Даатгалын гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулж, тайлбарлаагүй тохиолдолд учирсан хохирлыг даатгагч гэрээнд Заасан үнийн дүнгээр бүрэн олгох үүрэгтэй

2024-02-29 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/00113
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 06 дугаар сарын 06-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгал”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр даатгалын зүйл болох улсын дугаартай “Lexus RX-400М-Х1130” маркийн тээврийн хэрэгсэл осолд орсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгохоор харилцан тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгчийн аав нь тус тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гарснаар даатгалын тохиолдол бий болжээ.

Тиймээс нэхэмжлэгч хариуцагчаас даатгалын гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар буюу 20.000.000 төгрөгөөр тооцож олгох, мөн гэрээний нэмэлт үйлчилгээ болох эмчилгээний зардал 500.000 төгрөгийг олгох хүсэлтийг гаргасан байна. Гэвч хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчид гэрээний дагуу 7.671.582 төгрөгийг олгосноор нөхөн төлбөрийг олгосон гэж үзэж “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-нд заагаагүй үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу 100 хувиар олгохгүй гэж маргасан байна.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс Нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.52 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.13, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагчаас 13.808.418 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Давж заалдах шатны шүүхээс Хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.65-д заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэгчтэй “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулахдаа гэрээний стандарт нөхцөл, тухайлбал даатгалын хууль тогтоомж, даатгуулагчийн хүлээх үүрэг, нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзах үндэслэлийг тайлбарлаагүй, гэрээний стандарт нөхцөлийг баримтаар гаргаж өгсөн хэдий ч танилцуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.26, 38 дугаар зүйлийн 38.17-т зааснаар нотлоогүй байхад хариуцагчийг гэрээний нөхцөлийг танилцуулах үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн, мөн даатгалын зүйл осолд орсон шалтгаан нөхцөл баримтаар тогтоогдоогүй байхад даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж анхан шатны шүүхийн дүгнэснийг үндэслэлгүй гэж үзжээ.

Мөн зохигчдын байгуулсан гэрээнд даатгалын эрсдэлийг 100 хувиар хамгаалахаар заасан байхад нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.58 дах хэсгийн зохицуулалтыг даатгагч хэрэглэсэн нь буруу болсон бөгөөд нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул талуудын байгуулсан гэрээнд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнг хязгаарлан хариуцагчийн олгосноос үлдэх 12.328.418 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, түүнээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагч тал нь хяналтын гомдолдоо Анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзсэн бол Давж заалдах шатны шүүх хариуцагч нь гэрээний стандарт нөхцөлийг танилцуулаагүй гэж дүгнэсэн нь 2 шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлийг дурджээ:

  • “...Иргэний хуулийн 433.1-т зааснаар хариуцагч даатгалын гэрээний нөхцөлийг талууд тохиролцож байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний нөхцөл дээр гарын үсгийг нь зуруулаагүй гэж тайлбарлаж, танилцуулах үүргийг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй...”,
  • “...Нэхэмжлэгч нь осол гаргаж торгох шийтгэл оногдуулсан тухай замын цагдаагийн газрын албан бичгээр ирүүлсэн лавлагаа хэрэгт авагдсан байхад даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...”,
  • “...Шүүх Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5 буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь буруу бөгөөд даатгуулагч нь даатгалын зүйлийг өөрөө үнэлэх эрхтэй ба тэр эрхийнхээ дагуу өөрийн эд хөрөнгийг үнэлсэн дүнг даатгалын гэрээндээ тусгаж, гэрээг байгуулсан атлаа нэхэмжлэлийн шаардлагадаа тухайн үнийн дүнгээс илүү дүнг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй...” гэж тус тус үзсэнээр хяналтын шатанд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх гомдлыг гаргажээ.

4. Хяналтын шатны шүүхээс Хариуцагчаас тухайн компанийн стандарт нөхцөл бүхий хэрэглэгчид санал болгодог гэрээг нотлох баримтаар гаргаж уг гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан, түүнд танилцуулсан гэрээ гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч уг гэрээтэй танилцаж гарын үсэг зурсан байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч энэ талаарх мэдээллийг бүрэн аваагүй гэж үзнэ (15)9.

  • Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5 дах хэсгийг зөв дүгнэсэн (16) ба зөрүү төлбөрт 12.328.418 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасантай нийцсэн (17).
  • Түүнчлэн нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн зохицуулалтыг зөрчсөний улмаас Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл хүлээсэн байна.
  • Харин түүний энэ үйлдэл нь нэхэмжлэгч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж нөхөн төлбөрийг бүрэн эсхүл түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болох Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь хууль зөрчихгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна(18).


---o0o---

 

 

[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу. 

[2] Даатгалын тухай хууль (2004)-ийн 10 дугаар зүйлийн 10.1.5 “Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх”.

[3] Иргэний хууль (2002)-ийн 431 дүгээр зүйлийн 431.1.1 “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”.

[4] Даатгалын тухай хууль (2004)-ийн 8 дугаар зүйлийн 8.5.1 “Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлээр даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно”.

[5] Даатгалын тухай хууль (2004)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 “Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах”.

[6] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002)-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2 “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”.

[7] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002)-ийн 38 дугаар зүйлийн 38.1 “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”.

[8] Иргэний хууль (2002)-ийн 438 дугаар зүйлийн 438.5 “гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгох”.

[9] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

Холбоосууд:

https://jtrii.mn/mn/news/851