Орой, эчнээ анги төгссөн эрх зүйчийг суралцсан хугацаа нь 4 жилээс багагүй байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй

2023-09-29 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/00401

Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 05 дугаар сарын 22-ний өдөр

Шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч А.У, Г.О, О.А нар нь 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор О.А-д хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгож, А.У, Г.О нарт хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Улмаар, нэр бүхий бүртгүүлэгч нарын гомдлоор бүртгэлийг хянан үзээд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор О.А-ийн хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Ингэхдээ, нэхэмжлэгч нарыг “120 багц цаг”-ийг хангасан ч “суралцах хугацаа 4 жилээс багагүй байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж шалгалтад оруулахаас татгалзсан байна.

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдуулан А.У, Г.О нар хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохыг даалгуулах, О.А-аас өөрт холбогдох хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулахаар тус тус маргасан байна.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйл2 нь хууль зүйн сургуулийг Хуульчдын холбоо магадлан итгэмжлэхтэй холбоотой харилцааг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт, хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлүүлэх эрх зүйн хөтөлбөрт Хуульчдын холбооноос тавих “багц цаг, хугацаа, агуулга”-ын шаардлага байна. Тиймээс энэ шаардлагыг хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэгчид хамаатуулан түүгээр хангуулахаар тавьсан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дэх хэсгээр тодорхойлсон шаардлагаас илүү шалгуур тогтоож нэхэмжлэгч нарын хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрхийг хууль бусаар хязгаарласан гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2. Давж заалдах шатны шүүхээс: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд ямар шаардлагыг хангасан тохиолдолд хуульчийн шалгалтад орох эрх үүсэх талаар тодорхой заасан бөгөөд, үүнд “магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгссөн байх”, “хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байх” гэх 2 шаардлагыг нэхэмжлэгч нар хангаж байгаа бөгөөд, нэхэмжлэгч нарыг шалгалтад оруулахаас татгалзах хууль зүйн үндэслэл4 тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий 01, 03 дугаар тогтоолуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, тэднийг шалгалтад оруулахыг даалгасан нь хуульд нийцсэн, “... шалгалтад бүртгүүлэгчид тавигдах шалгуур тогтоосон хуулийн шаардлагаас илүү шалгуур тогтоон хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлагыг нэхэмжлэгч нарт хамаатуулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Шүүх холбогдох хуулийг хууль тогтоогчийн хүсэл зоригоос эсрэг тайлбарласан нь хууль хэрэглээний ноцтой алдаатай болсон, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн системчлэлийг огт харгалзалгүй 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг болон 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийг өөр хоорондоо огт хамааралгүй, тусдаа харилцааг зохицуулсан мэтээр тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй гэсэн агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан.

4. Хяналтын шатны шүүхээс: Хуульчдын холбооноос хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхдээ тухайн сургуулийн эрх зүйн бакалаврын хөтөлбөр нь 4 жилээс багагүй хугацаатай, 120 багц цагийг хангасан байхыг шаардах, энэ шаардлагыг хангасан хөтөлбөрт суралцаж төгссөн оюутан хуульчийн мэргэжлийн шалгалтад орох, хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар ажиллах боломжтой болох агуулгатай зохицуулалт гэж үзэхээр байна. (23)5

5. Шүүхүүдийн “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь заалт нь хуульчийн мэргэжлийн шалгалтад ороход хамааралгүй” гэх агуулгатай дүгнэлт буруу (24). Гэсэн хэдий ч 58 дугаар зүйлийн зохицуулалт нь огт хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл, хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш хууль зүйн сургуулиудад тодорхой нөхцөл шаардлага тавьж Хуульчдын холбооноос магадлан итгэмжлээгүй байх тул энэ тохиолдолд, нэхэмжлэгч нарын “эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг авсан дипломыг бусдаас “ялгаатай” гэж шүүхээс дүгнэх боломжгүй. (25)

6. “Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэх уг заалт нь Хуульчдын холбоо хуулийн сургуулийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хуульчийн мэргэжлийн шалгалтад ороход баримтлах суурь шаардлага болно, харин хуулийн сургуулийг магадлан итгэмжлээгүй атлаа нэхэмжлэгч нарт ийм шаардлага тавьсан нь, энэ тохиолдолд үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэжээ. (26)


---o0o---

 


Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу:

2 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (2012)-ийн 58 дугаар зүйл. Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл.

3 ХЭЗБтХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1. “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй”.

4 ХЭЗБтХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Шалгалтын комисс хуульчийг шалгалтад оруулахаас татгалзах үндэслэлүүдийг зааж өгсөн.

5 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/136
https://www.supremecourt.mn/printa?id=38894&tp=2&s=63