүний хувьд:

-Монгол Улсын нийт шүүгчдийн оролцоог хангасан бүрэлдэхүүнээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх тус бүрийн төлөөллийг хувь тэнцүүлэн сонгох;

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох процессыг тодорхой тусгах.

Шүүгч биш гишүүний хувьд:

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүнд тавигдах шаардлагад “шударга зан чанар, өндөр ѐс зүйтэй” байх гэж нэмэх;

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш таван гишүүнд нэр дэвшигчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, Улсын Их Хурал эсхүл түүний Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол хийсний үндсэн  дээр дийлэнх олонхын саналаар томилох, нээлттэйгээр сонгон шалгаруулах журмыг нарийвчлан тусгах.

   3.2.Шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ѐс зүй, зан төлвийг бодитой бөгөөд шударга үнэлж чадах ѐс зүй, чадвартай хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох нөхцөлийг хангасан зохицуулалтыг бий болгох.

   3.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус 5 гишүүний сонгон шалгаруулалтыг явуулах ажлын хэсгийг олон талын төлөөлөлтэй байгуулж, ажлын хэсэг нь дийлэнх олонхын саналаар нэр дэвшигчийг тодруулахаар хуульчлах саналтай байна.

Тодруулбал, ажлын хэсэгт Улсын Их Хурал дахь олонх болон цөөнх, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуулиудын төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан, Хүний эрхийн форум, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллийг хангасан байдлаар байгуулах хуульчлах саналтай байна.

   3.4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхтэй холбоотой дараах тодорхой зохицуулалтыг тусгахыг санал болгож байна:

-Үйл ажиллагааны тасралтгүй, залгамж чанартай явуулах үүднээс гишүүний бүрэн эрх сонгож, томилсноор эхэлж, дараагийн гишүүн сонгогдож, томилогдсоноор дуусгавар болох;

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь бүрэн эрхийн хугацаандаа болон бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш гурван жилийн дотор шүүгчийн эсхүл ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшихийг хориглох;

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааныг нээлттэй явуулах, хуралдааныхаа товыг гурваас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлаж хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, сонирхсон иргэдийг танхимын багтаамжийн хүрээнд болон цахим хэлбэрээр оролцох боломжоор хангах;

-Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрээ цахим хуудсандаа тогтмол нийтлэх, ажлын тайлангаа цахим хуудсандаа жил бүр нийтэлдэг байхаар хуульчлах.

ДӨРӨВ. ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХҮРЭЭНД:

   4.1.Шүүгчийн ѐс зүйн алдаа, сахилгын зөрчил, мэргэжлийн илт алдаа зэрэг нэр томьѐог цэгцэлж, холбогдох тайлбарыг Үндсэн хуульд нийцүүлэн тусгах;

   4.2.Шүүгчид хориглох зүйлсийн жагсаалтыг гаргахдаа шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, урьдчилан харж үйл ажиллагаа зохицуулах боломжийг шүүгчид олгох, шүүхэд итгэх итгэлийг хамгаалахыг зорилго болгож тодорхой, дэлгэрэнгүй жагсаалт гаргах. Хуулийн төсөлд шүүгчид хориглох зүйлд “Оюутанд үнэлгээ тавих эрхгүйгээр хууль зүйн чиглэлээр багшлах” зэрэг бодит байдалтай нийцэхгүй, хэрэгжих боломжгүй заалтыг хасах;

   4.3.Шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуульд заасны дагуу шүүгчийн сахилга, хариуцлагад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага болохын хувьд төсөв, санхүү, үйл ажиллагааны хувьд хараат бусаар бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх. Үүний хүрээнд дараах зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгах:

-Шүүгч, хуульч, эрдэмтдийн тэнцүү төлөөллөөс бүрдүүлэх, эдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тусгах;

-Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, томилох, сонгох ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг хэрхэн сонгох, томилох талаар дээр дурдсан санал, зөвлөмжийг удирдлага болгох;

-Шүүхийн сахилгын хорооны гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг хуульд дэлгэрэнгүй байдлаар оруулах. Ингэхдээ Шүүхийн сахилгын хороо шүүгчийн эсрэг гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд нотлох баримт гаргуулах, холбогдох байгууллагыг уг үйл ажиллагаанд оролцуулах зэрэг хууль зүйн процессын дэлгэрэнгүй зохицуулах;

-Шүүхийн сахилгын хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг иш татаж хэрэглэх бус, Шүүхийн тухай хуульд тусгайлан журам, эрх хэмжээний хүрээнд хянах хууль зүйн процессыг бий болгох.

   4.4.Шүүхийн сахилгын зөрчилтэй холбоотой дараах зохицуулалтыг тусгах саналтай байна. Үүнд:

-Шүүгчийн сахилгын зөрчилд ногдуулах шийтгэлийн төрлийг олшруулах (хаалттай сануулах, нээлттэй сануулах, зэрэг дэвийг зургаан сараас хоѐр жил хүртэл хугацаагаар бууруулах, зургаан сар хүртэл хугацаагаар 30 хүртэл хувиар цалинг бууруулах, нэг жил хүртэл хугацаагаар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах шийтгэлийн төрлийг хуульчлах);

-Шүүгчийг сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэснийг өөрчилж, ядаж өмгөөлөгчийн ѐс зүйн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаатай ижил 3 жил болгох.

   4.5.Эрүүгийн хуульд дараах зохицуулалтыг тусгах:

-21.2 дугаар зүйл “Худал мэдүүлэх”, 21.4 дүгээр зүйл “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэсэн зүйлүүдэд нэмэлт оруулж “Шүүгчийн сахилгын зөрчлийг шалгах ажиллагааны үед гэрч худал мэдүүлэх, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан” тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох.

---ooOOoo--