Эмч, эмнэлгийн ажилтан үйлчилгээ үзүүлэхдээ тухайн үйлчилгээнээс гарч болох хүндрэл, эрсдэлийг танилцуулах үүрэгтэй

2023-03-18 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Шийдвэрийн дугаар: 2020 оны 04 сарын 14 өдөр 457 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 

Хураангуй: дугаар 9

Иргэн “О” нь иргэн “Э”-д гоо сайхны үйлчилгээ үзүүлэхдээ “өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах” зөвшөөрлийн хуудас дээр тухайн үйлчилгээнээс гарч болох хүндрэл эрсдлийг нэг бүрчлэн дурдаж, “Э”-ээс зөвшөөрөл авч гарын үсэг зуруулаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу үйлчилгээ үзүүлээгүй, улмаар филлер тарилга хийхдээ судсыг нь дайрч хийснээс “Э”-ийн торлогийн судас нь бөглөрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.

Прокуророос “О”-г эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Анхан шатны шүүхээс “О”-г “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүн эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр ял оногдуулж шийдвэрлэжээ. 

Харин, давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч “О”-ын өмгөөлөгчийн зүгээс “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, “О”-г гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулгатай гомдол гаргаснаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх “О”-г гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. 

Учир нь, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй “О” нь Эрүүл мэндийн сайдын баталсан тушаалын дагуу эрүүл мэндийн үйлчилгээ авах зөвшөөрлийн хуудсыг үйлчлүүлэгчдээ үйлчилгээний улмаас гарч болох хүндрэл, эрсдэлийг тайлбарлан танилцуулж, түүнээс гарын үсэг авах ёстой байтал аваагүй, мөн “Филлер тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамж, гарч болох хүндрэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх” эмнэл зүйн заавар, аргачлалд заасны дагуу тухайн тарилгыг хийхдээ арьсны дээд давхаргад тарих ёстой байтал болгоомжгүйгээр судсыг нь дайрч, нүдний артерийн судсыг нь даган торлогийн судас нь бөглөрч, эрүүл мэндээрээ хохирсон.

“О”-ын эмнэлгийн мэргэжилтний хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй үйлдлийн улмаас иргэн “Э”-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй танилцах бол энд дарна уу.

 Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг

Холбоосууд:

https://citycourt.mn/site/index.php?newsid=370