Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2022-10-20 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар сонсогч Амарыг тус сургуулиас хассан, уг шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Амар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаар сонсогч Амар нь Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд суралцаж байхдаа олон нийтийн сүлжээнд, өөрийн фэйсбүүк хуудсанд сонсогчийн дүрэм хувцас бүхий өөрийн зурагтайгаар садар самуун, хүйсийн тэгш бус байдлыг илэрхийлсэн, бусдыг доромжилсон үг хэллэг бүхий зурагт хуудас, постыг удаа дараа байршуулсан нь тогтоогдов.

    дэлгэрэнгүй
  • 2022-10-20 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Өмгөөлөгч Батаас Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс “.. уг маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх маргаан байна” гэх үндэслэлээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Өмгөөлөгч Бат уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Батын гомдлыг хангахгүй орхив
    дэлгэрэнгүй
  • 2022-10-19 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч “М” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдөр байгуулсан ХҮГСДХ-1/9 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу тус тус байгуулсан. Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төсвийн санхүүжилтийн байдлаас шалтгаалан зээлийг хэсэгчлэн шилжүүлсэн. Захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн алдагдал нэхэмжилсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-19 Улсын дээд шүүх
    Б-ийн эхнэр Ө-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт шалгаж, Б, М, Ө нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
    Анхан болон давж заалдах шатны шүүх Ө-г худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б, М нарт хорих, Ө-д торгох ял оногдуулжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-14 Улсын дээд шүүх
    Иргэн Б нь өөрийн нөхөр гадаад улсын иргэн Ло-той хамтран, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зориулах” нэрийдлээр арилжааны банкны төлбөр тооцооны ПОС төхөөрөмжийг ашиглах эрх үүсгэн авч, уг төхөөрөмжөө Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт зөөвөрлөн олон удаагийн үйлдлээр хуурамч цахим карт уншуулж, арилжааны банкны 170 гаруй сая төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-14 Улсын дээд шүүх
    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ИГЦ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч иргэн С, Ч нар нь 2013 онд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр тус компанийн 100 хувийн хувьцааг иргэн Б-д худалдаж, гэрээний төлбөр болох 1.8 тэрбум төгрөгийг Б нь өөрийн эзэмшдэг “АК” ХХК-иар дамжуулан иргэн С, Ч нарт төлжээ. Татварын улсын байцаагч нар “ИГЦ” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “... татвар суутгагчийн үүргээ биелүүлээгүй, С,Ч нарт Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр 1.8 тэрбум төгрөгийн орлого олгохдоо холбогдох татвар суутгаагүй” гэх үндэслэлээр 540 сая төгрөгийн нөхөн татвар, 162 сая төгрөгийн торгууль, 270 сая төгрөгийн алдангийг “ИГЦ” ХХК-иар төлүүлэхээр акт тогтоосон байна.
    “ИГЦ” ХХК-иас уг актыг эс зөвшөөрч, “... “ИГЦ” ХХК нь ямар нэг хувьцаа худалдсан, эрх борлуулсан зүйл байхгүй, ... Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр өөрөө худалдагдсан компани байхад ... татвар суутгах үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх агуулгаар уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-11 Легал дата
    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдаанын үеэр хариуцагчийн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгч хүсэлтийн үндэслэл тодорхойгүй гэх байдлаар хэрэгсэхгүй болгосон байна. Шүүгч ийнхүү нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй байдлыг хариуцагч тал шүүгчийг татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлээ байвал” гэх үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргажээ.
    Шүүхээс “шүүгчийг татгалзан гаргах эрх дуусгавар болсон” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй байна. 
    дэлгэрэнгүй
  • 2022-10-12 Улсын дээд шүүх
    Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор халдварын голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сунгасан”, мөн тус комиссын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаар хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор гадаад улс орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” байна. Иргэн Б.Баялагмаагаас “... Улсын онцгой комисс нь журам батлахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн” гэх агуулгаар дээрхшийдвэрүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс хохирол (тусгаарлах байрны 21 хоногийн төлбөр)учирсан хэмээн хохирлыг нөхөн төлөхийг даалгуулахаар маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-10 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Оюуны өмчийн газар нь “Mongolian National University” болон “MNU” гэсэн барааны тэмдгүүдийг эзэмших эрхийг Монгол Улсын Их Сургуулийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон, уг бүртгэл, гэрчилгээг “илт хууль бус” гэж “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ шүүхэд маргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2022-10-09 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
     Иргэн Энх нь газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй байршилд газар олгогдсон, түүнчлэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмших эрх үүсээгүй байх тул иргэн Энхийн газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй гэж шүүх үзжээ. 
    дэлгэрэнгүй
  • 2022-10-13 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Амар нь хамтран амьдрагч Б-ээс тусдаа амьдрах болсноос хойш түүний ажлын газрын болон өөрийнх нь  утас руу байнга залгах, Б-г болон эх, хүүг нь “ална”, “гэрийг шатаана” гэх зэргээр мессеж бичих, гэрт нь болон ажлын газарт нь байнга очих, дагах, байгууллагын удирдлагад нь гомдол гаргах, хэрүүл маргаан хийх зэргээр удаан хугацаанд сэтгэл санааны дарамт үзүүлж шаналган, нэр хүндийг гутааж, заналхийлж, айлган сүрдүүлсний улмаас Б сэтгэл санааны гүн хямрал дарамтад орж, гэрээслэл бичиж 16 давхраас үсэрч амиа хорлосон байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-13 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Мөнх нь 2018 оны 5 дугаар сард хөлөө гэмтээн улмаар мэс засалд орсон бөгөөд тухайн үед эмчлэгч эмч Ганаад хандан “Танд маш их баярлалаа, та надад дансаа өгөөч” гэснээр эмчлэгч эмч Ганаа нь өвчтөн Мөнхөөс 500.000 төгрөгийг Хаан банкны дансаараа шилжүүлэн авсан. Мөн 2 жилийн дараа буюу 2020 онд хөлийн шилбэний хадаасаа авхуулахаар урьд хагалгаа хийсэн эмч болох Ганаад дахин 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Эмч Ганаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өвчтөнөөс 2 удаагийн үйлдлээр нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. 
    дэлгэрэнгүй
  • 2022-10-10 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Ивээлийг Говь-Алтай аймгийн Цээл суманд Алтайн хойлог шувуу агнаж, улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэн, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-11 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    “И” компани нь Банкнаас 60,0 сая төгрөгийг зээлж, уг зээлийн барьцаанд иргэн Оюун орон сууцаа тавьжээ. “И” компани зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас Банк шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, “И” компаниас 59,0 сая төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч “И” компани уг төлбөрийг төлөөгүй байна. Банк дахин шүүхэд хандаж, “И” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан иргэн Оюуны орон сууцаар зээлийн төлбөрийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан, иргэн Оюун нь “… зээлийн мөнгөнөөс аваагүй, захиран зарцуулахад оролцоогүй”, “… “И” компаниас зээлийн төлбөрийг гаргуулж Банкинд олгуулах шүүхийн шийдвэр гарсан” гэх зэргээр маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-10 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Тулга өөрийн байрыг барьцаалж, ББСБ-аас 25 сая төгрөгийг зээлээд өөрийн найз Сүхээд 20 сая төгрөгийг өгч, өөрөө 5 сая төгрөгийг авчээ. Сүхээ нь Тулгыг зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд батлан даахаар  ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан байх ба зээлийн төлбөрөөс 2 сарын төлөлт хийж, үүнээс хойш төлбөр төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна. ББСБ шүүхэд хандаж Тулгаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46 сая төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан Тулгын байрыг худалдан борлуулахаар нэхэмжлэл гаргасан. Тулга нь “… зээлийн мөнгөнөөс 20 сая төгрөгийг Сүхээ авсан тул төлбөрийг  хариуцахгүй, өөрийн байрыг худалдахыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ
    дэлгэрэнгүй