Зах зээлд монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдоогүй бол аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтоох үйл ажиллагаанд төрөөс зохицуулалт хийхгүй

2024-02-28 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/0066
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр
Шийдвэрийн төрөл: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч нь гурилын үйлдвэрлэл явуулдаг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тус компанид “буудайн гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй байхад хэрэглэгчдийн өргөнөөр худалдан авдаг дээд болон нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг үндэслэлгүйгээр нэмж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь нотлогдсон” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Нэхэмжлэгч нь “Монопол байдалтай аж ахуйн нэгжийн хувьд бараа бүтээгдэхүүний үнийг өөрчлөх тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөл авах ба бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох эрхийг хязгаарласан байдаг ба Манай компани нь Өрсөлдөөний тухай хуулийн 5-р зүйлд заасан зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуйн нэгж биш бөгөөд манай байгууллага үнээ нэмэх эрхийг хууль ёсны хүрээнд хязгаарлалтгүйгээр эдлэх эрхтэй" гэж маргаан үүсгэв.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэг2, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт3 заасныг тус тус баримтлан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

2. Давж заалдах шатны шүүхээс: Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-дахь хэсэгт “стратегийн хүнс” гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг гэж тодорхойлсон. Гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй тохиолдолд, стратегийн хүнс үйлдвэрлэж буй аж ахуй эрхлэгч болохын хувьд хэрэглэгчдийн өргөнөөр сонгон хэрэглэдэг дээд болон нэгдүгээр гурилын үнийг нэмэгдүүлэн өөрийн харилцагчдад нийлүүлж байгааг хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул нэхэмжлэгчид шийтгэл оногдуулсан нь бодит байдалд тохирсон байна гэж үзэж хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч нь: “Манай байгууллага монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгж биш”, зөрчлийн хэргийн бүх хугацаанд хүнсний нөөцийн хомсдол, гамшгийн байдал зэрэг онцгой нөхцөл байдал үүсээгүй ... Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-д төр хуульд зааснаас бусад тохиолдолд аж ахуй эрхлэгчийн хөрөнгөө үнэлэх эрхэд халдаж болохгүй талаар заасан ... Хүнсний тухай хуулиар хэрэглэгч үндэслэл бүхий үнэтэй бараагаар хангагдах буюу хямд үнийн баталгаа эдлэх эрхийг зохицуулаагүй гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан.

4. Хяналтын шатны шүүхээс Нэхэмжлэгч нь ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьд үйл ажиллагаагаа чөлөөтэй удирдан, зах зээлийн зарчмаар үйлдвэрлэсэн барааныхаа үнийг тогтоох эрхтэй, ялангуяа тухайн зах зээлд монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдоогүй тохиолдолд өөрийн үйлдвэрлэсэн гурилын үнийг нэмснийг хууль зөрчин хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа эрхэлсэн гэх боломжгүй. (14)4

5. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулиар монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоогдсоноос бусад аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтоох үйл ажиллагаанд төрөөс зохицуулалт хийхийг зөвшөөрөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй(15).

6. Зах зээлд чөлөөтэй арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүн нь ердийн тохиолдолд харилцан орлох шинж чанартай буюу хэрэглэгч чөлөөтэй худалдан авах боломжтой бол чөлөөт зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар уг бараа бүтээгдэхүүний үнэ тогтоно, ийнхүү тогтсон зах зээлийн үнийг төрөөс хянахгүй буюу чөлөөт өрсөлдөөнийг хамгаалах агуулгад хамааруулж үзнэ. (16)

7. Давж заалдах шатны шүүх “гурил стратегийн хүнсэнд хамаарна, стратегийн хүнс үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийн хувьд бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нь хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр байхыг үгүйсгэхгүй” гэх дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. (17)

8. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн үйл ажиллагаанд шийтгэл ногдуулсантай холбоотой харилцаанд хамааралгүй, хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Хүнсний тухай хуулийг хэрэглэж гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. (18)

9. Иймд хариуцагчийн шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

---o0o---

 

1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр  нь үзэх бол энд дарна уу.

2 Өрсөлдөөний тухай хууль (2010)-ийн12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэг “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”.

3 Зөрчлийн тухай хууль (2017),10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэг “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”.

4 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

Холбоосууд:

https://jtrii.mn/mn/news/785