Өөр бүтээгдэхүүнээр орлуулж үл болох шинжтэй бүтээгдэхүүний үнийг аж ахуй эрхлэгч үндэслэлгүй тогтоож нэмсэн бол чөлөөт зах зээлийн зарчмаар үнэ тогтоогдсон гэж үзэхгүй

2023-11-17 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.


Шүүхийн шийдвэрийн1 дугаар: 001/ХТ2023/0052
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Гомдол гаргагч хуулийн этгээдэд 2022.06.11-ний өдрөөс 2022.06.26-ны өдрийг хүртэлх цементийн нийлүүлэлт багассан хугацаанд цемент худалдан борлуулахдаа үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 20,000,000 төгрөгөөр торгох
шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч нь “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчилд гомдол гаргагчийн үйлдэл хамаарахгүй, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоох гэж оролдох нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй” гэж маргаан үүсгэв.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг тус тус үндэслэн гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Давж заалдах шатны шүүхээс: “... хариуцагчийн ... шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагч “И” ХХК нь хэрэглэгчийн эрхийг ямар аргаар хохироосон, хууль бусаар ямар хэмжээний ашиг, орлого олсон, нийт учруулсан хохирол төлбөр, хуулийн этгээд, иргэний аль нь тухайн зөрчлийг гаргасан эсэхийг тогтоолгүйгээр ... зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1-д заасныг тус тус зөрчсөн байна” гэж дүгнээд гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

3. Хариуцагч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч “Цементийг зах зээлд худалдан борлуулагдаж буй бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр харилцан орлуулах боломжгүй онцлог шинжтэй бөгөөд энэ төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ огцом нэмэгдэх нөхцөлд зах зээл, хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр байдаг. Уг онцлог бөгөөд хязгаарлагдмал нөхцөл байдал бүхий цементийн жижиглэн худалдааны зах зээлд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс цементийн үнэ огцом нэмэгдсэнээс шалтгаалан хэрэглэгчийн хувьд сонголт хийх боломж улам хумигдаж, ... цементийг эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлээр тодорхойлогдох үнээс дээгүүр тогтоосон үнээр ... худалдан авахаас өөр аргагүйд хүрсэн байдаг” гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргасан.

4. Хяналтын шатны шүүхээс: Зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагддаггүй буюу харилцан орлох бүтээгдэхүүн байхгүйн улмаас уг бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагатай байгаа хэрэглэгч түүнийг борлуулж буй тухайн этгээдээс худалдан авахаас өөр сонголтгүй байх нөхцөлд (тухайлбал, түлш шатахуун) тухайн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс хянах нь Өрсөлдөөний тухай хуулийн зорилго хэрэглэгчийн эрхийг хамгаалах агуулгад нийцнэ. (13.2)2

5. Энэ тохиолдолд “цемент” нь өөр бүтээгдэхүүнээр орлуулж үл болох шинжтэй бүтээгдэхүүн бөгөөд тухайн цаг хугацаанд цар тахлын нөхцөл байдлын улмаас улсын хил хаагдсан онцгой нөхцөлд хомсдол үүсэн, зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагдах боломжгүй болсон үед, үйлдвэрлэгчээс гэрээний дагуу нийлүүлсэн цементийг жижиглэнгийн зах зээлд худалдан борлуулах давуу байдлаа ашиглан, бараа бүтээгдэхүүн /цемент/-ий үнийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэнд тооцогдоно, аж ахуй эрхлэгч дээрх байдлаар өөрөө үнэ тогтоосныг “чөлөөт зах зээл”-ийн зарчмаар үнэ тогтоогдсон гэж үзэхгүй. (13.3)

6. Аль нэг үе шатанд үйлдвэрлэгчийн үнэ, эсхүл зардал өссөнөөс шалтгаалан үнээ нэмсэн тохиолдолд цаашид тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой нэмэгдэж буй зардлыг нөхөх зорилгоор зах зээлийн үнэ тогтох боломжтой байна. Гэтэл энэ тохиолдолд уг үндэслэл үүсээгүй үед үнэ нэмсэн нь Өрсөлдөөний тухай хуульд заасан хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэхээр байна. (14)

7. Иймд хариуцагчийн шийтгэлийн хуудас нь бодит байдалд тохирсон, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзэн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

---o0o--- 

 

1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу. 

2 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх
дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

 

 

 

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/765