Хуулийн сургуулийн “их дээдийн” болон эчнээ анги төгсөгчдийг хуульчийн сонгон шалгаруулалтад бүртгээгүй нь хууль бус гэж үзэв

2023-06-13 Улсын дээд шүүх

Иргэн У, О, А нар өмнө нь их дээд сургуулийг өөр мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.Тэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  оройн ангид суралцаж, 2020 онд “эрх зүйч” мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгсөж, 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад орохоор бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Гэвч Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссоос “хуулийн сургуулийн оройн ангийн хөтөлбөрийг сонгож, 2.5 жилээр сурсан буюу 4 жил суралцаагүй тул хуульч болох шаардлага хангаагүй” хэмээн шалгалтад оруулахаас татгалзсан байна.

У, О, А нар уг шийдвэрийг эс зөвшөөрч “... хуульд заасан шаардлага хангасан байхад шалгалтад бүртгээгүй нь хууль бус” гэх үндэслэлээр “Хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохыг даалгах” агуулгатай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй” , харин хуулийн 58 дугаар зүйлд Хуульчдын холбооноос хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журмыг зохицуулахдаа “Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэж тус тус заасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд “... оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна гэх заалт нь хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрхийг хязгаарлах үндэслэл биш” гэх агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан. 

Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссоос гаргасан “... дөрвөн жилээс багагүй хугацаанд суралцсан байхыг хуулиар шаардсан байхад шүүхүүд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийг зөрүүтэй хэрэглэсэн” гэх агуулгатай гомдлоор Дээд шүүх хэргийг хянаад хоёр шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж үзэв.

Монгол Улсын Их Хурлаас 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинээр батлан гаргахдаа “эрх зүйч” мэргэжил олгож буй хөтөлбөрүүдийг чанаржуулах, хуульчид тавигдах шаардлагыг өндөрсгөх, цаашид хуульчаар ажиллах боломжтой тохиолдлыг ялгамжтай, шалгууртай байлгах зорилгоор хуульчаар ажиллах оюутан нь Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хуулийн сургуулийг 4 жилээс багагүй хугацаанд суралцсан байхаар тогтоосон байна.

Гэвч Монголын Хуульчдын холбоо хууль зүйн их, дээд сургуулийг магадлан итгэмжлэх ажиллагаа тодорхой шалтгааны улмаас огт хийгээгүй байх тул Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд заасан шалгуур, нөхцөл шаардлагыг хангасан хөтөлбөрөөр суралцаж, “эрх зүйч” мэргэжлээр  бакалавр зэрэг авсан нэхэмжлэгч нарын дипломыг “шаардлага хангаагүй”, “ялгаатай боловсрол эзэмшсэн” гэж үзэх боломжгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Тодруулбал, “хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэх заалт нь Монголын Хуульчдын холбоо хуулийн сургуулийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хуульчийн мэргэжлийн шалгалтад ороход баримтлах суурь шаардлага болно. Харин хуулийн сургуулийг магадлан итгэмжлээгүй атлаа нэхэмжлэгч нарт ийм шаардлага тавьсан нь үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй гэж үзсэн байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 болон 58 дугаар зүйлийн дээрх зохицуулалтууд хоорондоо хамааралгүй гэж дүгнэж, хууль тогтоогчийн хүсэл зоригийг анхаараагүй нь буруу байх тул хяналтын шатны шүүх шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.


Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


 Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг унших бол энд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг унших бол энд дарна уу. 

Холбоосууд:

https://www.supremecourt.mn/home?page=pages&id=118&pg=2978&pr=115&tp=list&h=0