И.Балжинням: Бид "Цэвэр агаараар амьсгалах эрх"-тэй

2 years ago

“ЦЭВЭР АГААРААР АМЬСГАЛАХ ЭРХ”-ТЭЙ

“Цэвэр агаараар амьсгалах эрхийг хүндэтгэж, хамгаалж, хэрэгжүүлж чадахгүй байгаа нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст аймшигтай хохирол учруулж байна. Бүх үхэл, өвчин мөн хөгжлийн бэрхшээлтэй байдал нь хувь хүний итгэл найдвар, хүсэл мөрөөдөл мөн хайртай хүмүүст нөлөөлдөг. Агаарын бохирдол бол урьдчилан сэргийлэх боломжтой асуудал юм.

Шийдлийг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй ч цэвэр агаараар амьсгалах эрхийг хангахын ашиг тусыг тооцохын аргагүй юм ”

Дэйвид Бойд. НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч

 

Жил гаруйн өмнө би Итали улсын Милан хотын Их сургуульд тогтвортой хөгжил, олон улсын эрх зүйн чиглэлээр хуулийн магистрийн зэрэг хамгаалаад ирсэн юм. Тухайн үедээ өндөр хөгжсөн Европ тивд үлдэж, ажиллаж амьдрах хүсэл эрмэлзэл дүүрэн байсан ч Монгол Улсдаа өөрийн хувь нэмрийг оруулах гэсэн залуу хүмүүст байдаг итгэл, эрч хүч, мөрөөдлийг өвөртлөөд 2020 оны 2 сард буцаад ирлээ.

4 сард миний охин мэндэлсэн юм. Охин маань дулаан цаг үед мэндэлсэн болохоор зуслан дээрээ агаарт их л сайхан үеийг өнгөрөөсөн. Ингээд нэг мэдэхэд 10 сар гарч, хүйтэрч эхлэв. Оройдоо гадуур бага зэргийн тортог шиг зүйл үнэртдэг болж эхэлсэн. Энэ үеэс эхлээд нөгөө л нэг байнга ярьдаг ”улиг болсон” утааны асуудал эхэллээ.

Манай гэр бүл хотын хамгийн утаатай цэгүүдийн нэгт амьдардаг юм. Энэ хэсэг хонхор учир утаа суунаглаж тогтдог гэдгээрээ алдартай. Орой цонхны завсраар, орцонд, гэрт ч утаа үнэртэнэ, гадаа гарах талаар бодох ч хэрэггүй. Гадаа гарах юм бол эсхүл заримдаа гэртээ байхад ч толгой өвдөж, дотор муухайрна.

Нөхөр бид хоёр хоёулаа ажил хийдэг учир зөвхөн амралтын өдрөөр л охиноо агаарт гаргах боломж олддог байв. Энэ үед хаашаа агаарт гарах вэ гэсэн бөөн асуудал үүснэ. Агаарын чанарыг харуулдаг “AirVisual” аппликэйшнээс харахад Улаанбаатар хотын бүх л газар эрүүл бус, маш эрүүл бус эсхүл аюултай гэсэн бичиг л хардаг байлаа. Богд уул, яармаг, гүнт, sky resort гээд яваагүй газар байхгүй. Бүгд л тодорхой хэмжээний утаатай. Хотоос хэдэн километр гарч байж утаагүй болохыг мэдэхгүй.

Ийм нөхцөл байдалтайгаар бид бараг 6 сар байдгийг өнгөрсөн өвөл биеэрээ мэдэрлээ. Бид гэрийнхээ цонхыг битүүлээд, гэртээ агаар шүүгч тавиад ч агаар шүүгч дээрх тоо орой болоход л 70- 80 болдог байв (уг нь 0-10 хүртэл байх ёстой л доо).

Том хүн, хүүхдүүд гэлтгүй амьсгалах цэвэр агааргүй байх нь олон өвчний суурь болж мөн тархинд муугаар нөлөөлдөг. Бид ийм агаараар амьсгалах ёсгүй гэдгийг бүгд л мэддэг. Гэвч ийм байх ёстой мэт болоод, зундаа утааг ор тас мартаж, өвөл ирэхэд санадаг байдалтай нэлээд хугацааг өнгөрүүлсэн байна.

Тийм учир би агаарын бохирдлын тухай өгүүлэл болон судалгааны ажил хосолсон “Цэвэр агаараар амьсгалах эрх” гэсэн гурван цуврал ажлыг хийхээр зориглоод байгаа билээ. Эхний буюу энэхүү өгүүллээрээ агаарын бохирдлын тухай болон цэвэр агаараар амьсгалах эрхийн тухай ерөнхий ойлголтыг өгөхийг зорилоо. Хоёр дахь судалгааны ажлаар Монгол Улс дахь цэвэр агаараар амьсгалах эрхийн ойлголт, хууль эрх зүйн орчин мөн тус эрхийг хамгаалах механизмын тухай өгүүлэх бол гурав дахь ажлаар агаарын бохирдолтой тэмцэж буй бусад орнуудын жишээг оруулах болно.

Уг ажил маань уншигчидад цэвэр агаараар амьсгалах эрхтэй болохыг ойлгуулах, энэ тухай мэдлэг, мэдээллээр хангах ерөнхий зорилготой бөгөөд цаашлаад Монгол Улсад тус эрхийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах механизмыг сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй учир уг цуврал ажлыг эхлүүлж байна.

Агаарын бохирдол нь нүүрс эсхүл бусад дулаан ялгаруулах материал түлэх; үйлдвэрлэл, уул уурхай, газар тариалангийн үйл ажиллагаанаас хорт бодис ялгаран агаарын хэвийн бүтэц, шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг байна[1]

Улаанбаатар хотод PM10 болон PM2.5 тоосонцор, хүхэрлэг хий буюу SO2 мөн азотын давхар исэл буюу NO2[2] гэсэн бохирдуулах бодис агаарт их хэмжээгээр байдаг бөгөөд энэ нь жил ирэх тусам байх ёстой хэмжээнээс хэтэрсэн байдаг.[3]

Түүнчлэн диоксин болон фуран гэх хорт бодис хогийн төвлөрсөн цэгүүдэд хуримтлагдсан хаягдлыг шатаасны улмаас их хэмжээгээр үүсч байдаг бөгөөд энэ нь эхийн сүүгээр ялгарч хүүхдийг хордуулах, биеийн өөхлөг хэсэгт хуримтлагдан хордуулах мөн малын мах сүүнд хуримтлагдан хүнийг хордуулж байдаг байна.[4]

Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айл өрхөд 3200 орчим нам даралтын зуух байдаг бөгөөд эдгээрийн жилийн нүүрсний хэрэглээ нь 1 сая гаруй тонн байдаг ба энэ нь агаарын бохирдлын 80 хувийг үүсгэдэг байна.[5] Харин хог шороо болон хөрсний бохирдлоос 4 хувь, 439 мянган авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь 10 хувь, 3 том дулааны цахилгаан станцын жилийн нүүрсний хэрэглээ 4,1 сая тонн бөгөөд энэ нь агаарын бохирдлын 6 хувийг бүрдүүлж байдаг.[6]

Агаарын бохирдолтой орчин нөхцөлд амьдрах нь халдвар, зүрхний өвчин, цус харвалт, уушигны хорт хавдар, эрсдэлтэй төрөлт, хүүхдийн астма, уушгины архаг дутагдал, чихний халдвар, хөгжлийн хоцрогдол, чихрийн шижин, хүүхдийн таргалалт, оюун ухааны хомсдол, мэдрэлийн эмгэг зэрэг маш олон төрлийн өвчний суурь болдог байна.[7]

Улаанбаатар хотод агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн гол шалтгаан нь амьсгалын замын өвчлөл байдаг[8] бөгөөд 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэсэн судалгаа байдаг.[9]Хамгийн эрсдэл бүхий бүлэгт хүүхдүүд багтдаг бөгөөд 2014 оны байдлаар жилдээ 5 хүртэлх насны 2000 гаруй хүүхэд эндэж байгаагаас 14,5 хувь нь амьсгалын тогтолцооны өвчний улмаас эндсэн байна.[10]

Дээрхээс гадна агаарын бохирдолтой газар амьдрах нь сэтгэл зүйн хямрал бий болоход хамааралтай байдаг тухай судлаачид тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол нь тархины үйл ажиллагаанд нөлөөлж улмаар сурах үйл явцыг удаашруулдаг.

Дэлхийн 6 тэрбум гаруй хүн (дэлхийн нийт хүн амын 90 хувь), эдгээрийн гуравны нэг нь хүүхдүүд эзлэх хэмжээний хүмүүс өдөр тутамдаа “чимээгүй, харагдах боломжгүй алуурчин” гэгдэх бохирдолтой агаараар амьсгалж байгаа бөгөөд үүний улмаас дэлхийд жилд 7 сая гаруй, үүнд 600,000 хүүхдүүд жам ёсны бус үхлээр нас барж байна. [11]

Улаанбаатар хотын хувьд 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн байдлаар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор тодорсон байна.[12] Агаарын бохирдол нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна бага болон дунд орлоготой улсуудад эдийн засгийн хямрал үүсгэдэг.[13]

Нэгэн жишээ дурдахад, агаарын бохирдлын улмаас хувийн хэвшлийн салбарт үүсэж буй шууд болон шууд бус зардал нь ажил олгогч болон ажилтнуудад сөрөг нөлөө үзүүлдэг байна[14] Ажилчдаас эрүүл мэндтэй холбоотой эмчид үзүүлэх, эм худалдан авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх мөн унаатай холбоотой зардал буюу 875,000 төгрөгийг нэг ажилтан зарцуулахаас гадна тухайн өдрийн цалингаа алддаг байна.[15]

Ялангуяа бага насны хүүхэдтэй эмэгтэй ажилтнуудын дунд ажил таслалт өндөр байдаг тухай судалгаа гарчээ. Үүний улмаас байгууллагуудын дунд сүүлийн таван жилд ажил таслалттай холбоотой зардал ойролцоогоор 7,5 сая ам.доллар байгаа бөгөөд үүнээс Монгол Улсын эдийн засагт үүсэж байгаа агаарын бохирдолтой холбоотой алдагдсан боломжийн зардал 1,4 сая ам. доллар байна.[16]

Үүнээс харахад бид агаарын бохирдлын улмаас эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй их хэмжээний зардлыг гаргадаг. [17]

Тийм учир бидэнд цэвэр агаараар амьсгалах шаардлага байхаас гадна бидэнд цэвэр агаараар амьсгалах ЭРХ бий.

Сүүлийн жилүүдэд Нэгдсэн Үндэсний Байгууллага (“НҮБ”) болон улс орнууд агаарын бохирдол мөн агаарын бохирдлын хүний биед болон дэлхийн дулааралд үзүүлж буй үр нөлөөг ихэд судлах болсон. Үүний үндсэнд “right to breathe clean air” буюу “цэвэр агаараар амьсгалах эрх” гэсэн ойлголтыг гаргаад байгаа билээ.

НҮБ-ын Тусгай илтгэгчийн дурдсанаар[18] цэвэр агаараар амьсгалах эрх нь хүний амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, тогтвортой хөгжил, экосистемийн чухал бүрдүүлэгч хэсэг бөгөөд агаарын бохирдол нь байгаль орчин, эрүүл мэнд мөн хүний эрхийг хамарсан өргөн хүрээний асуудал юм.

Агаарын бохирдол нь дээр дурдсан байдлаар бидний эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлснээр амьд явах эрх, эрүүл байх эрх, хүртээмжтэй устай байх эрх, хоол хүнстэй байх эрх, зохистой орон гэртэй байх эрх болон зохистой амьдрах нөхцөлөөр хангуулах эрх зэрэг бусад эрхүүдэд шууд нөлөөлдөг байна.

НҮБ-аас хүртээмжтэй устай байх эрхийг хүлээн зөвшөөрсөн ч цэвэр агаараар амьсгалах эрхийг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Гэвч тусгай илтгэгчид, судлаачид, улс орнуудад үүсээд байгаа нөхцөл байдал тус эрхийг хүлээн зөвшөөрөх шаардлага байгааг нотлохоос гадна НҮБ-аас агаарын бохирдлын хор хөнөөлийг хүлээн зөвшөөрсөөр байгаа юм.[19]

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссараас 2018 онд зохион байгуулагдсан Агаарын бохирдол болон эрүүл мэнд нэртэй анхны хуралд “хүн төрөлхтөн цэвэр агаараар амьсгалах эрхтэй” гэж илтгэсэн байна. Түүнчлэн НҮБ-ын салбар байгууллагуудаас улс орнуудыг агаарын бохирдлыг бууруулахыг уриалсан уриалгуудыг гаргасаар иржээ.[20] Түүнчлэн улсууд дотоодын хууль тогтоомждоо агаарын бохирдлыг бууруулах бодлого, зохицуулалтуудыг багтаан цэвэр агаараар амьсгалах эрхийг хангаад байгаа билээ. Үүний нэг жишээ бол Америкийн Нэгдсэн Улсын Пенсилвани мужийн Үндсэн хуульд цэвэр агаараар амьсгалах эрхийг тусгаж өгсөн байна.

Агаарын бохирдлыг бууруулах олон арга зам байдаг. Үүнд, агаарын чанарыг хэмжих сүлжээг бий болгох; агаарын бохирдлын гол эх үүсвэрүүдийн тодорхойлох; олон нийтийн оролцоо болон мэдээллээр хангах; сайн хууль, дүрэм, журам, агаарын чанарын стандартыг гаргах; стандартад дурдсан шаардлагуудыг хангахын тулд үндэсний хөтөлбөр батлан гаргах; үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц хуваарилах; мөн эдгээрийн хэрэгжилтийг үнэлж илүү дээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай эсэхийг тодорхойлох[21] түүнчлэн инноваци, технологийг ашиглан агаарын бохирдлыг бий болгож буй хүчин зүйлүүдийг багасгах зэргийг дурдаж болно.

Арга зам нь тодорхой боловч эдгээрийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний асуудлууд тулгарч байдаг байна. Учир нь агаарын бохирдлыг сайн техник технологийн тусламжтайгаар бууруулах боломжтой бөгөөд үүнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм.[22] Энэ нь Монгол Улс шиг санхүүгийн нөөц бололцоо хомс мөн хөгжиж буй оронд хүндрэлтэй тусах нь аргагүй биз ээ. Гэвч зөвхөн эл шалтгаанаар иргэдийн цэвэр агаараар амьсгалах эрхийг болон цаашлаад бусад эрхийг зөрчих боломжгүй юм.[23]

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг тусгасан байдаг. Үүнд, амьд явах эрх; эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх; орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг.

Цэвэр агаараар амьсгалах эрхийг хангахын тулд заавал Үндсэн хуульдаа тусгах шаардлагагүй юм. Учир нь тус эрх зөрчигдсөн тохиолдолд амьд явах эрх; эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх; орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг давхар зөрчигдөж байдаг. Тиймээс цэвэр агаараар амьсгалах эрх нь эдгээр эрхүүдийг нэг бүрдэл хэсэг болдог байна. Аливаа улс өөрийн дотоодын хууль тогтоомж, бодлогын түвшинд зохицуулах замаар тус эрхийг хангах бүрэн боломжтой.

Монгол Улсын хувьд 2010 оноос эхлэн сайжруулсан зуух, түлш, агаар цэвэршүүлэгч, орон сууцжуулах төсөл, дулаалгын аян, шөнийн тариф, хөнгөлөлт олгох зэрэг агаарын бохирдлыг бууруулах олон төрлийн арга хэмжээг авч байсан бөгөөд 2017 оноос хойш хууль эрх зүйн орчин мөн бодлогын түвшинд тус арга хэмжээг улам сайжруулж ирсэн байна. Гэвч төсвийн буруу хуваарилалт, төсвийн хязгаарлагдмал байдал мөн тухайн хууль, бодлогыг хэрэгжүүлэхэд тавигдах хяналтын хангалтгүй зэрэг шалтгааны улмаас агаарын бохирдлыг эсрэг авч буй арга хэмжээнүүд үр дүнгүй байна.[24]

Цэвэр агаараар амьсгалах эрхийг хүлээн зөвшөөрч, хангаагүй тохиолдолд хүний суурь эрх болох амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг хэзээ ч хангагдаж чадахгүй.

Тиймээс бид цэвэр агаараар амьсгалах эрхийг хүлээн зөвшөөрөх, тунхаглах, хангахад анхаарал хандуулж өөрсдийн иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинг хамгаалаад зогсохгүй цаашлаад дэлхийн дулааралд хувь нэмрээ оруулах шаардлагатай байна.

 

[1] Б. Наранзул, Г.Сарнай, “Агаарын Бохирдлын тухай товчхон”, Конрад-Аденауэр-Сан болон Зориг сангаас гаргасан товхимол, http://www.agaar.mn/files/article/664/Agaariin%20bohirdliin%20tuhai%20tovchhon.pdf

[2] PM10 болон PM2.5 тоосонцор нь агаар дахь нарийн ширхэгтэй тоос болон шингэн байдаг бөгөөд байгалийн эсхүл хүний үйл ажиллагааны явцад болон өөр бусад хийн бохирдуулагчид агаарт хоорондоо нэгдэн хувирч үүсгэдэг тоосонцрыг ойлгоно. Хүхэрлэг хий буюу SO2 нь нүүрс, газрын тос зэрэг хүхэр агуулсан түлшийг шатаах үед бий болдог. Азотын давхар исэл буюу NO2 нь түлш шатаах, автотэврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэргээс үүсдэг. http://www.agaar.mn/files/article/664/Agaariin%20bohirdliin%20tuhai%20tovchhon.pdf

[3] Ibid.

[4] Ibid.

[5] Б. Наранзул, Г.Сарнай, “Агаарын Бохирдлын тухай товчхон”, Конрад-Аденауэр-Сан болон Зориг сангаас гаргасан товхимол, http://www.agaar.mn/files/article/664/Agaariin%20bohirdliin%20tuhai%20tovchhon.pdf

[6] Ibid.

[7] WHO, Inheriting a Sustainable World? Atlas on Children’s Health and the Environment (2017). https://breathemongolia.org/news-article/1458/

[9] Б. Наранзул, Г.Сарнай. “Агаарын Бохирдлын тухай товчхон”, Конрад-Аденауэр-Сан болон Зориг сангаас гаргасан товхимол, http://www.agaar.mn/files/article/664/Agaariin%20bohirdliin%20tuhai%20tovchhon.pdf

[10] Ibid.

[11] UN, General Assembly, “Issues of human rights obligations relating to the enjoyment of a safe, clean, healthy and sustainable environment”, Report of the Special Rapporteur, 08 January 2019.

[13] David Boyd, “The Human Right to Breathe Clean Air”, Annals of Global Health, 2019; 85(1) 146, 1–2. DOI: https://doi.org/10.5334/aogh.2646

[14] UNICEF, “Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй ажил таслалтаас хувийн хэвшилд үүссэн зардлын судалгаа”, 2020 он

[15] Ibid.

[17] Ibid.

[18] UN, General Assembly, “Issues of human rights obligations relating to the enjoyment of a safe, clean, healthy and sustainable environment”, Report of the Special Rapporteur, 08 January 2019.

[19] Toxic air pollution: UN rights experts urge tighter rules to combat ‘invisible threat’”, press release, 24 February 2017.

[20] General comment No. 14 (2000) on the right to the highest attainable standard of health. The High Commissioner for Human Rights (A/HRC/19/34 and Corr.1) and the Human Rights Council (resolution 35/24) have stressed the importance of addressing air pollution. P.8

[21] David Boyd, “The Human Right to Breathe Clean Air”, Annals of Global Health, 2019; 85(1) 146, 1–2. DOI: https://doi.org/10.5334/aogh.2646

[22] David Boyd, “The Human Right to Breathe Clean Air”, Annals of Global Health, 2019; 85(1) 146, 1–2. DOI: https://doi.org/10.5334/aogh.2646

[23] Өдгөө тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжихээр улс гүрнүүд гэлтгүй хувийн хэвшлийн байгууллаагууд ч нэгдсэн билээ. Энэ үед тогтвортой хөгжилийн зорилгод хүрэхэд хувь нэмэр оруулж буй төсөл, хөтөлбөрүүдэд ногоон зээлийг олгох болсон билээ. Мөн түүнчлэн гадны томоохон хөрөнгө оруулагчид энэ төрлийн төсөлд нааштай ханддаг болоод байгаа юм. Graphic: 'Sustainable' funds a safer harbour in coronavirus market meltdown| Reuters

[24]UNDP, AARC Consultancy, “Air Pollution in Mongolia: Opportunities for further actions, Public expenditure review”, 2019