Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-04-25 Judilogy
    Нэхэмжлэгч нь авто замын төслийн ерөнхий гүйцэтгэгч. Нэхэмжлэгч нь тус төслийн ажилтай холбогдуулан Хариуцагчтай Даатгалын ерөнхий гэрээ болон Автозамын угсралтын даатгалын дэд гэрээг байгуулж, Нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн өмнө үүсэх хариуцлагыг даатгуулсан. 
    Даатгалын гэрээний хугацаанд төмөр бетон гүүрний угсралтын ажлыг гүйцэтгэж байхад их хэмжээний аадар бороо орсны улмаас даатгуулагчийн хийж гүйцэтгэсэн түр далан ачааллаа дийлэхгүй, үерийн ус хальж, далангийн ойр орчмын 11 иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөд нийт 378,754,737 төгрөгийн хохирол учирсан байна. 
    Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдолд бий болсон гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Хариуцагч нь даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн тул ИХ-ийн 444.4.-т “Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан. 
    дэлгэрэнгүй
  • 2024-04-19 Judilogy
    Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... 2020.01.22-ны өдрийн [***] дугаартай Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу 2018 онд холбогдох 250,000,000 төгрөг, 2019 онд холбогдох 250,000,000 төгрөг, 2020 онд холбогдох 400,000 ам.доллартой тэнцэх 1,269,748,000 төгрөгийг сумын орон нутгийн хөгжлийн санд оруулах, тус гэрээний 2.1.12, 2.1.13-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувиар торгуулийн хариуцлага хүлээнэ. 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээгээ тус тус байгуулах үүрэгтэй” гэжээ. 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “компани нь гэрээ байгуулсны дараа гэрээнд заасны дагуу сумын Засаг даргын тамгын газарт 50,000 ам.долларыг шилжүүлсэн. 2020 оны эхэн үеэс дэлхий даяар шинэ төрлийн корона вирусийн тархалт гарснаар гэрээнд заасан бүтээн байгуулалтын ажлыг явуулахад саад бэрхшээл учирснаар ИХ-ийн 221.2-т заасан нөхцөл байдал үүссэн. Сумаас тавьж буй гэрээний үнийн дүн хэт өндөр, 2018-2020 онд байгуулсан гэрээ нь бэлэглэлийн гэрээнд хамаарах тул төслийн барилгын ажлыг орон нутагт шилжүүлснээр байгуулагдсанд тооцогдож, нотариатаар гэрчлүүлснээр шаардах эрх үүснэ. Эдгээр шаардлагыг хангаагүй. Төсөл хэрэгжээгүйд сум, орон нутаг хариуцлага хүлээнэ. Гэрээнд ямар дансанд мөнгө шилжүүлэх талаар заагаагүй. Нэхэмжлэгч бэлэн мөнгө шаардах бус, төсөв тодорхойлон ажил хийхийг л шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тодорхой төсөв бүхий төсөл зохиож ирүүлээгүй. Анз ба торгуулийг давхардуулан шаардсан нь буруу. 2021 оны “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний тухайд талуудын харилцан эрх тэгш, сайн дурын үндсэн дээр Сумтай яриа хэлэлцээр хийж уг гэрээг байгуулна” гэж маргасан байна.
    дэлгэрэнгүй
  • 2024-04-08 Judilogy
    Шүүгдэгч Б.А нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед гэртээ хадам ах болох А-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн суган тус газарт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. Хохирогч А-ын зүгээс согтуугаар хүргэн Б.А, өөрийн төрсөн дүү Б нарыг хэл амаар доромжилж, Б-г өшиглөх зэргээр агсам тавьсаны улмаас шүүгдэгч болон хохирогч нар маргалдаж, зодолдсон. Тухайн үед гэрт шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн эхнэр буюу хохирогчийн дүү Б болон П гээд нийт 4 хүн, 2 хүүхэд байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б болон П нар мэдүүлэхдээ шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдаж, зодолдсон талаар мэдүүлдэг ч шүүгдэгч хохирогчийг хутгалж буйг хараагүй байна. Улмаар мөрдөгч нь шүүгдэгч Б.А-с сэжигтэн, эсхүл яллагдагчаар мэдүүлэг авахын оронд гэрчээр мэдүүлэг авч, өөрийнх нь эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар ашиглаж, тус гэрчийн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтэндээ тусгажээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-03-29 Judilogy
    Нэхэмжлэгч: 2020.09.22-ны өдөр хариуцагчтай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, байрны төлбөр болох 69,355,000 төгрөгийг 100 хувь барагдуулсан. Орон сууц ашиглалтад орсон 2022.06.20-ны өдөр очтол үнэ нэмэгдсэн учир нэмж 24,450,000 төгрөг төлөх шаардлага тавьсан. Гэрээний 4-р зүйлийн 4.1-т орон сууцыг 2021 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулна, 4.2-т барилгыг ашиглалтад хүлээн авсан тохиолдолд акт үйлдэн орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан ба заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул 294 хоногийн алданги (0,01 хувь), орон сууц түрээс, хохирол нийт 10,091,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
    Хариуцагч: Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа хэтрэхэд ковид цар тахлын нөлөөлж, улс орон даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, хил, гааль хаагдаж эхэлсэн, бараа материал хомсодсон, үнэ огцом нэмэгдсэн зэргээр барилгын ажлын төсөвт өртөг илт нэмэгдсэн. Ийнхүү анх гэрээ байгуулж байх үеийн нөхцөл байдал илт өөрчлөгдөж, хохиролтой нөхцөл байдал үүссэн тул үүнд нийцүүлэн нэмэгдсэн зардлыг талуудад хуваарилж, нэхэмжлэгчид 2021.08.09-ний өдөр 1 м.кв талбайн үнийг 200,000 төгрөгөөр нэмж, нийт 1,500,000 төгрөг болгох санал хүргүүлсэн гэжээ. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, гэрээний 3.2-т заасны дагуу энэхүү орон сууцны захиалгын үнэ нь барилгын өртөг зардал багтсан үнэ ба барилгын өртгийн дийлэнх хувийг материалын зардал эзэлдэгтэй холбогдуулан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшнаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно. Энэ тохиолдолд захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу мэдэгдсэн ба тус санал хүчин төгөлдөр байгаа тул зөрүү үнийг гаргуулна гэжээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-03-20 Judilogy
    Шүүгдэгч Т.Б нь “М” ХХК-д сантехникийн инженерээр ажиллаж байхдаа О.Ө-тэй хамтран 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр барилгын засварын ажилд шаардлагатай бохир усны даацын шугам хоолойн 80 метр труба, муфт, цавуу зэргийг 2,574,000 төгрөгөөр худалдан авсан мөртлөө үнийг  өсгөж 14,854,000 төгрөгөөр “Б” ХХК-иас худалдан авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, эдгээрийн зөрүү мөнгийг хувьдаа ашиглажээ (1). Тус үйлдлээс мөн тусдаа Т.Б нь ганцаараа “Б” ХХК-ийн нэрээр “П” ХХК-д авто гражийн барилгын металл дам нурууг бэлтгэн нийлүүлэх гэрээг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр уг компаний захирал Б-тэй байгуулж, гэрээний төлбөрт мөн оны 7 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус 27,500,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөг авсан мөртлөө элдэв шалтаг заан уг гэрээний үүргээ биелүүлээгүй (2) тус 2 үйлдлийн улмаас бусдад нийт 70,540,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэг. Албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-03-11 Judilogy
    Гомдол гаргагч нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд нэр дэвшсэн бөгөөд Хариуцагч нь Гомдол гаргагчийг МУИХСтХ-ийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоног (2023.06.16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр уг хугацааг 15 хоног болгон өөрчилсөн)-ийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хууль (“ЗтХ”)-ийн 17.1.21-т  “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 
    Гомдол гаргагч нь тус шийтгэлийн хуудас нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөчсөн тул хүчингүй болгуулахаар гомдол гаргав. 
    дэлгэрэнгүй
  • 2024-03-04 Judilogy
    Ажил олгогч нь уртын ээлжийн хуваариар ажилладаг ажилтнуудын нэг цагийн үндсэн цалинг тооцохдоо 1 жилд нийт 52 долоо хоног, 1 долоо хоногт ажиллах ажлын цагийг 40 цаг гэж тооцоод 52*40=2,080 цаг буюу жилд ажилтан ердийн 2,080 цаг ажиллах ёстой гэж тогтоосон. Уг тооцоололд Бямба, Ням гарагуудыг хасаж тооцож байгаагийн адилаар, тухайн жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцох нь зүйтэй. Талуудын хооронд байгуулсан хамтын гэрээ болон ажил олгогчийн баталсан дотоод журмын дагуу нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг нь илүү цагт тооцогдож, ажилтанд түүний үндсэн цалингаас тооцож цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгохоор заасан. 
    дэлгэрэнгүй
  • 2024-02-26 Judilogy
    Шүүгдэгч С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой өөрийн 16 настай, эмэгтэй, төрсөн дүү Г-тэй маргалдаж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн орчим дүү Г-г гэрээс гарах үед араас нь хоолойг нь боож амь насыг нь хохироож, үүний дараагаар цогцсыг мөчлөн гэртээ нууж, 2020 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд дутуу баригдсан улаан өнгийн тоосгон байшингийн гадна талд болон хуучин цэргийн ангийн үлдэгдэл балгас дунд цогцсыг хаяж, улмаар Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. 
    дэлгэрэнгүй
  • 2024-02-22 Judilogy
    Хүсэлт гаргагч компани нь Дампуурлын тухай хууль (“ДтХ”)-ийн 4.1 дэх хэсэгт “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасны дагуу татвар болон нийгмийн даатгалын нийт 112,754,453.4 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд энэ нь Компанийн өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтэрсэн гэж үзэн төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргажээ.

    Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад Компанийн авлагын талаарх мэдээллийг гаргуулахад санхүүгийн тайландаа 566,996,000 төгрөгийн бусад авлагатай гэж тусгасан байв. Уг авлагыг хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ “Компани нь хамаарал бүхий этгээдүүддээ өрөмдлөгийн ажлын гэрээний туслан гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгэж өгсөн бөгөөд тус гэрээний авлагаар бүртгэсэн” гэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-01-24 Judilogy
    Шүүгчдэгч согтуурсан үедээ амь хохирогчийг “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогдсон. 
    дэлгэрэнгүй
  • 2024-01-18 Judilogy
    “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.07.06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, үүнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Хангамж худалдан авалтын хэлтэс” нь “Хангамж, худалдан авалт, дэд бүтцийн газар” болж, мэргэжилтний орон тоог 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн, үүний дагуу гүйцэтгэх захирал 2021.08.09-ний өдрийн 1 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Улмаар нэхэмжлэгч ээлжийн амралттай байсан тул түүнд тус тушаалын талаар албаны даргаар дамжуулан мэдэгдэхэд “хот орох боломжгүй байгаа тул миний өмнөөс гарын үсэг зураад авчих” гэж хариу өгснөөс гадна 2021.08.11-ний өдөр 2 сарын тэтгэмж олгохыг хүссэн өргөдлийг ажил олгогчид гаргаж байжээ. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдээгүй гэх үндэслэлээр маргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2024-01-10 Judilogy
    Нэхэмжлэгч нь мах, махан бүтээгдэхүүний худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2021 онд шатахууны олдоц хомс үед мах худалдаж авсан тохиолдолд ойролцоо байрлах шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авах эрх өгөх урамшуулал зарлажээ. Энэ нь ӨтХ-д заасан хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн, барааг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар борлуулсан гэх зөрчилд хамаарч байна хэмээн үзэж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах,  зар сурталчилгааны газрын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хууль (“ЗтХ”)-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
    Нэхэмжлэгч нь дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав. 
    дэлгэрэнгүй
  • 2024-01-05 Judilogy
    Ажил олгогч (“хариуцагч”) нь ажилтан (“нэхэмжлэгч”)-ы иргэний үнэмлэх дээрх төрсөн огноог үндэслэж “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь хэсэгт заасны дагуу ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус шийдвэр гарснаас хойш ажилтан нь шүүхэд нас тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, ажилтны төрсөн өдрийг тогтоож шийдвэрлэсэн ба үүний дагуу ажилтан нь 60 нас хүрээгүй болохыг тогтоосон. Ийнхүү ажилтан нь хөдөлмөрийг гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хариуцагч нь дээрх шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийг иргэний үнэмлэхийг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40.1.3-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул тушаалыг хууль бус гэх үндэслэл болохгүй хэмээн маргадаг. 
    дэлгэрэнгүй
  • 2023-12-25 Judilogy
     Шүүгдэгч нь Х аймгийн Ж сумын нэгэн багийн засаг даргаар ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарт албан хэрэгцээнд нь ашиглуулах зорилгоор 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон, Ж сумын Засаг даргын тамгын газрын эд хөрөнгөд бүртгэлтэй 2.235.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл болох БНХАУ-д үйлдвэрлэсэн, “Chongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард тус багийн иргэнд 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулжээ. Улмаар цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээсний дараа цагдаагийн газарт тус мотоциклийг хүлээлгэн өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-12-12 Judilogy
     Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Үүнтэй холбогдуулан, хариуцагч нь “шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрсөн” гэх шалтгаанаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргаагүй тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлттэй холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгдээгүй. Хариуцагч нь хяналтын шатны шүүхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. 
    дэлгэрэнгүй