Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний талууд нь эрх борлуулсны орлогын албан татвар төлөгч, эсхүл суутган төлөгч болно

2022-10-14 Улсын дээд шүүх

Туршилтаар

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ИГЦ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч иргэн С, Ч нар нь 2013 онд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр тус компанийн 100 хувийн хувьцааг иргэн Б-д худалдаж, гэрээний төлбөр болох 1.8 тэрбум төгрөгийг Б нь өөрийн эзэмшдэг “АК” ХХК-иар дамжуулан иргэн С, Ч нарт төлжээ.

Татварын улсын байцаагч нар “ИГЦ” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “... татвар суутгагчийн үүргээ биелүүлээгүй, С,Ч нарт Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр 1.8 тэрбум төгрөгийн орлого олгохдоо холбогдох татвар суутгаагүй” гэх үндэслэлээр 540 сая төгрөгийн нөхөн татвар, 162 сая төгрөгийн торгууль, 270 сая төгрөгийн алдангийг “ИГЦ” ХХК-иар төлүүлэхээр акт тогтоосон байна.

“ИГЦ” ХХК-иас уг актыг эс зөвшөөрч, “... “ИГЦ” ХХК нь ямар нэг хувьцаа худалдсан, эрх борлуулсан зүйл байхгүй, ... Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр өөрөө худалдагдсан компани байхад ... татвар суутгах үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх агуулгаар уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “... “ИГЦ” ХХК нь татвар суутгах үүрэгтэй этгээд мөн” гэж үзэж, анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхээс актаар тогтоосон төлбөрийг багасгасан өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын гомдлоор хяналтын шатны шүүх хэргийг хянаад татвар суутган төлөхтэй холбоотой харилцаанд оролцогч талууд болон татвар суутган төлөх үүрэгтэй этгээдийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд буруу тодорхойлсон гэж үзэв.

Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар “орлого олсон тохиолдолд татвар төлөх үүрэг үүсэх” бөгөөд бусдад орлого шилжүүлж буй этгээд нь орлого олж буй этгээдийн төлвөл зохих татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй байна. Энэ тохиолдолд, “ИГЦ” ХХК нь өөрөө ямар нэг орлого олоогүй, бусдад ямар нэг орлого шилжүүлээгүй, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний оролцогч биш байх тул татвар суутган төлөх үүрэг үүсээгүй буюу татвар суутган төлөгч биш байна.

Өөрөөр хэлбэл, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр “ИГЦ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг зарж орлого олсон тал нь иргэн С, Ч нар, худалдан авсан тал буюу тэдэнд орлого шилжүүлсэн этгээд нь иргэн Б болох нь тодорхой байхад “ИГЦ” ХХК-ийг татвар суутган төлөх үүрэгтэй гэж үзэхгүй, шүүхүүд энэ талаар буруу дүгнэлт хийсэн гэж дүгнэж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

“ИГЦ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж худалдагдсан, татвар төлөх үүрэг үүссэн харилцаа нэгэнт бий болсон тул уг татварын актыг хүчингүй болгохгүй, актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, улсын байцаагч нар татвар төлөх болон татвар суутган төлөх үүрэгтэй этгээдийг зөв тогтоож, татварыг давхардуулахгүйгээр, олсон орлогод нэг удаа татвар төлөх зарчмыг хэрэгжүүлж, актыг дахин үйлдэхийг даалгаж шийдвэрлэв.

Хуульд зааснаар энэ хугацаанд дахин акт гаргаагүй бол татварын улсын байцаагчийн энэ акт хүчингүй болдог болно.

Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ

Холбоосууд:

https://www.supremecourt.mn/home?page=pages&id=58&pg=2713&pr=115&tp=list&h=0