21 нас хүрээгүй хүнийг архидан согтууралд уруу татсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох үндэслэл болно
Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 179
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 12 дугаар сарын 07-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхээр өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газар Тэрэлж голын хөвөөн дээр 19 нас 4 сар 13 хоногтой хохирогчийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан “21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгаж, орхисны улмаас хохирогч хүнд зэргийн согтолтод орж улмаар голын усанд живж, Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох2 гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх3 шүүгдэгчийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.
2. Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх4 анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үндсэн шалгуур болгож зүйл, хэсэг бүрээр хэлэлцэж тогтдог бөгөөд гэм буруугаа хүлээсэн, гэмшсэн, хохирол хор уршгийг арилгасан зэрэг тодорхой гэмт хэрэг дэх субьектив нөхцөл байдлыг нэмэлт шалгуур болгон тогтоох нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилгод нийцдэггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн эсэхээс үл хамааран Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан, өршөөн хэлтрүүлэн шийдвэрлэж, мөн хуулийг хэрхэн яаж хэрэглэх талаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг аль хэдийн хангасан байна.” “ Шүүгдэгчийг хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ уг хэлбэрийн үндсэн шинж чанар дотоод элемент бүрийг сайтар дүгнээгүйгээс шинж чанарын хувьд зарим талаар ижил төсөөтэй боловч огт өөр эрх зүйн үр дагавар үүсгэдэг золгүй учрал тохиолдсон байхад эрх зүйн онолын болон хууль хэрэглээний хувьд алдаатай буруу дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага оногдуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Дан ганц хор уршигт түшиглэн хийсэн яллагаа болсон. ...Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн мөн чанар нь тухайн хүн өөрийн үйлдлийн улмаас учрах нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан харах боломжтой байсан боловч уг хор уршгаас сэргийлэх хүсэл зоригийн үйлдэл хийхэд шаардагдах зохих сэрэмжлэл, анхаарал гаргаагүй байдагт оршдог. ...Түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. ...Анхан шатны шүүхээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлээр биш, харин Зөрчлийн тухай хуулийн Зургаадугаар бүлэгт заасан нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил буюу 6.5 дугаар зүйлд заасан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэж зөрчлийн арга хэмжээ авах ёстой байсан. шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэжээ.
4. Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн байна. Иймд шүүх бүрэлдэхүүн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан уруу татсан, уулгасан гэх шинжүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангах, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй” гэжээ.
5. Хяналтын шатны шүүхээс “...анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзжээ.” (31)5
6. Бие бялдар, оюун ухаан, сэтгэхүй нь бүрэн хөгжиж төлөвшөөгүй хүүхэд, өсвөр насны хүн согтууруулах ундаа хэрэглэх нь насанд хүрэгсэдтэй харьцуулахад тархины үйл ажиллагаа, мэдрэлийн тогтолцоонд илүү хортой нөлөө үзүүлж, сэтгэл санаа, сэтгэцийн хэвийн байдлыг нь алдагдуулснаар өөрийгөө хянаж удирдах, үйлдлийнхээ үр дагавар, учирч болзошгүй эрсдэлийг ухамсарлах оюуны чадамжийг нь ихээхэн сулруулж, согтууруулах ундаанд хордох, осолд орж гэмтэх, хүчирхийлэлд өртөх, хүсээгүй бэлгийн харьцаанд орох зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх, улмаар согтууруулах ундаанд донтож, хүмүүжил, зан төлөв нь өөрчлөгдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдон бусдад гэм хор учруулах зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулдаг нь нэгэнт нотлогдсон үйл баримт тул дэлхийн улс орнууд өөрсдийн соёл, уламжлал, үндэстнийхээ онцлогийг харгалзан согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг төрийн хяналтад оруулж, согтууруулах ундаа хэрэглэж болох насны доод хязгаарыг хуульчлан тогтоодог нийтлэг жишиг, чиг хандлагын дагуу Монгол Улс архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогоо тодорхойлж, согтууруулах ундааг үйлдвэрлэх, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэхтэй холбоотой тодорхой хязгаарлалтуудыг хуулиар тогтоож, түүнийг зөрчвөл хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлд тусгайлан зааж хуульчилсан билээ. (32)
7. Тухайлбал, “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” хэмээн хуульчилж, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.2-т “21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг хориглосноос гадна мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 7.3.2-т “21 нас хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэх”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлд “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгах”-ыг тус тус хориглосон болно. (33)
8. Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдлыг хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн бие даасан нэг шинж болгон хуульчилсан байна. (34)
9. Түүнээс гадна хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосон этгээдэд тухайн учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үүрэг үүсэх бөгөөд түүнийгээ зохих ёсоор биелээгүйгээс хүний амь нас эсхүл эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, зөрчигдсөн хууль тогтоомж, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанараас хамааруулан хэргийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчилж шийдвэрлэнэ. (35)
10. Хэдийгээр хохирогч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хэдий ч түүнийг согтууруулах ундаа хэрэглэх дур сонирхолтой, түүнээс хамааралтай гэж үзэх хувийн байдал тогтоогдоогүй, эсрэгээр согтууруулах ундааг зохистой хэрэглэх мэдлэг, туршлагагүй, согтууруулах ундааны сөрөг үр дагаврыг гүйцэд ухаараагүйгээс бусдад уруу татагдан согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, хүндээр согтсон нь (шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн цусанд 3.5 хувийн промилль, ходоодны шингэнд 4.4 хувийн промилль спиртийн агууламж илэрсэн) өөрийнхөө зан үйлийг зөв үнэлэх, аюул осолд орохгүйгээр биеэ авч явах чадварыг нь сулруулж, улмаар тэнцвэр алдан голын усанд унаж, амь насаа эрсдэлд оруулах шалтгаан болсон гэж үзэхээр байна. (37)
11. Шүүгдэгчийн хувьд өөрөөс нь 16 насаар дүү, тухайн үед 19 настай байсан хохирогчтой гэр бүлээс гадуур дотно харилцаа үүсгэн, ар гэрт нь мэдэгдэхгүйгээр хөдөө аялалд дагуулан явахдаа харилцан итгэлцлээр түүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэрээр хохирогчийг 21 нас хүрээгүй болохыг мэдсээр байж “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.4- т заасан “...21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин түүнийг согтууруулах ундаагаар дайлж, чөлөөтэй хэрэглэх нөхцөлийг бүрдүүлснээс гадна хохирогч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас сэтгэл хөөрөлд автан, улмаар орчныг бодитой мэдэрч, өөрийн зан үйлийг хянаж, ухамсарлах чадвар нь суларсан үед болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээ аваагүй, хайхрамжгүй хандсан эс үйлдэхүй нь хохирогч согтуурсан үедээ голын усанд унаж, амь насаа алдсан үйл баримттай гэм буруугийн бодит хамааралтай байх тул Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэв. (38)
12. Шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй тул нийтлэг үндэслэлийн хувьд тухайн хуулиар тогтоосон өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, хориглолт шүүгдэгчийн хувьд байхгүй гэж үзнэ. (41)
13. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байвал оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхээр тогтоосон заалт нь заавал хэрэгжих шинжтэй хуулийн хэм хэмжээ тул шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. (43)
---o0o---
1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
3 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
4 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
5 Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Шүүхийн индекс 2023 оны байдлаар 1.28 оноогоор ахисан үзүүлэлттэй байна
17 hours ago
Ep 24: Өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагч ба нэг удаагийн буцалтгүй тусламж (журам)
21 hours ago
"Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал - 2021
1 week ago
Ep 23 | Хүнийг хууль бусаар хорих нь гэмт хэрэг болох нь (Өмгөөлөгчийн шалгалт)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэт өргөн хүрээнд тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй
2024-11-01
-
Татвар төлөгч эрхийнхээ хүрээнд гаргасан хүсэлтэд үндэслэсэн хяналт шалгалтын үед тэрээр холбогдох баримт бичгийг гаргаж өгөх үүрэг заавал хүлээх үү?
2024-10-29
-
Зам дээр гэнэт гарч ирсэн адууг мөргөсөн нь жолоочийн буруу юу, адуугаа хариулаагүй малчны буруу юу?
2024-10-28
-
Балжинням Буянтогос
2024-11-01 Магистрын ажилдуудаж байна ! -
Баярцогийн Мөнхтөр
2024-10-29 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-10-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-10-24 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-10-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганхуягийн Давааням
2024-10-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Янжинлхам Б.Амарбаясгалан, Э.Баасанбямба
2024-10-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нямдоогийн Баярмаа
2024-10-16 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-10-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Пунцагсүрэн Баярбаатар Баясгалангийн Алтангэрэл
2024-10-14 Судалгааны тайландуудаж байна !