Татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх нь захиргааны акт мөн

2023-06-21 Легал дата

Хураангуйд ашигласан шийдвэрийн мэдээлэл:

Шүүх: Улсын дээд шүүх

Огноо: 2023.05.01

Дугаар: 001/ХТ2023/0028

Хэргийн индекс: 128/2022/0354/з

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “Гх о” ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

“Гх о” ХХК нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/164 дүгээр тушаалын хавсралтаар баталсан ТТ-15 дугаартай маягтаар 2019, 2020, 2021 оны 4 дүгээр улиралд тус тус ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг гаргасан байна. Дээрх тайланг үндэслэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны 1,816,595,716.32 төгрөгийн татварын өрийг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 3,435,929,576.19 төгрөгийн татварын өрийг  тус тус барагдуулахыг үүрэг болгожээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүх:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0785 дугаар шийдвэрээр “Гх о” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2023/0095 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Гх о” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингэхдээ “Татварын албанаас бичгээр гаргасан нэхэмжлэх (татварын өрийг төлүүлэх) нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан актын шинжийг агуулаагүй,  нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй. Татвар төлөгчийн өөрийнх нь гаргасан, тайланд төлөхөөр тусгасан татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгчид хүргүүлсэн “нэхэмжлэх” нь татварын албанаас татварын өр хураах зорилгоор мэдэгдсэн мэдэгдэл байх бөгөөд уг нэхэмжлэхээр татвар төлөгчид холбогдуулан татварын хяналт шалгалт хийгээгүй, татварын ногдол үүсгээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй...” гэж дүгнэжээ.

3. Хяналтын шатны шүүх ““Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх болон мөн тус газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байна” гэж дүгнэн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл, тайлбар:

1. Маргаан бүхий нэхэмжлэхээр татвар төлөгч буюу нэхэмжлэгчид татварын өр төлөх хугацаа зааж, өр барагдуулахыг үүрэг болгон “татвар төлөх ажиллагаа”-ны харилцааг үүсгэж байгаагаараа хандсан этгээдийн хувьд эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн гэж үзнэ. Хэдийгээр уг нэхэмжлэх нь татвар төлөгчийн өөрийнх нь гаргасан тайланд үндэслэсэн хэдий ч энэ нь тухайн актын үндсэн шинжийг үгүйсгэхгүй. Татварын албанаас татварыг тогтоох, тодорхойлох, мэдэгдэх, хураах, гомдол хянан шийдвэрлэх, алдааг засах, хяналт шалгалт хийх, зөрчил шалган шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, албадан гүйцэтгэх зэрэг олон төрлийн ажиллагааны явцад акт гаргадаг, иймд зөвхөн хяналт шалгалтын явцад татварын ногдол үүсгэсэн бол захиргааны акт болно, бусад нь биш гэж шууд дүгнэх боломжгүй.

2. Татварын байгууллагын үйл ажиллагааны явцад гарах дээрх олон төрлийн шийдвэр нь хандсан этгээдийн хувьд ямар үр дагавар үүсгэж буйг, тодруулбал шууд үр дагавар үүсгээгүй явцын шинжтэй байна уу, эсхүл эрх, үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгох байдлаар эцэслэн шийдвэрлэсэн байна уу гэдгийг хэрэг маргааны тохиолдол бүрт шалгаж, дүгнэх замаар шийдвэрлэх нь зүйтэй.    

Улсын дээд шүүхийн тогтоолыг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

Бэлтгэсэн: Легал дата

 

ХУУЛИЙН ЛАВЛАГАА:


Татварын ерөнхий хууль. 2019 он

51 дүгээр зүйл.Татварын нэхэмжлэх

51.1.Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:

51.1.1.татвар төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

51.1.2.татвар төлөгчийн бүртгэлийн дугаар;

51.1.3.нэхэмжлэх хүргүүлсэн хугацаа;

51.1.4.татвар ногдох зүйл, татварын өр төлөх үндэслэл;

51.1.5.татварын өр, алдангийн хэмжээ, татварын өр төлөх эцсийн хугацаа;

51.1.6.татварын өр төлөх газар, дансны нэр, дансны дугаар;

51.1.7.нэхэмжлэхийг татвар төлөгчид хүргүүлснээс хойш ажлын 10 хүртэл өдөрт багтаан татварын өрийг төлөх тухай шаардлага;

51.1.8.татварын албанаас зайлшгүй гэж үзсэн бусад шаардлага.

51.2.Татварын алба нэхэмжлэхийг татварын өр үүссэн хугацаанаас хойш ажлын 30 өдөрт багтаан татвар төлөгчид хүргүүлнэ.

Холбоосууд:

https://rb.gy/zc8t6
https://rb.gy/zc8t6