Захиргааны байгууллага өөрийн алдаатай шийдвэрийн үр дүнг засан, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгод нийцсэн

2023-10-24 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар1: 001/ХТ2023/0050

Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр

Шийдвэрийн төлөв: Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгчид 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт 0,76 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Ийнхүү эрх олгосноос хойш тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд маргаан бүхий тушаалаар “усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас мод сүйтгэж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм зөрчсөн” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч нь тухайн газрыг онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцаагүй, хэсэгчлэн цуцлах боломжтой байсан буюу давхцалтай хэсгийг хасаад, үлдэх газрыг ашиглах талаар маргасан байна.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

  1. Анхан шатны шүүхээс: Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3 дугаар зүйлийн 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 3.9.11-д “... орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах...”, 3.9.12-д “...газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

  2. Давж заалдах шатны шүүхээс: “Тухайн журам2 нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш батлагдсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг дээрх журмаар хориглосон газрыг ашигласан гэж буруутгах үндэслэлгүй, газар ашиглах эрхийг авах үед тухайн газар нь хориглолт, хязгаарлалтын бүсэд хамаарахгүй байсан. Захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж, засаж залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир ... боломжит газрыг судлан олгох, эсхүл давхцаагүй хэсэгт хориглоогүй үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгох, бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон” гэж дүгнээд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий тушаалын3 нэхэмжлэгчид холбогдох хэсгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн.

  3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс:   Давж   заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримаас үзвэл маргаан бүхий газар онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцаагүй гэж дүгнэж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь газрын тухай болон холбогдох хууль журмыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан байна.

  1. Хяналтын шатны шүүхээс: Маргаан бүхий газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг 2019 оны сансрын зурагтай давхцуулсан баримт болон шүүхийн үзлэгээс үзэхэд маргаан бүхий газрын голоор онцгой хамгаалалтын бүс байрлаж байгаа, үлдэх газар нь бургастай, байгалийн унаган төрх эвдэгдэх эрсдэлтэй, нөгөө талаараа авто замтай хиллэсэн байх тул тусгай хамгаалалтын дэглэмийг зөрчихгүйгээр маргаан бүхий газрыг ашиглах боломжгүй, иймээс давж заалдах шатны шүүхийн “онцгой хамгаалалтын бүс болон энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй хэсэгт хориглоогүй үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгох” тухай дүгнэлт бодит нөхцөлд нийцэхгүй. (13)4

  2. Давж заалдах  шатны   шүүхээс   “нэхэмжлэгчийн   нөхцөл   байдлыг дордуулахгүйгээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжит газрыг судлан олгох” гэж, маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12-т “... тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг ... сонгон шалгаруулалтаар олгох” гэж заасанд нийцээгүй, маргааны үйл баримт тодорхой, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл байхгүй байхад маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй (15) гэж үзэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

---o0o---

 

1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.

2 Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам

3 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаал

4 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/229
https://shorturl.at/bsLU1