Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2023-04-04 Улсын дээд шүүх
    Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон Б, Э, Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор  эсэргүүцэл бичсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн, ингэхдээ “анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудад дүгнэлт хийхгүй орхигдуулсан” гэж үзсэн  хэдий ч  “Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй болсон” гэж дүгнэжээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-03-29 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Э нь иргэн Т-д холбогдуулан аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийн өв залгамжлагчаар хүү З-г тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-29 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Нэхэмжлэгч А, Б нар хариуцагч О ХХК-д холбогдуулан зуучлалын хөлснөөс илүү авсан 169,881,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал “нэмэгдсэн өртгийн албан татварт төлнө, компани өрөнд орох нөхцөл үүссэн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-29 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Аймгийн Иргэдийн Хурлын тогтоолоор орон нутгийн өмчит Х хуулийн этгээдийг Ө сумын Иргэдийн хурлын мэдэлд шилжүүлсэн байна. Гэвч хэсэг хугацааны дараа дээрх шийдвэрээ хүчингүй болгож, буцаагаад өөрийн өмчлөлд шилжүүлсэн тогтоол гаргажээ.
    Сум энэхүү тогтоолыг эс зөвшөөрч, "нэгэнт манай сумын өмчлөлд уг хуулийн этгээдийг шилжүүлсэн учир үүнийгээ өөрчлөх эрхгүй” гэж маргаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-03-28 Легал дата
    Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “М э” ХХК-д Дорнод аймгийн Гурванзагал сумын “Чулуут” нэртэй газарт орших 3306.27 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын ... дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, энэхүү зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болохоор тусгагдсан. “М э” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 05, 08-ны өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг захиргааны байгууллагад гаргасан байх бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 8/2165 дугаар албан бичгээр “... хугацаа дуусахаас 1 сарын өмнө эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-28 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    Нэхэмжлэгч Б-ээс иргэн Ц-д холбогдуулан “… иргэн У болон Ц нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон барьцааны эрх дуусгавар болсныг тус тус тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  Хэрэгт авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч Б нь иргэн У-д 2 өрөө орон сууцаа худалдаж, орон сууцны өмчлөх эрхийг У-д шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч У нь орон сууцны үнийг гэрээний дагуу төлөөгүй, улмаар уг орон сууцыг иргэн Ц-д барьцаалж зээл авсан боловч зээлээ мөн төлөөгүй байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-24 Улсын дээд шүүх
    Нэхэмжлэгч В нь орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан хариуцагч “Э” ХХК-ийн захирлын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  Давж заалдах шатны шүүх  “орон тоо цөөрсөн болох нь тогтоогдсон боловч ажил олгогч нь  Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн”  гэж дүгнэн, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-23 Улсын дээд шүүх
    Нэхэмжлэгч Ц хариуцагч “ДСЦТС” ХК-д холбогдуулан  “ажил олгогч орон тоо хасагдсан шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо тэтгэмжийг эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрт заасан 24 сарын хугацаанд авсан дундаж цалингаар бус байгууллагын хамтын гэрээнд заасан 12 сарын үндсэн цалингаар тооцож олгосныг зөвшөөрөхгүй” гэж марган, тэтгэмжийн зөрүүд 33,618,332.5 төгрөг нэхэмжилсэн.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-18 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн “О” нь иргэн “Э”-д гоо сайхны үйлчилгээ үзүүлэхдээ “өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах” зөвшөөрлийн хуудас дээр тухайн үйлчилгээнээс гарч болох хүндрэл эрсдлийг нэг бүрчлэн дурдаж, “Э”-ээс зөвшөөрөл авч гарын үсэг зуруулаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу үйлчилгээ үзүүлээгүй, улмаар филлер тарилга хийхдээ судсыг нь дайрч хийснээс “Э”-ийн торлогийн судас нь бөглөрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-16 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Шүүгдэгч Д нь 2022.10.28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Л” бааранд найзтайгаа үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, бүжиглэж байх үедээ тэнд үйлчлүүлж байсан О, Г нарыг гар утсаа хэрэглэсэн байдалтай ширээн дээрээ сууж байхад тэдгээрийн гар утсыг авч явсан, улмаар өөртэй нь бүжиглэвэл гар утсыг буцааж өгнө гэж хэлэн Г-д гар утсыг буцааж өгсөн, харин О-ийн гар утсыг бүжгийн талбайд унаган алга болгожээ.  

    дэлгэрэнгүй
  • 2023-03-14 Улсын дээд шүүх
    “Эрдэнэставан толгой” ХК-ийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, нийт 62 тэрбум төгрөгийн төлбөр тогтоосноос 13 тэрбум төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг нэхэмжлэгч хуулийн этгээд эс зөвшөөрч, маргажээ. Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолоор баталсан журмаар экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцохоор тогтоож, 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтлахаар зохицуулжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-10 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Иргэн А нь аймгийн сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажиллаж байснаар буюу хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцад иргэн А-ын тэтгэвэр тогтоох үндэслэл болсон "аймгийн сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажилласан” болохыг тогтоосон шүүхийн шийдвэр нь бодит байдалд гараагүй хуурамч болох нь илэрчээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-07 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар Ч.Маралмаад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хаалттай хийсэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, түүнийг тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ их хэмжээний хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-06 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    “К” ХХК-ийг өөрийн компанийн “MGG пропертиз” гэх олон нийтийн цахим сүлжээнд зар байршуулахдаа (facebook) 2021 оны 09 сарын 27, 2021 оны 10 дугаар сарын 01, 2021 оны 10 сарын 07, 2021 оны 10 сарын 20, 2021 оны 11 сарын 01-ний өдрүүдэд буюу 5 удаа “Орон сууц түрээсэлнэ, хөлслүүлнэ, үнэ 2.200 USD” гэж, түрээсийн төлбөрийг гадаад валют болох америк доллароор зарлан сурталчилсан зөрчил гаргасан гэж 40,000,000 төгрөгөөр торгосон. Гомдол гаргагчаас “... холбогдогчийг буруу тогтоосон, зарыг Б.О тавьсан байхад компанид хариуцлага тооцсон, манай компанийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан, хууль өөрөө тэгш үйлчлэх ёстой, тусгай зөвшөөрөлтэй этгээдийг зөрчил гаргавал сануулъя, зөрчлийг арилгуулъя, арилгахгүй тохиолдолд торгоё гэснээ тусгай зөвшөөрөлгүй этгээдийг торгоно гэж байгаа нь шударга бус” гэж, хариуцагчаас “...орон сууцны түрээсийн төлбөрийг гадаад валютаар илэрхийлж, зар сурталчилгаа явуулсан, гомдол гаргагч компанийн гүйцэтгэх захирал Куперман Харрисаас П.Мөнхжаргалд итгэмжлэл олгосон байсан, Б.О гэдэг хүн компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан тул компани хариуцлага хүлээх ёстой” гэж тус тус маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-02 Легал дата
    Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус сумын Хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэр Цавхангай 3 дугаар хороололд байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 га газар эзэмшигч “К” ХХК-ний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
    Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус үндэслэн тус сумын Засаг даргын “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.
    дэлгэрэнгүй