Шүүхийн нэхэмжлэл, хүсэлтийн загварыг "Гэрэгэ Киоск"-оор хэвлэж авах боломжтой боллоо

2 years ago

“Гэрэгэ киоск” төхөөрөмжид өөрийн мэдээллээ оруулж, шүүхийн баримт бичгийн бэлэн загварыг А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэн авах шинэ үйлчилгээг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байрлах “Киоск” төхөөрөмж дээр өнөөдөр /2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр/-өөс нэвтрүүлж эхэллээ.

 

 

Энэхүү нээлтийн ажиллагаанд "Легал дата" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Алтангэрэл, "Гэрэгэ системс" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа болон Шүүхийн захиргаа удирдлагын газрын, Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нар оролцсон юм.

 

"Гэрэгэ киоск"-ийг 2017 оны 10 дугаар сард зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээг цахимаар авч, хураамж төлөх боломжтой байдаг. Тус киоскийг 2020 оноос дүүргүүдийн нийт шүүх болон шүүхийн тусгай архивын байранд байршуулан архивын лавлагаа авах төлбөр болон Улсын тэмдэгтийн хураамж төлөх зорилгоор ашиглаж ирсэн.

 

Энэ удаа "Легал дата" ХХК, "Гэрэгэ системс" ХХК хамтран шүүхэд иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг загваруудыг “Гэрэгэ киоск”-ийн системд нэвтрүүлж хэвлэн авч, ашиглах боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэд цаг, хугацаагаа хэмнэх, шүүхийн үйлчилгээ иргэд олон нийтэд илүү хүртээмжтэй, түргэн шуурхай хүрэх боломж бүрдэж байна. Түүнчлэн энэхүү системийг үндэсний технологийн компани "Гэрэгэ системс" ХХК, хуульч судлаачдад хэдийнээ танил болсон хууль зүйн чиглэлийн судалгааны бүтээлийн цахим сан болох legaldata.mn тэй хамтран хөгжүүлснээрээ онцлог болж байна. Legaldata нь 2016 оноос үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа ба одоогоор тус цахим санд 140 гаруй судлаачийн 780-аад бүтээл байршаад байгаа билээ.

 

“Гэрэгэ киоск” машинаас нэхэмжлэл болон хүсэлтийн дараах загваруудыг хэвлэж авах боломжтой.

Нэхэмжлэл:

  1. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай
  2. Зээлийн гэрээний төлбөр гаргуулах тухай
  3. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай
  4. Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай
  5. Гэрлэлт цуцлуулах тухай
  6. Асран хамгаалагчаар тогтоолгох тухай
  7. Ажилласан жил тогтоолгох тухай
  8. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор төгрөг гаргуулах тухай

Хүсэлт:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах тухай
  2. Улсын тэмдэгтийн хураамж буцаан гаргуулах тухай
  3. Шүүхийн архивын баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах тухай /Шүүхийн төрөлжсөн архив/
  4. Шүүхийн архивын баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах тухай /Шүүхийн тамгын газар/
  5. Лавлагаа тодорхойлолт авах тухай
  6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргах тухай

 

Киоскоос легал дата загвар авах алхам: 

  1. LEGAL DATA товч дарна
  2. Баримт бичгийн загвар сонгоно
  3. Иргэний мэдээллээ баталгаажуулна
  4. Нэмэлт мэдээлэл оруулна
  5. Төлбөр төлнө
  6. Баримт бичгийн загвартай танилцан, хэвлэнэ

Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байрлах “Киоск” төхөөрөмж дээр энэхүү үйлчилгээ нэвтрээд байгаа бөгөөд цаашид бусад шүүхэд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.